140 ортой хүүхдийн эмнэлэг шинээр ашиглалтад орлоо
Баянгол дүүрэг хуучин Эрүүл мэндийн долдугаар төвийн барилгыг дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар засварлаж, тоног төхөөрөмжийг шинэчлэн  140 ортой хүүхдийн эмнэлгийг шинээр ашиглалтад оруулж өнөөдөр нээлтээ хийлээ

Нийслэлийн хэмжээнд 32 жилийн дараа хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалт болох уг Хүүхдийн эмнэлэг нь Баянгол дүүргийн хэмжээнд 0-16 насны 73 мянга гаруй хүүхдэд  хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм. Өмнө нь тус дүүргийн хүн амын тал хувь нь буюу 15 хорооны хүүхдүүд Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хүүхдийн эмнэлэгт ханддаг байсан.  Харин сүүлийн гурван жилийн хугацаанд Баянгол дүүрэг шинэ Эрүүл мэндийн цогцолбор байрандаа Хүүхдийн тасаг нээж, Эмүжин эмнэлгийг ашиглалтад оруулсанаар дүүргийнхээ хүүхдүүдийг өөрсдөө хүлээн авч эмчилдэг болсон билээ.

Шинээр ашиглалтад орж буй Хүүхдийн эмнэлгийн мэргэжилтэн, боловсон хүчнүүдийг 2013 оноос хойш тусгайлан бэлтгэж, сургасан бөгөөд шинээр 50 эмч, эмнэлгийн ажилтны орон тоо нэмэгдэж байгаа юм байна. Тоног төхөөрөмжийн хувьд зөвхөн хүүхдэд зориулсан ор, зөөлөн эдлэл, эмчилгээний сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан гэдгээрээ онцлог давуу талтай ажээ.

Мөн тус Хүүхдийн эмнэлэгт оношлох, эмчлэх, сэргээн засах чиглэлээр хүүхдийн яаралтай түргэн тусламжийн кабинет, өсвөр үед ээлтэй клиник, нарийн мэргэжлийн 5 төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэх кабинет ажиллана. Тодруулбал, Дотор, зүрх судас, шүд, рентген, чих хамар хоолой, физик эмчилгээ, арьс, харшил, лаборатори, Эхо зэрэг үйлчилгээг үзүүлэх юм байна. Түүнчлэн хүүхдийн хөдөлгөөн, сэтгэцийн хөгжлийг тодорхойлох, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, сэргээн засах төв хамт нээгдэж байгаагаараа онцлогтой. Тус төв нь тусгай зориулалтын шинэ тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Ингэснээр дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү хүртээмжтэй, илүү ойроос, илүү үр дүнтэй хүрч ажиллаж чадах болсондоо баяртай байгаагаа төвийн эмч нар илэрхийлж байлаа.

Энэ эмнэлэг нь ашиглалтад орсноор Баянгол дүүргийн хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ 60 хувь хүртэл өсч байна. Дашрамд дуулгахад Эрүүл мэндийн зургаадугаар төвийн суурин дээр баригдаж буй ахмад настны нөхөн сэргээх төв, 100 ортой хүүхдийн эмнэлгийг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа. Ингэснээр энэ дүүргийн хүүхдүүд 100 хувь эрүүл мэндийн үзлэг үйлчилгээнд хамрагдах бүрэн боломжтой болох юм. Энэ бүтээн байгуулалт нь Эрүүл мэндийн салбарт сүүлийн 32 жилийн туршид хийгдээгүй томоохон хөрөнгө оруулалт болоод байна хэмээн нээлтийн арга хэмжээнд уригдан ирсэн УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гигүүн С.Одонтуяа болон дүүргийн удирдлагууд онцлон дурджээ.
Г.Уянга
Olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хангал Цэнгэлийн ээж, эмээ 2017-07-16 15:35:55
    Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгийн 4-р давхрын мэргэжлийн өндөр чадвартай, харилцаа сайтай бүх сувилагч нар, эмч Мажигсүрэнд талархснаа илэрхийлье.
    202.9.40.62
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-03 09:20:08
    Хуучин 7-р төвийн байшинг сэргээн засварласан юм бишүү. Юун шинээр ашиглалтанд оруулах вэ. Шоудах юмаа.
    • зочин 2015-11-05 16:11:07
      хуучин байрыг нь аягүй гоё засаад шинэ юм шиг болгосон байна лээ. Хуучин эмнэлэг нь том байртай болоод, энэ нь зөвхөн хүүхдийн эмнэлэг, гоё юм байна лээ