Л.Мөнх-Эрдэнэ: МУИС-ийг хөдөлгүүр болгох зорилго байсан

МУИС-ийг сургалт судалгааны ухаалаг, чанарын хөдөлгүүр болгох нь шинэчлэлийн зорилго байсан

МУИС-ийн бүтцийн ѳѳрчлѳлтийн ажлын хэсгийн зохицуулагч асан Др. Л.Мөнх-Эрдэнэтэй хийсэн ярилцлага.

-МУИС-ийн бүтцийн өөрчлөлт удааширч, хүндрэлд ороод байна гээд энэ ѳѳрчлѳлтийг манлайлан хийж байсан нэр бүхий 10 багш захирал А.Галтбаяртай хамтран ажиллах боломжгүй гэж мэдэгдээд, ѳргѳдѳлѳѳ ѳгѳѳд та, болон хэд хэдэн багш нар үүрэгт ажлаасаа чѳлѳѳлѳгдѳѳд байгаа юм байна. Юуны өмнө МУИС-ийн бүтцийн ѳѳрчлѳлтийн зорилго нь юу вэ гэдэг талаар ярихгүй юу?

-За баярлалаа! Ямар зорилгоор бүтцийн өөрчлөлт гэж нэрлэгдээд байгаа энэ шинэчлэлийг хийж буйгаа тайлбарлая. Монгол улсын засгийн газраас дээд боловсролын чанарын шинэчлэл хийх бодлого явуулж байгаа. Эл бодлогын хүрээнд МУИС-ийн шинэчлэл хийгдэж байна. Шинэчлэлийн үндсэн зорилго нь МУИС-ийн сургалт, судалгааг хамгийн оновчтой, үр ашигтай, ухаалгаар зохион байгуулж сургалт, судалгааны чанарыг олон улсын тѳвшинд хүргэх явдал. Үүний тулд, нэгдүгээрт, хүний болон аливаа нөөцийг сургалт, судалгаанд аль болох оновчтой, үр ашигтайгаар дайчилдаг ухаалаг бүтэц, тогтолцоог бий болгох, хоёрдугаарт, сургалт, судалгааны чанарыг ямагт сайжруулдаг системийг МУИС-д суулгах зорилтыг дэвшүүлсэн юм. Энэ хос зорилтыг хэрэгжүүлэхийн тулд сургалт, судалгааг хамгийн оновчтой, үр ашигтай, ухаалгаар зохион байгуулж байгаа Харвард, Стэнфорд, Иель, Принстон зэрэг дэлхийн шилдэг 9 их сургуулийн бүтэц, тогтолцоог МУИС-тай харьцуулан судалж, МУИС-ийн онцлогт тохируулан нэвтрүүлж байгаа юм. Тиймээс энэ шинэчлэл нь МУИС-ийг дэлхийн шилдэг их сургуулиудын бүтэц, зохион байгуулалтын дагуу ѳѳрчлѳн зохион байгуулах үйл явц.

-Дээрх шилдэг их сургуулиудын бүтэц, зохион байгуулалт ямар байдаг, МУИС-ийн онцлог юу вэ?

-МУИС нь байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны дийлэнх салбаруудаар сургалт, судалгаа явуулдаг манай оронд байгаа цорын ганц их сургууль. Дээрээс нь хууль, бизнес, олон улсын харилцаа, нийтийн удирдлага, инженер технологийн мэргэжлийн тѳрѳлжсѳн салбартай. Дээр дурдсан 9 их сургууль болон умард Америкийн ихэнх их сургуулиуд байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны буюу цэвэр шинжлэх ухааны салбаруудаа Урлаг, шинжлэх ухааны сургууль буюу факультет (Faculty of Arts and Sciences, School of Arts and Sciences, School of Humanities and Sciences гэж нэрлэдэг) гэсэн нэгдмэл бүтцэд, харин хууль, бизнес, олон улсын харилцаа, нийтийн удирдлага, инженер, технологи, анагаах ухаан зэрэг салбаруудаа тус тусад нь тѳрѳлжсѳн мэргэжлийн сургууль болгон зохион байгуулсан байдаг.

-Яагаад ийм зохион байгуулалттай байдаг вэ?

-Энэ нь маш нарийн учир зүй тогтолтой. Шинжлэх ухааны буюу байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны судалгааны зорилго нь 1) шинэ мэдлэг бүтээж шинжлэх ухааныг хѳгжүүлэх, 2) оюутан суралцагчдыг либерал боловсрол гэж нэршсэн шинжлэх ухааны ѳргѳн боловсролтой иргэд болгон тѳлѳвшүүлэхэд оршдог. Тэдний дундаас нийгэм, улс тѳр, урлаг, соёл, шинжлэх ухааны залуу үе, ирээдүйн лидерүүд тѳрѳн гардаг. Харин тѳрѳлжсѳн мэргэжлийн сургуулиуд нь тухайн салбарынхаа мэдлэгийг хѳгжүүлэхийн хамт, тухайн мэдлэгийг ашиглан тухайн салбарт ажиллах нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг.

Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд инженер, технологийнхооc бусад мэргэжлийн сургуулиуд ихэвчлэн бакалаврын дараах тѳвшний 3 хүртэлх жилийн сургалт явуулдаг. Ѳѳрѳѳр хэлбэл, оюутан залуус эхлээд шинжлэх ухааны ѳргѳн боловсрол эзэмшсэнийхээ дараа мэргэжлийн сургуулиудад сурч нарийн мэргэжилтэн болдог. Харин ирээдүйн эрдэмтэд, нийгэм, улс тѳр, соёлын зүтгэлтнүүд болохыг хүссэн хэсэг нь шинжлэх ухааны салбараар магистр докторын зэрэг горилцгоодог юм. Харин манай дээд боловсрол, түүний дотор МУИС инженер, технологийн тѳдийгүй хууль, бизнес, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын салбарууддаа бакалаврын тѳвшинд сургалт явуулдаг.

-За тийм байдаг байж, тэгвэл сургалтаа яаж зохион байгуулдаг вэ? Одоогийн манай системээс ямар давуу талтай вэ?

-Шинжлэх ухааны салбаруудыг нэгтгэсэн сургууль, факультетад элсэн суралцах оюутнууд эхний 1.5-2 жилд ерѳнхий суурь боловсрол (General Education) буюу шинжлэх ухааны бүх салбар тус бүрээр хамгийн сүүлийн үеийн ололтыг тусгасан суурь хичээлүүдийг эн тэнцүүхэн сонгон суралцаад, үлдсэн 2-2.5 жилийн хугацаандаа ѳѳрсдийн дур сонирхол, авьяас чадвар, сурлагын амжилтынхаа дагуу гүнзгийрсэн мэргэшлийн (Major гэдэг) хѳтѳлбѳрүүдэд элсэн суралцдаг. Оюутан дан ганц мэргэшлээр тѳдийгүй хавсрах (Minor гэдэг), мѳн хос мэргэшлээр (Double major гэдэг) нэгэн зэрэг эсвэл дараалан суралцах боломжтой байдаг. Аливаа хичээлүүд тодорхой сонголттой байдаг. Сургалтыг ингэж зохион байгуулснаар оюутан залуус шинжлэх ухааны ѳргѳн боловсролтой болохын дээр аль нэг салбараар гүнзгийрэн мэргэшдэг. Сургалтын энэ тогтолцоо нь оюутан тус бүрд хариуцлагатай сонголт хийх, ѳѳр ѳѳрсдийн дур сонирхол, авьяас чадварынхаа дагуу хичээл, хѳтѳлбѳрѳѳ сонгох, мэргэшил-хөтөлбөрөө тодорхой мэдээлэл, мэдлэг, туршлагатай болсныхоо дараа сонгох, шинжлэх ухааны олон салбарын шилдэг багш нараас суралцах, олон салбарын олон оюутнуудтай мѳр зэрэгцэн суралцаж нийгэмшин тѳлѳвших, ѳргѳн боловсролтой болох, тиймээс хѳдѳлмѳрийн зах зээл дээр хѳрвѳх чадварыг нь нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай.

-Оюутнуудад олон сайхан боломж олгох юм байна. Харин сургууль, багш нарын хувьд ямар давуу талтай вэ?

-Сургууль, багш нарын хувьд энэ тогтолцооны хамгийн давуу тал нь сонголтоос, өрсөлдөөн, ѳрсѳлдѳѳнѳѳс шигшэлт, шигшэлтээс чанарыг тѳрүүлдэг учир их сургуулийг бүхэлд нь ямагт чанарын тѳлѳѳ ѳрсѳлддѳг систем болгож хувиргадагт оршино. Энэ систем нь оюутан болгоныг хариуцлагатай сурахыг шаарддаг. Учир нь энэ систем нь оюутан залууст хичээл, хѳтѳлбѳрѳѳ ѳѳрсдийн дур сонирхол, авьяас, чадварын дагуу сонгох ѳргѳн боломжийг олгодог ч, хамгийн амжилттай сурсан оюутнуудад л сонирхсон, эсвэл их эрэлттэй хѳтѳлбѳрт элсэх боломжийг олгодог. Тиймээс оюутан болгон хүссэн хѳтѳлбѳртѳѳ элсэхийн тулд сонгосон хичээл болгондоо амжилт гаргах ёстой болдог. Нѳгѳѳ талаас, оюутнуудад хичээл, хѳтѳлбѳрѳѳ сонгуулахын тулд багш нар сайн хичээл, тэнхимүүд сайн хѳтѳлбѳр санал болгох хэрэгтэй болдог. Хѳтѳлбѳртѳѳ хамгийн олон, хамгийн шилдэг оюутнуудыг татахын тулд тэнхимүүд ерѳнхий суурийн хичээлүүдээ хамгийн сайн хичээл болгохыг хичээдэг тѳдийгүй, хамгийн шилдэг багш нараар заалгадаг. Ингэж байж л тэнхимүүд хѳтѳлбѳртѳѳ аль болох олон оюутан элсүүлэх боломжтой байдаг. Үүний тулд тэнхимүүд хамгийн шилдэг эрдэмтдээр эгнээгээ бүрдүүлэхийг хичээдэг юм. Хамгийн шилдэг эрдэмтдийг эгнээндээ элсүүлэхийн тулд хамгийн шилдэг нѳхцѳл, орчныг бий болгох хэрэгтэй болдог. Чухам энэ системийн улмаас л их сургууль хамгийн шилдэг эрдэмтэд, хамгийн шилдэг оюутнууд, хамгийн шилдэг орчины тѳлѳѳ ѳрсѳлддѳг чанарын мотор, хѳдѳлгүүр болж хувирдаг юм.

Нѳгѳѳ талаар энэ систем нь сургалтыг хамгийн оновчтой, үр ашигтай зохион байгуулах боломжийг олгодог. Ерѳнхий суурь боловсролын хичээлүүдийг олон оюутанд нэгэн зэрэг заах боломж олгодог учир эл систем нь эдийн засгийн хувьд ихээхэн хэмнэлттэй, үр ѳгѳѳжтэй байдаг. Мѳн энэ тогтолцоо нь хамгийн эрэлттэй хѳтѳлбѳрийн орлогоор эрэлт багатай боловч зайлшгүй хѳгжүүлэх шаардлагатай хѳтѳлбѳрүүдийг санхүүжүүлэх боломж олгодог. Тиймээс эрэлт багатай байх хандлагатай байдаг байгалийн шинжлэх ухааны салбаруудаа тогтвортой санхүүжүүлэх хамгаалалтыг бий болгож ингэснээрээ аливаа шинжлэх ухааныг тэгш хѳгжих боломжийг бүрдүүлдэг. Энэ утгаараа эл систем нь хамтын хүчээр, хамтдаа хѳгжие гэдэг ухаалаг тогтолцоо юм. Бид МУИС-ийг чухам ийм ухаалаг, чанарын хѳдѳлгүүр, мотор болгохын тѳлѳѳ л энэ шинэчлэлийг хийж байгаа юм. Энэ шинэчлэл манай дээд боловсролын системд чанарын хувьсгал aвчирна гэдэгт итгэлтэй байгаа.

-Нийгэмд МУИС 14 сургуулиа нэгтгэж 5 сургууль болгон цомхтгосон гэдэг мэдээлэл л илүү тархсан. Ер нь ингэхэд ямар шинэчлэл хийж байгаа вэ? 

-МУИС 14 сургуулиа 5 сургууль, 100-гаад (МУИС дангаараа 86 тэнхим, Улаанбаатар сургуультай нийлээд 97 тэнхим) тэнхимээ 23 болгон зохион байгуулсан. Гэхдээ энэ нь цомхтгохын тулд хийсэн ѳѳрчлѳлт биш. Харин дэлхийн шилдэг сургуулиудын загвараар МУИС-ийг сургалт, судалгааны ухаалаг, чанарын мотор, хѳдѳлгүүр болгохын тулд хийж байгаа цогц шинэчлэлийн суурь бүтцийг бий болгосон хэсэг нь. Их сургуулийн үндсэн нэгж нь тэнхим (Department) бѳгѳѳд тэнхимийг байгаль, нийгэм, хүмүүнлэгийн үндсэн ухаануудаар (Discipline) байгуулдаг. Тэр л зарчмын дагуу байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаанууд дундажаар 6 багштай 70 шахам жижигхэн тэнхимүүдэд задарсан байсныг химийн, физикийн, биологийн гэх мэт 19 тэнхим болгон томсгон Шинжлэх ухааны сургууль (Англи нэр нь School of Arts and Sciences) болгон зохион байгуулсан. Энэ нь цэвэр шинжлэх ухааны судалгаа хийх, боловсрол олгох сургууль.

Тэнхимүүдийг нээлттэй, уян хатан, динамик орчин болгох, профессор багш нар, тэнхим, сургууль хоорондын хамтын ажиллагааг хѳгжүүлэх, хамтарсан сургалт, хѳтѳлбѳр зохион байгуулах боломжийг нээж ѳгѳх үүднээс профессор багш нарыг судалгааны сонирхол, заадаг хичээлийнх нь дагуу нэгэн зэрэг хэд хэдэн тэнхимд давхар харьяалалтай болгох саналыг ч мѳн дэвшүүлээд байгаа.

Байгалийн ухааны салбар бүрд ургаж гарсан инженер, технологийн чиглэлийн хэсгүүдийг Мэдээллийн технологийн сургуультай нэгтгэн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль (Англи нэр нь School of Engineering and Applied Sciences) болгон зохион байгуулсан. Энэ сургууль инженерчлэлийн чиглэлээр сургалт, судалгаа явуулах ёстой. Үлдсэн мэргэжлийн (Professional) салбаруудаа нэгтгэн Бизнесийн, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын, Хууль зүйн гэсэн 3 сургууль болгон зохион байгуулсан. Чухам энэ бүтэц, тогтолцоог байгуулж байж л их сургууль хамгийн шилдэг эрдэмтэд, хамгийн шилдэг оюутнууд, хамгийн шилдэг орчны тѳлѳѳ ѳрсѳлддѳг чанарын мотор, хѳдѳлгүүр болж хувирах суурь тавигдах учир энэ ѳѳрчлѳлт суурь ач холбогдолтой шинэчлэл. Гэхдээ энэ бол шинэчлэлийн нэг л хэсэг.

Үүнээс гадна хѳтѳлбѳрийн хороод (Curriculum Commettee), их сургуулийн сургалт, бүртгэлийн алба (University Registrar), элсэлт сургалтын шинэ тогтолцоо, эрдэм шинжилгээний уян хатан ѳрсѳлдѳѳнт бүтэц, профессор багш нарыг ажилд авах, дэвшүүлэх шинэ систем (Tenure track system), магистр, докторантуудыг сургалт, судалгаанд туслахаар ажиллуулдаг болгох (Teaching and Research assistanship), тѳсѳв санхүүгийн нэгдсэн уян хатан систем бүрдүүлэх зэрэг олон ѳѳрчлѳлтүүдийг уялдаа холбоо, дэс дараатайгаар хийхээр тѳлѳвлѳж байсан.

Тухайлбал, сургалт, бүртгэлтэй холбоотой аливаа асуудал тэнхимийн эрхлэгч, сургалтын албаны дарга гэх мэт захиргааны шинжтэй албан тушаалтнуудад тѳвлѳрсѳн байсныг дэлхийн шилдэг их сургуулиудын жишгээр 2 хэсэг салгаж хичээл, хѳтѳлбѳртэй холбоотой эрдмийн (Academic) асуудлуудыг хѳтѳлбѳрийн хороодод, харин сургалтыг зохион байгуулах, бүртгэх аливаа техник асуудлуудыг сургалт бүртгэлийн албанд шилжүүлсэн.  

Хѳтѳлбѳрийн хороод нь аливаа хичээл, хѳтѳлбѳрийн агуулга, чанар, уялдаа холбоог тодорхойлох, хангах зорилготой цоо шинэ бүтэц бѳгѳѳд тэднийг тэнхим, бүрэлдэхүүн сургууль, их сургуулийн тѳвшинд байгуулж салбар салбарын шилдэг профессоруудаас бүрдүүлсэн. Профессор, багш нарын санал болгож байгаа аливаа хичээлүүд, тэнхимүүдийн санал болгож байгаа аливаа хѳтѳлбѳрүүд заагдахын тулд шат, шатны хѳтѳлбѳрийн хороодоор заавал орж агуулга, чанар, уялдаа холбооны хувьд дэмжигдсэн байх ёстой. Энэ нь их сургуулийн эрдмийн агуулгыг тодорхойлох буюу юу заах, хэн хэрхэн заах эрх мэдлийг профессор багш нарт бүрэн шилжүүлсэн хэрэг тѳдийгүй их сургуулийн эрдмийн агуулга, түүний чанарын баталгаа болсон дотоод механизм юм. Хѳтѳлбѳрийн хороод нь хичээл, хѳтѳлбѳрүүдийн аливаа шаардлагагүй давхардлыг ч арилгах бѳгѳѳд, эдүгээ манай профессор, багш нар хичээл, хѳтѳлбѳрүүдээ дэлхийн шилдэг их сургуулиудын жишигт нийцүүлэн ѳѳрчлѳхѳѳр шамдан ажиллаж байна. 

Оюутан, багш, хичээл, сургалттай холбоотой аливаа бүртгэл, хичээлийн болон анги танхимын хуваарь гаргах гэх мэт сургалт, бүртгэлийн аливаа техник ажлыг оновчтой, үр ашигтай зохион байгуулах сургалт, бүртгэлийн нэгдсэн тѳрѳлжсѳн албыг байгуулж ажилд нь оруулаад байна. 

Оюутнуудыг мэргэжлийн хѳтѳлбѳрүүдэд тодорхой квотоор элсүүлдэг байсныг халж бүрэлдэхүүн сургууль бүрээр элсүүлэн 1.5-2 жилд шинжлэх ухааны ерѳнхий суурь ѳргѳн боловсрол олгох, дараа нь сонирхол, сурлагын амжилтынх нь дагуу мэргэшлийн хѳтѳлбѳрүүдэд элсүүлдэг сургалтын ѳргѳн сонголт, ѳрсѳлдѳѳн, шигшэлттэй системийг нэвтрүүлэх гэж байна.

-Эрдэм шинжилгээний бүтэц, профессор багш нарыг ажилд авах дэвшүүлэх талаар хийж байгаа шинэчлэлийнхээ тухай тодруулахгүй юу? Олон багш, эрдэм шинжилгээний ажилтнууд ажилгүй болох эрсдэл байгаа юм биш биз?

-Харамсалтай нь эрдэм шинжилгээний уян хатан бүтэц бий болгох, профессор, багш нарыг ажилд авах, дэвшүүлэхэд хэрэглэхээр бодож байсан системийг нэвтрүүлэх ажил зогсонги байдалтай байгаа. Их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд ажилладаг хэсэг нь зѳвхѳн судалгааны ажил хийж байхад үлдсэн ихэнх эрдэмтэд судалгаагаа ч хийгээд, хичээлээ ч заадаг. Энэ зохисгүй байдлыг халж тогтсон орон тоог санхүүжүүлэх бус харин ѳрсѳлдѳѳнѳѳр шалгарсан судалгааны тѳсѳл, ажлыг санхүүжүүлдэг болгох, эрдэм шинжилгээний тэтгэлэгт хүрээлэн (Fellowship Institute) зэрэг уян хатан, динамик бүтцийг бий болгож урт, богино хугацааны судалгааны тэтгэлгийг шалгарсан тѳсѳл, ажилд олгодог болгох ингэснээр их сургуулийн нийт эрдэмтэн багш нартаа эрдэм шинжилгээний тэтгэлэг авах тэгш боломж олгох, шалгарсан багш судлаачдыг хичээлээс нь тодорхой хугацаанд чѳлѳѳлж дан ганц судалгаан дээрээ тѳвлѳрѳх боломжийг бүрдүүлэх зэрэг шинэчлэлийг хийх санаатай байсан. Даан ч эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Ж.Батхүү, захирал А.Галтбаяр хоёр цаг нь болоогүй гээд дэмжээгүй.

Профессор, багш нарыг ажилд авах, дэвшүүлэхэд хэрэглэдэг tenure-ийн систем бол орчин үеийн их сургуулийн профессор багш нарын эрдмийн чанар, эрдмийн эрх чѳлѳѳний баталгаа болсон систем. Шилдэг их сургуулиуд профессор, багш нарыг шууд жинхлүүлдэггүй. Доктор хамгаалсан хамгийн шилдэг залуу эрдэмтдийг 6-7 жилийн хугацаатай tenure track гэдэг байран дээр туслах профессор цолтойгоор ажилд авдаг. Энэ хугацаа нь тухайн залуу судлаач жинхэнэ эрдэмтэн, багш болж чадах уу үгүй юу гэдгээ харуулдаг хугацаа. Тиймээс тухайн туслах профессор эрдэм шинжилгээний чанартай сайн бүтээл аль болох олныг хэвлүүлэхийн зэрэгцээ, сайн багш болохын тулд чармайн ажиллах хэрэгтэй болдог. Хугацааны дунд болон эцэст тухайн салбар ухааны шилдэг профессор, эрдэмтдээс бүрдсэн тусгай комиссыг туслах профессор бүрээр байгуулж уг комисс тухайн туслах профессорын эрдэм шинжилгээний болон багшийн ажлыг холбогдох бүх баримт, материалуудтай нь танилцаж, үнэлж, дүгнээд жинхлүүлэх эсэхийг шийддэг. Жинхлүүлэхээр шийдвэл зэрэг ахиулан дэд профессор болгож, тухайн сургуульд тэтгэвэрт гартлаа ажиллах дархан эрхийг олгодог. Үгүй нѳхцѳлд ажлаас нь чѳлѳѳлдѳг. Бид их сургуулийг хѳгжүүлье, профессор багш нарын чанарыг сайжруулъя, жинхэнэ профессор багш нарыг бэлтгэе, профессор багш нартаа эрдмийн эрх чѳлѳѳ олгоё гэвэл үүнийг заавал хийх ёстой. Харамсалтай нь захирал А.Галтбаяр энэ тал дээр ѳѳр байр суурьтай байгаа.

Манайд одоо байгаа систем нь дѳнгѳж магистр хамгаалсан залуусыг туслах багшаар аваад 1 жилийн дараа жинхлүүлдэг. 12 жилийн дотор доктор хамгаалаагүй багш нарын хѳдѳлмѳрийн гэрээг цуцална гэж журмандаа заасан ч, их сургуульд 12 жилээс дээш жил ажиллаж байгаа доктор хамгаалаагүй олон багш нар байгаа ч энэ журмыг хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй. Профессор, багш нарыг 3 жил тутамд аттестатчилал гэгчээр оруулдаг боловч энэ нь багш тус бүрээр тухайн салбарын шилдэг эрдэмтэн профессоруудаар бүрдүүлсэн комиссыг байгуулдаггүй харин сургууль бүрээр тѳрѳл бүрийн ухааны багш нараас бүрдсэн комисс байгуулж ѳѳр ѳѳр ухааны хэд хэдэн багш нарыг бѳѳндѳн үнэлүүлсэн болдог. Аттестатчиллаар багш чѳлѳѳлѳгдѳж байсан тохиолдлыг би мэдэхгүй.

Багш нарт дэд профессор, профессорын зэрэг олгохдоо Эрдмийн зѳвлѳл хэмээх тѳрѳл бүрийн салбарын 80 хүнээс бүрдсэн сонгогддог байгууллагаас далд санал хураалт явуулж 50 хувиас дээш хувийн санал авсан багш нарт олгодог. Физикийн багшийг профессор болгох эсэхийг монгол хэлний, гадаад хэлний, философийн, түүхийн, шашин судлалын, эдийн засгийн, улс тѳрийн гэх мэт огт хамааралгүй салбарын багш нар шийдэж байна гэсэн хэрэг. Энэ систем нь улс тѳрийн булхай болохыг, утга учиргүй болохыг хүн болгон мэддэг ч ѳѳрчилдѳггүй. Харин түүний оронд дэд профессор, профессорын албан тушаал гэгч зэрэгцсэн орон тоог үүсгэж, тэр орон тоон дээрээ дэд профессор, профессор цолгүй багш нарыг, дэд профессор, профессор цолтой багш нартай жил болгон ажлын амжилт гэгчээр нь ѳрсѳлдүүлж томилно. Тиймээс профессор цолтой профессор нь дэд профессорын ч цолгүй багш нарт ялагдаж, гутамшигтайгаар албан тушаал бууран ажиллахад хүрдэг. Энэ нь бѳѳн гомдол, дургүйцэл, маргаан дагуулдаг. Ийм л бүрэн дампуурсан тогтолцоо МУИС-д үйлчилж байна даа. Их сургуулиуд зэрэг, цол ѳгсѳн бол түүнийгээ хүндэлдэг, сахидаг байх ёстой.      

-Танай багш нар бүтцийн ѳѳрчлѳлтийг чинь байнга эсэргүүцэж ирлээ шүү дээ. Яагаад тэр вэ?

-Эсэргүүцэл ч бий, дэмжлэг ч бий. Эсэргүүцлийн тухайд миний харж буйгаар 4 ѳѳр тѳрлийн эсэргүүцэл байна. Нэгдүгээрт, нийт багш нарын хэсэг нь энэ бүтцийн ѳѳрчлѳлтѳѳс жийрхэж байгаа. Мэдээж энэ ѳѳрчлѳлт нь хүмүүсийн дассан, тайван амьдралыг халж, тэднийг ѳрсѳлдѳѳн, шигшэлтэд оруулж байна шүү дээ. Наад зах нь олон жил зааж ирсэн хичээлийг нь хѳтѳлбѳрийн хороо гэдэг шилдэг эрдэмтдээс бүрдсэн байгууллагаар оруулж агуулга, чанар, бүтцийнх нь хувьд шүүлгэж байна, улмаар тэр хичээлийг нь оюутан сонгоо ч yy үгүй ч үү? Олон жил заасан хичээлээ заачхаад хажуугаар нь ѳѳрсдийн давхар элдэв ажил тѳрѳл, бизнесээ амжуулаад явж байдаг багш нарын дэмжлэгийг энэ ѳѳрчлѳлт авахад хэцүү.

Хоёрдугаарт, их сургуулийн одоогийн захирал, түүний “Реформ” хэмээх бүлгийн ѳнгѳрсѳн болон одоогийн үйл ажиллагаанаас үүдсэн эсэргүүцэл, дургүйцэлнэлээд бий. Одоогийн захирал А.Галтбаяр 2000-аад оны эхэн үеэс “Реформ” хэмээх бүлгийг байгуулж ѳнгѳрсѳн хугацаанд Ц.Ганцог, С.Даваа зэрэг их сургуулийн захирлуудыг огцрохыг шаардсаар зорилгоо биелүүлсэн тѳдийгүй Ч.Хашчулууны захирал болох замд ч саад болсон. Үүний улмаас тэдгээр захирал, багш нарыг дэмжигч багш нар энэ дэглэмд дургүй ханддаг. Саяын бүтцийн ѳѳрчлѳлтийн ѳмнѳ болон бүтцийн ѳѳрчлѳлтѳѳр дээр дурдсан ѳмнѳх үеийн захирлуудын томилсон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд бүгд захирлын ажлаасаа чѳлѳѳлѳгдсѳн. Тэдгээр багш нар ч чѳлѳѳлѳгдѳхдѳѳ дуртай байгаагүй, тэднийг дэмжигчдэд ч энэ нь таатай байгаагүй.

Гуравдугаарт, хамгийн ил тод, тууштай эсэргүүцэж байсан хэсэг нь А.Галтбаяр болон түүний “Реформ” бүлэгтэй хамтран ѳмнѳх захирлуудыг “огцруулахад” хувь нэмэр оруулсан Б.Болд-Эрдэнэ тэргүүнтэй “МУИС-ийн багш нарын холбоо” хэмээх бүлэг. Энэ бүлгийн эсэргүүцэл шинэчлэлийг гэхээсээ илүү одоогийн захирал А.Галтбаярыг онилж байх шиг санагдсан.

Дѳрѳвдүгээрт, ямар шинэчлэл хийх вэ, хэрхэн хийх вэ гэдэг асуудлуудаар их сургуулийн захиргааны бүрэлдэхүүн доторх харилцан адилгүй байр сууриас үүдсэн зѳрчил, тэмцэл байсан даа. Захирал А.Галтбаяр, тухайн үеийн Сургалт хариуцсан дэд захирал Б.Очирхуяг нар миний санаачилж, улмаар бүтцийн ѳѳрчлѳлтийн ажлын хэсгээр боловсруулагдаж, Удирдах зѳвлѳлийн баталсан бүтцийн ѳѳрчлѳлтѳѳс ѳѳр байр суурьтай байсан юм билээ. Энэ бүтцийн ѳѳрчлѳлтийн хамгийн гол шинэчлэл болох Шинжлэх Ухааны Сургуулийг байгуулахын эсрэг байсан юм.А.Галтбаяр намайг ажлаасаа чѳлѳѳлѳгдѳх ѳргѳдѳл ѳгсний дараа “Бидэнд ийм тѳлѳвлѳгѳѳ байсан. 9 дүгээр сарын 25-нд бид хэлэлцэж байсан” гэж нэг файлыг надад харуулж байсан. Би 10 дугаар сард Монголд ирэнгүүтээ дэд захирлын ажлыг аваад, авсан даруйхан бүтцийн ѳѳрчлѳлтийн ажлыг хариуцах болсон юм. Тийм тѳлѳвлѳгѳѳ байсныг огт мэдээгүй. “Ийм тѳлѳвлѳгѳѳ байсан юм бол яагаад надад ѳгѳѳгүй юм бэ?” гэж асуухад “Яг ч тодорхой байгаагүй л дээ” гэж булзаж байна билээ. Ер нь А.Галтбаяр Удирдах зѳвлѳлийн баталсан бүтцийн ѳѳрчлѳлтѳнд “коррекци” (засвар) хийнэ гэж зүтгээд байсан юм.

-Та дѳнгѳж 10 сард ирэнгүүтээ бүтцийн ѳѳрчлѳлтийг хариуцаж ажилласан юм бол тэгээд ч захирал чинь хийж байсан тѳлѳвлѳгѳѳгѳѳ танаас нуусан юм бол та бүтцийн ѳѳрчлѳлтийн тѳлѳвлѳгѳѳг маш богино хугацаанд боловсруулсан юм биш үү? Бэлтгэл нь сайн хангагдсан юм уу?

-Миний хувьд их сургуулийг хэрхэн шинэчлэх тухай нэлээн дээр үеэс бодож ирсэн. Дээд боловсрол, их сургуулийн засаглал, бүтэц зохион байгуулалтын талаар бодлогын чанартай нэлээд судалгаа хийж ирсэн. Тухайлбал, Нээлттэй нийгэм форумд их сургуулийн засаглалын асуудлаар, Вашингтон дахь Дээд боловсролын бодлогын хүрээлэнд дээд боловсролын санхүүжилтийн асуудлаар судалгаа хийж байсан. Мѳн Японд доктор хамгаалж, АНУ-ын Стэнфордын их сургууль, Принстоны Тэргүүлэх судалгааны хүрээлэн, Австрийн Шинжлэх ухааны академи зэрэг газарт ажиллаж байхдаа эдгээр системүүдийн давуу болон сул талыг харьцуулах, холбогдох ном зохиолоор судлах боломжтой байсан. Боломж олдвол МУИС-ийг ингэж ѳѳрчлѳх хэрэгтэй гэдэг бодол хэдэн жилийн ѳмнѳ надад бий болсон. Хэрвээ эдийн засагч Д.Жаргалсайханы хѳтѳлдѳг De Facto нэвтрүүлгийг үздэг бол би 2 жилийн ѳмнѳ ѳгсѳн ярилцлагадаа МУИС-ийг ингэж ѳѳрчилмѳѳр байна гэж ярьсан байгаа.

Мѳн 10 дугаар сараас 11 дүгээр сарын дунд хүртэлх хугацаанд МУИС-ийн 70 шахам шилдэг эрдэмтэн багш нартай бүтцийн ѳѳрчлѳлтийн талаар дангаар болон хэсэгчлэн уулзаж, ярилцаж, зѳвлѳѳд тэдний дийлэнх нь миний санал болгож байгаа ѳѳрчлѳлтийг дэмжиж, хамтран зүтгэхээр байгааг ойлгосон. Нѳгѳѳ талаар дээр дурдсан эсэргүүцлүүд бодитой байсан учир бүх багш нараар ѳргѳн хэлэлцүүлэг хийж энэ ѳѳрчлѳлтийг дэмжүүлэх боломжгүй гэж харж байсан. Ер нь ч аливаа байгууллагад хийж байгаа ийм эргэлтийн шинжтэй цогц ѳѳрчлѳлтийг тухайн байгууллагын ажилтнуудаас асууж, ардчиллын замаар шийддэг гэж би бодохгүй байгаагийн дээр их сургууль бол ардчиллын, ѳѳрѳѳр хэлбэл, улс тѳрийн байгууллага биш, харин эрдмийн, меритийн системээр ажилладаг байгууллага. Харин ѳѳрчлѳлтийг Монгол улсад хүчин тѳгѳлдѳр байгаа хууль, тогтоомжийн хүрээнд шийдсэн бѳгѳѳд, хууль тогтоомжоор эрх мэдэл олгосон байгууллага нь МУИС-ийн Удирдах зѳвлѳл. Нѳгѳѳ талаар хэрэгжүүлэх цаг хугацааны хувьд энэ жилээс хойш татаж болохгүй гэж бодож байсан. Манай бүх юм улс тѳрѳѳс хараат учир 2015 он уруу орвол сонгууль дѳхсѳн үед ийм ѳѳрчлѳлтийг хэн ч зүрхэлж хийхгүй. Эсэргүүцэл гарна, хуучин захирлуудын талын хүмүүс, албан тушаалаа алдаж байгаа хүмүүс эсэргүүцнэ гэдгийг ойлгож байсан. Тиймээс бүтцийн ѳѳрчлѳлтийн үзэл баримтлал, загвар, хэрэгжүүлэх арга зам, цаг хугацааны хувьд алдаа гаргасан гэж бодохгүй байгаа.

-Ийм их эсэргүүцлийн дээр захирлууд чинь ѳѳр байр суурьтай байсан юм бол энэ шинэчлэлийг чинь хэн дэмжиж, эхлүүлсэн юм бэ?

-Юуны түрүүнд Монгол улсын засгийн газар дээд боловсролын чанарын шинэчлэлийн бодлого явуулаагүй, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантѳмѳр зоригтой шийдмэг ѳѳрчлѳлт хийхийг зѳвшѳѳрѳѳгүй, дэмжээгүй бол энэ шинэчлэл эхлэх ч үгүй байсан. Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратеги, бодлого тѳлѳвлѳлтийн газрын дарга, МУИС-ийн Удирдах зѳвлѳлийн гишүүн Б.Насанбаяр тууштай дэмжиж ирсэн. МУИС-ийн Удирдах зѳвлѳл шинэчлэлийг шийдвэртэй дэмжсэн. Дэд захирал Ч.Нарантуяа энэ шинэчлэлийг ямагт хамгийн тууштай дэмжиж, хамгаалж ирсэн дээ. Одоогийн сургалт хариуцсан дэд захирал О.Мѳнхбат энэ шинэчлэлийг эхнээс нь дэмжиж, хэрэгжүүлэхийн тулд одоо ч хүчин зүтгэж байгаа. Эдгээрээс гадна сая надтай хамт ѳргѳдѳлѳѳ ѳгсѳн эрдэмтэд, түүний дотор Шинжлэх ухааны сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч асан Б.Болдгив багш гэх мэт 70-аад эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсэг энэ бүтцийн ѳѳрчлѳлтийг гардан хийсэн юм. Миний гаргасан нэг том алдаа бол Б.Насанбаяр даргыг “Ажлын хэсгээ үргэлжлүүлэн ажиллуулах хэрэгтэй” гэхэд нь их сургууль ѳѳрийн үндсэн бүтцээрээ ажлаа зохион байгуулах нь дээр гээд ажлын хэсгийг тараасан явдал. Түүнээс хойш л ажил удааширч, гацаанд орсоор одоогийн байдалтай тулгарч эцэст нь энэ ѳѳрчлѳлтийг санаачилсан, гардан хэрэгжүүлж байсан хүмүүс ѳргѳдѳлѳѳ арга буюу ѳгѳхѳд хүрэв шив дээ. Харин биднийг энэ үйлдлийг хийсний дараа ажил хѳдлѳх хандлагатай болж байгаа сураг байна. А.Галтбаяр захиргааны зѳвлѳлийн хурал дээр “Би ийм их асуудал үүсээд байгааг ойлгоогүй явж, хувийн шалтгааны улмаас 2 дугаар сараас хойш ажилдаа тѳвлѳрч ажиллаж чaдаагүй” гэж байна гэсэн. Тэгэхээр одоо энэ ѳѳрчлѳлт урагш ахих юм байлгүй дээ. 

-А.Галтбаяр захирлыг туйлбаргүй, ѳѳрчлѳлтийг удаашруулсан, гажуудуулсан гээд байсан?

-Бид энэ талаар тодорхой тайлбар гаргасан байгаа. Түүнийг олж үзвэл та асуултдаа хариулт авах болов уу.

-Одоо тэгээд цаашид яах вэ? Энэ ѳѳрчлѳлт чинь зогсох уу?

-Монгол улсын засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам дээд боловсролын шинэчлэлийн бодлогоо нураахгүй л гэвэл энэ шинэчлэлийг явуулж л таарна. Гэхдээ хэр зэрэг амжилттай хэрэгжихийг нь хэлж мэдэхгүй байна. Aль эрт хийчихсэн байх ёстой байсан ажлууд одоо болтол хийгдээгүй, шинэчлэлийн ажил ёстой л зуун задгай байна. Гэтэл багш нар хэдхэн хоногийн дараа амрах гэж байдаг. Биднийг энэ үйлдлийг хийсний дараа гэнэт нойрноос сэрсэн мэт яаран сандчин ѳглѳѳ болгон 8 цагт шуурхай зѳвлѳгѳѳн хийж ажлаа амжуулах гэж оролдож байгаа сураг байна. Ямар ч байсан А.Галтбаяр Удирдах зѳвлѳлийн тогтоол, даалгаврыг биелүүлэхийн оронд ѳѳр санаа агуулж, элдэв нууц тѳлѳвлѳгѳѳ боловсруулж, Удирдах зѳвлѳлѳѳс тогтоосон бүтцийн ѳѳрчлѳлтѳд засвар хийнэ гэж зүтгээгүй бол МУИС ийм байдалд орохгүй байсан. Гэхдээ А.Галтбаяр ямар ч засвар хийсэнМУИС-ийн 14 бүрэлдэхүүн сургуультай, тус бүрдээ 6 багштай 100-аад давхардсан жижиг тэнхимтэй бүтэц хэзээ ч дахиж сэргэхгүй болсон.

-За баярлалаа!      

А.ТУЛГА

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2014-06-17 00:51:33
    Mongoliin deed bolovsrol chanargui baigaag medseer baij MUIS-iin shinetgeliig eserguutseed baigaa humuusiig oiloghgui yum. Yaaj shinetgel hiihiig medej baigaa humuusee demjvel yaasiin. Ene yanz buriin yum bicheed baigaa humuust uursud ni yamar kontseptsi
  • Suuder 2014-06-16 17:30:14
    Munkerdene guai. suuderee haraad biee zas, biee zasaad geree zas gedeg dee. Ehleed ene 2oo hiichihvel yamar ve. Uuliin buga haraad unasan morio hayavaa gej...
  • Эрүүлээр бодоцгооё 2014-06-16 15:52:18
    Шинэчлэлийг юуны тулд яаж хийх вэ гэдгийг сайн бодож, сууриар нь хөндөж эхлүүлэх чиг гаргаж өгсөн энэ залуу эрдэмтэнийг дэмжиж ажиллуулах юмсан. Энд шүүмжлээд, эсвэл шууд хэлэхэд зүгээр л гүтгээд доромжлоод байгаа хүмүүст хуьилбар байгаа гэж огт бодохгүй
  • Zochin 2014-06-16 14:58:30
    Ene metiin sugsulzuuruud MUIS-iar togloloo doo. Hugjil ni 5-8 jileer hoish shidegdev. Gadaadaar surch shalilgui tenej tenej ireed Mongol orny bodit amidral deer buuhgui um hiisnees bolloo doo
  • багш 2014-06-16 13:43:22
    МУИС-ыг муухай харагдуулсан хүн бол Мөнх-эрдэнэ, Нарантуяа Одоо хусагдчихаад үхлээ. Баярцогтын авгай Нарантуяаг Мөнх-эрдэнийг зоигжуулагч гэдгийг л Мөнх-эрдэнийн ярианаас нь мэдлээ
  • багш 2014-06-16 09:17:59
    Мүүнийн Насанбаяр дэмжээд Баярцогтын авгай Нарантуяа хамжаад Мүүн ч үгүй юу ч үгүй мөнх-Эрдэнэ шинэчлэл хийлээ юу. Хойноос ирээд хот минийх,,, гээч болж дээ. ингэж хийрхэж байхынхаа оронд шалныхаа хулдаасыг нөхөж бвал таарна
    • Уншиж ойлгож байж сэтгэгдэл үлдээ 2014-06-16 16:37:33
      Энэ эрдэмтний тайлбар үнэхээр сайн бодсон, үндэслэл логиктой юм байна. Харин үүнийг эсэргүүцэж ядахдаа хараал урсгаж байгаа хүмүүс МУИС-ийн багш биш байгаасай билээ. Эс бөгөөс өөрсдийн сургуулиа ИХ сургууль болгохын эсрэг гэдгээ ингэж илчлэхээсээ санаа зо
  • багш 2014-06-16 08:39:26
    Дэд захирал Мөнхбат дэмжсэн гэчихжээ. Ичээч УЗ\"д чиний саналыг хууль бусаар дэмжүүлсэн гээд дэд захирал болсон юм биш үү? Гарын үсгээ зураад хамтарч ажиллахгүй гээд байсан Мөнх-эрдэнийн хүмүүс үлдсэн гэж дууллаа. Жинхэнэдээ энэ шинэчлэл нэртэй даржин а
  • багш 2014-06-16 08:36:47
    Одоо ичсэн хүн хүн ална гэдэг шиг худлаа юм яриад явах юм. Зүгээр зайлчихвал яадаг юм. МУИС-аар дутахгүй гээд томордог биз дээ. Хэллэг шигээ МУИС-аас хол бай. Өөрийгээ магтан дуулсан хүнийг профессор гэдэг мулгуу бодлоосоо сал. Энэ хугацаанд МУИС-ыг туйл
  • багш 2014-06-16 08:35:46
    МУИС-д тогтвортой ажиллаж үзээгүй хүн шүү дээ энэ Мөнх-эрдэнэ. Галтбаяр энэ хүнийг давруулсан. Шинэчлэлт гэж савчивч тодорхой төлөвлөгөө бахйгүй мухардиал байгааг чинь бүх багш нар сургуулиудаар явсан хэлэлцүүлэгээр харсан. Хамаг юмыг буруу эхлүүлсэн, тоо
  • Багш 2014-06-16 07:55:03
    Социализмийн үеийн хуучин бүтэц рүүгээ орох ямар шаардлага байнаа...
  • багш 2014-06-16 05:46:04
    Энэ Галтбаяр, Мөнх-Эрдэнэ мэтийн заваан юмнууд хуйвалдаанаар гарч ирээд бөөн жонхуу хутгаж хаяад, тэр нь явцгүй нь тодорхой болохооор хариуцлагаа бие биедээ чихэх гээд мөн ч их тэнэгтэж байна даа. Бүгдийг зайлуулаад шударга сонгууль явуулж ядаж сэтгэцийн
  • Zochin 2014-06-16 04:16:46
    Galtbayar ni MUIS-iig udirdah yamarch chadbar baihgui. Tyt Bunh-Erdene burch chadahgui. Zubhun erh tushaaliin tuluu temchej baigaa 2 hun dee. 2-uulang ni zailuulah heregtei.