Намчирхах өвчин ба олонхийн дарангуйлал
Монголын улстөрчид гэгдэн ард олноосоо тасарч, хөрөнгөжсөн давхаргынхан хэсэг бүлгээрээ нийлэнн намчирхаж, дөрвөн жилийн давтамжтай хоосон амлаж, хий цэцэрхэн дүвчигнэсээр 25 жилийг салхинд хийсгэв.
 
Улстөрийн нам хэмээх гуравхан үсэгний ард өөрсдөө ч учрыг нь сайн ойлголгүй нуугдаж, урваж шарван бөөгнөрцгөөхдөө “Эндээс л дүүжлэгдээд байвал эрх мэдлийн үзүүрээс атгалцаж, амьдрал ахуйгаа зохицуулах хөрөнгө мөнгө хулгайлах, шамшигдуулах боломж олдох нь гарцаагүй” хэмээн үхэлдэн зууралдацгаасаар өнөөдөр Монгол Улсыг 21 тэрбум ам.долларын өрөнд оруулцгааж, 2016  оны хавар хоёр гараа өргөн Грекийн араас гэлдрэх гарцаагүй байдалд оруулцгаалаа.
 
Буруутныг холоос хайх ямар ч шаардлага байхгүй.
 
Өнгөрсөн 25 жилийн түүхийг аваад үзэхэд МАН дангаараа найман жил, АН дангаараа дөрвөн жил, хамтраад 10 жил Монголын засаг төрийн толгойд сууцгааж. Өнөөдөр ч хожим нь алдаа, завхралаа булзааруулахын тулд эрх баригч АН-ынхан “Шударга ёс” эвсэлтэй хамтраад засаглаж байгаа ухаантай. Ухаангүй ноёдод урагшгүй албат заяадгийг баталж намын харьяалал, наймаалцлын хаялгаар тухайн салбарынхаа талаар анхны мэдэгдэхүүнгүй шахуу сайд, дарга нар салбар салбарын бодлогыг унагаж, ирээдүйн дампуурлын үндэс суурийг тавьж байгаа бэлээхэн жишээг яг одоо олон яамдын унхиагүй, ухаангүй бодлого, үйлдлээс харж болно. Товчхондоо хэрээс хэтэрсэн намчирхал, сайд дарга болгохоор зүтгүүлж, байгаа хүнийхээ мэдлэг чадвар, наад захын ёс суртахуунаас ахадсан наймаалцлын томилгоо  бодлого боловсруулж, хэтийн зорилго чиглэлтэй ажиллах учиртай гол гол яамдын ажлыг үндсэнд нь дампууруулаад дуусч байна.
 
Монголын парламент олонхиороо баталсан шийдвэр болгоноо хамгийн оновчтой, зөв мэргэн шийдвэр хэмээн буруугаа булзааруулж, алдаа завхрал болгоноо зөөлрүүлсээр ирсэн нь өнөөдрийн эдийн засгийн хямралын үндэс суурь болж, Монголын толгойтой бүхэн өр зээлд нэрвэгдэхийн эхлэлийг улстөрч нэртэй этгээдүүд хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болов.
 
XVIII зуунд Францын их улстөр судлаач, сэтгэгч Алексис дэ Токвилль “Олонхийн дарангуйлал нь хамгийн хэцүү дарангуйлал мөн. Ийм дарангуйлалтай учирсан улс орон уруудана уу гэхээс өөдөлдөггүй” хэмээн өнөөдрийн Монголын УИХ-ын үйл ажиллагааг барим тавим нотлоод хэлчихсэн байдаг. Өнөөгийн дэлхий нийтийн чиг хандлага, улс орнуудын хөгжлийн ялгаа, хэтийн зорилго, бодлого төлөвлөлтийг нь харахад парламентразмын хямрал, хүчтэй, ухаалаг Ерөнхийлөгчийн засаглал хоёрын ялгаа зааг тухайлсан улс орнууд дээр тодорхой илэрч харагдах болоод байгаа.
 
Манайх шиг хэсэг бүлгээрээ намчирхаж, дөрвөн жилийн давтамжтай улстөр хийж, эрх мэдлийн хуваарилалтаа ханцуй дотроо наймаалцсаар эдийн засаг, санхүүгээ сүйрэл рүү санаатай түлхдэг улс орны тоо маш хязгаарлагдмал болж байна.
 
Сүүлийн гуравхан жилийн дотор улсынхаа гадаад өрийг 3.5 тэрбум ам. доллараар нэмэгдүүлж, Засгийн газрынх нь өр ДНБ-ний 90 хувьтай тэнцэж, нэг хүнд ногдох нь долоон сая төгрөгт хүрсэн улс орон дэлхий дээр гарын 10 хуруунаас л арай олон байгаа. Ийм өр зээлтэй орнуудад сүүлийн 5-15 жилийн турш байлдаж, дайтаж байгаа Ливи, Ирак, Судан, Египет, Сири, Украйн зэрэг орнууд л багтах нь тодорхой. Харин нэгэнт манай улстөрчид шиг ухаангүй бодлого явуулж, авлига хээл хахууль, албан тушаалын наймаалцлаар улсаа дампууруулж “дефолт” болгосон Грек, Аргентин зэрэг орны өр зээл манайхаас илүү байх нь гарцаагүй.
 
Монголын хууль тогтоох дээд байгууллага УИХ яах аргагүй хямралд орж, урагшаа явах ямар ч чадамжгүй болж дороо дэвхэцсээр 10-аад жил болж байна. Хууль тогтоогч нэртэй, дотор нь өдөр хоног аргацаааж суугаа УИХ-ын гишүүд ч өөрсдөө “Бид ямар ч чадамжгүй болж, улс орныг авч явах мэдлэг чадвар, зүрх зориг хүрэхгүй нь” гэдгээ мэдэрцгээж, эхнээсээ энэ УИХ-ыг тараая гэцгээж байгаа. Гэтэл эрх баригч АН-ынхан, тэдэнтэй хэзээ мөдгүй салж унах, санжигнасан дөрөө харшуулж яваа “Шударга ёс”-чуудад хямралд автаж, өдөр хоногийг аргацаан өнгөрүүлж байгаа энэ парламентыг тараах эр зориг, хүсэл сонирхол байхгүй. Учир нь наймхан сарын намчирхал, олигархизмын туйлшрал, Монголын амьдралын эмгэнэлт драм болсон УИХ-ын ээлжит сонгууль хэмээх хагас галзуурлын өдрүүд үргэлжилж, хожмын өдрийн хар сүүдэр нийгмийг тэр аяар нь бүрхэн авч талцуулж, хувааж туйлдуулах болно. Монголд намчирхал, олигархизмын дарангуйлал ихэдсэн үү гэхээс багадаагүй.
 
Гэтэл AH, МАН, МАХН-ын намчирхал, эрх мэдлийн наймаалцал, улсаа сүйрүүлсэн авлига, хээл хахуулийг яая гэж байхад ганц нэгээрээ, хэсэг бүлгээрээ нам байгуулах шизотой, эрх мэдлийн үзүүрээс атгалцаж хулгайлж, цуслах хэнээтэй этгээдүүд бас л дахин хорт могой адил толгойгоо цогнойлгон өргөцгөөж эхлэв. Ер нь ингэхэд гуравхан сая хүнд 30 нам ямар хэрэгтэй, ямархуу буян үйлдэх чадвартай хэрэг вэ. Тэгтэл намчирхал дагасан туйлшрал, солиорол Монголд намжих нь байтугай улам өсөн нэмэгдсээр байгаа нь бараг л үндэсний эмгэнэл, нийгмийн бүх л салбарыг хамарсан завхрал болж байна. “Нам бараадвал, ам тосдоно” хэмээсэн “Нялх Сэнгүм”- үүдийн бүхэл бүтэн арми өсөн торниж байгааг МОХ, НАМЗХ- ны удирдлагуудын бүтэлгүй үйлдлүүдээс харж болно. Өнөөдөр оюутнуудын автобус унааны мөнгөнөөс хулгайлан завшиж байгаа шар завьжтай аавын цээжүүд маргааш аль нэг нам бараадан  ирээдүйд хурган дарга болох замаа засцгаана.
 
Хамгийн эмгэнэлтэй нь хожмын өдрийн ашиг хонжоо, авах идэхээ тооцоолж нам бараадагсад Монголын хөгжлийн чөдөр тушаа болж, намчирхал, олонхийн дарангуйллын нэгэн эд эс болцгоож байгаа нь туйлын хорлонтой, хийгээд хожмын муу муухай үр дагавартай юм. Тэгээд ч олонхийн дарангуйлал, намчирхалд 100 хувь хоёр гараа өргөн бууж өгсөн Монголын парламент урагшаа алхах ямар ч чадваргүй болж, хямралд бүрэн автаж, улсаа сүйрүүлэх кноп дарахаас өөр чадах, мэдэх зүйлгүй болсон нь өнөөдрийн гашуун үнэн юм.
 
Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-10-26 15:27:43
    MA N adil .
    113.89.215.216
    Мэдэгдсэн Хариулах
  • irbes 2015-10-26 07:26:38
    Ene noxdvvdiig eroosoo oilgoxgvi yum naad suudalaasaa xoboxrooch
    58.143.130.239
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-10-26 06:47:17
    АН-ыг хурдан зайлуулахгүй бол улс орныг эдийн засгийг унагааж, бидний амьдралыг хүндрүүллээ, одоо эх нутгийг минь зарж идэх гэж улайрч байгааг анхаар хүмүүс ээ,...
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Uilmaar bn 2015-10-26 01:37:53
    Ardcgilsan nam eree tseergui buduuleg ta nariig garahar bidni amidral doroitdogiig 2 udaagiin songuuliar mederlee.muu humuusiig uuzen yadaj bn
    150.129.143.84
    Мэдэгдсэн Хариулах