Өршөөлийн хууль хоригдогсдоос илүүтэй ар гэрийнхэнд нь хүлээлт үүсгэжээ
Нийгэмд нэлээд хүлээлт үүсгэж, энэ хэрээрээ талцал, хэрүүлийн бай болсон Өршөөлийн хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт баталлаа. Энэ хуулийг Монгол улсад байнгын ажиллагаатай парламент бий болсны 25 жилийн ойд зориулан гаргасан. УИХ өнгөрсөн наймдугаар сард ээлжит бусаар хуралдаж, авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг энэ хуулиар өршөөн суллахаар болсон нь араасаа олон олон шүүмжлэлийг дагуулж, олон түмний эсэргүүцэлтэй тулгарсан.

Ингээд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авлига, албан тушаалын  хэрэгтнүүдийг өршөөж болохгүй хэмээн хэсэгчлэн хориг тавьснаар хуулийн батлагдан гарах хугацаа сунжирсан юм. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах уу, үгүй юу хэмээн олон нийт хүлээж суусан. Ингээд бүтэн хоёр сарын дараа Монгол Улс зургаа дахь удаагаа Өршөөлийн хуулийг баталсан нь энэ юм. Энэ хуулиар 1700 орчим хоригдол суллагдан гарна гэсэн урьдчилсан тооцоо бий.  

Тэгвэл эдгээр хоригдлоос илүүтэй тэдний ар гэрийнхэн өршөөлийн хуулийг батлагдан гарах өдрийг хүлээж суужээ. Бид хууль батлагдсаны маргааш өдөр ШШГЕГ-ыг зорьж Өршөөлийн хууль батлагдан гарсантай холбоотой асууж, тодруулах  гэсэн иргэд хэр их ирж байгааг тодруулсан юм. Биднийг очих үед мэдээлэл өгөх  ажилтан хуралд орсон тул багагүй хугацаанд хүлээж суусан. Энэ хооронд хэд хэдэн иргэн Өршөөлийн хууль батлагдсантай холбоотой тус газрыг зорин иржээ.Ингээд нэрээ нууцлахыг хүссэн иргэн “Б”-тэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна. 

-Та ямар хэргээр энэ газрыг  зорьж ирсэн бэ?

-Ах нь одоогоос хоёр жилийн өмнө авто машины ослоор ял шийтгүүлж байгаад гарч ирсэн. Тэгээд жолооны эрхээ гурван жилээр хасуулсан. Одоо энэ хугацаа ирэх зургаан сард дуусах учиртай. Гэвч өнгөрсөн сард  эрхээ хасуулсан жолооч нарыг өршөөлийн хуульд хамруулж эрхийг нь сэргээсэн ч минийхийг шүүхээс ял шийтгүүлж байсан учир  сэргээхгүй гэдэг хариултыг өгсөн. Тиймээс энэ талаар асуухаар ШШГЕГ-ыг зорьж ирээд байна. 

-Та хэдэн жилээр ял шийтгүүлсэн бэ?

-Хоёр жилээр ял шийтгүүлээд, гурван жилээр эрхээ хасуулсан. Гэхдээ хоёр жил ял шийтгүүлсэн өдрөөс биш гарч ирсэн өдрөөс эхлэн тооцно гэсэн. Ингэхээр үндсэндээ таван жилээр эрхээ хасуулсан гэсэн үг л дээ. 

-Өршөөлийн хуулийн хүрээнд 82 мянган жолоочийн эрхийг сэргээж байгаа шүү дээ. Тэгвэл яг тантай ижил хичнээн мянган жолооч эрхээ сэргээлгэж чадахгүй байдалтай байгаа талаар мэдээлэл байна уу?

-Нийт 82 мянган жолоочийн эрхийг сэргээнэ гэдгийг дуулаад гүйгээд очсон. Харамсалтай нь шүүхээр орж, ял шийтгүүлсэн учир сэргээхгүй гэдэг хариулт өгсөн. Надтай ижил 20 гаруй мянган хүн байгаа. 

Иргэн Б-тэй ярилцаж суух үед дахин нэг иргэн ирсэнтэй таарч цөөн хором ярилцлаа. 

-Сайн байна уу? та ямар хэргээр энэ газрыг зорьж ирсэн бэ?

-Өршөөлийн хууль батлагдсантай холбоотой хэзээнээс хэрэгжиж эхлэх талаар, мөн ямар хүмүүс өршөөлд хамрагдах талаар асууж тодруулахаар ирлээ. Манай гэр бүлийн хүн хулгайн ангийн хэрэгт холбогдоод ял шийтгүүлээд нэлээд хэдэн сар болж байна. 

-Яг ямар зүйл ангиар буруутгагдаж, хэдэн жилээр хоригдох ял шийтгүүлсэн бэ?

-Одоо ингээд ярихад өөрсдийгөө өмгөөлсөн хамгаалсан юм шиг харагдах ч манай хүний хувьд хориотой ангийн худалдаа хийсэн гэдэг зүйл ангиар ял шийтгүүлсэн ч  үнэн хэрэгтээ худалдаа хийгээгүй л дээ. Агнасан анг худалдаж авах гэж байгаад баригдсан. Мэдээж хэрэг хориотой гэдгийг нь мэдсээр байж худалдаа хийхийг завдсан нь буруу зүйл. Таньдаг нутгийн хүнээ дагаад анх удаал тэгж явсан нь энэ. Ингээд л баригдсан. Манай хууль энгийн иргэддээ үнэхээр хатуу юм билээ. Хоригдоод л шүүхээр ороод ял аваад явсан. 4.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.

-Энэ зүйл ангиар бол Өршөөлийн хуульд байгаа шүү дээ? Та гэр бүлийн хүндээ дуулгасан уу?

-Тиймээ манай нөхөр өршөөлд хамрагдах болсноо мэдсэн байна лээ. Одоо  суллагдах өдрийг л хүлээж сууна. 

-Гэхдээ Өршөөлийн хуульд хамрагдахад улсад болон бусдад учруулсан хохирлоо барагдуулсан байх ёстой гэсэн, таны гэр бүлийн хүний хувьд улсад хичнээн хэмжээний хохирол учруулсан бэ?

-Харин тийм зүйл багаа гэж сонссон. Манай хүний хувьд 20 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байгаа. Бид чадлынхаа хэмжээгээр төлж байгаа. Бараг тал хувийг барагдуулсан байгаа, мэдээж хэрэг хууль бус зүйл хийсэн учир хохирлоо барагдуулах л болно. Гэхдээ ойрын хэдэн хоногт тэр хэмжээний мөнгө олох хэцүү л дээ. 

-Өршөөлийн хууль өргөн баригдсанаас хойш нэлээд хугацаа өнгөрлөө энэ хооронд чих тавьж л суусан биз?

-Тиймээ. Хэдийгээр хууль бус зүйл хийсэн ч гэсэн бас төр засаг маань нэг удаа харж үзээд хууль баталчих болов уу гэж харж суулаа. Ер нь тэгээд Ерөнхийлөгчийн хориг тавьсан нь хугацаа удаасан ч гэсэн их зөв зүйл болсон. 20 сая ч бай хоёр сая ч бай бусдад болон улсад хохирол учруулсан бол зохих шийтгэлээ амсах л ёстой. Харин үүнийг нь төр нь өршөөж, өөрөө ухаарч чадаж байвал л тэгээд болно шүү дээ. 

Ийнхүү ярилцаж суух зуур хоригдлуудын ар гэрээс явж байна гэсэн нэлээд хэдэн хүн өршөөлийн хууль яг хэзээнээс хэрэгжиж суллагдах вэ гэдгийг асууж сураглаж байлаа. Хэдийгээр нийгэмд гэмт хэрэгтэн гэж үзэгдсэн тэдгээр хүмүүсийг ар гэрийнхэн нь төр засгийнхаа өршөөлийг итгэл алдалгүй хүлээж, амьдралаа шинээр эхлүүлнэ хэмээн итгэн хоног тоолон хүлээж сууна.

Энэ удаагийн Өршөөлийн хуулиар авлига, албан тушаалын болон бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг өршөөлд хамруулахгүйгээр болсон. Харин бусдын эд хөрөнгийг үрэгдүүлэх, завшихыг өршөөлд хамруулахаар болсон билээ. Хууль батлагдан гарсан өдрөөсөө хэрэгжиж эхлэх учиртай.

Харин удахгүй олны анхаарлыг татаж байсан томоохон хэргийг эзэд өршөөгдөн гарах нь тодорхой болоод байгаа.Тодруулбал МИАТ-ийн экс удирдлагууд болох Ч.Хоролсүрэн, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Б.Эрдэнэбилэг, Ч.Суурьтогтох нар төрийн өршөөлд хамрагдах нь тодорхой болсон.  Тэднийг дайны эрсдэлийн сан нэрээр мөнгө угаасан /166.3/, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн /150.3/ хэрэгт буруутгаж, 10-13 жилийн хорих ял шийтгэсэн байдаг. Тэгвэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9.1 буюу өршөөлд хамруулахгүй гэмт хэргийн зүйл, заалтуудад дээрх хоёр зүйл заалт багтаагүй. Өөрөөр хэлбэл, мөнгө угаасан гэмт хэрэгтнүүдийг төр өршөөхөөр болж байгаа юм. 

Мөн төрийн ордны хашаанд галт зэвсэгтэй нэвтрэхийг завдаж, хотын төвд буун дуу гаргасан “Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр өршөөгдөнө. Тэрбээр шүүхээс  долоон жилийн хоригдох  ял сонсоод байсан билээ. Түүнийг анхан шатны шүүхээс 177.2 буюу зандалчлах, 185.2 буюу галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж, бэлтгэсэн, хадгалсан хэрэгт буруутгасан. Харин давж заалдах шатны шүүхээс зандалчлах зүйл ангийг арай хөнгөвчилж, 177.1-ээр буруутгасан. Өршөөлийн хуулиар 177.2 буюу зандалчлах гэмт хэрэг өршөөлд хамрагдахгүй байхаар тусгагдсан. Харин 177.1 өршөөлд хамрагдана. Энэ мэт олон нийтийн  анхаарлыг татсан хэд хэдэн хэргүүдийн эзэд ял шийтгэлээс мултарч байгаа юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.