Гаалийн хөнгөлөлттэй тариф хэрэглэх тухай хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы хуралдаанаар эхний асуудлаар Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 70.6 хувийн саналаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. байнгын хороонд шилжүүлэхийг дэмжлээ. 

Харин одоо Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Дэлхийн худалдааны байгууллагын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн XXIV зүйлд гишүүн орнууд эдийн засгийн түншлэлийн болон чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах замаар “хөнгөлөлттэй тариф”-ыг хэрэглэхийг заасан байдаг.  Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан. 
“Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-ийг Монгол Улсын Их Хурал 2015 оны хоёрдугаар сард, Япон Улсын Парламент тавдугаар сард тус тус соёрхон баталсан. Тус хэлэлцээр нь хоёр тал харилцан ноот бичиг солилцсоноор хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Хэлэлцээрийг хэрэгжүүлж эхлэхэд хөнгөлөлттэй тарифын хувь, хэмжээг тохиролцсоны дагуу хэрэглэнэ. Иймд дээрх үндэслэл шаардлагыг харгалзан Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд “хөнгөлөлттэй тариф” хэрэглэх заалт нэмж тусгахаар хуулийн төслийг боловсруулжээ. 

Хуулийн төсөл батлагдсанаар Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хүрээнд аж ахуй нэгжүүд гаалийн албан татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болох юм. Мөн гаалийн тарифын тогтолцоо илүү тодорхой болж бүсийн интегралчлал идэвхжиж байгаа өнөөгийн шаардлагад бүрэн нийцнэ. 

Хөнгөлөлттэй тарифын хэмжээг дагаж мөрдөхийн тулд тухайн барааны гарал үүслийг нотлох зайлшгүй шаардлага гарна. Иймд уг хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлд гаалийн бүрдүүлэлтэд шаардлагатай бичиг баримтад “гарал үүслийг нотлох баримтыг” нэмж оруулах шаардлага үүсэх аж.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.