2015 оны төсвийн тодотголыг дагалдуулан өргөн барьсан хууль, тогтоомжийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.10.16. Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цаг 27 минутад гишүүдийн 51.3 хувийн ирцтэй эхлэв. Улсын Их Хурлын дарга З.Энхболд албан ажлаар БНХАУ-ыг зорьсон тул өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж даргалсан юм.

Хууль, тогтоомжийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуралдааны эхэнд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан энэ оны эхний 8 сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 660.7 тэрбум төгрөгөөр тасарч, хүлээгдэж буй гүйцэтгэлээр 900 гаруй тэрбум төгрөгт хүрэхээр байгаа тул төсвийн орлогыг бодитойгоор төлөвлөх, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулж дахин тооцож төсөвт тусгах зорилгоор эдгээр хуулийн төслийг боловсруулсан байна.

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай зэрэг нийт 11 хууль, Улсын Их Хурлын хоёр тогтоолд өөрчлөлт оруулах төслүүдийг боловсруулжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд болон Засгийн газрын 13 гишүүн оролцлоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Ё.Отгонбаяр, Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар, С.Дэмбэрэл нарын тавьсан асуулт, тодруулгад Монгол Улсын Ерөнхий сайд болон Сангийн сайд, Уул уурхайн сайд хариулт өгсөн юм. Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн хууль, тогтоомжийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын А.Бакей, С.Дэмбэрэл, Н.Алтанхуяг нар үг хэлсэн бол дэмжих боломжгүй гэсэн байр суурьнаас Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Д.Тэрбишдагва нар үг хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж горимын санал гаргасан. Тэрбээр, хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ гэж үзэхэд хэлэлцүүлгийн явцад зарим нэг эргэж харах асуудлууд гарч магадгүй. Иймээс хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлнэ гэдгийг “батлана” гэж битгий ойлгоорой. Заримыг нь дэмжих л байх. Үүнийгээ ойлголцож цааш явах нь зүйтэй гэсэн юм

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа 2015 оны төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хууль, тогтоомжийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 57.4 хувийн саналаар дэмжив. Ингэснээр хууль, тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүллээ.

2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Болор, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нар танилцуулав.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, А.Тлейхан, С.Бямбацогт, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр, Л.Болд, Ё.Отгонбаяр, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан нарын тавьсан асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Сангийн сайд Б.Болор нар хариулт өглөө.

Гишүүдийн зүгээс цалин багасгах асуудлыг ярихаасаа илүүтэй хэрэггүй зардлаа багасгах шаардлагатай. Өмнө нь байсан түвшинг бууруулахгүй байхад анхаарч, төсвийг эрүүлжүүлэх бодлогыг барих хэрэгтэй. Төсөв үр нөлөөтэй, үр ашигтай, зөв зарцуулагдах ёстой гэдэгт өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өгсөн тайлбартаа, сэтгэлгүй ч юмуу эсвэл мөнгөтэй байж мөнгө нэмэхгүй байгаа зүйл байхгүй. Асуудлыг бодит байдлаар оруулж ирж байгаа. Гурван талт хэлэлцээрийн дагуу 90 тэрбум төгрөгөөр цалин нэмээд явах юм бол 2016 оны төсөв дээр дахиад 260 тэрбум төгрөгийн цалингийн шинэ эх үүсвэр бодож олохоос өөр аргагүй болно. Иймд бодит байдалд тулгуурлаж ярих ёстой . Энэ бол нэг хэсэг нь цалин нэмнэ, нөгөө хэсэг нь нэмэхгүй гэсэн маргааны тухай асуудал биш. Энэ асуудлыг гурван талт хэлэлцээр дээр олон дахин ярьсан, ойлголцсон. Иймд бодит байдлыг ярилцаад танай, манай гэхгүй нэг талд нь гарч нэгдсэн байр сууриа нийгэмд өгөх ёстой. Энэ жилийн хувьд байдал үнэхээр хүнд байна.Тэвчиж болох өөр ямар зардал байна түүнийг ярих юм бол хүлээж авья, дэмжье гэж байгаа гэлээ.

Мөн Сангийн сайд Б.Болор, төсвийг эрүүл болгоё, орлогоо бодитой төлөвлөе, алдагдалгүй болгоё гэсэн боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Тодорхой хэмжээнд орж ирж байгаа төсвийг хэлэлцэх явцад эерэг тал руу явуулахад дэмжиж ажиллана гэдгийг хэлсэн юм.

Хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Б.Гарамгайбаатар, Д.Дэмбэрэл нар үг хэлсэн бол дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Ё.Отгонбаяр нар үг хэллээ.

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 73.1 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.