Мэнэнгийн талыг монголчуудтай нь зэрэмдэглэсэн хар алтны мөрөөр
Түрүүч нь http://olloo.mn/n/21803.html

Монгол Улс Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуультай. Тус хуульд “Олон салаа зам гаргаж, хөрс эвдвэл...” гэсэн сүржин заалттай ч хариуцлага тооцох арга зам нь дэндүү сул. Хувь хүний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-2 дахин, байгууллагыг 6-7 дахин нэмэгдуүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгоно гэсэн заалттай. Мэнэнгийн тал, Дорнод Монголын дархан цаазат газрын хөрсийг цөл болтол нь хүнд даацын машинаар зэрэмдэглэж байгаа хүмүүст ийм л хариуцлага ноогдож байна.
 
“Петрочайна дачин тамсаг” компанийн газрын тосны тээвэрлэлтийн автомашинууд өдөр, шөнөгүй олон салаа зам гарган явж байгаа ч, хууль хяналтынхан очсон үед л хэд гурван жолоочийг нь торгох аяддаг гэдгийг эх сурвалжууд хэлсэн. Ерөөсөө Мэнэнгийн талаа хамгаалалтад авъя. Тосны тээвэрлэлт гэгчээр 60-70 тонны даацтай автомашинаар өдөр шөнөгүй нүдэж газрын хөрсийг нь сэндийчиж, хялганат тал дээгүүр олон арван зам гаргаад цөлжүүлчихсэн, цагаан зээрийнх нь нүүдлийг тасалсан ямар гээчийн ажиллагаа вэ, энэ. Мэнэнгийн талыг хамгаалалтад авахгүй бол хамгийн, хамгийн гэсэн олон тодотгол нь зөвхөн түүх болж үлдэх нь. Матад суманд очоод хамгийн түрүүнд ийм л бодол төрөв.
 
Мэнэнгийн талын баруун жигүүр Матад сумын газар нутагт ордог ажээ. Матад сум газар нутгийн хувьд том, газрын тос, алт, нүүрс, жонш гээд ашигт малтмын арвин нөөцтэй. 2600 хүн амтай, 100 мянган толгой малтай. Иргэдийнх нь амьжиргааны эх үүсвэр нь мал аж ахуй. Хэдийгээр газрын доорх баялаг ихтэй ч нутаг оронд оруулдаг хувь нэмэр бага гэж Засаг дарга Ж.Баатар хэлж байв. Түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.
 
Ж.Баатар: МАТАД ГАЗРЫН ТОСНООС АШИГ ХҮРТЭХГҮЙ БАЙГАА
 
-Монгол Улс газрын тосныхоо дийлэнх хувийг Матад сумаас олборлож байна. Газрын тосны нөөц, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хэр байдаг вэ?

-Монгол Улсад Газрын тосны олборлолт хийж байгаа гурван сум байдаг. Матад, Халхгол, Зүүнбаян. Нийт тосны 95 хувь нь манай газар нутгаас гарч байна. 19 дүгээр талбай ашиглах боломжтой 30 орчим сая тонн тосны нөөцтэй, жилд нэг сая орчмыг нь олборлодог гэж ярьдаг. Тэгэхээр 30 жилийн олборлолт явагдахаас 10 гаруй жил нь өнгөрчихлөө. Өдөрт 50 гаруй машин тос хилээр гарч байна. 200- 300 тонн тос гэсэн үг. Өдөрт 800-900 сая төгрөг олдог гэсэн. Өнөөдөр нэг баррель нефтийн үнэ хэд байгаа билээ. Энэ хөрөнге ямар журмаар яаж хуваагддагийг мэдэхгүй. Үйлдвэрлэлийн зардлыг хасаад үлдсэн хөрөнгийг нь хоёр улс хувааж авдаг гэсэн. Үүнээс орон нутагт орж байгаа хөрөнгө байхгүй. Ямартаа ч Засгийн газарт хөрөнгө оруулдгаараа Эрдэнэт үйлдвэрийн дараа ордог гэж сонссон.
 
-Танай дээр 19 дүгээр талбай үйл ажиллагаа явуулдаг. Нутаг оронд оруулж байгаа хувь нэмэр юу байна?
 
-Өмнөговийн Ханбогд Цогтцэций сумынхантай өөрийнхнөө жишдэг юм. Оюутолгой, Тавантолгойг харахад тэр байтугай сум орны хөгжилд нэлээд идэвхтэй хөрөнгө оруулалт хийдэг. Харин манай нутагт ашигт малтмал гарлаа гээд энэ гэж хэлэх бүтээн байгуулалт байхгүй. Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс Газрын тосны хууль шинэчлэгдсэн. Хуульд тухайн орон нутагтай хамтын ажиллагааны гэрээ хийх загвар гарсан. Түүний дагуу “Петрочайна дачин тамсаг” компанитай хамтран ажиллах гэрээний төсөл боловсруулаад өнгөрсөн есдүгээр сард Газрын тосны газар, Уул уурхайн яамаар батлуулахаар явуулсан. Хариу ирээгүй байна. Газрын тосны хуулиар орон нутагт хайгуул хийх нэг км.кв тутамд таван ам.доллар, талбай сунгавал найм, ашиглалтын талбайны нэг км.кв 100 ам.доллар, ашиглалтын талбайн хугацааг сунгавал 200 ам.доллар өгнө. Эдгээр хөрөнгө оруулалтын 30 хувийг орон нутагт өгнө гэсэн хуультай. Гэрээ батлагдаагүй болохоор энэ хууль хэрэгжиж эхлээгүй байна.
 
-“Петрочайна дачин тамсаг” компанид монгол ажилчид ажиллах квоттой. Ялангуяа орон нутгаас?
 
-Нарийн мэргэжлийн ажилтныг орон нутгаас авдаггүй. Улирлын чанартай, биеийн хүчний хөдөлмөр шаардсан ажилд манайхаас 30 орчим хүн ажиллаж байна. Одоогоор манайд 400 орчим хүн ажилгүй байгаа. Яахав, 19 дүгээр баазынхан сумын айлуудаас мах худалдаж авдаг гэрээтэй.
 
-Тэгвэл орон нутгийг хөгжүүлэх тал дээр үр дүнтэй ажиллаж чадахгүй байна гэж ойлгож болох уу?
 
-Энэ жилээс монгол а ж и л ч и н , м о н г о л комиани, тэр дундаа орон нутгийн компанийг оруулах тал дээр аймагтай хамтран шахалт үзүүлж гэрээ хийхээр ярьж байна. Манайх Газрын тосны газартай хамтарч ажилладаг. Бид орон нутгаас мэргэжилтэн бэлтгэх, газрын тосны чиглэлээр сургах талаар санал тавьсаар ирсэн. Шийдэж өгөхгүй байна.
 
-Байгаль орчин, тэр дундаа тээврийн зам дагуу газар нутаг сүйдэж байгаа талаар сумынхан ярьж байна?
 
-Нэг үеэ бодвол дээрдсэн. Ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай хог хаягдал, химийн бодис хөрс бохирддог талаар яригддаг.
 
НӨХӨН ТӨЛБӨРИЙН 1.3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР “НАЙРЛАЖЭЭ”
 
Дорнод Монголын дархан цаазат газрын хилийн бүсээр тээвэрлэлт хийж байгаа “Петрочайна дачин тамсаг” компанийн 19 дүгээр талбайн үйл ажиллагаа байгаль орчинд хохирол учруулаад зогсохгүй нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн үндэслэлээр Матад сумынхан болон иргэний хөдөлгөөнүүд тэмцэл өрнүүлж байсан нь 2010 он. Шүүхийн олон шат дамжлагын эцэст 2012 онд “Петрочайна дачин тамсаг” компани байгаль орчны нөхөн төлбөрт 1.3 тэрбум төгрөг өгөхөөр шийдвэрлэсэн. Сурвалжлагын явцад уг хөрөнгө хэрхэн зарцуулагдсан талаар холбогдох хүмүүсээс асууж судаллаа. Шүүх нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан учраас тосны олборлолт, үйлдвэрлэлийн явцад үүссэн байгаль орчны доройтлыг сэргээх учиртай. Гэвч зориулалтаар нь зарцуулаагүйг компани төдийгүй орон нутгийн удирдлагууд ярьж байна лээ.Бүр тодруулбал, аймаг 550 саяыг авсан бол өмгөөллийн зардалд 130 гаруй сая, иргэний хөдөлгөөнүүдэд 100 гаруй сая, Матад сумын 90 жилийн ойд 200 гаруй сая төгрөг зарцуулжээ. Мөн сумын иргэдэд хөнгөлөлттэй зээл олгохоор 150 сая төгрөгийг нь зарцуулсан бол байгаль орчны албыг машинтай болгохоор 84 сая төгрөгийг төсөвлөжээ. Гэтэл авсан машин нь одоо Засаг даргынх нь мэдэлд шилжээд байгаа аж.
 
БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭГ ЭРГЭН ХАРЪЯ
 
Газар нутгаа сүйтгэж байж газрын тосоо гадагшаа зөөж эхэлсээр 10 гаруй жилийг ийнхүү үдэж байна. Түүхий эдээ гадагшаа зөөхгүйгээр Монголдоо боловсруулах хэрэгтэй гэж ярих хүн олон. Уг нь газрын тосноос зөвхөн нефть гэлтгүй олон арван бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдог гэдэг. Гэтэл одоогоор манай улс боловсруулах үйлдвэр барьж чадаагүй байна. Албаны хүний ярьснаар газрын тосноос өдөрт тэрбум орчим төгрөгийн ашиг хүртдэг, манай Засгийн газарт шилжүүлдэг хөрөнгө оруулалт “Эрдэнэт”-ийн дараа жагсдаг гэж байна. Газрын тосноос олсон ашгаа Монгол Улс юунд зарцуулдаг нь бүрхэг байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэгчээр баялгаа үнэгүй гадныханд өгснөөс ялгаагүй гэдгийг олон жил ярьсаар ирлээ. Гэрээ ёсоор бол нийт экспортолсон тосны үнийн 40 хувь нь компанийн үйл ажиллагааны зардалд, үлдсэн 60 хувийг 100 хувь гэж үзвэл 40 хувь нь Монголын Засгийн газарт, 60 хувь нь “Петрочайна дачин тамсаг” компанид шилждэг гэлцэх. Монгол Улс ийм гэрээг хэр удаан үргэлжлүүлэх вэ?
 
Газрын тос Монгол улсад ээлээ өгсөн нь ч бүрхэг, дээрээс нь газар нутгийг нь цөмлөөд дуусч  байгаа жишээ Дорнодоор дуусаасай билээ. Өнөөдөр газрын тосны хайгуул олон газарт үргэлжилж байна. Увс аймагт бүр олборлолт эхэлсэн гэдгийг орон нутгийнхан нь хэлж байна. Монгол Улс баялагаа ашиглах ёстой. Гэхдээ Дорнодын жишгээр биш шүү.

Зууны мэдээ
Б.Энхзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mgl 2015-10-23 01:55:05
    Ene har nugel barzgar Ochirbattai shuud holbootoi. 1993 ond Hyatadtai 30 jiliin luivriin gereeg Ochirbat hulgaich hiisnees bolj manai gazar nutag tam bolloo.
    103.26.195.96
    Мэдэгдсэн Хариулах