Үнийн хөөсрөл үгүй болж, орон сууцны үнэ буурна
Монгол Улсын гавьяат барилгачин “Барилга корпораци"-ийн ерөнхийлөгч Л. Шагдаррагчаатай ярилцлаа.
 
-Барилгын салбарт олон жил ажилласан гавьяатын маань энэ салбарт хөдөлмөрлөх их гараа хэрхэн эхэлж байв?
 
-Би 1974 онд МУИС-ийн барилгын инженерийн ангийг төгсөөд Барилгын яаманд хоёр жил ажилласан. Ингээд үүний дараа говь нутгийг барилгажуулах их ажилд яамны даалгавраар явж байсан. Тэр мөчөөс өнөөдрийг хүртэл энэ салбарт 40 жил ажиллаж, амьдарч байна. Дундговь аймагт арван жил ажиллах хугацаандаа 224 барилга байгууламж барих их үйлсэд гар бие оролцсон байдаг. Ингээд хотод хүрч ирээд Үйлдвэрийн барилгын тресст гэж томоохон барилга байгууламжийг барих их ажилд зургаан жил ажилласан. Тэгээд 1992 онд Барилга хот байгуулалтын тэргүүн дэд сайдаар хоёр жил ажилласан.
 
-Нийслэлд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хийгдээд багагүй хугацаа өнгөрч байна. Мөн НОСК байгуулахаар ярьж байна. Мэргэжлийн хүний хувьд энэ ажлуудыг хэрхэн харж, дүгнэж байна вэ?
 
-Нийслэлд төлөвлөж, хэрэгжүүлж байгаа олон сайхан ажлууд байна. Өнгөрсөн сонгуулийн дараа байгуулагдсан төр захиргааны удирдлагууд маань хотынхоо өмнө тулгамдаж байгаа, шийдвэрлэгдэж чадаагүй ажлуудыг барьж авч зоригтой орж байгаад баяртай байгаа. Тэгэхдээ зоригтой орж байна гээд сэтгэлийн хөөрлөөр сэлэм эргүүлж болохгүй ээ. Энэ ажлууд дотроос хамгийн зөв зүйтэй ажлуудаас нь дурдвал нэгд, нийслэлд газар барилгажуулалтын ажлыг журамлах, замбараагүй барилгажилтыг цэгцлэх ажил байгаа. Миний хувьд энэхүү ажлыг их дэмжиж байна. Түүн дотроо төлөвлөгөөтэй барилгажуулж, хотжуулах процессыг хөгжүүлэх гэсэн горим нь маш зөв санаа. Хоёрт, нийслэлд орчны бохирдолт болон хот байгуулалтын хүндрэл дээд цэгтээ хүрсэн.
 
Энэ тохиолдолд гэр хорооллын хөгжлийн асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Энэ чиглэлд хот ажиллаж байна. Ингэхдээ гурван чиглэл баримтлан ажиллажбайгаа нь сайшаалтай санагдаж байгаа. Энэ ажлыг цааш нь эрчимтэй үргэлжлүүлэх хэрэгтэй. Мөн ингэхдээ анхаарах асуудал байгаа. Тэр нь юу гэхээр хөдөөнөөс хот руу нүүж ирэх иргэдийн урсгалыг сааруулах бодлого барих хэрэгтэй юм. Ингэхгүй бол гэр хорооолол тохилог амины болон нийтийн орон сууцаар солигдоод ирэхээр хөдөөнөөс ирэх иргэдийн урсгал нэмэгдэж хотын төвлөрөл улам ихсэх аюултай. Тиймээс энэ арга хэмжээг зэрэг авах нь зайлшгүй хэрэгжүүлэх ажил байгаа юм. Бас нэг анхаарах зүйл бол 400 айлын гэр хорооллын газар дээр нийтийн орон сууцны хороолол босгохын тулд 400-гаас нь аль болох хэтрүүлэхгүйгээр барих хэрэгтэй. Тодруулбал, 400 айлын орон сууцны газар дээр 40 мянган айлын орон сууц барьж болохгүй. Энэ нь нийслэлд механик өсөлтийг бий болгоно.
 
-Тэгвэл таны бодлоор нийслэл хотын төвлөрлийг сааруулахын тулд хамгийн зөв зүйтэй ажил юу вэ?
 
-Т өвлөрлийг сааруулахын тулд дагуул хотуудыг бий болгох хэрэгтэй. Дагуул хотуудаа байгуулаад тэнд барилгажуулах ажлаа сайн хийж чадвал төвлөрөл багасна. Энэ оны ерөнхий төлөвлөгөөнд Налайх болон Багануур дүүрэгт дагуул хотыг буй болгох төлөвлөгөө байгаа. Тэгэхдээ энэ бодит ажил болтлоо хоёр жилийн хугацаа шаардагдах болов уу гэж бодож байгаа. Санаагаар болдог бол хамгийн эхэнд дагуул хотынхоо төлөвлөсөн байршлаа барилгажуулбал хотын төвлөрөл хөдөө рүүгээ чиглэж, зөв чиглэл рүү орох ёстой юм.
 
-Нийслэлд маш олон барилга баригдаж байна. Мэргэжлийн хүний нүдээр өнөөдрийн баригдаж байгаа барилгуудыг хараад ямар дүгнэлт хийж байна?
 
-Нэг хэсэг Улаанбаатар хотод гаднынхан ирэхэд хотоосоо жаахан ичдэг байсан. Учир нь гадны тэр гайхалтай хөгжилтэй хотуудтай харьцуулаад санаа зовдог үе байсан. Тэгвэл өнөөдөр нийслэлийн төв хэсгээр хэний ч нүүр улайхгүй сайхан барилга байгууламжтай болж чаджээ. Энэ бол хувийн өмчийнхний хүчин чадал юм. Тэдний хүчин чармайлтын үр дүнд хот ийм сайхан болж байна. Цаашдаа ч энэ байдал эрчтэй үргэлжилнэ. Харин хо­тын удирдлагууд болон төр засгийн зүгээс хувийн хэвшлийнхнийг зөв зүйтэй дэмжиж, хотынхоо ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж өгөх хэрэгтэй юм. Хот маань өдрөөс өдөрт сайхан болж байгаа.
 
-Барилгын салбарт төрийн оролцоо их байна хэмээдэг. Таны бодлоор энэ салбарт төрийн оролцоо байх ёстой гэж үздэг үү?
 
-Төрөөс аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах хуулийн төсөл явж байгаа. Энэ салбарт төрийн оролцоо дэндүү их байгаа. Төр барилга барих тусгай зөвшөөрөл, эхлэх зөвшөөрөл болон бараа материалын зөвшөөрөл гээд бүгдийг олгодог. Энэ үйл ажиллагаа нь асар их хүнд сурталтай. Ийм байдалтай байгаа нь хувийн хэвшлийнхний дургүйг хүргэж байна. Тиймээс нийслэл хотоос барилгын шинэ дүрэм журам гаргасан. Үүнийг яс мөрдүүлэх хэрэгтэй. Өнөөдөр салбар маань урт болон дунд хугацааны стратеги, мастер төлөвлөгөөгүй учраас сайд дарга нарын өөр яам газар, арилжааны банкны хариуцаж байгаа нийтийн орон сууцны хөтөлбөр төсөл, түүний зээл хөөцөлдөж, орон сууцны үнэ зохицуулах талаар амлаж байгаа нь ойлгомжгүй дүр зураг байна.
 
Гэтэл Мон­гол Улсын Барилга,хот байгуулалтын салбарт явуулах хөгжлийн, эрх зүйн, үйлдвэрлэл-технологийн техник-эдийн засгийн, норм- нормативын, дэд салбаруудын балансжилтын, хүн амын нутагшилт суурьшлын, хот байгуулалтын бодлогын баримт бичиггүй, энэ талаар бараг ярих ч үгүй байна. Эдгээр бодлого үйл ажил­лагааг хэрэгжүүлэх мэр­гэжлийн чадавхи өнөөдөр яаманд байхгүй. Ядаж яамны ШУТЗ-өө ёсоор нь ажиллуулж цаг хугацаанд нь хуралдуулахгүй, асуудлын ач холбогдол, эрэмбэ дараагаа мэдэхгүй хэдэн хүн зүгээр л суугаад байна. Сайд,дарга нар нь үүнийг мэддэг юм уу үгүй юү. Ийм байхад салбарын ажил хохирно. Одоогоор яам зүгээр л орон сууцны зээл хөөцөлддөг компани болчихоод байна. Эсвэл эдийн засгийн буруу бодлого явуулаад өндөр үнэтэй орон сууцыг дэмжсэн хөрөнгө оруулалт хийгээд байна.
 
Өөрөөр хэлбэл, баян компаниудад ахиухан зээл өгөөд өндөр үнэтэй орон сууцнууд бий болж байна. Ингээд хэт өндөр үнэтэйгээс болоод борлогдохгүй болохоор иргэдэд найман хувийн хүүтэй зээл олгоод өндөр үнэтэй орон сууцаа борлуулж байна. Цаашдаа энэ салбарт ямар үзэгдэл явагдах гэж байна гэхээр урьдчилгаа 30 хувийг төлөх чадвартай иргэд төлөөд дууссан. Харин цаана нь урьдчилгаагаа  төлж чадахгүй иргэд яах юм. Ингэхлээр цаашдаа барилгын салбарын үнийн хөөсрөлийн асуудал бол явцгүй болно гэж харж байгаа.
 
-Тэгэхээр цаашдаа орон сууцны үнэ буурна гэсэн үг үү. Ямар хүчин зүйлээс болж үнийн хөөсрөл явцгүй болно гэж та бодож байна вэ?
 
-Орон сууцны үнэ буурна. Судлаач хүний хувьд үүнийг хэлж чадна. Нэгд, улс орны эдийн засаг хүнд , хөрөнгө оруулалт хумигдаж байна. Энэ үед үнэтэй орон сууцыг худалдаж авах нийгмийн масс байхгүй болчихлоо. Энэ нь орон сууц худалдан авдаг тэр давхаргын орлогын чадамж үгүй болж байгаатай холбоотой. 30 хувийн урьд­чилгаа төлөх чадвартай иргэд нь орон сууцаа аваад дуусчихлаа.
 
Нөгөө талаас арилжааний банкнууд 15-20 жилийн хугацаатай зээлийг барьцаа болон урьдчилгаа  төлбөргүйгээр өгөхгүй. Тиймээс баригдаж байгаа орон сууцнуудын эрэлт үгүй болно. Ингээд ирэхээр хөрөнгө оруу­лалт хийгээд барьчихсан барилгаа хүссэн хүсээгүй үнэ хямдруулж зарах байх гэж бодож байна. Ингээд барьсан компани болон хөрөнгө оруулалтын ашиг дээрээ буух байх. Бидний хийсэн судалгаагаар 1м.кв орон сууцыг 1 сая 600 зуугаас 1 сая 800 мянгын хооронд л зарагдана. Энэ үзэгдэл тун ойрхон байгаа шүү. Наадмын дараагаас эхэлнэ.
 
Эдийн засгийн хямрал хэдий хугацаагаар үргэлжилнэ төдий хэмжээгээр үнийн өртгийн асуудал бүр доошоо бууж, барилга байгууламжийг бариулж байгаа эздүүд эрсдэлд орох хэмжээнд очиж болзошгүй дүр төрх харагдаж байгаа
 
-Энэ жил төсвийн мөнгөөр хийгдэх барилгын ажил зогсонги байдалд байна хэмээж байна. Та энэ байдлыг юу гэж үзэж байгаа вэ?
 
-Би энэ чиглэлээр судалгаа хийгээгүй. Бие даасан судалгааны байгууллагуудын хийсэн судалгаанаас харахад л яг тийм байгаа. Энэ жил тендерт ордог барилгын компани үгүй боллоо. Хоёрт, барилгын материалын захууд дээр борлуулалт байхгүй болсон. Өнгөрсөн жилийн 200 гаруй тэрбум төгрөгийн ажил хийсэн төрийн төсөвт тендерээр авч хийсэн барилгын компаниудын 200 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийж өгөхгүй байна. Энэ дотор царцаасан барилгууд багтаж байгаа. Төрийн мөнгөөр гүйцэтгэсэн ажлынх нь мөнгийг өгөхгүйгээс барилгын компаниуд ажлаа зогсоочихсон байж байна.
 
Ингэхээр барилгын салбар ажилгүйдэлд орж эхлэх гээд байна. Ийм аюултай үзэгдэл болоод байгаа. Ер нь эдийн засаг хямралтай хэцүү байх шиг байна. Энэ үед хөрөнгө оруулалтыг багасгах нь жам ёсны хэдий ч өнгөрсөн жилийн хийж гүйцэтгэсэн ажлын мөн­гийг нь өгөх хэрэгтэй. Энэ хямралтай үед ч өр тавьж байгаад хөрөнгө оруулалтын ажлыг хийгээд явах нь буруу бодлого л гэж бодож байна. Хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг гаргах боломж байна уу гэвэл байна. Гаднаас өр тавихгүйгээр төрийнхөө данхар бүтцийг цөөлөх хэ­рэгтэй. 19 яамыг арав хүртэл цөөлөх хэрэгтэй. Төрийн яамд ерөөсөө ажлаа хийхгүй байгаа шүү дээ. Бизнесийн байгууллагуудыг дарамтлуулсан, чирэгдүүлсэн нүсэр бүтэц байгаад байна. Нэгд, Засгийн газрын бүтцийг авч үзэх хэрэгтэй. Хоёрт, төрийн тансаглалуудыг хязгаарлах хэрэгтэй. Ингэж байж хөрөнгө оруулалтаа бууруулахгүй явчих бололцоо бий гэж харж байгаа.
 
-Барилгын материалын дийлэнх хувийг гаднын орноос авч байна. Үүнийг эх орондоо үйлдвэрлэх нь орон сууцны үнэ буурахад нөлөөлөх болов уу. Та энэ тал дээр ямар бодолтой байна?
 
-Барилгын үнийг хямдруулах арга бол дотоодынхоо барилгын материалын үйлдвэрлэлтийг хөгжүүлж, импортоос хараат биш болох л ёстой. Барилгад хэрэглэж байгаа материалын нийт 73 хувийг 20 ширхэг нэр төрлийн материал эзэлдэг. Энэ чиглэлд төр засаг ажил хийж байна. Энэ жилээс цементийн хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангана. Арматурын хэд хэдэн үйлдвэр баригдаж байгаа. Эдгээр нь ашиглалтад орохоор гаднаас авах явдал зогсоно. Ингээд энэ чиглэлд алхам хийгээд хил гаалийн татваргүй дотооддоо барилгын материалаа авах боломжтой боллоо.
 
Харин нэг зүйлийг анхаарах ёстой. Эдгээр үйлдвэрүүдийн тех­ник эдийн засгийн үндэслэлүүдийг боловсруулж байгуулж эхлэхээс нь өмнө нэгж бүтээгдэхүүний өртөг хэдээр гарах юм гэдгийг судлах хэрэгтэй. Ингэхгүйгээр гадаадаас оруулж ирж байгаа арматур, цементээс өндөр үнэтэй гарсан тохиолдолд энэ үйлдвэрүүд чинь дампуурна.  Нэг жишээ хэлэхэд “Хөтөлийн цементийн үйлдвэр” ашиглалтад орлоо. Гэтэл энэ үйлдвэрийн бүтээгдэхүүн Монголын зах зээл дээр борлогдохгүй байна. Яагаад гэхээр үнэ нь өндөр учраас тэр. Гэтэл төр засаг нь бу­руу бодлого явуулаад гад­наас импортлох барилгын материалын үнийг хямдруулна гээд импортлогч компаниудад баахан зээл өгчихсөн. Ингэх­лээр нөгөө Хятадын хямдхан материалаар дүүрч байна.
 
-Гаднаас барилгын шинэ нэр төрлийн материал ихээр орж ирж байна. Тэдгээрийг нарийн судлаж шинжлэх лаборатори тэр хэрээр хангалттай байдаг уу?
 
-Өнөөдөр Монголын барилгачид ямар ч барилгыг барих мэргэжлийн чадвартай болжээ. Үүнд сайн материал, сайн удирдлага хэрэгтэй байна. Үүнд төрийн бодлого зөв байх нь чухал. Заавал гаднаас ажиллах хүчин гэхгүй өөрсдөө бие даагаад барих чадвартай болж. Гаднаас орж ирж байгаа болон дотоодод үйлдвэрлэж байгаа материалын чанар технологийн шинжилгээг Монголд хийх боломж бүрэн байна. Нэгдсэн том лаборатори алга байна гэж байгаад Хятадын барилгын яамны тусламжаар том лаборатори байгуулсан. Үүн дээрээ очиж ажиллах, эдийн засгийн хөшүүрэг, сонирхлын механизмыг хийхгүй байгаагаас энэ лаборатори ажиллахгүй байна. Маш сайхан газар бий. Эх орондоо чанарын шинжилгээ хийхэд асуудал байхгүй байна шүү дээ.
 
-Барилгын салбарт ажиллах хүчний тоо ямар байна?
 
-Монголын барилгын салбарт арван жилийн өмнө 60 мянган
барилгачин байсан. Өнөөдрийн байдлаар дээрх тоо нэмэгдсэн байх. Одоо эдийн засгийн хямралаар энэ салбарын барилгачид ажлаасаа халагдах гэж байна. Монголд барилгын салбарт ажиллах хүчний нөөц бий. Гэтэл төр засгийн буруу бодлогоос болоод энэ сайхан бүтээн байгуулалтын салбар дээр ажиллах хүчнээ тогтоон барих асуудал явуулахгүй байна. Хөдөлмөрийн яам нь ажиллах хүчнээ гадаадад экспортлох алдаатай бодлого байсаар байна.
 
Нийслэл таймс
М.Янжинлхам
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АРД 2014-06-18 06:09:46
    Бодит байдалтайгаа эвлэрч хэт их ашиг харж шуналталгүй, мөрөөрөө ажлаа хийцгээ баирлгачид аа, үл хөдлөхийнхөөн, та нар хийхгүй байлаа гээд цаана чинь бодит үнээр нь, хямд үнээр хийе гэсэн өчнөөн компани, хувь хүмүүс байна.....
    103.26.193.19
    Мэдэгдсэн Хариулах
  • АРД 2014-06-18 06:09:31
    бусад банкууд энэ 7 сарын 1-ээс зогсоохоор тооцсон байгаа. Барилгынхан болоод үл хөдлөхийнхөн барилгын өртгийг 3-аас 5 дахин өндөр үнээр тооцож ямар ч чанаргүй, дэлхийн дундаж үнээс өндөр хөөсөрсөн үнэтэй байрыг ядарсан ард түмэндээ шахаж дундаас нь 3-аас
    103.26.193.16
    Мэдэгдсэн Хариулах
  • АРД 2014-06-18 06:09:07
    байхад хэн м2 нь 2 саяаар байр авах вэ дээ. Энэ онд Буянт ухаа 2 хороолол ашиглалтанд орох болно 1мкв - 980.000 мянгад. Эхнээсээ ипотекээр авсан байрууд зээлийн барьцаанд орж зарья гэхнээ тэр хөөсөрсөн үнэтэй байрыг авах хүн ч алга. Энэ бүх нөхцлөөс үүдэн
    103.26.193.17
    Мэдэгдсэн Хариулах
  • АРД 2014-06-18 06:08:45
    Хөөсөрсөн үнэтэй байр нь борлогдохгүй байгаа үл хөдлөхийн компанийн тархи угаалтын эсрэг чиглэсэн маш үнэн зөв бодит амьдралыг зөв мэдэрсэн ярилцлага байна даа. Бодит байдал дээр 1м2 байрыг 500.000 ~700.000-д барьж байгаа болохоор Буянт-Ухаа хороолол м2 н
    103.26.193.23
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-06-16 06:59:21
    хэзээ ч биелэгдэхгүй МӨРӨӨДӨЛ
    119.40.100.222
    Мэдэгдсэн Хариулах
  • Шаравдорж 2014-06-16 04:03:59
    Төрийн яамд ерөөсөө ажлаа хийхгүй байгаа шүү дээ. Бизнесийн байгууллагуудыг дарамтлуулсан, чирэгдүүлсэн нүсэр бүтэц байгаад байна. Хийе ч гэсэн чадахгүй, ямар ч чадваргүй, намын шахаас годилуудаар дүүрсэн байна. Энэ бол эмгэнэл.
    112.72.13.99
    Мэдэгдсэн Хариулах