"Хөтөлийн цемент-шохой ХК гадаад зах зээлд гарах зорилготой"

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн “Цемент шохой” ХК-иас манай сурвалжлах баг ээлжит мэдээллээ хүргэх гэж байна. Өдгөө хүчин чадал өндөртэй, зардал багатай үйлдвэр болсон Хөтөлийн “Цемент шохой” ХК нь 1983 онд байгуулагдаж, 2011 онд шинэчлэгджээ.

“Алтан гадас” одонгоор амжилтаа бататгасан энэхүү компани нь шинэ технологи, шилдэг хамт олонтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.  Шинэ технологийн үйлдвэртэй болсон “Цемент шохой” ХК  нь жилдээ 1 сая тонн цемент, 65 мянган тонн шохой үйлдвэрлэн борлуулах хүчин чадалтай юм.

Цемент, шохойгоороо дотоодын зах зээлийн 60 хувийг хангаж чаддаг уг үйлдвэр ямар ч хог хаягдал гаргадаггүй, хэрэглэсэн усаа хүртэл дахин боловсруулж чаддаг Эко үйлдвэр гэдгээрээ сум орон нутагтаа төдийгүй улсдаа нэр хүндтэй гэж хэлж болно.

Манай сурвалжлах баг “Бага зардлаар чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэе уриатай” уг үйлдвэртэй танилцахын сацуу тус компанийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга Д.Валяхүүтэй ярилцлаа.

-Арвин их түүхтэй танай компанийн хувьд хамгийн сүүлд ямар бүтээн байгуулалтад гар бие оролцож байна?

-Шохойн үйлдвэр 1983 онд, харин нойтон аргаар боловсруулдаг цементийн үйлдвэр   1985 онд ашиглалтанд орж байсан. Үүнээс хойш бид 32 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол Улсынхаа бүтээн байгуулалтад цемент, шохойгоо нийлүүлж гар бие оролцдог. Бүтээн байгуулалтаас дурдвал, гурав, дөрөвдүгээр хорооллыг манай цементээр барьсан байгаа. Мөн Хөшигтийн хөндийн Нисэх онгоцны буудлыг барьж байна.

Багануур, Эрдэнэт гээд орон нутгуудын маш олон бүтээн байгуулалтыг манай үйлдвэрийн цементээр барьсан.  Цаашлаад Буянт-Ухаагийн барилгуудыг барьж байна. Энэ мэтээр сүүлийн үед баригдаж байгаа томоохон бүтээн байгуулалтад тасралтгүй оролцож байгаа.

-Техник технологио шинэчлэх ажлыг багагүй хийсэн харагдаж байна?

-“Бейзмент” компанийн хөрөнгө оруулалтаар 2011 оноос эхлэн хуурай аргын технологийн үйлдвэрийг барих ажил эхэлсэн.  Улмаар 2014 оны тавдугаар сард шинэ үйлдвэрээ хүлээж аваад байна. Энэ үйлдвэрийг барьсанаар өрсөлдөх чадвар, бүтээмжээ сайжруулах чухал алхам болсон.

Үүнээс гадна  импортыг  халж,  ажлын байр бий болгох , нэмүү өртгийг багасгах гол зорилготой үйлдвэр гэж хэлж болно.

-Монголын цементний зах зээлийн хэдэн хувийг хангаж ажиллаж байна?       

-Өнөөдөр бид Монголынхоо зах зээлд цементийн 60 хувийг хангаж ажиллаж байна. Цаашдаа гаднаас цемент импортлохгүйгээр  Монголынхоо цементийн 100 хувь хангах зорилготой.  Өнөөдрийн байдлаар манай үйлдвэрт 890 хүн ажиллаж байна. Үйлдвэр маань цементээс гадна шохой үйлдвэрлэдэг. Жилдээ 65 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай гурван зуухтай. Бид үйлдвэрлэсэн шохойгоо Эрдэнэт хотод 100 хувь нийлүүлдэг. Мөн төмөрлөгийн болоод барилгын байгууллагуудад, Хөтөлийн Дулааны станцад шохойгоо нийлүүлдэг байгаа.

-Гадны улс руу цемент, шохойгоо гаргах боломж, бололцоо хэр байна?

-Бид энэ жил 12 мянган тонн цемент ОХУ-д нийлүүлсэн. Манай гаргасан цемент ОХУ-ын стандартыг бүрэн хангаж байгаа. Өмнө нь мөн ОХУ руу нойтон аргаар цемент гаргаж байсан туршлага бий.

- Улсад төлөх татварын хэмжээ хэд вэ?

-Манайх өөрийн түүхий эдийн хоёр уурхайтай.  Энэ уурхайгаас бид гол түүхий эдээ хангадаг. Нүүрсний хувьд Баянтээгийн уурхайгаас түлхүү авдаг. Эдгээр авсан нүүрсээ үйлдвэр дээрээ технологи, орц найрлагыг нь тааруулж үйлдвэрлэдэг.

Улсад сүүлийн гурван жилд нийт 21.8 тэрбум төгрөгний татвар төлөөд явж байна.

-Цементний үйлдвэрлэлээрээ Хятад улс тэргүүн эгнээнд явдаг. Тэгвэл импортоор орж ирж Хятадын цементтэй Хөтөлийн цемент өрсөлдөхүйц болж чадсан гэж үзэж байна уу?

-Урд нь нойтон аргаар цемент үйлдвэрлэж байхад үнэ өртөг өндөртэйгээс  гадна Хятадын цементтэй өрсөлдөхөд үнэхээр хүнд байсан. Харин энэ удаад хуурай аргын технологи нэвтрүүлснээр өртөг зардал буурсан гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар Хятадын импортоор орж ирж байгаа цементтэй бүрэн өрсөлдөх чадвартай болсон.

-Цаашдаа хүчин чадлаа 2 сая тоннд хүргэнэ гэсэн зорилготой явж байна. Манай үйлдвэр Аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, хүний ажиллах нөхцлийг бүрэн бүрдүүлсэн, хүн болоод экологид халтгүй  ийм технологийг чухалчилдаг.

-Ажилчдынхаа нийгмийн халамжид хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдынхаа хоолыг бүрэн хангадаг. Мөн байр орон сууцаар хангах хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байна. Цалин хөлсөө ч мөн нэмж ажилладаг. Хамгийн сүүлд л гэхэд ажилчдадаа зориулж 19 айлын орон сууц барьж байна.

Орон нутагтаа л гэхэд залуучуудын чөлөөт цагийг зөв өнгөрөөх задгай талбай, цэцэрлэгт хүрээлэн хийсэн. Эдийн засаг хүнд энэ үед Улаанбаатарт 20 мянган орон сууц илүүдэлтэй байна. Ийм үед бидний хийж байгаа бүтээгдэхүүний зах зээл хүндхэн байгаа гэж хэлж болно. Гэвч бид өөрсдийн нөөц  бололцоогоор цомхотгол хийхгүй, зогсолт авахгүй ажиллаж байна.

-Тулгамдаж буй асуудал юу байна?

-Хятадын үйлдвэртэй өрсөлдөхөд их хүндрэлтэй. Тиймээс дотоодынхоо үйлдвэрлэгчдийг импортын хямд цементээс хамгаалах шаардлагатай байгаа. Үүнд төр засгаас анхаарч цементний чулуунцарын  гаалийн татварыг тодорхой хэмжээгээр шийдэж өгсөн байгаа.  Цаашдаа өөрсдийн гаргаж байгаа бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгох чиглэлээр жижиг дунд үйлдвэр байгуулах зорилго бий. Энэ маань одоогоор төслийн хэмжээнд яригдаж байгаа.

Нэмж хэлэхэд, “Бейзмент” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар технологийн шинэчлэл хийж, 5 шатлалтай циклон дулаан солилцуулагч, кальцижуулагч бүхий хоногт 3000 тонн портланд цементийн чулуунцар үйлдвэрлэх эргэх зуухтай хуурай технологийн шугамыг ашиглалтанд оруулсан нь өдгөө уг үйлдвэрийн хүчин чадлыг улам сайжруулаад байна.
 

Б.Сансар
Оллоо.мн


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • . 2015-10-09 04:32:00
    Иймэрхүү дотоодын үйлдвэрлэгч ХК ийн талаар мэдээлэл иргэдэд түгээж байвал зүгээр шүү дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэх 1 нөхцөл энэ шүү
    119.204.14.60
    Мэдэгдсэн Хариулах
  • ойн савдаг 2015-10-08 04:09:14
    Зөв санаа. Одоо монголын компаниуд дотоодын хэрэглэгчидэд биш гадаадын хэрэглэгчидэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, валют олж ашгаа нэмэгдүүлэх талаар илүүт...
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах