Өнгөрч буй долоо хоногийн үйл явдлын тойм
Ш.Түвдэндорж ҮХААн-н сайдаар томилогдлоо

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцлээ.Энэхүү хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад томилох эсэх асуудалд гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн юм. УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс энэ асуудлаар завсарлага авах гэсэн боловч чуулганы хуралдааныг даргалж байсан УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж төлөвлөсөн асуудлыг хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж саналыг нь хүлээж авсангүй.Үүнээс үүдэн нэлээд маргаан дэгдэж “давхар дээл”-ний асуудлыг дахин сөхөж, Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад томилох нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн ч УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд эсэргүүцсээр байлаа.
 
Ийн маргалдсны эцэст Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад томилох байнгын хорооны саналыг дэмжье гэсэн горимын саналаар санал хураасан юм. Уг санал хураалтанд оролцсон нийт 40 гишүүний 36 гишүүн буюу 85 хувь нь зөвшөөрсөн тул Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдаар томиллоо.
 
Чуулганы хуралдааны горим ёсоор дараагийн асуудлуудыг хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс Ш.Түвдэндоржийн санал хураалтыг эсэргүүцэж хэлэлцэх бүх асуудлуудад тав хоногийн завсарлага авах санал гаргасан юм. Гэвч УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу зөвхөн тухайн хэлэлцэхээр зарласан асуудалд л завсарлага авахаар заасан тул Галын аюулгүй байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудалд МАН-ын бүлгээс завсарлага авлаа.
 
Х.Анхбаярт 3,6 жилийн хорих ял оноолоо
 
Төрийн албан хаагчид их хэмжээний хахууль өгч, гадаадаас мөнгө “угааж” Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашигт малтмалын үйл ажиллагаа явуулсан гэх “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, ерөнхий менежер Н.Отгонболд, А.Чандмань, Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан нарыг шүүх хурал өчигдөр эхэлсэн. Хоёр хоног үргэлжилсэн шүүх хурал саяхан шийдвэрээ гаргаж “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаярт 3,6 жилийн ял оноож, ерөнхий менежер Н.Отгонболд, А.Чандмань нарыг гэм буруугүй болохыг нь тогтоожээ. Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайханыг гэм буруутай болохыг нь тогтоосон ч нас барсан учраас хариуцлага тооцох боломжгүй болсон гэж үзжээ.

Х.Анхбаяр нарыг компанийнхаа нэр дээр 2007-2013 онд ашигт малтмалын 45 ширхэг тусгай зөвшөөрлийг худалдаж авсан, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл нь гарчихсан байхад цуцлалгүйгээр бусадтай хуйвалдаж сунгасан хэрэгт буруутгаад байсан юм. Мөн төрийн албан тушаалтнуудтай хуйвалдаж Карибын арлуудад оффшор бүсэд бүртгэлтэй 12 тэрбум төгрөгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирж хайгуулын лицензүүдийг худалдаж авч, “угаасан” болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.
 
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид татвар төлөгчдийн мөнгөөр хөлбөмбөг үзэх гэж байсан нь ил боллоо
 
НИТХ-ын тэргүүлэгчдийн өнгөрсөн сарын 5-ны өдрийн хуралдааны тогтоолоор нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 18 төлөөлөгч Бүгд найрамдах Куба, Бүгд найрамдах Бразил улсын хурлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлахаар болсон байна. 18 хүний бүрэлдэхүүнтэй уг албан томилолтын зардлыг НИТХ-ын гадаад харилцааны зардлаас гаргахыг үүрэгдэн, дарга нь гарын үсгээ зурж баталгаажуулан тамга даржээ. Энэ тухай мэдээлэл олон нийтэд цацагдаж нэлээдгүй шуугиан дэгдээж байна.

Улс орны нийгэм, эдийн засгийн байдал тун хүнд байдалд байгаа энэ үед дэлхийн нөгөө хагас руу энэ олон хүний бүрэлдэхүүнтэй багийг төсвийн мөнгөөр явуулж туршлага судлуулна гэдэг байж болшгүй зүйл хэмээн үзэж буй иргэн олон байна. Түүнчлэн зарим хэсэг нь үүнийг өнгөлөн далдлалт юун туршлага судлах энэ бол хөлбөмбөгийн ДАШТ Бразил улсад зохион байгуулагдах гэж буйтай холбоотой. Эдгээр төлөөлөгчид туршлага судлах нэрийдлээр хөлбөмбөгийн тэмцээн үзэх гэж байна хэмээн хардаж байна. Энэ нь ч үнэний ортой. Манай хэдийн туршлага судлах хоног зургадугаар сарын 12-22-ны өдрүүд.
 
Эрхэм төлөөлөгчдийн туршлага судлах үеэр хөлбөмбөгийн ДАШТ-ний хэсгийн тоглолтууд ид явагдах хуваарьтай байгаа юм. Тиймээс манай төлөөлөгчид үнэхээр туршлага судлах зорилготой байлаа ч тэдэнд анхаарал хандуулж ажил хэрэг ярих хүн Бразилд байхгүй л болов уу. Хөлбөмбөгийн эх орон гэгдээд байгаа тус улсын ард иргэд албан тушаалтнууд энэхүү тэмцээнд бүтэн долоон жил бэлтгэж хоног тоолон хүлээсэн. Гэхдээ үнэхээр туршлага судалж гадна, дотны туршлагыг мэдье, суръя гэсэн бол тэд энэхүү айлчлалаа ДАШТ-ний өмнө нь эсвэл дараа нь хийж болох байлаа. Заавал дэлхийн долоон тэрбум хүний тэн хагас нь шахуу хүн сонирхон үздэг энэ том тэмцээний үеэр зохион байгуулагч оронд очиж туршлага судална гэдэг бол хүн итгэхэд үнэхээр бэрх асуудал.

ДАШТ нээлтээ хийлээ
 
Тив тивийн сая сая үзэгчдийн хүсэн хүлээдэг хөлбөмбөгийн 20 дахь удаагийн ДАШТ өчигдөр Бразил улсын Сан Паулу хотын “Сан Паулу” цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ.

Улаанбаатарын цагаар шөнийн 02:00 цагт нээлтийн үйл ажиллагаа самба бүжгийн хэмнэл дор эхэлсэн ба 04:00 цагт Бразил болон Хорватын шигшээ багууд тоглосон юм. Энэ тоглолтод дэлхийн таван удаагийн аварга Бразил өрсөлдөгч 1998 оны ДАШТ-ий хүрэл медальт Хорватыг 3:1-ийн харьцаатай хожлоо.

Нээлтийн тоглолтын өмнө Бразилийн ард түмэн ДАШТ-ийг эсэргүүцэж, жагсаал цуглаан хийсэн  байна. Энэ жагсаал эцэстээ эмх замбараагүй байдалд хүрч, цагдаа нартай мөргөлдөөн үүсгээд авчээ. Гэсэн ч төлөвлөсний дагуу 20 дахь удаагийн ДАШТ-ий нээлтийн ёслол амжилттай болж эзэн орны шигшээ баг анхны хожлоо авсан юм.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эрдэнэ 2014-06-15 16:20:04
    Энэ гадаад руу 19 хүн явуулах шийдвэрийг баталсан Баттулга гэдэг даргыг ажлаас нь халъя. Эдийн засаг, ард түмний амьдралхүнд байна, зээлээр амьдарч байгаа ард түмнийг хотын захиргааны удирдлагууд ингэж доромжилж болохгүй шүү ...