Хүй долоон худагт 500 машины хатуу хучилттай зогсоол барина
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр хуралдаж, наадмын бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн байна. Засгийн газрын энэ сарын 7-нд болсон хуралдаанаар наадмын төсвийг баталсан. Тиймээс ирэх сарын 7-ноос өмнө наадмын бэлтгэл ажлыг бүрэн хангасан байх шаардлагатай гэж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга Д.Тэрбишдагва хэллээ. Энэ жилийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн зүлэгжүүлэлт, тохижилт, наадамчдын тав тухтай наадамлах нөхцөлийг хангахад онцгой анхаарч ажиллахаар болсон байна.

Тухайлбал Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудлыг бүрэн шинэчилэн өөрчлөхөөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр төлөвлөсөн байна. 
Хүй долоон худаг буюу Монгол наадам цогцолборт энэ жилийн баяр наадмаас өмнө наадмын үйлчилгээний талбайг холбосон 4м өргөн, 2 талдаа тус бүр 1.5 м өргөн хайрган хөвөөтэй 2.7 км авто зам, 800 метр урт, 3 метрийн өргөнтэй явган зорчигчдод зориулсан зам, 500 машины хатуу хучилттай зогсоолыг шинээр барина. Мөн Хүй долоон худаг руу Railbus буюу төмөр замын автобусыг явуулна. Наадамчдыг тээвэрлэх Railbus нь Давааны өртөөн дээр зогсох бөгөөд энэ зогсоолоос наадмын талбай хүрэх 2 км орчим зайд хайрган түр зам хийж, нийтийн тээврээр иргэдийг наадмын талбай руу тээвэрлэнэ. Дараа жилээс энэхүү хайрган түр замыг хатуу хучилттай зам болгохоор төлөвлөж байна. Тиймээс Хүй 7 худагт автозам, зогсоол, үйлчилгээний талбайг холбосон автозамын ажлуудыг эхлүүлэх, хяналт тавьж ажиллахыг баяр наадмыг зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуунд үүрэг болголоо.

Мөн Төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлт, хаалт, Улаанбаатарын үдэш цэнгүүний бэлтгэлийг хангаж, хөтөлбөрийг батлуулах , наадмын нэгдсэн хөтөлбөрийг энэ сарын 20-ны дотор бэлэн болгох, Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд наадам болтол элдэв уралдаан тэмцээн, сунгаа , аливаа арга хэмжээ зохиохгүй байхыг хариуцсан салбар хороодын дарга нарт үүрэг болгов.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.