“Ногоон хэрэм” төслийнхний тарьсан модны 90 хувь нь ургажээ

Солонгос-Монголын хамтарсан “Ногоон хэрэм” төслийнхөн Төв аймгийн Баянхангай, Лүн суманд очлоо.  Хотын төвөөс 100-гаадхан км-т байх энэ л суманд цөлжилт эрчимтэй явагдаж байгаа газар нутагт ордог юм байна. Одоогоор манай улсын газар нутгийн 72 хувь нь цөлжсөн гэсэн судалгаа бий. Үүний 23 хувь нь хүчтэй цөлжсөн зэрэглэлд багтаж байгаа юм. Далай тэнгисээс хол хуурайшилт ихтэй бүс нутагт байдаг учраас манай улс цөлжилтөд өртөхдөө амархан байдаг ажээ. Мөн Азидаа цөлжилтийн хэмжээгээр эхний тавд багтаж буй юм. Тиймээс энэ тоог багасгахад хам­гийн эхлээд мод тарьж, ойн зурвас байгуулах нь зүйтэй гэдгийг олон эрдэмтэн судлаач хэлдэг.    “Ногоон хэрэм” төслийнхөн Өмнөговь аймгийн Даланзадгад суманд заган ой, Төв аймгийн Баянхангай, Лүнд ойн зурвас байгуулахаар ажлаа хэрэгжүүлж байна. 2007 оноос тарьсан тэдний мод 90 гаруй хувийн ургалттай байгаа юм байна.  Төслийнхөн тарьсан моддоо эргэж, мөн нэмж  мод тарих зорилготой тухайн газруудыг зорьсон юм. Тэд  Төв аймгийн Баянхангай сумын ойжуулалтын талбайд 200 гаруй мод тарьлаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, БНСУ-ын Үндэсний ассамблейн “Мод тарьдаг хүмүүс” бүлгэм, БОНХЯ-ныхан гээд 100 гаруй хүн оролцсон юм.  Тус сумын ойжуулалтын талбай хоёр га газрыг эзлэх бөгөөд 1000 гаруй чацарганын мод ургаж байна. Гурван жилийн дараагаас үр жимсээ өгч, тус сумын чацарганын хэрэглээг хангах юм. Одоогоор арчилгаа усалгаа гээд бүх зүйлийг төслийн зүгээс хариуцан ажиллаж байна. Харин үр жимсээ өгөөд эхлэхээр нь сумын захиргааны мэдэлд шилжүүлэх юм.  Мод тарихаар очсон хүмүүс тэнд 200 орчим бортоготой улиас тарьлаа. 1000 гаруй чацарганын моддыг тойруулан  хаших маягаар ийнхүү моддыг тарьсан юм.     Баянхангай сумын Засаг дарга У.Цолмон “ Энэхүү хоёр гад тарьсан чацарганын моддоос үр жимсийг нь авна гээд                      манай сумынхан сэтгэл өндөр байна. Мод тарих, хашаа барих, арчлах гээд бүх л зүйлд нь бид тусалж байна.  Мөн сумынхаа төв дээр ногоон төгөл байгуулан 800 гаруй мод тарьлаа. Энэхүү ажилд усалгааны систем маш чухал гэдгийг ойлгож байна” хэмээв.   Баянхангай сум 13 мянган га газартай. Түүний 7000 гаруй нь цөлжсөн гэсэн судалгаа байна.   Тиймээс энэ асуудалд санаа тавьж ажиллана гэдгээ Засаг дарга нь илэрхийлж байлаа.  УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд энэ төслийн хүрээнд хоёр дахь удаагаа ирж мод тарьж байгаа юм. Өнгөрсөн жил Лүн суман дээр ирж мод тарьсан бөгөөд тэр нь их сайн ургасан байжээ.  Тэрээр “Монголын газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжжээ.  Тиймээс 2.7 сая хүн нэг нэг мод тариад түүнийгээ арчлаад ургуулчихвал асуудал шийдэгдэх юм байна. Надад ийм бодол төрж байна” хэмээн тэнд гурван мод суулгалаа.

“Ногоон хэрэм” төсөл нь Солонгосын Засгийн газраас санхүүждэг. Жилд нэг сая ам.долларыг ойн зурвас байгуулж цөлжилттэй тэмцэх ажилд зориулж байгаа юм. Бид Баянхангай суманд 100 гаруй мод тарин цааш, Лүн сум руу хөдөллөө. Тэнд 2007 оноос хойшх төслийн үр дүнг харж болно. Замаар явахдаа анзаардаггүй л болохоос замын хажуугаар тарьсан нялх модод нь ногоорч харагдана. 20 гаруй га газрыг хамран ойн зурвас байгуулах ажлыг хэрэгжүүлж байна. Лүн сумын төвөөс цааш 4-5 км-т байх ойжуулалтын байрт төслийн мэргэжилтэн, менежер, ойн арчилгаа усалгааны багийнхан амьдардаг байна.  2007 онд тарьсан зарим улиас, бургас нь 2-3 метр ургажээ.

Нарс гацуур , хайлаас жигд гээд 20 гаруй төрлийн мод тарьснаас хамгийн сайн тохирон ургаж байгаа нь хайлаас юм байна.  Энэ мод нь ганд тэсвэртэй гэлээ.  Төслийн хүрээнд энэ суманд энэ жил 60 гаруй мянган мод тарьжээ.   Нутгийн мал орохоос сэргийлэн ойжуулалтын талбайг хашсан байна. Гэсэн ч энэ моддын хамгийн том дайсан нь туулай юм байна. Туулай нялх моддын үндсийг нь хүртэл идчихээд байдаг ажээ. Төслийн зөвлөх Б.Даваасүрэн “ Би Даланзадгадад заган ойд ажиллаж байгаад жил гаруйн өмнө энд ирлээ. Лүн сумын хөрсөн үрслүүлсэн модод л энэ сумын хөрсөнд сайн ургаад байдаг юм байна. 10 жилийн дараа энд ямар сайхан газар болох нь та бүхэнд харагдаж байгаа биз” хэмээнэ. Нээрээ л тэнд хамгаалж, арчилж, ургуулж чадаж байгаа учраас модод нь сайхан ургаж байна.  Ийнхүү Монголын хамгийн их цөлжилттэй газарт тооцогддог Төв аймгийн Лүн,Баянхангай сумдад хэрэгжиж буй ойн зурвас байгуулах ажил амжилттай хэрэгжиж буй юм. Өөрсдийн нь мөнгөөр хэрэгжиж  байгаа төслийн ажилтай тарилцаж, тарьсан модод нь сайн ургаж байгааг харсан БНСУ-ын БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүд ч сэтгэл өндөр буцлаа.

Т.БАТСАЙХАН
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.