Мэнэнгийн талыг монголчуудтай нь зэрэмдэглэсэн хар алтны мөрөөр /4/

Түрүүч нь http://olloo.mn/n/21754.html
Сүхбаатар аймаг дахь Бичигтийн боомт руу тос тээвэрлэдэг зам. Сайжруулсан замаар бус хөрсөн дээгүүр олон салаа зам үүсгэж тээвэр хийж байна.

Монгол төдийгүй дэл­хийн сүүлийн онгон дагшин, хялганат хээр тэгш тал гэж нэрлэдэг Мэнэнгийн тал дээр газрын тосны олборлолт, тээвэрлэлт явагдаж байна. Ялангуяа “Петрочайна дачин тамсаг” компанийн 21 дүгээр талбайгаас Баянхошуу боомт руу явдаг төв замтай холбогд­дог 68 км-т 60-70 тонн жинтэй тосны машинууд олон салаа зам гаргаж Мэнэн­гийн талын хөр­сийг эвдэн, дахин сэргэ­хээр­гүй болтол сүйтгэж байна. Тэгээд ч зогсохгүй тээврийн зам цагаан зээрийн нүүдлийг тасалж нутгийн амьтад аль хэдийнэ дайжжээ. Замын асуудлыг нутгийн иргэд, шийдвэр гаргах төвшний хүмүүс олон жил ярьж, шаардсан ч хятад компани хөрөнгөө гаргахаар манай талаас таг гацаачихсан гэх тайлбарыг хэлж байсан.

Хөрс эвдэрч, тоосжилт аюулын хэмжээнд хүрээд байгаа 68 км замаас урьтаж 19 дүгээр талбайг Баянхошуу боомттой холбосон 210 км замыг хатуу хучилттай болгох ажил хурдтай явж байсан. Компани 19 дүгээр талбайгаас олборлосон тосоо Бичигтийн боомт руу зөөдөг ч Баянхошуутай холбох болсон нь цаашид Дорнодын хилээр гаргах нь тодорхой байна лээ. Энэ нь харин орон нутагт ямар ч хүртээлгүй бүтээн байгуулалт гэдгийг нутгийнхан шүүмжилсээр байв.

ТУЛГАМДСАН АСУУДАЛ ГАРВАЛ ТУСАЛДАГ ГЭВ

Тосны замд мал дайруулж үхэх тохиолдол нэмэгдэх болжээ. Жолооч нар малчдыг “Тээврийн замаар малаа бэлчээрлүүлсэн нь та нарын буруу” гэж хэлдэг гэнэ.

“Петрочайна дачин тамсаг Монгол 21” компани буюу 21 дүгээр талбайнхны нийгмийн хариуцлагын хувьд орон нутагт оруулсан бүтээн байгуулалт, үр нөлөө байдаггүй гэсэн шүүмжлэл ихээр дагуулдгийг өмнөх дугааруудад онцолсон. Харин компанийн зүгээс орон нутагт тул­гамд­сан асуудал гарвал шийд­вэрлэж, хамтран ажилладаг гэж тайлбарласан юм. Тухайлбал, өнгөрсөн жил Ялалт багт тархины хавдартай гэж оношлогдсон хүүд компанийн ажилчид хандив цуглуулж 10 гаруй сая төгрөг өгчээ.

Газрын тос олборлоход гүний усыг их хэмжээгээр ашиглаж байна. Өнгөрсөн жил гэхэд 19 дүгээр талбай 970 475 шоо метр ус хэрэглэж 1.7 тэрбум төгрөг усны төлбөрт тушаасан бол 21 дүгээр талбайн хувьд 425 185 шоо метр ус хэрэглэж 517 сая төгрөг аймагт тушаасан тухай Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн тэмдэглэн хэлсэн юм. Газрын тосны олборлолтод гүний ус их хэмжээгээр ашиглагдаж, тэр хэрээр төлбөр төлдөг ч гэсэн газрын гүндээ хэр хэмжээгээр багасч байгааг тооцох шаардлага байгаль орчны талаасаа зайлшгүй байх ёстой ажээ. Байгаль хамгаалагчид олборлолтын талбайд гүний усны хяналтын цооног хийх талаар удаан хөөцөлдсөний эцэст энэ жилээс ажлыг эхлүүлэхээр болсон гэнэ. Түүнчлэн газрын 2000-3000 метрийн гүнээс тос олборлоход олон төрлийн химийн бодис ашигладаг юм байна. Үүнээс үүдсэн болон үйлдвэрлэл, ахуйн хог хаягдал булж, шатаах, зөөвөрлөх явцад байгаль орчинд хор хөнөөл учруулах явдал ч байдаг ажээ.

19 ДҮГЭЭР ТАЛБАЙД 370 ГАРУЙ ДОНКЕ АЖИЛЛАЖ БАЙНА

21 дүгээр талбай дээр багагүй хугацаанд саатаж, 19 дүгээр талбай руу хөдөллөө. Энэ хоёр байгууламж хоорондоо 150 орчим км зайтай бөгөөд 19 дүгээр талбай Матад сумын нутагт оршдог ажээ. Дорнодын талаар хоёр өдөр хэртэй ийнхүү явахад зээрийн сүрэг харагдахгүй л байлаа.

19 дүгээр талбай хуучин 7764 км.кв нутаг дэвсгэрт хайгуул хийснээс 650 км.кв-д олборлолт явуулдаг юм байна. Тос соруулагч цооног буюу донке тус талбайд 370 гаруй байна. Хайгуулын үед 600 гаруй цооног байжээ. Нөөц нь 179.1 сая тонн бөгөөд ашиглалтын баталгаат тосны нөөц нь 21.2 сая тонн гэнэ. Энэ талбайд 2005 оноос хайгуул хийж эхэлсэн үеэс олборлолт их бага хэмжээгээр явагддаг байсныг орон нутгийн удирдлагууд хэлсэн. Өнгөрсөн жил тус талбайгаас 2.8 сая баррель буюу 374.3 мянган тонн тос олборлож, 631.4 мянган тонныг экспортод гаргасан тоон мэдээллийг байгаль орчны байцаагч өгсөн юм.

19 дүгээр талбайгаас Бичигтийн боомт хүртэл 140 гаруй км. Матад, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумыг дамнасан Дорнод Монголын дархан цаазат газрын хилийн заагаар энэ зам өнгөрч байна. Замын тал нь Матад сумынх, тал нь Сүхбаатарын Эрдэнэцагааны нутагт хамаарна. Хайрган зам хэдий ч тосны жолооч нар сайжруулсан замаараа бас л явдаггүй ажээ. Сайжруулсан зам эвдэрч, энхэл донхол болсноос тосны машинууд эрүүл хөрсөн дээгүүр олон салаа зам гаргасаар зам дагуу цөлжилт бий болжээ. Дархан цаазат газар нутаг учраас хөрс нь бас эмзэг юм. Тийм хэсгээр явсан тосны машины мөр хагас метр орчим гүн орж, хар хөрс нь тэр чигтээ эргэжээ. Хэрэв газар амьтайсан бол яаж шаналдаг бол гэмээр. Тоосжилт ч ялгаагүй, цуваа явж өнгөрөхөд тэнгэр баганадан босох ажээ.

ХЯТАД ЖОЛООЧ НАР ЧОНЫН ШАГАЙ, СОЁОГ ТҮҮГЭЭД ДУУСЧ БАЙНА

Хятад жолооч нар талын чонын шагай, соёог нутгийн иргэдээс авч хилээр гаргадаг юм байна. Үүнээс болж талын чоно эрс цөөрчээ.

Тосны машин байсхээд л хэд, хэдээрээ өнгөрнө. Голдуу хятад жолоочтой. Тэд нутгийн иргэдээс ховордсон амьтдын эд эрхтэнийг ихээр худалдаж авч, хилээр авч гардаг юм байна. Хил дээр хяналт, шалгалт бараг байдаггүйсэн үү, талын чонын шагай, соёо, зээрийн эд эрхтэнийг байнга худалдаж авсаар Матадад талын чоно эрс ховордсоныг сумын байгаль орчны байцаагч Ш.Өлзийдүүрэн ярив. Тэрээр 19 дүгээр талбайн кэмпийн ойролцоо шагай, соёо, арьсыг нь аваад хаясан чоно, зээрийн сэг олноор байхыг өнгөрсөн жил очиж шалгажээ. Тэрээр хэргийг талаар цагдаа нарт хандаж шалгуулсан ч эзэн холбогдогчгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон байна. Тосны зам дагуу гардаг зөрчил ингээд зогсохгүй. Дорнод Монголын дархан цаазат газраар өвс бэлчээр сайтай учраас Матадын болон Эрдэнэцагааны малчид зам дагуу нутагладаг юм байна. Тэд өвс хадлангаа авахад тоос ихтэй байдгаас гадна тосны машинд мал нь дайруулж үхэх тохиолдол гарах болж, энэ жил гэхэд зургаа, долоон мал тосны машинд дайруулжээ. Жолооч нар нь “Газрын тосны тээврийн замд малаа бэлчээсэн нь та нарын буруу” гэж малчдын амыг тагладаг байна. 

Үргэлжлэл бий...

Зууны мэдээ
Б.Энхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • N 2015-10-22 11:00:05
    halh golihon min btgi buuj ogorei ta hdin talas iluu ni gazar shorogo nutaga ashigluulahgui l gvl ashiglulahgui gazar deeree ochood hevteed bj bai.
    203.91.118.210
    Мэдэгдсэн Хариулах
  • N 2015-10-22 03:48:10
    nadah olziduren bs nhor n huchin zasag n bsn harantsetseg hural bsn enhmaa tomrbatar gh matdin naad hd chn 5tog l bdj bga mn huni oodoos ch ym helj chadhgu uls
    203.91.119.99
    Мэдэгдсэн Хариулах