Таван дүүрэгт  гэмт хэргийн шинжтэй дуудлага буурчээ
Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөлгөөн дээр дүүргүүдийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлаа танилцуулав. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Налайх дүүрэгт гэмт хэргийн шинжтэй дуудлага буурсан үзүүлэлттэй байгаа бол Багануур, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт нэмэгджээ.

Баянгол дүүрэг өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 948 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болон гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 166 иргэнийг саатуулах, эрүүлжүүлэх арга хэмжээ авч ажилласан байна. Мөн дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу шаардлагатай чухал объектуудад өвөлжилтийн бэлтгэл ажил, өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг хянах шалгалтыг зохион байгуулжээ.

Баянзүрх дүүрэг 14 хоногийн хугацаанд захиргааны 1041 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч, 945 иргэнийг 4 сая 725 мянган төгрөгийн торгуулийн хуудсаар, 70 иргэний гаргасан зөрчилд  2 сая 677 мянган төгрөгийн шийтгэврээр торгожээ. Гэмт хэрэг зөрчилд холбогдсон 482 хүнийг саатуулах байранд саатуулсан байна. 
 
Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд зам тээврийн ослын улмаас 23 хүн гэмтсэн ба эд материалын хохиролтой 111 осол, хэрэг бүртгэгдсэн бөгөөд хүн гэмтсэн осол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад осол 4.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Хан-Уул дүүргийн хэмжээнд 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах чиглэлээр Зайсангийн замын, Махатма Гандигийн гудамжны нийт 400 метр квадрат замын эвдэрлийг нөхөн сэргээж засварлав. Тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг, Ривер стоун хотхоны урд замд явган хүний гарц мэдээлэх тэмдэг 4, анхааруулах тэмдэг 2, хорооллын эхлэл, төгсгөл мэдээлэх тэмдэг 2 буюу нийт 8 тэмдэг шинээр стандартын дагуу тавиулж хөдөлгөөнийг зохицуулжээ. Мөн дүүргийн 2 дугаар хорооны нутаг Хараагүйчүүдийн үндэсний холбооны урд талын замд чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслийн буудлыг шинээр байгууллаа. 

Харин Сүхбаатар дүүрэгт 10 сарын 08-наас 10 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт гарсан нийт 3020 зөрчлийг илрүүлэн ажиллажээ. Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчлийн чиглэлээр дүүргийн хэмжээнд нэгдсэн шалгалтыг 7 хоног бүрийн 5 дахь өдөр тогтмол явуулж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан 178 жолоочийг саатуулан, журамлаж ажиллав.

Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн дуудлага  26  удаа ирсэн байна. Өмнөх 14 хоногтой харьцуулахад гал түймрийн дуудлагын тоо 20 хувиар өсчээ. Дээрх 14 хоногийн хугацаанд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 4039 жолоочийг газар дээр нь торгож захиргааны арга хэмжээ авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Багануур дүүргийн гал унтраах зориулалтын усан хангамжийн сүлжээнд үзлэг шалгалтыг 10 сарын 14,15-ны өдрүүдэд дүүргийн 1, 3, 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохион явуулаа. Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гал унтраах автомашиныг усаар хангах зориулалтын 10 галын гидрантын хаяг байршлыг тодотгон ажиллагааг шалгажээ. Багахангай дүүрэгт гудамж талбай, олон нийтийн газар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 68 хүнийг 447,000 төгрөгөөр, нийт 71 зөрчилд 487,000 төгрөгийн торгууль ноогдуулж ажилласан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.