Эдийн засгийн тусгаар тогтнол ба “Bank of China”

Чингисийн талбайн  өмнө “Blue sky” цамхагт “Bank of China” төлөөлөгчийн газраа нээгээд хагас жил болж  байна.

Энэ хугацаанд тус  банкны манай улсын эдийн засагт оруулах нөлөө тодорхойгүй, үйл ажиллагаа нь төдийлөн идэвхитэй бус байв.

Харин өнгөрсөн баасан гаригт тус банкныхан  “Туушин” групптэй зээлийн гэрээ байгуулж, манай улсын гурван ч арилжааны банктай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр улсдаа  хоёрдугаарт ордог “Bank of China” манай уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж, зээлийн бүтээгдэхүүн гаргах болжээ.

Зах зээлийн үнэлгээ нь 540 тэрбум ам.долларт  хүрдэг, дэлхийн 31 оронд салбартай  тус банк манай улсын  санхүүгийн зах зээлд орж  ирвэл юу болох тухай хэвлэлүүд  өнгөрсөн хавар хангалттай  бичиж  байсан юм. Юуны өмнө Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Тус банк төлөөлөгчийн газрыг нээж байгаа нь Монголын эдийн засаг болоод аж ахуйн нэгж, иргэдэд тус дэмээ өгнө. Монголын банк санхүүгийн зах зээлийг “хамгаалах” талаар анхаарч ажиллана” гэж  мэдэгдэж байв. Харин зарим эдийн засагчид  хүчирхэг Хятад  орны энэ банк манай эдийн засгийг тус орноос бүрэн хамааралтай болгоно хэмээх болгоомжилсон  үзэл  бодлоо илэрхийлсэн. БНХАУ бол манай эдийн засгийн салбарын голлох хамтрагч, хамгийн том импортлогч, экспортлогч мөн. Зарим нэг тоо  баримтыг дурдахад л хангалттай. Тухайлбал монгол судлаач Владимир Грайворонский энэ оны эхээр “Монгол: Эрчимтэй хөгжлийн гэрэлт ирээдүй“  хэмээх сонирхолтой нийтлэлдээ “2010-2013 онд Монголын гадаад худалдааны нийт эргэлтэд Оросын эзлэх хувь дунджаар 15-18 байхад Хятадын эзлэх хувь 50 орчим байна. 2012 онд Монголын импортод эзлэх Оросын хувь 27,4, экспортод эзлэх хувь дөнгөж 1,8 байхад Хятадын Монголын экспортод эзлэх хувь 92,6, импортынх нь 27,6 байжээ. Үүнээс гадна Хятад Улс нь Монголын эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалтаараа сүүлийн хэдэн жилийн турш тэргүүлж байна. Монголын эх сурвалжуудын мэдээллээс үзэхэд, 1990-2010 оны хугацаанд Монголын эдийн засагт оруулсан хятадын шууд хөрөнгө оруулалт нь 1,8 тэрбум долларт хүрсэн нь гадаадын нийт хөрөнгө оруулалтын 53 хувь болж байгаа.  Энэ хорин жилийн хугацаанд Монголд Хятадын хөрөнгө оруулалттай 5300 аж ахуйн нэгж байгуулагдсан нь гадаадын хөрөнгө оруулалттай нийт аж ахуйн нэгжийн 50 хувийг эзэлж байна” гэж бичиж байжээ.

Энэ  бүгдээс үзвэл өмнөд хөршийн нөлөө манай эдийн засагт  үнэхээр давамгай оршин байна. Үүнийг бид өдөр тутмын хэрэглээнээсээ л  мэдэрч эхэлдэг. Өөрөөр хэлбэл бид  эдийн засгийн тусгаар тогнолынхоо  хувьд Бээжингээс  хараат байж, манай санхүүгийн зах зээл  тун  эмзэг байдаг гэж хэлж болно. Ийм  үед стратегийн  ач  холбогдол  бүхий  банк, санхүүгийн салбартаа “Bank of China”-г оруулж ирэх нь ирээдүйд үзүүлэх үр нөлөө талаасаа  ямар  байх бол.  Мэдээж “Bank of China” нийт хөрөнгө, өргөн далайцаараа хэмжээгүй том байж таарна. Дэлхийд тэргүүлэгч Хятадын том зах зээлд хоёрт ордог, 1912 оноос хойш үйл ажиллаагаа явуулж байгаа банк манай улсын жижиг зах зээлийг хэдэн мянга нугалсан их хөрөнгөтэй.  Ийм том акул манай уул уурхай,  дэд бүтэц, эрчим хүчний томоохон төслүүдэд л хөрөнгө оруулалт хийж, зээл гаргана , арилжааны бусад банкны үйл ажиллагаанд нөлөөлөхүйц, бусад  жижиг санхүүгийн үйлчилгээ үзүүлэхгүй гэдгээ мэдэгдэж байгаа. Энэ нь манай банк санхүүгийн зах зээл тэдний гарт орохгүй гэсэн үг хэмээн тайлбарлаж буй.  Гэтэл манайд жижиг зээлийн эрэлт  маш  их. Зах зээл маань ч ийм жижиг. Энэ утгаараа “Bank of China”-гаас манай нийт иргэдэд хүртэх ашиг, үр  дүн гэж  бараг байхгүй гэсэн үг. Харин томоохон уул уурхайн компаниудад хөрөнгө оруулалт  хийж, зээл гаргаснаар улсын эдийн засаг тэлэх магадлалтай боловч цаашид үйл ажиллагаа нь хэт их өргөжвөл манай өөрийн арилжааны бан­куудад нөлөөлж Мон­голын эдийн засаг Бээжингээс бүрэн хамаа­ралтай эргэлддэг болохыг үгүйсгэх аргагүй юм.

Дахин онцлоход өдгөө Монголд Хятадын хөрөнгө оруулалттай 5300 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хоёр орны төв банкуудын солилцох валютийн хэмжээ 10 тэрбум юаньд хүрсэн  байдаг аж. Манайд үйл ажиллагаа явуулдаг зургаан компанийн нэг нь өмнөд хөршийн хөрөнгө оруулалттай гэсэн үг. Монгол Улсын эдийн засгийн тусгаар байдлын хувьд  урд  хөрш маань  хамгийн их  нөлөө бүхий  байхад дээрээс  нь стратегийн ач холбогдол  бүхий банкныхаа  салбарт “Bank of China”-д найр тавина гэдэг асуудал  босгож мэдэхээр байна. Газрын хэвлийг ухаж, байгалиа сүйтгэн байж  олсон хэдэн төгрөг маань Монгол Улсдаа  биш харийн банкны хөрөнгийн багахан хэсэг  болон эргэлдээд эхэлбэл харамсалтай байна. Улс  орон тусгаар байхын  нэгэн үндэс болсон эдийн засгийн тусгаар тогтнолоо БНХАУ-ын Засгийн газрын мэдэлд  70 хувь нь  байдаг “Bank of China”-д  алдах вий гэх болгоомжлол илүүдэхгүй боллоо.  Тэд тодорхой  тооны  салбарт л үйлчилгээ үзүүлнэ гээд байгаа ч “Туушин”-гийн томоохон  төсөл  болох “Best western premier” зочид буудлын санхүүжилтэд зээл  олгохоор болчихсон  байх  жишээтэй  байна.


Ө.БАТХҮҮ
ЗУУНЫ МЭДЭЭ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сэтгэгдэл 2014-06-17 00:28:34
    Монголын банкнуудын хүү хэтэрхий өндөр. Өндөр хүүний хойноос хөөцөлдөж байж том өрсөлдөгч оруулж ирлээ дээ. Хятадын банк жилийн арав хүрэхгүй хувийн хүүтэй зээл өгөөд эхлэхэд монголын банкнууд хаалгаа барих нь гарцаагүй.
  • wow 2014-06-16 02:39:15
    Bankaa oruulj bolnoo gehdee mongolchuudiin tolgoini hyreed ajilj chadval shyy dee... kkk bi bol chadah baih l gej bodoj bna. Ene yavdliin daraagiin alhamiigni bid harii... orosiin shyy dee. Ted nar neg youm hiinee...daraani usa bas...japan youm hiine. Har