Төрийн өршөөлийн тухай таны сонорт хүргэе
Хоёр жил хүлээгдсэн Өршөөл үзүүлэх тухай хууль бүрэн утгаараа хэрэгжиж эхэллээ. Ард иргэдийн дунд хүлээлт үүсгэж, улс төрийнхний дунд маргаан талцал бий болгоод байсан эл хууль нэг тийшээ болж, асуудал намжлаа. 
Эл хууль өргөн баригдаад удсан ч гэлээ Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан. Таван бүлэг, 11 зүйлтэй эл хуулийг өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэн батлагдахаас эхлээд л  олны анхаарлыг татаж эхэлсэн. 
Анх өргөн баригдсан хууль заалтуудад багагүй өөрчлөлт оруулсан, өнөөгийн эрх баригчид, улс төрийнхний эрх ашигт хэт нийцүүлсэн хууль хэмээх шүүмжид ихээр өртөж эхэлсэн билээ. Иймээс анх хуулийг батлахдаа хаалттай хэлэлцсэн билээ. Гэсэн ч олны түмний шахалт шаардлагаар төд удалгүй хууль бүрэн эхээрээ олон түмэнд нээлттэй ил тод болсон.

Өршөөлийн хуулийн зориулалтыг юу гэж харав
Өршөөлийн тухай хуулийг батлахтай зэрэгцэн нийгэм даяар хүлээлт үүсгэхийн зэрэгцээ олон хардлагыг араасаа дагуулж байсан. Эл хуулийг МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан уу, АН-ынхан шалгагдаж буй өөрийн хүмүүсээ  аврахын тулд эл хуулийг дэмжлээ. Төрийн гэмт хэрэгтнүүд өршөөгдөх нь гэх зэрэг мэдээллүүд ар араасаа цуварч, олон хүний дургүйцлийг хүргэсэн.  
Гэхдээ эрх баригчдын гаргасан судалгаагаар одоо хорих ангид ял эдэлж буй, мөн хэрэгт шалгагдаж байгаа иргэдийн 80 гаруй хувь нь өршөөгдөнө гэсэн тоо баримт байсан. Үүнд АТГ-аас гаргасан судалгаагаар АТГ-т шалгагдаж буй 55 хэргийн 45 хэрэг Өршөөлийн тухай хуульд хамрагдана гэсэн тоог хэлж байсан

Ингэснээр улсад нийт 12 тэрбум 243 сая төгрөгийн хохирол учруулсан 45 албан тушаалтны хэрэг өршөөлд хамрагдаж, эзэн холбогдогчид нь эрх чөлөөтэй болно хэмээж байсан.

Гэвч эл хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авч баталснаар авлигатай холбоотой бүхий л хэргүүд өршөөлийн гадуур үлдлээ.

Ерөнхийлөгчийн хориг олны таашаалыг хүртэв
Уг хуулийн зарим зүйл, хэсэгт хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж, түүнийг нь өнгөрсөн хаврын ээлжит бус чуулганаар хүлээн авсан юм. Тодруулбал, хоригийг УИХ-ын 9 дүгээр сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, хүлээн авч Монгол Улсын Их Хурлын 81 дүгээр тогтоол баталсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан байнгын хороо УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8, 31.9 дэх хэсэгт заасны дагуу Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг 9 дүгээр сарын 15, 10 дугаар сарын 01, 13-ны өдрүүдийн хуралдаанаараа хэлэлцсэн юм.

Байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны гишүүдээс гаргасан саналуудаар санал хурааж,  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл/, Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг/, Танхайрах /181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг/-ийг тус тус, хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтад Хээл хахууль авах /Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл/-ийг нэмэхээр олонхын  дэмжлэг авсан саналуудыг нэгтгэн дээр дурдсан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтсон юм.

Гэсэн ч хуулийн төслийг хэлэлцэх явсанд олон удаа хойшлогдсон ч өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагийн хуралдаанаар хэлэлцэн батлагдах нь тэр. 

Уг хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт:
-Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авахыг өршөөхгүй 
-Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэхийг  өршөөнө 
-Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулахыг өршөөхгүй. 
-Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэхийг  өршөөхгүй.
-Хээл хахууль авахыг  өршөөхгүй. 
-Хууль бусаар хөрөнгөжихийг  өршөөхгүй 
-Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг өршөөхгүй. 

Хуулийг хэн өргөн барьж, хэн хэдэн удаа завсарлуулав
Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2015 оны наймдугаар сарын 11-нд баталсан. Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталлаа гэх тайлбар өгч байгаа. Харин хуулийн төслийг 2013 оны аравдугаар сарын 10-нд УИХ-д өргөн барьсан байдаг. 
УИХ-ын дарга З.Энхболд Турк улс руу албан ёсны айлчлалаар явсан байсан учир УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунбаатар, Л.Цог нарын гишүүд өргөн барьж байсан байдаг. Гэхдээ уг хуулийг анх өргөн барьсан хувилбарт Ардчилсан парламентын 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг боловсруулж өргөн барилаа гэдэг үг, өгүүлбэр огт байхгүй. Энэ нэршил нь сүүлд оруулж ирсэн “чимэг”.
Тэгэхээр анх өргөн баригдсан хуульд олон өөрчлөлт орж байж одоогийн төрийг олсон гэсэн үг. Гэхдээ дээрх гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төсөлтэй нэгтгэн УИХ хэлэлцсэн гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ. 

Харин хэлэлцэж эхэлснээс хойш хоёр удаагийн ээлжит бус чуулган дамнан, намрын ээлжит бус чуулгантай золгож байж батлагдав.  Гэтэл намрын чуулган эхэлсэн эхний долоо хоногт МАН авлигын хэргийг өршөөх гэж байгааг хянан үзэх нэрийдлээр завсарлага авчихаад байхад, дараагийн хэлэлцэх хоног болоход Шударга ёс эвслийн бүлэг  дахин завсарлага авлаа. Түүгээр зогсохгүй завсарлагаа бүр гурав хоногоор хойшлуулах хүсэлт хүртэл гаргав.  Уул нь ээлжит бус чуулганы хугацаанд Шударга ёс эвслээс МАН-ынхантай ижил шалтгаанаар завсарлага авч байсан.

Монгол Улсад өршөөлийн хуулийг хэдэн удаа баталсан бэ
 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл Өршөөлийн хууль 6 удаа гарч байжээ. Гэхдээ 1931 онд Улсын бага хурлаас Өршөөлийн тогтоол гарч, өршөөл үзүүлж байсныг анхных гэж зарим судлаачид үзсэн байдаг аж. Тухайн үед ийнхүү алдаж оносон хүмүүст өршөөл үзүүлэх болсон шалтгаан нь Ардын засаг тогтсоны 10 жилийн ойд зориулсан хэмээн түүхэн эх сурвалжид бичсэн байдаг байна. Үүнээс хойш Ардын хувьсгалын 20, 40 зэрэг тэгш ойн жилүүдэд өршөөл үзүүлж байсан тохиолдол байна.

 Парламент солигдохын өмнө батлагддаг жамтай хууль уу
1996 оны наймдугаар сарын 22-нд Их Монгол Улсын 790 жилийн ойд зориулан Өршөөлийн хууль гаргаж байжээ. 2000 оны долоон сарын 7-нд дахин Өршөөлийн хууль баталсан. Мөн 1996-2000 оны хооронд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн парламент хоёр ч удаа Өршөөлийн хууль баталсан нь харагдана. Энэ үед УИХ-ын даргаар Р.Гончигдорж ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, 1996 онд тангараг өргөөд удаагүй байхдаа наймдугаар сард Өршөөлийн хууль баталсан. Мөн 2000 оны долоодугаар сарын 7-нд буюу буухаасаа өмнө Өршөөлийн хууль баталсан. 2000 оны сонгууль долоодугаар сарын 2-нд болсон байдаг. Дараагийн парламентын гишүүд тангараг өргөн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс өмнө ийнхүү өмнөх парламент нь Өршөөлийн хууль батлан буусан цаг хугацааны дараалал харагддаг. Энэ удаагийнх ич мөн адил дүр зураг харагдаж байна.
 
Эндээс 1996 онд баталсан Өршөөлийн хуулийг авч үзвэл бусдаасаа ялгарч байгаа. Уг хууль батлагдсанаар 200 хүн л суллагджээ. Уг өршөөлийг насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрчүүдэд үзүүлсэн байдаг.
Өмнөх 5 хуулиар нийт 6264 хүмүүжигчийг суллаж байжээ. Харин энэ удаа 1700 орчим хоригдлыг суллана. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • badamaa 2015-11-02 09:34:02
    147.2 orshooliin huulid hamragdsan ym bolvuu
  • зочин 2015-11-02 06:38:46
    Хөөрхий муу Н.Энхбаярыг сонгуульд оруулахгүй гэж зүтгэсээр байгаад дийллээ шүү.
  • Gan 2015-11-02 06:07:33
    Gemt hereg bol bugd muuhai. Altan tushaal, avilga ene ter gej soliorood yahav dee. Hamgiin hunleg ni baih shuu.