Б.Мандалбаатар: Нийслэлийн төсөвт 13.2 тэрбумын орлого бүрдэнэ
Нийслэлчүүд аравдугаар сарын 1 буюу өчигдрөөс Хотын албан татварын тухай хуулийг дагаж мөрдөж эхэллээ. Энэ хуулийн талаар Нийслэлийн Татварын газрын татвар төлөгчид үйлчлэх хэлтсийн сургалт сурталчилгаа хариуцсан татварын улсын байцаагч Б.Мандалбаатараас тодрууллаа.
 
-Хотын албан татварын хууль хэрэгжиж эхэллээ. Ямар газруудад энэхүү татварыг ногдуулах билээ?
 
-Хуульд нийслэлд үйлчилгээ үзүүлж буй цэнгээний газар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн тусгай үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины жижиглэн худалдаанд нийслэл хотын албан татварыг ногдуулахаар заасан.
 
НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаанаар нийслэлийн албан татварын хувь хэмжээг нэг хувь байхаар тогтоосон. Мөн хуралдаанаар хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журмыг баталсан.
 
-Татварт авсан мөнгийг хаана төвлөрүүлж хэрхэн зарцуулах бол?
 
-Хотын албан татвараас бүрдсэн орлогыг хотын дэд бүтэц болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зарцуулахаар хуульчилсан байгаа. Урьдчилсан судалгаагаар хотод 6000 орчим татвар суутгагч байна. Эдгээр татвар суутгагчаас 1,320.8 тэрбум төгрөгийн орлогоос 13,2 тэрбум төгрөгтэй тэнцэх татварын орлого бүрдэхээр судалгааг хийсэн. Хуулийн хэрэгжилттэй холбогдуулан Нийслэлийн хэмжээнд хийсэн тооллогын дүнгээс шалтгаалан тодорхой хэмжээний хэлбэлзэл гарна.
 
-Хууль хэрэгжсэнээр ямар үр дүн гарах вэ?
 
-Төсвийн тухай хууль, Татварын ерөнхий хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль бүрэн хэрэгжих үндэс болно. Мөн хөдөөнөөс хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөнийг эдийн засгийн аргаар хязгаарлах болон Нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх төсвийн нэмэлт эх үүсвэрийг бий болгон, төсвийн ачааллыг бууруулах үр дүнтэй юм.
Зууны мэдээ
Б.Янжиндулам
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.