Үнэ цэнэ хийгээд үнэлэмж
Дайны цагт эр цэргийн энгэрийг одон, сум хоёрын аль нэг нь цоолдог байсан гэж үг бий. Харин энх цагт энэ ойлголтыгхарьцангуй өөрчилж алдар цолыг хөдөлмөр зүтгэл, авьяас чадвараараа хүртдэг болсон юм. Гэвч сүүлийн үед гамгүй магтаал, шагналын даллага хэт хавтгайрчээ.Оюутны ширээнээс дөнгөж салсан “будаг” нь үнэртсэн жүжигчин, дуучин залуус нэгээс хоёр дүр бүтээж, дуулах төдийд л Соёлын тэргүүний ажилтан хэмээх алдрыг энгэртээ зүүдэг болсон нь үүний бэлээхэн жишээ. Шагнал урамшуулал цензуртай байх үед олны сэтгэлд хоногшсон “Өндөр ээж” киноны гол дүр Д.Цэмбэлмаа гуай 80 насыг зооглохдоо дөнгөж л Соёлын тэргүүний ажилтан болж байв.

Кино урлагт туслах, голлох дүр бүтээсээр нэгэн насаа өнгөрөөсөн тэрбээр “Миний өчүүхэн хөдөлмөрийг үнэлсэн төр, зас засагтаа баярлалаа” хэмээн нулимс унагааж байсан нь эзнээ олсон шагнал ямар их үнэ цэнэтэй байдгийг илтгэх мэт. Хамгийн сүүлд телевизийн суваг болон өдөр тутмын сонины нүүрээр “Монгол Улсын шилдэг банк” гэсэн өргөмжлөл байсхийгээд явах болов. Ажаад байх нь ээ тэдгээрийг өнөөх урамшуулал нь хавтгайрсан манайхаас биш гадаадын сэтгүүлээс тодруулсан байх юм. Сонирхолтой байгаа биз. Монголын арилжааны банкуудыг дотоодын бус гадаадын сэтгүүлээс тодруулдаг гэж бодохоор.
 
Учрыг сийрүүлээд үзвэл олон улсын банк санхүүгийн байгууллагад дүн шинжилгээ хийж, өнөөгийн болон ирээдүйг нь цэгнэдэг нэр хүндтэй хэд хэдэн сэтгүүл дэлхийд байдаг юм байна. Тэдгээрээс “The Banker”, “Euromoney”, “Global Finance” гэсэн гурван сэтгүүлийг онцолж болох. Ялгаатай нь, эдгээр сэтгүүл манайд бий болчихоод байгаа академи, ТББ шиг “кассын машин” биш. Харин банк санхүү, эдийн засгийн нөхцөл байдлын талаарх бүс нутгийн болон дэлхийн хэмжээний нөлөөлөлд нь дүн шинжилгээ хийж, хөрөнгө оруулалтын зах зээл, валютын арилжаа зэрэг сэдвийн хүрээнд нийтлэлийн бодлого нь чиглэж одоо ба ирээдүйд гарч болох эерэг сөрөг байдлыг нь тодорхойлдог юм байна. Нэг үгээр хэлбэл, дэлхийн эдийн засаг санхүүгийн “Нэвтэрхий толь” хэмээн олон улсад хүлээн зөвшөөрдөг аж. Байнгын уншигчдын цар хүрээг нь харсан ч дэлхийд нэр хүндтэй “гигант” хэмээн үнэлэгдэх болсон банкерууд, хөрөнгө оруулагчид, эдийн засагчид, санхүүгийн болон аудитын фермерүүд байдаг нь үүний энгийн жишээ.
 
Монголчууд бидний хувьд зах зээлд богино хугацаанд амжилттай шилжиж чадсан байгалийн асар их баялагтай, хөгжиж буй хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой улс. Өөрөөр хэлбэл, эдгээр шалгуур үзүүлэлтээ харуулах ялангуяа хөрөнгө оруулалт, дээрх сэтгүүлийн анхаарлыг татахадбүс нутгийн хамгийн найдвартай шилдэг банк санхүүгийн байгууллага чухал юм.

Ингэхийн тулд тухайн банк санхүүгийн байгууллагын сүүлийн гурваас дөрвөн жилийн хугацаан дахь нийт актив, цэвэр ашиг, санхүүгийн харьцаа, бүтээгдэхүүн үйлчилгээндээ нэвтрүүлсэн шинэ технологи, систем, банкны салбар сүлжээний өргөжилт зэргийг харгалзан үздэг байна. Монголын арилжааны банкууд ч эдгээр дэлхийн төвшний шалгуур үзүүлэлтийг хэдийнэ хангаж чаддаг болсныг сэтгүүлийн редакциас онцлох болжээ. Жишээ нь, “The Banker” сэтгүүлийн “Монгол Улсын шилдэг банк” гэсэн өргөмжлөлийг “Голомт” банк хамгийн олон удаа хүртжээ. Тухайлбал энэ онд GLOBAL FINANCE сэтгүүлээс Голомт банкийг МОНГОЛ УЛСЫН 2015 ОНЫ ШИЛДЭГ БАНК, МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ ЦАХИМ БАНК-аар өргөмжилжээ. Энэхүү шагналыг олгох болсны гол шалтгааныг Монгол Улсын Голомт банк нь дэлхийд алдартай Финакл банкны үндсэн бүртгэлийн системийг амжилттай нэвтрүүлж,  улмаар цахим банкныхаа үйлчилгээг улам бүр түргэн шуурхай, боловсронгуй болгон хөгжүүлж, иргэд харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн үйлчилгээ үзүүлж байгааг онцолсон байна.

Өөрөөр хэлбэл, Монголын арилжааны банкуудыг гаднын сэтгүүлүүд яагаад шилдгээр тодруулдаг, яагаад нэр хүндийн жинлүүр болдгийг эрэлхийлэхэд ийм байна. Одоо шагналын үнэ цэнэ юунд оршдгийг харилцагч та өөрөө болгоох л үлдэж байна.
 
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Бусдад түгээх
  • gplus