Хог хаягдлаа өөрсдөө боловсруулж чадахгүй бол өрөөлөөс "будаа идье"
Хөхөө өвлийн хүйтэн хаяанд ирчихээд, хаалга тогшиж байна. Өөрөөр хэлбэл, гэр хороолол бүү хэл, хотын гудамжаар нэг тархсан хогныхоо үнэрт мансуурч байсан бид гудамжинд асгасан угаадас, түүнтэй барьцалдан хөлдсөн элдэв хогон дээр хальтарч унахгүйн тулд уран гулгалтаар хичээллэдэг үетэй золгох нь ээ. Хоггүй, цэвэрхэн хотод амьдрах талаар бид олон жил ярилаа. Бодож төлөвлөсөн бүхнээ хэрэгжүүллээ. Даанч ахицтай үр дүн алга. Тэгэхээр бидний хогтой тэмцэхээр гаргаж буй санаа анхнаасаа л буруу байсан, эс бөгөөс хэрэгжүүлж байгаа арга барил нь андуу байгаа юм болов уу.
 
Монголчууд юм бүхнийг гаднаас хуулбарладаг, хулгайлдагаараа зартай гээд хэлчихэд нэг их хатуудахгүй болов уу. Оюуны хөдөлмөрөөс будаа идэхдээ гаргууд сэтгэдэг тархиа бид харин яагаад нийгмийн асуудлыг шийдвэрлэхдээ огт ашигладаггүй юм бол? Өөрсдөө чадахгүй байгаа юм чинь өрөөлөөс будаа идээд үзье л дээ.
 
Дэлхийн улс орнуудын хогны асуудлаа шийдвэрлэсэн туршлагаас харахад нэг талаас төр засгийн бодлого, нөгөө талаас иргэдийн идэвхитэй оролцоон дээр тулгуурлажээ.  Хөгжил бүхний тэргүүнд бичигддэг АНУ хогны асуудлаа шийдвэрлэх тал дээр ч бас л тэргүүлэгч байж чадсан. 1997 оноос эхлэн АНУ-ын Үндэсний дахин боловсруулалтын холбооноос жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг Америкийн хог хаягдал боловсруулалтын өдөр болгон тэмдэглэдэг болжээ. Ингэснээр өөрийн улсын болон дэлхийн өмнө тулгамдаад буй хогны асуудлын нэгээхэн хэсгийг шийдвэрлэх боломжтой болсон гэдэг. Харин Япон улс хогноос салах бодлогыг нэн тэргүүнд тавьж, иргэн бүрийнхээ оролцоотойгоор асуудлаа шийдэж чадсан байна. Тэд хог хаягдлыг багасгах, хэрэглэж дууссанаа дахин боловсруулах талаар асар их дэвшилд хүрсэн ба ялангуяа лааз, хуванцар сав зэргийг гарамгай сайнаар дахин боловсруулдаг. Япон улс дэлхийн цаг агаарын дулааралтыг хязгаарлах, агаарын бохирдлыг багасгах үүднээс цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг идэвхтэй нэвтрүүлэн, хөгжүүлж буй.
 
Мөн дэлхийн олон улс оронд байгаль орчны асуудлаа шийдвэрлэхэд нь туслан дахин боловсруулалтын технологи, хүлэмжийн хийн үйлдвэрлэлийг багасгах болон бусад технологийг нийлүүлж байгаа билээ.
 
Тэгвэл Английн “Marks & Spencer” брэнд нь дахин боловсруулалт болон хог хаягдлыг багасгах үүднээс Shwopping хэмээх нэгэн төслийг хэрэгжүүлжээ. Тэд Их Британид таван минут тутамд 10.000 гаруй хувцас хаягддагийг олж харсан бөгөөд ингэснээр Зүүн Лондоны барилгыг 10.000 хаягдал хувцсаар бүрхсэн байна. Хувцас, хуванцар сав, хүн төрөлхтний хэрэглэсэн бүхий л хэрэглээнээс үүдэлтэйгээр хог хаягдал үүсч байдаг. Гэвч үүнийг хог болгон хөглөрүүлэлгүй, дахин боловсруулалтад оруулж ашиглах нь чухал гэдгийг хогны асуудлаа шийдвэрлэсэн улс орныхон бүгд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг.
 
Манай орны хувьд “Ахуйн болон үйлдэрлэлийн хог хаягдлын тухай” хуулийг 2003 онд баталсан. Уг хуульд “Хэрэглээний болон үйлдвэрлэл, үйлчилгээний явцад үүсч, цаашид тухайн зориулалтаар хэрэглэгдэхгүй болсон эд юмсыг хог хаягдал гэнэ” гэсэн хаягдлын тухай хууль ёсны тодорхойлолт бий. Мөн холбогдох хууль, тогтоомжид ахуйн болон үйлдвэрлэлийн, аюултай хог хаягдлын зарим чухал асуудлууд болох түр хадгалалт, цуглуулах, тээвэрлэлт,  устгалтыг орон нутгийн түвшинд зохицуулах тодорхой арга замуудыг тусгасан байдаг. Харамсалтай нь энэ хууль “Монголын хууль гурав хоног” гэдэг үгэнд ширвэгдэж орхисон бололтой.
 
2013-2016 онд Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд найман тэргүүлэх зорилт бүхий ажил төлөвлөсөн байна. Үүнд, ил задгай хууль бусаар хог хаях байдлыг арилгах, хуримтлагдсан хур хог хаягдлыг байгаль орчин, хүн малын эрүүл мэндэд халгүй технологиор цэвэрлэж устгах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ялган ангилж, дахин боловсруулах замаар хэмжээг нь бууруулж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх арга технологийг нэвтрүүлнэ гэжээ. Мөн хог хаягдлын менежментэд оролцогч талуудын эрх үүргийг тодорхой болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх, хог хаягдлын тээвэрлэлт, цуглуулалтыг шинэ технологи бүхий зориулалтын машин техникээр хийж, тогтсон хуваарийн дагуу хог тээвэрлэлт, цуглуулалтыг хийдэг болгоно. Улмаар нийтийн эзэмшлийн зам, талбайн арчилгаа, цэвэрлэгээ үйлчилгээг эзэнжүүлж, тусгай зориулалтын машин техникээр гүйцэтгүүлж, өдөр шөнийн ээлжинд шилжүүлэх гэсэн байна. Түүнчлэн хог хаягдлыг эцсийн цэгт устгах, дарж булах үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр хийж гүйцэтгэн, хог хаягдлын менежментэд оролцогч байгууллагуудын боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлж, хог хаягдлын менежментийн удирдлага, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх гэжээ. Энэ бол ирээдүйд хийгдэх ажлууд. Магадгүй энд дурдсаны дагуу ажиллавал хогон далай дундарч магадгүй л юм.
 
Овор хэмжээ ихтэй, зай талбай эзлэн, дахин боловсруулах боломжгүй хог бол барилгын гаралтай хог хаягдал байдаг. Тэгвэл барилгын хог хаягдал хүлээн авах цэгийн хашаа, диспетчерийн байрыг барьж ашиглалтад оруулахаас гадна, энэ цэгт барилгын хог хаягдал хүлээн авч боловсруулах үйлдвэрийг ирэх 2013 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн талаараа ярьж байсан. Мөн Цагаан давааны хогийн цэгийг нээн ажиллуулна гэсэн. Ингэснээр тус хогийн цэгт өдөрт 200-250 тонн хог хаягдал хүлээн авч, ангилан ялгах, боловсруулах үйлдвэр байгуулах аж. 2013-2016 онд айл өрх болон байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг ангилан ялгах ажлыг эхлүүлэх бөгөөд хог хаягдлаа “Дахин ашиглах боломжтой” /хуванцар сав, шилэн сав, лааз, цэвэрхэн цаас/, “Бусад” /хүнсний хаягдал, тасалгааны ургамал, мод, резин, савхи, чулуу, шаазан гэх мэт/ гэсэн гэсэн хувилбараар ангилах гэнэ. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах ажлыг төвийн есөн дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөж буй юм байна.
 
Тодруулбал, гэр болон орон сууцны хороо бүрт гурваас доошгүй цэг байгуулж дахин ашиглах хаягдал болон хоёрдогч түүхий эдийг иргэдээс худалдан авах гэнэ. Энэ ажлыг хотын захиргаа хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийн үндэсний холбоотой хамтран зохион байгуулах боломжтой гэж байна. Хог хаягдал болон хоёрдогч түүхий эдийг худалдан авснаар иргэдийн орлогын нэг эх үүсвэр бүрдэнэ гэж үзжээ. Шинэ менежментээр голын ай сав газруудын цэвэрлэгээ, арчлан хамгаалалтыг их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, ойролцоох цэргийн ангиудад          хариуцуулан эзэнжүүлэх санал гарсан байна. Ингэхдээ Сэлбэ, Дунд голын ай сав газрыг Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангиуд, Улиастайн голын сав дагуу газрыг цэргийн ангиуд, Туул голын дагуу газрыг их, дээд сургуулиудад хуваарилсан. Энэхүү ярианаас хойш хоёр жил өнгөрөв. Хот хогноосоо салаагүй л байна.
 
Манай гарагийн хүн ам жилдээ дэлхийн нийт газар нутгийн 43 хувийг бүрхэх хэмжээний гялгар уутыг хэрэглэдэг гэсэн судалгаа байна. Харин монголчууд бидний сайн мэдэх 50-ын шар торыг дэлгээд тооцвол 7.5 сая метр буюу нэг аймгийн газар нутагтай тэнцэх гялгар уутыг хэрэглэдэг гэсэн сонирхолтой баримт байдаг юм байна. Ямартаа ч байгальд сөрөг нөлөө үзүүлэхүйц хог хаягдал байсаар байна. Түүнийг хог хэвээр нь орхихгүй мөнгө болгох арга бас байна. Нэг ёсондоо түүхий эдээ бараг үнэгүй олж аваад бүтээгдэхүүнээ үнээр борлуулна гэдэг хожоотой наймаа болох нь дамжиггүй. Тодорхой хэмжээний зарлага гаргалгүй орлого оруулна гэж байдаггүй болохоор нэг үйлдвэр байгуулаад л түүгээрээ гэр бүлээ тэжээх насан туршийнхаа бизнесийг эхлүүлж болох юм. Учир нь яг одоо энэ салбарт хүч үзэж буй хүн тун цөөн байна. Тэгэхээр танд боломж бий. Удахгүй хогийг ангилан ялгах ажил эхэлнэ. Энэ нь ийм төрлийн бизнес эрхлэхээр зорьсон хүнд бол хийх ажил нь улам хөнгөвчлөгдөх сайн талтай юм.
 
Харин төр элдэв барилгын тендэр зарладаг шигээ хог боловсруулах үйлдвэрийн тендэр зарлаж, эс бөгөөс энэ төрлийн бизнес эхлүүлэгчдэд зээлийн хөнгөлөлт үзүүлж болохгүй гэх газаргүй. Иргэдтэйгээ зөвшилцөж, төртэйгөө түшилцэж чадвал хоггүй Улаанбаатар гэдэг уг нь мөрөөдөл биш юм шүү дээ гэдгийг дахин сануулах юун.

Өглөөний сонин
Ц.Баттуяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Уртнасанжаргал 2018-10-16 13:54:05
    гоё юм байна
    66.181.161.45
    Мэдэгдсэн Хариулах