Ж.Жамъянтив: Бид уул уурхайг шүтсэн хөгжлийн гарцаас татгалзаж байгаа
Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтивтэй аймгийн хөгжлийн гарц хийгээд цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Аймаг орон нутгууд маань хөгжлийн гарцаа аль хэдийнэ төлөвлөж, үүнийхээ дагуу бодлого чиглэлийн ажлууд их хийх болжээ.  Танай аймгийн хувьд хөгжлийн гарцаа юу гэж харж байна?

-Манай аймаг Баруун бүсийн ууган дөрвөн аймгийн нэг.  2013 онд  түүхт 90 жилийнхээ ойг дэлгэр сайхан тэмдэглэсэн. Байгалийн хэд хэдэн бүс бүслүүр нэг дор зэрэгцэн оршсон, говь хангай хосолсон уудам сайхан цэлгэр нутаг дэвсгэртэй. Хонин сүргийнхээ тоогоор олон жил улсдаа тэргүүлж ирсэн онцлогтой нутаг.

Сүүлийн жилүүдэд малчин түмний шаргуу сайхан хөдөлмөрөөр мал сүрэг маань өсөж байна. Гурван сая мал тоологдсон. Энэ жилийн хувьд сая гар төл хүлээгээд авчихлаа.  Мал сүрэг өсөхийн хэрээр мал аж ахуйг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага хэрэгцээ байна. Бид аймгийнхаа хөгжил дэвшлийн хэтийн ирээдүйг уул уурхайгаар харахгүй байна. Завхан аймгийн гаралтай эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан хэд хэдэн удаагийн эрдэм шинжилгээний томоохон хурал хийсэн.  Хурлаараа Завхан аймгийн хөгжил дэвшлийн хэтийн гарц, стратегийг тодорхойлсон.

Ерөнхийдөө ганц, нэг аймгийн нутаг дэвсгэр ч болтугай бүрэн бүтэн, онгон зэлүүд хэлбэрээр үлдэх ёстой гэсэн чиг хандлагыг барьж байгаа. Уул уурхайг шүтэхгүй. Хөгжлийн өөр гарц замуудыг хайх хэрэгтэй гэж үзэж байна. Магадгүй онгон зэрлэгээрээ байсаар байвал Хөвсгөл, Завхан гэсэн зарим аймгийн нутаг дэвсгэрийг хамруулж хүн амын суурьшмал цөөтэй Монголын уудам цэлгэр нутаг дэвсгэр дээр Дэлхийн парк байгуулах байгаль хамгааллын томоохон төсөл явагдаж болзошгүйг манай Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат гуайгаас эхлээд учир мэдэх хүмүүс хэлж захидаг.

Тийм учраас бид уул уурхай шүтсэн хөгжлийн хандлагаас татгалзах байдалтай байгаа. Мэдээж Монгол Улсын хөгжил дэвшлийн ойрын 60-100 жилийн хөгжлийн зорилго бол уул уурхай. Гэвч бид аль болох татгалзаж дөрвөн чиглэлээр хөгжлийн гарцаа тодорхойлон явж байна.

 -Баруун болон Төвийн бүсийг хамарсан Аж үйлдвэрийн парк танай аймагт баригдах гэж байгаа талаар яригдаж байгаа. Энэ ажил хэр ахицтай байна?

-2011 онд  Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг дэвсгэрт Мянганы замын хэвтээ, босоо тэнхлэгийн огтлолцол дээр Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр эцсийн бүтээгдэхүүн хийх Аж үйлдвэрийн парк байгуулах тухай Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолын дагуу "Шинэ Ази Майнинг" компани хувийн хэвшил дээр тулгуурлаж хөрөнгө мөнгийг нь босгох гэрээ хэлцэл хийсэн. Энэ ажил амжилттай явж эхлэх үе шат руугаа орж байгаа. Энэ бол Монгол Улсын нутаг дэвсгэрийн төвийн болон баруун чиглэлийн 11 аймаг дундын Аж үйлдвэрийн парк юм.  Хэрэв парк байгуулагдаж чадвал малынхаа арьс шир, ноос ноолуур , түүхий эд, байгалийн жимс жимсгэнэ зэргийг хагас боловсруулсан байдлаар биш инваци, үнэ өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгож дэлхийн зах зээлд гаргах нөхцөл бүрдэх юм.
Төр засаг бодлогын түвшинд дэмжиж байгаа учир энэ ажил урагштай явах байх. Хэрэв зорилтдоо хүрч чадвал орон нутгийн эдийн засгийн чадамж өсөж, малчин ард иргэдийн ахуй амьдрал орлогод эерэг өөрчлөлт орох юм.

-Дээр дурдсанчлан  уул уурхайг шүтэхгүй юм бол  аймаг, орон нутгийнхаа хөгжлийн гарцыг яг юугаар тодорхойлж байгаа юм бэ?

-Манай Завхан аймаг аялал жуулчлалыг хөгжлийн хэтийн гарц хэмээн харж байгаа. Энэ чиглэлээр өнгөрсөн жилүүдэд зүгээр суусангүй, хийж бүтээхийг эрмэлзсэн. Аймаг байгуулагдсан ойгоор бид Отгонтэнгэр шашин тэнгэрийн цогцолборын шавийг тавьж, Монголын архитектуруудын холбоо, Монголын Буддын нийгэмлэг, Улаанбаатар хот дахь Завхан аймгийн нутгийн зөвлөл, Завхан аймгийн төр захиргааны байгууллагын оролцуулсан ерөнхий төлөвлөлт, техник эдийн засгийн үндэслэлүүдийг боловсруулсан. Энэ бол 17 томоохон байгууламж, 300 га талбайг хамарсан томоохон бүтээн байгуулалт болно.

Өнөөдөр төвийн бүсэд "Их Майдар" цогцолборын асуудал, зүүн бүсэд Ноён хутагт Данзанравжаагийн гэр музей, музейд тулгуурласан шашин соёлын цогцолбор яригдаж байна. Харин баруун бүсэд бид энэ цогцолборыг барьж байгуулах ёстой.

Завхан аймаг бол түүх, тусгаар тогтнолын асар их өгөгдөлтэй аймаг. Мөн Монголын буддын шашны олон хутагт хувилгаадын өлгий сайхан нутаг.  Үүнд төрийн том зүтгэлтнүүд ч байсан. Өнгөрсөн жил бид гэгээнтнүүдийнхээ ойг өргөн дэлгэр тэмдэглэснийг олон түмэн мэдэж байгаа байх.

Цаашлаад Монгол Улсын хоёр ерөнхийлөгч төрж мэндэлсэн төдийгүй Монголын нийт эрдэмтдийн 16 хувь Завхан аймгийн гаралтай. Оюуны соёлын хийгээд эрдэмтдийн өлгий нутаг учраас бидэнд үүнийгээ дэлгэж харуулах түүхийн асар их өгөгдөл байгаа. Тиймээс үүндээ тулгуурлаж шашин соёлын томоохон цогцолборыг бүтээн байгуулбал бид аялал жуулчлалыг татах, энэ хэрээрээ үйлчилгээгээ нэмэх зэргээр  аймгийнхаа хөгжлийн хэтийн ирээдүй рүү чиглэсэн томоохон гарц байна гэж үзэж байна.

-Аймгийн бүтээн байгуулалт хийгээд иргэд рүүгээ чиглэсэн ямар ажлууд хийж байна?

-Өнөөдөр Улиастай хот Засгийн газрын бодлогын хүрээнд хатуу хучилттай замаар холбогдох ажил урагш муутай явж байна. Гэхдээ бид оюуны соёлын замаа засах олон ажил хийлээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд л гэхэд Завхан аймаг Монгол Улсад анх удаа "Британик" гээд дэлхийн нэвтэрхий толь бичгийн жишигт хүрэхүйц  4000 нэгж мэдээлэл багтаасан Завхан аймгийн нэвтэрхий толь, Завхан аймгийн он дарааллын бичиг гээд 20 гаруй ном бүтээлээ.Мөн бид хүн рүү чиглэсэн ажил нэлээдгүй хийж байна. Ер нь Завхан аймгийн брэнд бол Завхан хүн. Тиймээс Завхан хүнийг хөгжүүлэх, хөгжил дэвшлийнх нь хэрэгцээг хангах, Завхан хүн эрүүл, өндөр боловсролтой, дэлхийн түвшинд хүртэл сэтгэж хөгждөг байх зэрэгт нэлээн анхаарч ажиллаж байгаа. Орон нутгийн нөхцөл бололцоонд тулгуурлаж "Эрүүл мэнд, эрс шинэчлэл" гээд томоохон хөтөлбөр хэрэгжүүллээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд Нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж үйлчилгээний болоод  хөнгөвчлөх үйлчилгээний тасаг зэргийг нээлээ. Төрийн үйлчилгээг ард иргэдэд ойрхон хүргэх үүднээс багийн хөгжлийн төвүүдийг Улиастай сумын баг болгонд байгуулж байна. Нийгэм соёл бүтээн байгуулалт, орон сууц барилга байгууламж, зам гүүр гээд яривал бүтээсэн зүйл чамгүй байгаа.
Орон нутгийн хөгжлийн сангаас дэмжсэн "Зөв завхан хүүхэд" хөтөлбөр боловсруулаад явж байна. Завхан аймгийн хүүхдүүд өндөр эрдэм боловсролтой, эх оронч, хүний мөстэй, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалж ахас дээдсээ хүндэлдэг, зөв хүн болгоход  хөтөлбөрийн гол зорилго оршино.

Улмаар хүн амын дотор зонхилох хувийг эзэлж байгаа залуучууд руу чиглэсэн хүүхэд залуусын хөгжлийн хөтөлбөрийг олон улсын байгууллагатай хамтарч хийж байна.Хамгийн чухал нь "Ард иргэдийг соён гэгээрүүлэх хөтөлбөр" гэж бий. Мэдээллийн эх урсгал дотроос зөв мэдээллийг өгөх талаас нь анхаарч Монголын оюунлаг хүмүүсийг урьж нийт ард иргэд, сум хот хүрээгээрээ лекц ном уншуулж байна.  Цаашлаад гэр бүлийн хүчирхийллийн төвийг цагдаагийн байгууллагатай хамтран байгуулж гэр бүлүүд рүү чиглэсэн ажлууд хийж байгаа.

-Аймгийн нийт ард иргэдийн хичнээн хувийг зорилтот бүлгийнхэн эзэлж байна. Тэдгээр хүмүүст чиглэгдсэн ямар ажлууд хийж байна?
-Манай аймаг бол эдийн засгийн чадамж чансаа тийм сайн биш. Өнөөдөр төсвийн орлогынхоо 3/1-ийг бүрдүүлж байна. Уул уурхай гээд элдэв зүйл хөгжиж чадаагүй учраас эдийн засгийн нөхцөл боломж чадамж бас тааруу. Өнөөгийн эдийн засгийн хямрал орон нутагт ямар нэг хэмжээгээр нөлөөж байгаа нь үнэн. Гэхдээ бид зорилтот бүлэг рүү чиглэж амьжиргааг нь дээшлүүлэх, орон гэртэй болгох, түлээ нүүрс цахилгааны хөнгөлөлт үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжил дэвшлийг дэмжих хэлбэрийн ажил хийж байгаа.

-Ажилгүйдлийн түвшин танай аймагт хэр байна вэ?

-Ажилгүйдлийн түвшин статистик үзүүлэлтээс харахад бага гардаг тал бий. Гэвч энэ нь бодит байдалтай зөрүү. Ажилгүйдэл гэхээр ажил идэвхтэй эрж, хайж хөрөнгийн зах зээлд бүртгүүлж байгаа иргэд орж байна. Гэтэл энд хамрагдаагүй ажилгүй иргэд бас байна. Ажилгүй байгаагийн цаана хүмүүс ажлыг голж, шилдэг тал ажиглагдах юм. Уг нь хөдөө мал маллая гэвэл өгч байгаа цалин хөлс хангалттай болсон байна. Өөрөөр хэлбэл, 1000 хонь маллавал сард 700-800 мянган төгрөгийн цалинтай гэсэн үг.

-Жендерийн асуудал орон нутагт хэр байна вэ?
-Энэ асуудал хөдөөд маш их тулгамдаж байна. Эмэгтэй хүүхдүүд ихэвчлэн их дээд сургууль хөөгөөд явахад, эрэгтэйчүүд нь мал дээр үлдэх тал байна. Тиймээс гэр бүл зохиох насны сайхан залуус эхнэргүй үлдэх асуудал ч бас байна. Тэгэхээр төрөөс тусгай зохицуулалт хийж, төв сууриндаа хүн амаа нягтшуулах бус эх орныхоо уудам цэлгэр нутгаа эзэнтэй болгох хэрэгтэй.

-Танай аймгийн мах комбинатаас ОХУ, БНХАУ-руу мах нийлүүлэх гэрээ хэлэлцээр хийгдэх талаар яригдаж байгаа. Энэ талаар тодруулбал?

-Завхан аймагт орчин үеийн үйлдвэрлэлийн аргаар мал нядлах хүчин чадалтай үйлдвэр бий. Энэ үйлдвэр маань Улаанбаатарын мах комбинатын үйлдвэрийн дараа буюу хоёрт ордог том үйлдвэр. Бид энэ жил махны асуудлаар нэлээд ажилласан. Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн санаачлагаар нийт сумдад мах нийлүүлэх, бэлтгэх ажлыг зохион байгуулсан. Одоогоор 60 гаруй мянган мал бэлдчихээд байна. Богийн нядалгааны ажил эхэлсэн. Дараагаар нь бодын нядалгаа мөн эхэлнэ. Махаа зах зээлд нийлүүлсний дараа малчдад үнийн дүнгийн 10 хувиас урамшуулал олгоно. Энэ бол нэг удаагийн ажил биш. Аймаг, орон нутгаас жил бүр хийгдэх бодлогын ажил. Удахгүй Хятадаас төлөөлөгчид ирж үйлдвэрүүдтэй танилцана. Бид цаашид мах гэлтгүй ноос, арьс, шир зэрэг түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлэх талаар төлөвлөж байна. Ингэхийн тулд малчид, төр хоорондын итгэлцлийг бий болгох төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

- Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ хэрхэн дэмжиж ажиллаж байна вэ?

-Хувийн хэвшил буюу жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хэрэгцээ шаардлага их байна. Иргэдийн үйлдвэрлэл эрхлэх зээлийн хүсэлтийн мөнгөн дүнг харахаар жилд 8, 9 тэрбум төгрөгт багтдаг. Тэгэхээр өнөөдөр тав, арван сая төгрөгөөр үйлдвэрлэл эрхэлнэ гэж байхгүй. Иргэд доод тал нь 50-100 сая төгрөгтэй байж үйл ажиллагаагаа бүрэн явуулах бололцоотой байна. Гэтэл дээрээс төсөвлөгдсөн мөнгө үүнд хүрэлцэхгүй. 500 сая төгрөг л бүхэл бүтэн аймагт өгч байна. Үүнийг нь 100 сая төгрөгийн төсөл хүссэн таван иргэнд өгөхөд л дуусаж байна. Цаана нь гэтэл өчнөөн төсөл, зээл хүсэж амьжиргаагаа дээшлүүлэхийг хүссэн иргэд үлддэг. Хөдөлмөрийн яам бол өнгөрсөн оноос 2-3 том төслийг санхүүжүүлнэ гэх тал байна. Бид төслүүдийг чиглэл, чиглэлээр нь буюу хүнс, хүлэмжээс гадна барилгын чиглэлийг илүү дэмжээд байгаа. Энэ дотроо барилгын дулаалгын материал, зуурмаг, бетон зэргийг үйлдвэрлэж байна. Харин цаашид чулууны үйлдвэр байгуулж, замаа чулуугаар тавих хэрэгтэй байгаа юм. Нэг хүндрэлтэй зүйл нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс хувийн хэвшлийг дэмжиж болохгүй гэх заалт байдаг. Уг нь ЖДҮ-ийн зээл хангалтгүй байгаа нөхцөлд тэрийг нь эргүүлэн хувийн хэвшилд зээлийн эх үүсвэр болгон дэмжлэг болговол зүгээр санагддаг.

-Танай аймагт хамгийн их тулгамдаж буй ямар асуудал байна вэ?

-Манай аймагт замын асуудал хамгийн их хүндрэлтэй байна. Мянганы замд холбогдох аймгийн тоонд орж байтал өөрчлөлт ороод хасагдсан. Гэхдээ одоогоор Солонготын давааг засаж байна. Мөн Тосонцэнгэлээс Загастайн давааны доод гүүр хүртэлх 114 км замыг засахаар концессийн гэрээ хийхээр зарласан. Гэвч эзэн гүйцэтгэгч одоогоор тодроогүй байна. Хамгийн хүнд зам бол Загастайн давааны доод гүүрнээс Улиастай хүртэлх 67 км зам байна. Монголдоо хүнд замын тоонд орно. Засахын тулд олон газар гүүр барих, зарим хадан хясааг дэлбэлж, гүүр тавих, замыг өргөсгөх зэрэг ажлыг хийнэ. Уг нь энэ ажлыг нэг компани эхлүүлсэн байсан. Гэтэл ажил нь зогсож эзэнгүй хоёр жил болсон. Нэгэнт компани тендерээр авсан болохоор орон нутгаас тэнд засвар арчлалт хийх боломж байхгүй. Хэрвээ тэгвэл хэний ажил болох нь маргаан үүснэ. Ингээд бид нар арчилгаа хийж болдоггүй. Энд тэндгүй ухсан нүх, дэлбэлсэн хадтай эмх замбараагүй, засагддаггүй замтай болчихоод байлаа. Саяхан гэтэл гэрээ хийгээд “Насны зам” гэх компани авсан байна. Одоо аравдугаар сараас хойш замаа хаана. Гэтэл энэ замаар хүйтний улирал эхэлж нүүрсээ тээвэрлэх болон хотоос ачаа тээвэрлэдэг ганц зам болохоор иргэдийн хувьд маш хүндрэлтэй асуудал үүсэж байна. Энэ асуудлаа яам, тамгын газарт уламжилж их л ярих юм.  Ямар ч байсан энэ замыг л чанартай барьж, асуудалгүй хүлээлгээд өгчихвөл Завхан аймгийн томоохон асуудал шийдэгдэх юм.

-Ярилцсанд баярлалаа.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • myagmarjav  2015-10-30 02:07:59
    hunii hiij buteeseniig dandaa muu talaas ni haraad bdag yamar muuhai yum be sain saihan ajil zondoo l hiigee bizde ene horvoo chini sain muu hoer ali ch ued hol...
    183.177.100.82
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-10-13 04:16:24
    Sajmyatav 3 tulguurt togloomiin asuudal xunduj morin xuuraar,shatar komputor geed mun ix mungu zarsandaa shongiin modond geth tadaad gerel tavisan ter ustsan.....
    202.179.11.62
    Мэдэгдсэн Хариулах
  • Завханы зочин 2015-10-12 14:42:57
    Худлаа
    150.129.140.40
    Мэдэгдсэн Хариулах
  • zavhqn 2015-10-12 14:23:27
    Zavhan sanjmyataviin uyed yaj hogjloo odoo yaj bna ene hun ih gai bolsondoo oyunhoroltoigoo zavhnaas zailache ta 2
    112.72.13.147
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-10-12 14:17:00
    Ажлын амжилт хусье
    202.21.106.112
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2015-10-12 09:13:21
    Shaadag nuxur be Uul ovoo shashin nom yarij baigaa iim nuxdyydiig ter nutgiin zuvlul geech n xurdan zailuulaachee Ene nuxur baaxan shavar suvarga xiij yldeene
    202.21.106.163
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-10-12 06:44:00
    myhar suseg aimgiin hugjil,tusviin orlogod myygaar nuluuldug.
    122.201.22.142
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-10-12 04:41:56
    amjilt husye sain ajillaj bgaa aimguudiin darga nariin neg shuu
    202.131.226.86
    Мэдэгдсэн Хариулах