Петр Вилсон: Ядуу буурай орны охид бүсгүйчүүд хүн худалдаалах гэмт хэргийн золиос болох нь элбэг байдаг
Манай улсын хувьд 1990-ээд оноос эхлэн гадаад улс оронд зорчих эрх хүн бүрийн өмнө нээлттэй болсноор  охид бүсгүйчүүд хүн худалдаалах гэмт хэргийн золиос болж эхэлсэн гэж хэлж болно. Учир нь нийгэм эдийн засгийн байдал сул дорой байснаас олон иргэд хилийн чанадад очин сайхан амьдрахыг мөрөөдөн явах болсон. Гэвч эдгээр хүмүүсийн эрэлт хэрэгцээг далимдуулан гэмт хэрэгтнүүд гадаад улсад өндөр цалинтай сайхан ажилд зуучлах нэрийдлээр хил давуулан худалдаж, тэднийг хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгт ашигладаг болсон байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд энэхүү гэмт хэргийн өөр нэг хэлбэр  болох эд эрхэтний наймаа газар авах болсон. Энэхүү гэмт хэрэгт өртөгчид нь ихэвчлэн харж хандаххүнгүй бага насны хүүхдүүд байдаг байгааг дээрх сургалтыг зохион байгуулагчид хэлж байсан юм.

Манай улс хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын конвенцид 2008 онд нэгдэн орсон бөгөөд тухайн үед Монгол улс энэ төрлийн гэмт хэргийн дамжуулагч орон байсан бол одоо нийлүүлэгч, хүлээн авагч орон болсон байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь асар их ашиг олдог учир маш нууц түвшинд зохион байгуулагддаг бөгөөд илрүүлэлт  маш муу байдаг аж. Бид аюулын харанга дэлдэх болсон хүн худалдаалах гэмт хэргийн талаар энэ төрлийн гэмт хэргийн талаар олон жилийн турш судалгаа хийсэн олон улсын мэргэжилтэн Петр Вилсонтой ярилцсан юм.

үний худалдаалах гэмт хэрэг гэж юу вэ?
-Хүн худалдаалах гэмт хэрэг гэдэг нь аливаа залилан, хүч хэрэглэн хүнийг зөөх, тээвэрлэх, хулгайлах, өөрийн эрх мэдэл, бусдын дорой буурай байдлыг ашиглан хүнийг аливаа мөлжлөгөд ашиглахыг хэлнэ. Мөлжлөг гэдэгт хүчээр биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөг, хөдөлмөрийн мөлжлөг, боолчлол болон эд эрхтнийг нь авах орно.

-Тэгвэл хүн хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг гэж юу вэ? энэ нь хүн худалдаалах гэмт хэрэгтэй ижил үү?
-Хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг нь арай өөр. Тухайн хүний өөрийнх нь хүсэлтээр санхүүгийн болоод материаллаг ашиг орлого олох зорилгоор хэн нэгнийг хууль бусаар хил нэвтрүүлж, тухайн улсын иргэн ч биш, оршин суугч ч биш болгон өөр улсад авчрах нь  хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг юм.

-Хүн худалдаалах гэмт хэрэгт хэн хамгийн их өртдөг вэ?
-Энэ хэрэгт ихэвчлэн ядуу буурай орны охид бүсгүйчүүд ихэвчлэн өртөх нь их байдаг. Тэд ихэнхидээ өндөр цалинтай сайхан ажил хайн хэн нэгэнд итгэж хил давсан байдаг. Ингээд эцэстээ тэдний мөрөөдөж байсан сайхан амьдрал үгүй болж тэд хил давангуутаа хэн нэгний эрхэнд орж хүсээгүй ажлаа хийдэг. Ихэвчлэн шөнийн клубүүдэд биеэ үнэлдэг. Энэ бол маш түгээмэл.

-Монголд энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ? мөн илрүүлэлт хэр байна вэ? энэ талаар олон жил судалгааны ажил хийж байгаа хүний хувьд хэрхэн харж байна вэ?
-Монгол улсын хувьд залуус нь ихэвчлэн гадаадад гарч ажил хийх сонирхолтойгоосоо болж зохион байгуулалттай хүн худалдаалах гэмт хэргийн бүлэглэлийн золиос болж байна. Түүнчлэн танай улсын хувьд хүн худалдаалах болоод хууль бусаар хил нэвтрүүлэх зэргийн аль аль нь холилдсон болохоор илрүүлэлт маш хангалтгүй байна.

-Хүн худалдаалах гэмт хэрэг нарийн зохион байгуулалтанд байдаг учраас  илрүүлэлт муу байна гэж ярьдаг. Тэгэхээр энэ гэмт хэрэгт мэргэжилтнүүд буюу цагдаагийнхан оролцдог тохиолдлууд хэр их гардаг вэ?
-Мэдээж улс бүрт янз бүр л байдаг. Ерөнхийдөө бол энэ төрлийн гэмт хэрэг асар их мөнгө олдог учраас ямар ч албан тушаалтан, ажил мэргэжлийн хүмүүс оролцох нь элбэг байдаг.

-Тэгвэл зохион байгуулалттай гэмт хэрэгт өөрөө мэдээгүй байхдаа оролцох тохиолдлууд хэр байдаг вэ? энэ тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх үү? Жишээлбэл эд эрхтний наймаанд өртсөн хүнд мэс ажилбар хийсэн эмч, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон хүнийг зөөсөн таксины жолооч гэх мэт?
-Хүн худалдаалах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж буй цагдаа гурван зүйлийг нотлох ёстой байдаг. Нэгдүгээрт: үйлдэл /орогнуулсан, зөөвөрлөсөн, тээвэрлэсэн/, хоёрдугаарт арга хэлбэр, үйл явдал/хууран мэхэлсэн, айлган сүрдүүлсэн,/ гуравдугаарт зорилго/бэлгийн мөлжлөг, хөдөлмөрийн мөлжлөг, эд эрхтний наймаа зэрэгт ашиглах гэж байсан нь тогтоогдвол хуулиар шийтгүүлэх ёстой. Харин энэ төрлийн гэмт хэрэгт өөрөө мэдээгүй дээр дурдсанчлан оролцсон бол хариуцлага хүлээхгүй. Хүн худалдаалах гэмт хэргийн нэг хэлбэрболох эд эрхтний наймаанд оролцож мэс ажилбар хийсэн эмч нар ихэнхидээ донорыг хаанаас ямар зорилготой ирснийг мэдээгүй хэмээн мэдүүлдэг. Тэгэхээр үүнийг хуулийн байгууллага сайтар шалгаж байж нотлох боломжтой.

-Энэхүү гэмт хэргийн хохирогч болсон хүнийг худалдаж авсан хүмүүс гэмт хэрэгтэн болох уу?
-Энэ нь хоёр талтай. Юу гэхээр бэлгийн мөлжлөг болоод хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байгаа хүмүүсийг хэн гэдгийг мэдэхгүй зүгээр л хэрэгцээгээ хангах гэж авсан тохиолдолд энэ нь гэмт хэрэгтэй болохгүй. Гэхдээ түүний хэрэгцээгээ хангахын тулд ашигласан хүн нь насанд хүрээгүй тохиолдолд асуудал үүснэ. Харин тухайн хүнийг хүн гэдэг талаас нь биш өөрийнхөө шаардлагыг хангахын тулд гэр орондоо хорьж, цагдаж, зодож дарамтлах зорилгоор худалдаж авбал энэ нь гэмт хэрэг болно.

-Сүүлийн жилүүдэд зуучаар гадны улсын иргэдтэй гэр бүл болох тохиолдлууд эрс ихэссэн. Гэвч очсон айл нь, гэрлэсэн хүн нь бодож байснаас нь өөр байх тохиолдлууд цөөнгүй. Энэ тохиолдолд хүн худалдаалах гэмт хэрэг болох уу?
-Эцсийн зорилго нь бэлгийн мөлжлөг, хөдөлмөрийн мөлжлөг, эд эрхэтний наймаа байвал энэ нь хүн худалдаалах гэмт хэрэг болно.

Ярилцсанд баярлалаа

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.