ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга: Засгийн газар 10 хувийн урьдчилгааг эцэслэх хэрэгтэй байна

Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өнгөрсөн амралтын өдрүүдэд Төрийн орон сууцны корпорацийн /ТОСК/ үйл ажиллагаа болон “Буянт-Ухаа1, 2” хорооллын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.  “Буянт-Ухаа 1” хороолол нь нийслэлдээ төдийгүй улсын хэмжээнд инженерийн дэд бүтцийг хонгилын системээр шийдсэн анхны бүтээн байгуулалт юм. Салбарын сайд уг бүтээн байгуулалттай хамгийн түрүүнд танилцаж, цаашид инженерийн дэд бүтцийг газар доор шийдэх бус хонгилын системээр шийдэж болох эсэхийг холбогдох инженер техникийн ажилчдаас тодруулж байсан юм. Төрөөс иргэдээ хямд үнэтэй чанартай орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн бас нэг томоохон бүтээн байгуулалт бол  бага оврын цэвэрлэх байгууламж юм. Энэхүү байгууламж нь нисэх орчмын айлуудын бохирыг 95 хувиар цэвэрлэж  гадагшлуулдаг аж.

Үүний дараа  эд бүтээн байгуулалтын ажил өрнөж буй “Буян-Ухаа-2” хороололтой танилцсан юм. Үндэсний бүтээн байгуулалт корпорацийн гүйцэтгэж буй “Буянт-Ухаа 2”  хороолол дулаанаа авч улмаар дотоод засал чимэглэлийн ажилдаа орсныг энэ үеэр танилцууллаа.  ҮББК-ийн ерөнхийлөгч Б.Жүгдэр “Монголчууд бид өмнө нь Орос ах нар, Хятадуудаар байшин барилгаа бариулж байсан бол одоо өөрсдөө барьж байна. Бид нэг зорилготойгоор нэгдэж ажиллавал амжилтад хүрч Монголын барилгын салбар хөгжинө. Үүнд төр засгийн дэмжлэг зөв бодлого үгүйлэгдэж байна.” Гэж салбарын сайддаа уламжилсан юм.

 “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 1620 айлын орон сууцны барилгыг өнгөрсөн 10-р сарын 30-нд улсын комисст хүлээлгэн өгөх байсан ч  санхүүжилт, цахилгаан дулааны асуудлаас болж ашиглалтад орох хугацаа хойшилж байгааг  Үндэсний бүтээн байгуулалтын корпорацын ерөнхийлөгч Б.Жүгдэр хэллээ. Харин уг асуудалтай холбоотой тайлбарыг ТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг хэлэхдээ:

 

ТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг:Цахилгааны асуудлыг заавал шийдэх ёстой

“Буянт-Ухаа 2” хорооллын цахилгааны асуудлыг ТОСК Эрчим хүчний яамтай ярилцаж Яармагийн дэнж дээрх “10:35” дэд станцаас цахилгаан авахаар болж ерөнхий техникийн нөхцөлийн ажлыг гүйцэтгэж байсан энэ жилдээ багтаж ашиглалтад орох боломжгүй болсон байгаа. Ингээд ирэх жил хүртэл Цагаан хаалганы ард байрлах дэд өртөөнөөс цахилгаан авахаар дахин техникийн нөхцөлийг хийж байгаа ч гэмтэл гарч засварын ажил үргэлжилж байсан. Гэтэл уг төслийн хөрөнгө оруулалтыг төсвийн тодотголоор засаж, ашиглалтад оруулах боломжгүй гэдэг албан бичгийг өнгөрсөн пүрэв гаригт Эрчим хүчний яамнаас ТОСК-д ирүүллээ. Ойролцоогоор 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт байсан юм. Цахилгааны асуудлаас үүдэж манай барилга хугацаандаа ашиглалтад орохгүй байх магадлалтай боллоо. Одоогоор бид барилга угсралтын ажлыг түр цахилгаанаар шийдэж байна. Барилга ашиглалтад ороход зайлшгүй үндсэн цахилгааны эх үүсвэрээр хангах учиртай. Тиймээс холбогдох яамд, Ерөнхий сайдад цахилгааны асуудлыг шийдүүлэх асуудлыг тавина. Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэх нөхцөлийг тавьж, болохгүй бол арилжааны зээл авч дэд станцын засварын ажлыг дуусгана. Хүн ороход бэлэн болсон байрыг ашиглалтад оруулахгүй удаах тусам алдагдал нэмэгдэж, цахилгааны шугам сүлжээний утаснаас эхлээд элэгдэлд орно. Тиймээс “Буянт-Ухаа 2” хорооллын цахилгааны асуудлыг заавал шийдэх ёстой.

Иргэдийн дунд хүлээлт болоод байгаа нэг асуудал бол байрны урьдчилгаа 30 хувийг 10 хувь болгох юм. Зах зээлд урьдчилгаа 30 хувиа төлөөд байранд орох иргэд ханасан. Хэрвээ байрны урьдчилгаа төлбөр болох 20 хувийн батлан даалтыг ойрын хугацаанд шийдэхгүй бол бүтээн байгуулалтын ажилд сөрөг нөлөөтэйг захиалагч болон гүйцэтгэгч компаний удирдлагууд сайтад хэллээ. Учир нь нийслэлийн хэмжээнд ашиглалтад орсон ч зах зээлд борлогдоогүй 48 мянган орон сууцны барилга байна.

ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга: Засгийн газар 10 хувийн урьдчилгааг эцэслэх хэрэгтэй байна

 

-Цахилгааны асуудлыг шийдэж чадахгүй бол “Буянт-Ухаа 2” хороолол энэ жилдээ ашиглалтад орох бололцоогүй гэсэн үг үү?

-Эхний ээлжийн барилгыг арванхоёрдугаар сарын 5-нд улсын комисст хүлээлгэн өгөх учраас цахилгааны асуудлыг түр хугацаанд шийдэх боломжтой. Үүнээс өмнө төсвийн тодотголоор хасагдсан дэд станцын ажлын санхүүжилтийг Ерөнхий сайдад тавьж шийдэл гаргахын төлөө явна. Бид байраа аль болох хугацаандаа ашиглалтад оруулахын төлөө ажиллаж байна.

 

-Борлуулалт ямар төвшинд байгаа вэ. Одоогоор хэчнээн хүн 30 хувийн урьдчилгаагаа төлсөн байгаа вэ?

-Төрийн албан хаагчид 10 хувийн урьдчилгаа, иргэд 30 хувь гэсэн ялгаатай захиалга авч байсан. Одоо төрийн албан хаагчдад өгсөн квотоо цуцлах шийдвэр гаргаад байна. Учир нь, 10 хувиа төлсөн ч авах үгүй нь тодорхойгүй байгаа учраас иргэдэд нээлттэй явуулахаар болсон байгаа. Гэхдээ иргэд төрөөс байрны урьдчилгааг 10 хувь болгож, 20 хувьд нь баталгаа гаргана гэсэн мэдээлэлтэй холбоотойгоор хүлээлт үүсээд байгаа юм. Уг нь иргэдийн төлсөн урьдчилгаа төлбөрийн эх үүсвэрээр бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлнэ. Гэтэл урьдчилгаа төлбөр дээр хүлээлт үүссэнээс болж барилгын ажил удааширч байна. Тиймээс Засгийн газар 10 хувийн урьдчилгааны асуудлыг эцэслэн шийдэх хэрэгтэй байна. Иргэдийн төлсөн урьдчилгааны эх үүсвэрээр барилгыг ажлыг үргэлжлүүлэх, одоо үүсээд буй эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх санхүүгийн эх үүсвэртэй болно. Энэ талын ажил 10 хувийн урьдчилгаанаас болж зогсонги байдалд байна.

-Засгийн газраас 10 хувийн урьдчилгааг зөвшөөрсөн. Одоо чухам юун дээр гацаад байгаа юм бэ?

-Хөрөнгө мөнгөний асуудал дээр гацаад байгаа гэж сонссон. Хөгжлийн банкнаас 200 тэрбумын батлан даалт гаргах асуудлыг ярилцаж, эцэслэн шийдээгүй байгаа юм болов уу гэж харж байна.

БХБСайд З.Баянсэлэнгэ: Байрны 10 хувийн урьдчилгааг энэ сардаа багтаан шийдвэрлэнэ

 

Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгээс байрны 10 хувийн урьдчилгааг хэзээ эцэлсэн шийдэх, “Буян-Ухаа 2” хорооллын цахилгааны асуудлыг хэрхэн шийдвэрлэх асуудлаар ярилцлаа.

 

 

-Байрны 10 хувийн урьдчилгааны асуудлаас болж нийгэмд нэлээд асуудал үүсээд байна. Яам энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ. Асуудлыг хэрхэн шийдвэрлэх юм бэ?

- Яам энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Одоо орон сууцны 30 хувийн урьдчилгаатай зээл хэрэгжээд явж байгаа. Гагцхүү 10 болгох асуудлын эдийн засгийн тооцоо судалгааг арилжааны банкуудтай, Хөгжлийн банктай, Сангийн яамтай ярилцаж байна. Нэлээд хэдэн уулзалт хийж, санал солилцсон. Өнөөдрийг хүртэл нэгдмэл байр суурь хараахан гараагүй байна. Засгийн газраас Хөгжлийн банкаар дамжуулан 200 тэрбум төгрөгийг гаргаж өгнө гэж байгаа. Гэхдээ энэхүү баталгааг банкууд мөнгөн хэлбэрээр баримтжуулах шаардлагыг тавьж байгаа. Улс орны эдийн засаг хүнд байгаа үед Засгийн газар шууд банкуудад 200 тэрбумын баталгаагаа мөнгөн хэлбэрээр байршуулах уу, үгүй юү гэдэг асуудал гарч байгаа юм. Энэ асуудлыг сайтар ярилцаж байна. Дээр нь, 10 хувийн урьдчилгаа нь иргэд нэг талаараа эрсдэлтэй байгаа. Үүнийг ярьж, хэлэхгүй бол болохгүй. Байрны зээлд хамрагдахдаа 10 хувийн урьдчилгаа төлж байгаа тухайн иргэн 30 жилийн хугацаанд 90 хувийг буцаан төлөх учраас эргээд ипотекийн найдваргүй зээл болж хувирах вий гэсэн болгоомжлол байгаа юм. Засгийн газар банкны эрсдэлийг тооцож л 20 хувь дээр нь баталгаа гаргаж байгаа болохоос биш иргэдийн өмнөөс 20 хувийг төлөх асуудал огт биш шүү дээ. Дундаж насны хүн байрны зээл авлаа гэхэд тэтгэвэрт гартлаа, зарим нь тэтгэвэрт гарсан хойноо байрны зээлээ төлж амьдрах нь. Иргэд бага хэмжээний мөнгө төлөөд байртай болж байгаа ч түүний дараагийн эх үүсвэр нь хүндрэлтэй, сард төлөх хэмжээ өндөр учраас энэ эрсдэлийг тооцох шаардлага гараад байгаа. Байрны 10 хувийг урьдчилгааг хэрэгжүүлэхээр бол энэ бүх эрсдэлийг тооцож, иргэдэд хүндрэл бэрхшээл учруулахгүйгээр шийдэхээр ярилцаж байна.

-Гэхдээ нөгөө талд барилгын салбарт зарагдахгүй байгаа олон мянган байрыг зарахын тулд урьдчилгааг 10 хувь болгох хэрэгтэй гээд байгаа шүү дээ?

-Байрны урьдчилгааг 10 хувь болгосны дараах эрсдэл иргэд дээр л үүснэ. Хүнд 30 жилийн хугацаанд өвчин зовлон, үхэл хагацал тохионо. Үүнийг ч бас бодох ёстой. Банк бол яах вэ. Зээлээ төлөхгүй бол үл хөдлөх хөрөнгийг нь хураагаад авчих байх. Нөгөө талд байрны 10 хувийн урьдчилгаа бол зөвхөн “Буянт Ухаа” цогцолбор дээр биш нийслэлд борлогдохгүй байгаа 48 мянган орон сууцны тухай асуудал энд хамаатай. Энэ бүх асуудлыг тал талаас нь харахгүй бол сэтгэлийн хөөрлөөр шийдэж огт болохгүй.

-Бага дунд орлоготой иргэдийг хамруулахаар хэрэгжүүлсэн “Буянт Ухаа-2” хорооллын үйл ажиллагаатай танилцлаа. Цахилгааны асуудалтай холбоотой санхүүжилтийг төсвийн тодотголоор хассан гэж гүйцэтгэгч компани хэлж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Буянт-Ухаа 1,2 хороолол нийслэл болон хөдөө орон нутагт баригдсан барилгуудаас хямд үнэтэй гэдгээрээ онцлог. Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан хөтөлбөр. Газар дээр ирж үзэхэд бүтээн байгуулалтын ажил бараг дууссан байна. Байрын дотоод засал орон сууцны гаднах зам талбайн ажил үргэлжилж байгааг харлаа. Эхний ээлжийн 1600 айлын орон сууцыг ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Гэхдээ цахилгааны асуудал дээр хүндрэл гарсан байна. Төсвийн тодотголоор цахилгаан авах дэд станцын 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хассан. Засгийн газар ирэх оны төсвийг татаж дахин боловсруулах асуудал яригдаж байгаа үед цаг алдалгүй энэ асуудлыг шийдвэрлүүлж болох юм байна гэж харж байна.

-Байрны 10 хувь дээр эцсийн шийдвэр яг хэзээ гарах вэ гэдэгт та хариулт өгнө үү?

-Ямар ч байсан энэ сардаа багтаж асуудлыг шийднэ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-02-17 03:55:44
    түрээсийн байрыг түлхүү шийдвэрлэж сар бүр төлөөд явах боломжтой байр хүссэн иргэдээс сонгоод ТОСК хариуцаад явмаар санагдана.Нэг жилд овоо л мөнгө хуримтлагдан...
  • Оюун 2015-11-03 14:52:57
    Ядаж нэг айл ч болсон нүүрсний утаа гаргахгүй байвал зүгээр юм шигээ. УБ хотод утаа ихтэй ш дээ хө,
    196.205.202.54
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-11-03 00:55:39
    Нийслэл л гээд байхын хөдөө орон нутагт яахын. Зөвхөн хотод л 10 хувийн урьдчилгаа хэрэгжих юмуу