З.Баянсэлэнгэ: Өршөөлийн хуулийг хаврын чуулганаар батлах хэрэгтэй

Ярилцах цаг” булангийн зочноор УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг урилаа.

-Иргэдийн шүүмжлэл Эдийн засгийн өршөөлийн тухай хууль руу чиглэж байна. Иргэдэд хүртээлгүй бизнесийнхний эрх ашгийг л хангах нь гэж байгааг та юу гэж үзэж байна?

-Энэ асуудлаар гишүүний байр суурь гэхээс илүү өөрийн бодлыг л хэлье. Нөгөөтэйгүүр, Их хурлаас баталж байгаа хуулиуд хүний эрхийг хэр хангаж байна вэ гэдэг талаас анхаарч, энэ чиглэлээр дуугарч ирсний хувьд миний  харж байгаа өнцөг  өөр байж магадгүй. Миний ойлгож байгаагаар Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хууль жирийн иргэдэд ээлтэй биш. Иргэдийн аж амьдралыг дээшлүүлнэ гэж харахгүй байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж, компаниудад нэг удаа  боломж олгож, тэдний мөнгийг төсөвт татаж оруулах гэсэн үндсэн санаа явж байгаа. Үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдэд боломж олгох гэж нийтэд нь хавтгайруулан ярьж байгаа боловч тэр нь Чингэлтэйн эцсийн буудалд худгаас ус зөөж айлуудад тараагаад, эсвэл ундааны сав түүж  олсон орлогоороо  амь зуудаг Гончиг, Дулмаа нарын амьдралд тусахгүй. Тийм учраас би  хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа.  УИХ-д орж ирж байгаа аливаа асуудлууд дандаа дунджаас дээш амьдралтай хэсгийнх­ний боломж, нөхцлийг сайжруулах чиглэлд байгаад ядарсан иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхүйц, хувиа­раа үйлдвэрлэл эрхлэх боломжийг олгохуйц, барьцаа хөрөнгөгүйн улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа хүмүүст боломж олгох асуудлууд орхигддог. Өөрөөр хэлбэл, нийг­мийн доод давхаргынхны амьдралыг харсан дорвитой, бодлогын хэмжээний асуудлууд орж ирдэггүй. Том утгаар авч үзвэл, үндэсний үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгж, компани, томоохон бүтээн байгуулалт хийж байгаа хувийн хэвш­лийнхэн  улс орны хөгжил, нийгмийн амьдралд нэмэр болж байгаа юу гэвэл, мэдээж байгаа. Гэхдээ улс орны хөгжил, нийгмийн амьдрал бүх иргэдийн асуудал учраас  нэг хэсгийг нь дэмжээд, нөгөөг нь орхигдуулж ялгаварлаж  болохгүй.

-УИХ дахь танай намын бүлэг  энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

-Манай бүлэг дээр  энэ талаар ярьж, байр сууриа илэрхийлдэг гишүүн цөөнгүй бий. Засгийн газрын гишүүн, сайд нар танхимынхаа хуралдаанд өөрийн болон бүлгийнх байр суурь, намынхаа бодлого, мөрийн хөтөлбөрийг  хэлж, саналаа өгч байгаа нь ойлгомжтой. Гэвч, кабинетын зарчим  гэдэг утгаар Их хурал дээр орж ирээд  тэр болгон хувийн үзэл бодол, байр сууриа илэрхийлж чаддаггүй тал бий. Тэр нь магадгүй нийгэмд шударга ёсыг тогтооё гэж гарч ирсэн “Шударга ёс” эвслээс их зүйлийг харж, хүлээж байгаа иргэд, сонгогчдын маань хувьд санаанд нь хүрэхгүй байхыг үгүйсгэхгүй.  Мөн олонхийг  бүрдүүлж байгаа  бидний дуу хоолой ард түмэнд төдийлөн хүрэхгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр  тэр бүр гарахгүй   байгаа тал бий.  Мэдээж бид ард түмний амьдралыг сайжруулахын төлөө үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, түүний төлөө зорьж ажиллаж байна. Гэхдээ би түрүүнд хэлсэн, манай нам олонхийг бүрдүүлж байгаа нэг хэсэг,  бодлого  шийдвэрүүд Их хурал, Засгийн газрын төвшинд  гардаг. Ийм учраас бид  яг тодорхой зүйлүүд хийчихэж чадахгүй байгаа нь харамсалтай.

-Өршөөлийн хуулийг нэгдсэн  байдлаар  ярьж байгаа. Хуулийн нэг хэсэг  шоронжсон нийгмийг өөрчлөх бодлого хэр хэрэгжих бол. Гэр бүлээ тэжээх өрхийн тэргүүн, өндөр настай ээж, ааваа өргөж тэтгэх хэн нэгэн, ээж, ааваа хүлээгээд сууцгааж байгаа бүлтгэр хүүхдүүдийн элгийг ирэх наадмаас өмнө дэвтээж чадах болов уу?

-Манай намын гишүүдээс  Өршөөлийн хуулийг анх санаачилсан юм. Тухайн үед намын дарга Н.Энхбаярыг хоригдож байсантай холбогдуулан, даргыгаа гаргах гэсэн гишүүдийн хуулийн төсөл гэдэг өнцгөөс харж, ийм нэр хаяг зүүж маш их хардалт үүссэн. Иймээс   бид Их хурал дахь бусад намын гишүүдтэй хамтран хуулийн төслөө боловсруулсан. Өнөөдөр энэ хуулийг сүүлийн үед яриад байгаа эдийн засгийн өршөөлийн хуулиас илүү маш ихээр хүсэн хүлээж байгаа хүмүүс бол амьдралын баталгаажих төвшнөөс доогуур хэсгийнхэн, анх удаа гэмт хэрэг хийсэн болон санамсаргүй байдлаар  алдаж эндсэн залуусын ар гэрийнхэн байгаа юм. Тийм ч учраас  шинэ жилийн үеэр  хууль батлагдчих болов уу гэж хүлээсэн. Дараа нь Цагаан сарын өмнөхөн хууль батлагдаж, хэрэгжих болов уу гэсэн хүлээлттэй байсан. Одоо бол наадмаас өмнө Өршөөлийн хууль гарчих болов уу гэж хүлээж харж байх шиг байна. Энэ хуулиар эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг  гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлэхгүй. Мөн авлига, хээл хахуулын хэрэгт өршөөл үзүүлэхгүй. Дээр нь хохирлоо бүрэн төлөөгүй хүмүүст өршөөл үзүүлэхгүй байх талаар хуулийн  концепц, гол  үзэл баримтлалд  тусгасан. Тухайн үед Гэмт хэргийн  тухай хууль өөрчлөгдсөнтэй  холбогдуулж, зарим хэрэг Зөрчлийн тухай хууль руу орох учраас сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч зэрэг маш олон хүн шоронгоос суллагдана гээд   хоёр хуулийг хооронд нь барьцалдуулж авч үзэж байсан. Гэвч өнөөдөр тэдгээр хуулийг хооронд барьцалдуулах ямар ч шаардлагагүй гэдэг нь хэлэлцүүлгийн шатанд байгаа Гэмт хэргийн тухай хуулиас харагдаж байгаа. Энэ хууль хаврын чуулганаар батлагдаж  хараахан амжихгүй. Тийм учраас ард түмний хүсэн хүлээж байгаа хуулиудыг бид хаврын чуулганаар амжиж хэлэлцээд батлах нь зүйтэй. Одоогоор Эдийн засгийн өршөөлийн хуультай хамтад нь оруулж хэлэлцүүлье гэсэн санал явж байгаа.  

-Өршөөлийн хуулийн  асуудлаар иргэд гишүүдэд хэрхэн ханддаг бол?

-Би нэг удаа телеви­зийн нэвтрүүлэгт оролцож, шууд утсаар иргэдтэй санал  солилцсон юм. Тэгэхэд  иргэдийн дийлэнх хувь нь Өршөөлийн тухай хуулиа хэзээ батлах гэж байна вэ. Энэ хууль өнөөдөр маш их хүлээлттэй байна гэж асууж байсан. Мөн   АТГ гэдэг байгууллага аж ахуй эрхлэгч,  компанийн захирлуудыг агнадаг, тагнадаг, чагнадаг, тэр хүмүүсийг шалгадаг байгууллага боллоо. Ард түмнээс, ялангуяа бизнес эрхэлж байгаа улс төрчид, өндөр албан тушаалтнуудын ар гэр, ах дүү, амраг саданг хоморголон шалгадаг, тэдэнтэй холбогдуулж эрүү үүсгэдэг байдал газар авч, айдас түгшүүртэй боллоо.  Түүнчлэн саяхан шоронд хүний амь хүртэл хохирлоо гэсэн асуудлуудыг иргэд  тавьж байсан. Тиймээс иргэдийн хэлээд байгаа олон сар жилээр хүмүүсийг үндэслэлгүйгээр хорьдог, хэрэгт хийдэг, ял тулгадаг  асуудлуудыг эцэслэж нэг мөр болгож шийдэх нэг гарц нь мэдээж Өршөөлийн тухай хууль юм. Энэ хуулиар олон залуучуудад төр хайр ивээлээ үзүүлж, амьдралд нь том  боломж олгож байгаа. Харин тэр хүмүүс  суллагдаж гарч ирээд энэ боломж, итгэлийг алдалгүй ар гэртээ, амьдралдаа, улс орондоо  өөрийн хувь нэмрийг оруулаад  явах нь зүйтэй.

 -Өршөөлийн хуулийг нэг хэсэг нь хүлээж байхад нөгөө нь гэмт хэрэг нэмэгдэнэ гэсэн сөрөг ойлголттой байх шиг?

-Хуулийн төслийг хүмүүс янз бүрээр хэлдэг. Би түрүүнд хэлсэн, эхэндээ Н.Энхбаяр даргатай холбож хардаж байсан. Тэгвэл нөгөө талаас хуулиар далимдуулж олон хэрэгтэн шоронгоос суллагдах нь, тэр хүмүүс дахиад онц ноцтой гэмт хэргүүд хийж нийгэмд айдас жихүүдэс дагуулна гэж ярьж байна. Тэгвэл   онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн тухайд  ялын хэмжээг  тодорхой хэмжээгээр бууруулах заалт орж ирж байгаа болохоос бүхэлд нь хүчингүй болгохгүй.

- Та саяхан  талцлаас татгалзъя, УИХ-ын төвшинд зөвшилцөл байх хэрэгтэй гэж мэдэгдсэн. Яагаад ингэж хэлэх болов?

-Сөрөг хүчин мэдээж тэр байр сууриасаа аливаа асуудалд улстөрөө хийж, шүүмжлэлтэй хандаад явна. Тэгвэл олонхийг бүрдүүлж засаг, төрийг барьж байгаа  АН, ИЗНН болон манай эвслийн зүгээс хийж байгаа ажил ард түмэнд хүрэхүйц, иргэдийн амьдрал дээшлэхүйц зүйлүүд  байгаасай гэдэг үүднээс  тэр үгийг хэлсэн юм. Ер нь манай бүлгийн гишүүд нэлээд эртнээс хэлж байсан шүү дээ. УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулиудад ялгавартай хандлаа, хэлэлцүүлгийн шатанд оруулсангүй, товыг нь тогтоож өгөхгүй байна, аливаа асуудлаар зарим үед олонхийг бүрдүүлж байгаа үед та нар дэмж гэж байна. Зарим асуудалд хүч түрээд явах тохиолдол байна гэх зэрэг маш олон зүйлд бид шүүмжлэлтэй ханддаг. Өнөөдөр УИХ дээр сөрөг хүчин нэгэнт  сөрөг байр сууриас хандаж байгаа бол бид тэрийг нь ойлгох хэрэгтэй. Хийж байгаа аливаа асуудлаа сөрөг хүчиндээ танилцуулдаг, эргээд санал авдаг, зөвшилцдөг, ойлголцдог байх учиртай. Тэр байтугай хамтарч засаг, төр барьж байгаа эвслийн бүлэгтэйгээ ойлголцдог байх ёстой. Тэгэхгүй “Нэгэнт галт тэрэг хөдөлчихсөн, та нар дуугүй суугаад яв”  гэж  команд өгдөг байхыг би хувьдаа эсэргүүцэж байгаа. Өнөөдөр улстөрчид төдийгүй иргэдийн амнаас улс орны эдийн зсаг уналаа, ард түмний амьдрал сөхөрлөө. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдхүүний үнэ өсч, валютын ханшийн хөөрөгдлөөс болж ард түмэнд төдийгүй бизнес эрхлэгчдэд дарамт учирлаа, энэ байдлаас яаж гарах вэ  гэсэн үг гарч байна. Гэхдээ энэ байдлаас гарах гарцаа тодорхойлоход  дэмжлэг, туслалцааг хэн хэндээ өгөхгүй байгаа. Тэгэхээр зөв явж байгааг нь дэмжиж, буруугаа засч залруулаад цаашаа явдаг баймаар  байна шүү дээ. Шүүмжлэл хэлж байгаа болгоныг манай бодлогыг эсэргүүцэж байна гэдэг өнцгөөс  харах биш, бид юун дээр алдаж байна вэ гэдгээ хардаг,засдаг баймаар байна.

-Зарим тохиолдолд засагт хамтарчихаад шүүмжлэл хэлэх нь утгагүй гэсэн  байдлаар асуудал яваад байх шиг? 

-Засаг, төрийг хамтарч барина гэдэг ч бүх зүйл дээр дэмжээд явна гэсэн ойлголт биш. Хэрэв, АН-ынхан тэгж бодож, бүх зүйл дээр биднийг кнопоо дуугүй дараад явна гэвэл үнэхээр  байж болохгүй асуудал. “Шударга ёс” эвсэл ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Бидний гаргасан, боловсруулсан  хуулийн төслүүдэд  ч гэсэн мөрийн хөтөлбөртэй холбоотой асуудлууд бий. Оюутолгойн гэрээний асуудлаар бид шүүмжлэлтэй ханддаг. Энэ гэрээ ард түмний амьдралд өгөөжгүй зүйл болсон уу гэвэл, тийм л байгаа. Улстөрчид  энэ асуудлаар бүгд л байр сууриа илэрхийлдэг Гэхдээ гэрээг засч сайжруулъя гэдэгт нэгдэж ойлголцож чадахгүй яваа. Ашигт малтмалын тухай хууль хэлэлцүүлэгт орж ирж байна. Энэ хуулийн төсөлд бид эвслийнхээ байр сууриас хандана. Өнөөдрийг хүртэл баримталж ирсэн бидний бодлого гэж бий. Бид өөрсдийн саналаа, бүлгийнхээ, эвслийнхээ байр суурийг Ашигт малтмалын тухай хуульд заавал тусгуулахын төлөө ажиллана. Манай эвсэл иргэдээ дундажаас дээш орлоготой болгоё гэсэн амлалт өгсөн. Гэтэл тэр маань биднээс үл хамаарч эдийн засаг унаж, ард түмний амдрал сөхөрч байгаад бид намынхаа мөрийг  хөтөлбөрийг сайн хэрэгжүүлж чадахгүй байна. Эвслийн 11 гишүүн 10 болсон. Гэхдээ бид чамлахааргүй зүтгэж, ажиллаж байгаа.

-Эцэст нь нэг асуулт байна. Танай намын удирдах ажилтнууд зөвлөлдөж, удирдамж гаргасан гэсэн. Ямар асуудлуудыг гишүүддээ үүрэг болгосон бэ?

-Манай намын төлөвлөсөн ажлын нэг   удирдах ажилтны зөвлөгөөн өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Зөвлөгөөнийг өргөтгөсөн хэлбэрээр Гүйцэтгэх товчооны гишүүдийг оролцуулан Төрийн ордонд зохион байгуулсан. 21 аймаг, есөн дүүргийн намын хорооны дарга нарыг мөн оролцуулсан. Намын хорооны дарга нар УИХ-ын гишүүд, сайд нараасаа  мэдээлэл сонсч, ялангуяа намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар харилцан санал солилцож,  нэлээд шүүмжлэлтэй чангахан хурал болж өндөрлөсөн. Зөвлөгөөний үеэр намын удирдах ажилтны сургалт, семинарыг бас  явуулж, тайланг сонсч  хэлэлцүүлэг хийсэн. Зөвлөгөөнөөс нэлээд хатуу байр суурийг илэрхийлсэн уриалга гаргасан. Уриалгад  2012 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн  мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тууш­тай арга хэмжээ авах, стратегийн ач хол­бог­дол бүхий орд газрыг ашиглахтай холбоотой намын байр суурийг илэрхийлэх, хэрэгжүүлэхэд анхаарахыг үүрэг болгосон. Мөн  өрийн удирдлагын хө­рөнгө оруулалтын бод­лого, улс төрийн намын болон сонгуулийн тухай хууль, Өршөөлийн хууль, татварын  шинэчлэлийн асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийн ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд нийцүүлж холбогдох хуулиудыг санаачлан идэвхитэй ажиллахыг  анхааруулсан. Түүнчлэн ардчилсан нийгэмд улстөрийн хэлмэгдүүлэлт байж болохгүй асуудал, гэтэл өнөөдөр хэлмэгдүүлэлт хэрээс хэтэрч, тэр нь улстөрийн томилгоо, сонголттой төдийгүй иргэдийн үзэл баримтлалтай холбоотой яваад зогсохгүй хэлмэгдүүлт   бизнесийн орчинд газар авч, тэнд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчидтэй холбоотойгоор даамжрах төлөвтэй байгааг анхаарууллаа. Ийм үед  намын удирдах ажилтны зөвлөгөөнөөс биднийг  энэ асуудалд анхаарч, санаачилгатай ажиллах, хэлмэгдүүлэлтийг зогсооход байр сууриа хатуу илэрхийлэхийг уриаллаа.

-Бас давхар албан тушаал хаших, үнэтэй автомашин тансаг хэрэглээнээс татгалзахыг уриалсан юм уу?

-Энэ талаар ёс суртахууны  санаачилга гаргаж, бусад нам, хүчинд уриалж,шударга ёсыг үлгэрлэн, үлгэр  дууриалал  болж ажиллаач гэж уриалгад онцолсон байгаа. Мөн өнөөдөр эдийн засаг хямарч, ард түмний амьдрал дорой­тож, валютын ханшийн өсөлтөд анхаарал хандуулах чиглэл өгсөн. Аж ахуй нэгжийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байлгах, тэдэнд бизнесийн да­рамт учруулахгүй байх талаар, төрөөс тэдний үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог байдлыг болиулах талаар илүү дорвитой ажил хийхийг тэмдэглэсэн. Намын удирдах ажилтны зөвлөгөөнөөс гаргасан уриалгыг хэрэгжүүлэх талаас, ялангуяа  2012 оны сонгуулийн үр дүнгээр  УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа гишүүдээ санаачилгатай ажиллах байх гэж найдаж байна. Тэр тухайгаа эргээд намын нөхөд, Гүйцэтгэх товчоо, цаашлаад Бага чуулгандаа тайлагнах ёстой. Тэгэхээр бүгд дор бүрдээ хичээн ажиллах нь ойлгомжтой.

Ч.ҮЛ-ОЛДОХ
ЗУУНЫ МЭДЭЭ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батхүү 2014-06-16 06:23:24
    Одоо үед шоронд суулгахдаа гол нь бус улсад мөн хувь хүнд учруулсан мөнгөн хохиролыг бүрэн барагдуулах арга хэмжээ аваад байвал хэрэг хийх хүн цөөрнөө одоогийн энэ хуулийн мөрдөж байгаа арга хэмжээ нь хэсэг хүн амьдрах арга нь болсон нэг хэсэг ажилтану
    • Батхүү 2014-06-16 06:25:11
      Toyta rav -4 ташины зөв талын толь авна утас 93094529