Ж.Баатарсүрэн: Ойн салбар боловсон хүчнээ нэмэгдүүлэх хэрэгтэй
Ойн ахмад инженер Ж.Баатарсүрэнтэй ярилцлаа. Тэрээр  Монгол Улс  дотооддоо бэлтгэсэн ойн дээд мэргэжлийн боловсон хүчний нэг ажээ.

-Та 1967 онд сургуулиа төгссөн юм байна. Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

-Төгсөөд Төв аймгийн Баянчандмань сумын  Ойн аж ахуйд 1967 онд томилогдон очиж байлаа. Мөн Зүүнхараа, Ерөө, Улаанбаатар,Төр хурах зэрэг газруудад ажиллаж байсан. Энэ хугацаанд 590 гаруй газрыг ойжуулсан байдаг юм. Ойжуулалтын ажлаас гадна мод үржүүлэг, ойн зурвас байгуулах, жимс жимсгэнэ тариалах, хүлэмж байгуулж нарс модыг үржүүлэх гээд олон ажлыг эхлүүлэхэд гар бие оролцож явлаа.

-Нэг модны ургах хугацаанд хүний хэдэн үеийн амьдрал үргэлжилдэг. Тэгэхээр таны гар бие оролцож хийсэн ажлууд одоо ямар байгаа вэ?

-Сайхан үржиж, ургасан байдаг юм. Хараа голын урд Хэрх уулын ард 20 га-д чацаргана тарьж байлаа. Одоо тэнд чацарганы төгөл бий болсон. Түүнийг түшиглээд Хараа гэдэг амралтын газар байгуулагдсан байна лээ. Ноён уулын баруун талд 400 га газарт 6 зурвас байгуулсан. Одоо 2 нь үлдсэн харагдана. Туул гол болон богинын аманд чацаргана тарьж байлаа.  Би намар болохоор ач гучаа дагуулаад Туулын сав дагуу тариалсан чацарганаа очиж амталдаг юм. Байгалийн чацаргана шиг л болсон байдаг. Ерөөгийн модны аж ахуй маш сайн ажиллаж байгаа. Зарим нэг газар хожуул болсон зүйл ч бий.

-Тэд яагаад үр дүнгүй болсон юм бол?

- Ой модоо хамгаална, хайрлана гэдэг бол дан ганц мэргэжлийн байгууллагын ажил биш. Хүн бүхний сэтгэл, оролцоо байх ёстой. Гэтэл тэр хэрэгжихгүй байна. Хэн дуртай нь гол усанд юм угааж, ой модыг огтлон сүйтгэдэг болж. Энэ бүхнээс хамгаалахад мэргэжлийн хяналт, цагдаа, орон нутгийн засаг захиргаа, ойн мэргэжлийн байгууллагуудын хамтын хүч хэрэгтэй. Бид хамтарч үйл ажиллагаагаа цогц байдлаар явуулж ирсний үр дүнд өнөөдрийн баялаг байгаа юм. Цаашид мэргэжлийн байгууллагууд цогц байдлаар ажиллах хэрэгтэй.

-Мэргэжлийн байгууллагууд гэнэтийн хяналт шалгалт хамтарч хийхээс тухайн газар нь байнгын хяналт  тавих боломж бололцоо байхгүй гэдэг?

-Байнга байх бололцоогүй гэхэд шаардлагатай цаг үед пост ажиллуулах ёстой. Жимс ногоо боловсордог үеэр ч юм уу ер нь хууль бус үйлдэл гарахаас сэргийлсэн байнгын ажиллагаа байх хэрэгтэй.

-Тэгвэл байгаль хамгаалагчдад хүч дутагдаж байна уу?

-Байгаль хамгаалагчид бол ажиллаж байгаа. Тэдний ажил бол хариуцсан газраа байнга эргэж тойрох, хулгайн анчид, модны хулгай зэрэг бусармаг явдлаас байгалиа хамгаалах. Гэтэл зарим байгаль хамгаалагчид гар утсаар ажлаа хийгээд сууж байна. Бидний үед бол  байгаль хамгаалагчдад төлөвлөгөө өгдөг байсан. Хэдэн кг жимс, мөөг түүх, хэдэн  шуудай боргоцой түүх гээд . Төлөвлөгөөгөө биелүүлсэн байгаль хамгаалагчийг шагнаж урамшуулна. Төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд байгаль хамгаалагч бүр өөрийн хариуцсан орчинтойгоо байнга харьцана. Гэмт хэрэг үүсэхээс өмнө сэргийлж чаддаг байлаа.

-90 жилийн ойдоо танай салбарынхан хэр зэрэг  бэлтгэж байна даа?

- Манай салбарын ажил чинь хүнд харагдаж, гарт баригдах бодит ажлууд байдаг.  Хамгийн гол нь энэ салбарт ажиллаж байгаа боловсон хүчнээ нэмэгдүүлэх, чадавхижуулах хэрэгтэй. Ойжуулалт гэдэг чинь олны хүч хөдөлмөрөөр бүтэж, он удаан жил оршдог юм шүү дээ.

О.Батхуяг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.