Нийтийн тээврийнхнийг тойрсон түм буман асуудал шийдлээ хүлээсээр
Нийслэл хотын нийтийн тээврийнхэнд амар түвшин ажлаа хийж, иргэддээ ая тухтай үйлчилгээ хүргэх боломж байна уу.Ажилчид нь удирдлагуудаа эсэргүүцэн ажил хаяна. Эсвэл удирдлагууд нь Нийслэлийн дарга нараа эсэргүүцэн гомдоллоно. Бүр болохгүй бол элдэв хэвлэлийн хурал зохион байгуулж, хөл дээрээ тогтох гэж ядаж буй салбараа элгээр нь мөлхүүлчих гээд л...Ороо бусгаа цагийн өнгийг ёстой нэг харуулж байна аа.  

Харин нөгөө талд Нийтийн тээврийг шинэчлэх их үйлсийг өмнөө тавьсан Нийслэл хотын удирдлагууд хийгээд  тэдний шийдвэрийг ажил болгон гүйцэтгэж буй “Улаанбаатар смарт компани”-ийн дутуу дулимаг ажил, автобус компаниудын хоорондын санхүүтэй холбоотой асуудал одоо ч бүрэн шийдэгдээгүй байна. 
Гэтэл Оюутнууд суулт зарлаж, автобусаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхээ эдлэхээр улайрч буй.

Дээрээс нь Нийтийн тээврийг “ухаалаг” болгох ажлын хүрээнд хийгдэх парк шинэчлэлтэй холбоотой асуудал “даарин дээр давс” гэгчээр бас л асуудал болон хөндөгдлөө. 

Ийнхүү нийтийн тээврийнхнийг тойрсон олон асуудлууд шийдлээ хүлээн шил шилээ даран буй.

Улаанбаатар смарт карт болон Автобус компаниудын асуудал маргааш шийдэгдэнэ 
Хувийн автобус компаниуд энэ сарын 9,10-нд  цалин хөлсөө авч чадахгүй, нийгмийн даатгал одоог хүртэл төлөгдөөгүй хэмээн ажил хаялт зарлаж, иргэдийг явгалсан билээ. Уул нь нийслэлийн удирдлагууд “нийтийн тээврийнхэн ухаалаг системд шилжсэнээр алдагдал багасаж, ажилчдын цалин хөлсийг өгөхөд асуудал үүсэхгүй” хэмээн ам тангараг өгөх нь холгүй байж уг үйлчилгээг нэвтрүүлсэн. Гэсэн ч нийтийн тээврийнхний энэ байдал засраагүй.Нийслэлийн удирдлагуудын үүрэг даалгаврыг биелүүлэгч хэмээн өөрсдийгөө нэрлэдэг “Улаанбаатар смарт компани”-ийнхан ч орлого зарлагаа тооцож чадаагүй.“Улаанбаатар смарт компани”-ийнхан орлого зарлагаа хэрхэн тооцох талаар мэдээлэхдээ олсон орлогоо тэнцүү хуваарилсан хэмээн мэдэгдэж байсан. Уул нь тэнцүү хуваарилах бус автобусаар үйлчлүүлсэн хүмүүс хийгээд рейс бүрээр нь бодож хуваарилах ёстой ч орлого хуваарилахдаа алдаа мадаг гаргасан нь үүгээр батлагдаж буй. иймээс эл асуудлыг шийдэхийн тулд Нийслэлийн удирдах зөвлөл хуралдаж, Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөр ахлуулсан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтарсан ажлын хэсэг гаргаж, ажил хаясан компаниудад шалгалт оруулахаар болсон билээ. Эл асуудлыг хэрхэн зохицуулж шийдвэрлэж буй талаар эх сурвалжаас тодруулахад, Нийслэлийн пүрэв гарагийн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэнэ. Одоогоор  тодорхой шийдвэр гараагүй байна гэдгийг хэллээ. Харин нийтийн тээврийнхний цагийн тариф хийгээд оюутнуудын зорчих картны асуудлыг шийдвэр гаргагчдын түвшинд авч хэлэлцэж байгаа гэдгийг дуулгасан юм. 

Оюутнууд хариулт нэхсээр
Улс орны ирээдүй болсон оюутан суралцагчдаа дэмжих, амжилттай суралцах боломж нөхцөлөөр хангах зорилгоор 1995 оноос нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ очих, буцахад дэмжлэг үзүүлж ирсэн билээ. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахдаа төрийн ачааллыг бууруулах иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор салбарын төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж ирсэн байна. Монголын оюутны холбооноос мэдэгдэж буйгаар, 
“Боловсролын тухай хуулийн 43-ийн 43.2.5, Автотээврийн тухай хуулийн 12-ийн 12.2 дугаар заалтыг үндэслэн НИТХ-ын 6/51 дугаар тогтоолын хавсралт “Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ зайлшгүй явах шаардлагатай сурагч, оюутныг тээвэрлэх журам”-ыг батлан өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэнэ.
Гэтэл Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл нь оюутан суралцагчдыг хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжгүй болгож дээрх хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчин нийтийн тээврийн шинэчлэл нэрийн дор олон мянган оюутнуудыг хохироолоо” хэмээн үзэж байгаа аж. Иймээс тэд автобусаар үнэ төлбөргүй зорчихыг хүсэж буй юм. Мөн нийслэлийн удирдлагуудыг хууль зөрчиж, НИТХ-аасаа давсан шийдвэр гаргасан хэмээн үзэж байгаа хэмээн МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр ярьж байна..

Үүнтэй холбоотойгоор өчигдөр гэхэд НЗДТГ-ын А танхимд Ухаалаг Улаанбаатар хөгжлийн хороо, Төсөв санхүү эдийн засгийн хуралдаан хийхээ мэдэгдэж, сэтгүүлчдэд нээлттэй хэмээн зарлаж байсан. Гэвч яг эхлэхийн өмнө уг хуралдаан сэтгүүлчдэд хаалттай гэдгийг мэдэгдсэн юм. Хуралдаанаар Их дээд сургууль, мэргэжлийн коллеж, сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутан нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам, Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжийн үйл ажиллагааны зардлыг батлах тухай, Нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф батлах тухай асуудлуудыг хэлэлцэх байв. 

Иймээс оюутнууд шийдэл нэхсээр суултаа үргэлжлүүлсээр байна.


Парк шинэчлэлийн тендерийг “Экологбус” ХХК хууль бусаар авсан уу
Нийтийн тээврийнхнийг тойрсон бас нэг асуудал хөндөгдсөн нь парк шинэчлэлтэй холбоотой асуудал юм. 
Хувийн хэвшлийн 11 автобус компанийн нэгдэл “Улаанбаатар автобус нэгтгэл”-ээс Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн асуудал хууль бусаар явагдсан хэмээн мэдэгдлээ.
 
Өнгөрсөн жил Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Парк шинэчлэлт хийх тухай” А/670 дугаар захирамж гаргасан. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн 2014.5.9-ний өдрийн 06 дугаар хуралдааны шийдвэр дагуу нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зориулан угсраа автобус 40 хүртэл, их багтаамжийн автобус 120 хүртэл, дунд багтаамжийн автобус 40 хүртэл ширхгийг урьдчилгаа төлбөр төлөх нөхцөлтэйгөөр худалдан авахаар болсон байдаг аж.
 
Энэ тухай “Улаанбаатар автобус нэгтгэл”-ийн Ашиглалтын албаны дарга Э.Бат-Оргил “Мөнгийг нь “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан”-гаас гаргаж, шаардлагатай техникийн нөхцөл, бичиг баримт боловсруулахыг нийслэлийн Тээврийн газарт даатгасан.Харин “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөс тодорхой хэмжээний урьдчилгаа төлбөр төлж, үлдэгдэл төлбөрийг автобус авсан аж ахуйн нэгж, байгууллагуудаар эргэн төлөгдөх нөхцөлтэй худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгасан юм.Ингээд тендер зарлаж “Экологбус” ХХК, “Монгол Хьюндэй” компаниуд оролцсон.Гэвч Экологбус ХХК шаардлага хангахгүй гэсэн шалтгаанаар материалыг нь буцаасан.“Монгол Хьюндэй” компани, “Экологбус” ХХК-ийн тэгш бус, хууль бус үйлдлийнх нь төлөө шүүхэд нэхэмжлэл гаргаж, тэд шүүхэд очоод эвлэрлийн гэрээ байгуулсан юм билээ.Гэтэл араар нь “Экологбус” ХХК Нийслэлийн тээврийн газартай их багтаамжийн автобус нийлүүлэх гэрээ байгуулан тендергүйгээр өөрсдийн угсарсан автобусаа шахах гэж байсан нь илэрсэн” хэмээсэн юм.

Мөн БНХАУ, Солонгосын 45-80 мянган ам.долларын үнэтэйгээр орж ирдэг автобусуудыг 135 мянган ам.доллараар нийслэлд нийлүүлэхээр болсон ажээ.Гэрээндээ автобусаа энэ сарын 24-ний дотор нийлүүлэхээр тусгаж, эхний ээлжид 20 автобус нийлүүлэхээр гэрээнд заасан байна.

Энэ талаар Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга О.Түшигээс тодруулахад “Эл асуудалд манайхаас тайлбар өгөхгүй. Э.Бат-Үүл дарга өөрөө тайлбар өгнө” гэсэн хэмээх хариултыг өглөө. 

Ийнхүү нийтийн тээврийн тойрсон тум буман асуудал шийдлээ хүлээж, хариулт нэхсээр байна. 
Г.Уянга
olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • УБСКК 2015-10-22 01:20:27
    Мөнгийг системээс гарсан тооцооны дагуу машин цагаар олгодог анхнаасаа тэгж олгож байсан. Тэрнээс тэнцүү хуваагаад өгдөг тийм цэцэрлэгийн юм гэж юу байхав дээ
    103.14.36.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Г.Уянга. 2015-10-21 03:37:08
    БНСУ ын автобус манай нөхцөлд бүрэн тохироно гэсэн 100%баталгаа өгч чадах уу?
    172.56.12.203
    Мэдэгдсэн Хариулах