Авто замын тухай хуулийн төсөл боловсруулна
Авто замын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжээд хуулийн төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа. Авто замын тухай хууль 1998 онд батлагдаж, өнгөрсөн хугацаанд 8 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ. Энэ хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн өөрчлөлт орж, уг хуулийг одоогийн байгаагаар дагаж мөрдөхөд дутагдалтай, зохицуулалт нь хуучирсан, хуулиар зохицуулах харилцаанд өөрчлөлт орохоор байгаа тул хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинээр томъёолох шаардлагатай болжээ.

Манай улсын нийт ачаа эргэлтийн 65, зорчигч тээвэрлэлтийн 98.8 хувь нь авто замын тээврээр гүйцэтгэгдэж байна. Ачаа, зорчигч тээвэрлэлтийн үр ашигтай, аюул осолгүй, найдвартай, тогтвортой үйл ажиллагааг хангахад авто замын дэд бүтцийн сүлжээний чанар, стандарт, бүтэц чухал үүрэг гүйцэтгэх юм.

Монгол Улс нийт 49179.4 км авто замын сүлжээтэйгээс 12652.4 км нь олон улс, улсын чанартай авто замын сүлжээ юм. Олон улс, улсын чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын урт 2010 онд 2442.6 км байсан бол 2015 онд 5354.57 км болж өсчээ.

Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд авто замын салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх төрийн бодлогын хэрэгжилтийг хангах, олон улс, бүс нутгийн авто замын коридоруудыг хөгжүүлэх, бусад салбарын хөгжлийг хангах үр ашигтай, найдвартай, хүрээлэн буй орчинд ээлтэй, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан, тогтвортой авто замын дэд бүтцийг хөгжүүлэх, авто замын сүлжээний ашиглалтын хэвийн нөхцөлийг бүрэн хангахад одоо байгаа хууль, эрх зүйн орчныг боловсронгуй, тодорхой, ойлгомжтой болгох шаардлага гарч байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.