Тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн хэнийх нь зөв бэ
Ч.Сайханбилэг: 106 орчим мянган буудайг импортлохоос аргагүй болж байна
 
Засгийн газрын зүгээс импортын буудайг оруулж ирэхдээ нэг цонхны бодлогын зарчим баримтална гэдгээ эхэнд тэмдэглэсэн. Тухайн компани дотоодоос хэдий хэмжээний буудай авсан байна, үүнтэй нь дүйцүүлж тэр хэмжээгээр импортлох эрх, хуваарилалт, квотын асуудлыг ярих болно.
/Монгол Улсын Ерөнхий сайд/

-Одоо үүсээд байгаа асуудал нь нэг талдаа 1000 орчим ажилтантай гурилын үйлдвэр, мөн 4000  гаруй тариалан эрхлэгчийн эрх ашиг, нөгөө талд нь гурван сая хэрэглэгчийн эрх ашиг яваа. Үүнийг бодолцож, газар тариалангийн бодлогын өнөөгийн дүр зургаа бид гаргах шаардлагатай болж байна. Засгийн газрын зүгээс ургацынхаа урьдчилсан балансыг гаргасан. Нийтдээ 250-260 орчим мянган тонн буудай хураахаар байгаа. Энэ нь өөрийн хэрэглээний 58.7 хувийг дотооддоо хангана гэсэн үг. Үлдэж  буй 106 орчим мянган тонн буудайг импортлохоос аргагүй болж байна. Дотоодын  худалдан авалт, импорт зэрэгцэж явахаар бие биеийнхээ үнэд нөлөөлж, хүндрэл үүсгэдэг. Тиймээс энэ жилийн нэг ялгаа нь импортынхоо буудайг нэг цонхоор оруулж ирнэ. Цаг хугацааны тухайд хэзээ, хэдийд оруулж ирэхээ Засгийн газар шийднэ. Мэдээж үр тариа, буудайны үнэ харьцангуй хямд байхад оруулж ирнэ.

Гэхдээ импортын буудай дотоодын тариаланчдын үнэ өртөг, бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байхаар зохион байгуулна. Үүнийг салбарын яам нэг цонхны бодлогоор зохицуулж, шаардлагатай гэж үзвэл хуулийн этгээдийг бий болгоно. Нэг цонхны бодлогоор импортын буудайн асуудлыг шийдэх учраас урьд жилүүдийнх шиг, ялангуяа өнгөрсөн жил гарсан шиг тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн хооронд үүссэн үл ойлголцол,  маргаан гарахгүйгээр зохицуулах боломжтой гэж харж байгаа. Нөхцөл байдал ийм байгаагаа дор бүрнээ ойлгож, гурван тал асуудлаа нэгдэж, нэг ширээний ард сууж харилцан буулт хийж шийдэх ёстой. Нэг нь гарч ирээд зөвхөн өөрсдийн эрх ашгаа хамгаалсан байдлаар яриад байж болохгүй. Ингэж яриад хэзээ ч шийдэлд хүрэхгүй нь гэдгийг харлаа. Чөлөөт зах зээлийн зарчимд нийцүүлэх нь чухал. Гэхдээ бидний өнөөдрийн хувьд чөлөөт зах зээлийн үнэ рүү шилжих бэлтгэл багатай байна.

Буудайн үнийг зарлахгүй, зах зээлийнхээ зарчим руу чиглэх нь зөв. Хэн, хэн нь хоорондоо зохицох л үлдээд байна. Газар тариалангийн салбарынхаа бизнесийг унагачихгүй, хэтэрхий нэг талыг ярьж үнэ хөөхгүйгээр хоорондоо зохицоод хийх хэрэгтэй. Засгийн газрын зүгээс импортын буудайг оруулж ирэхдээ нэг цонхны бодлогын зарчим баримтална гэдгээ эхэнд тэмдэглэсэн. Тухайн компани дотоодоос хэдий хэмжээний буудай авсан байна, үүнтэй нь дүйцүүлж тэр хэмжээгээр импортлох эрх, хуваарилалт, квотын асуудлыг ярих болно. Тиймээс гурвалжны нэг талыг ярих хэрэггүй байгаа юм. Засгийн газарт иргэддээ үнийн дарамт үүрүүлэхгүй, гурил үйлдвэрлэгчдээ дэмжих, тариаланчдынхаа эрх ашгийг хамгаалах гурван талын хүслийг нэгтгэж, төвийг сахисан байр сууринаас асуудалд хандаж байгаа.

Гурван сая иргэнийхээ төлөө 3-4 мянган хүний төлөөлөл нийлж байгаад дундын шийдвэр олоод явна гэж харж байгаа. 100 хувь сэтгэл ханамжтай  нэг хэсэг гарахгүй нь ойлгомжтой. Тиймээс хаана хаанаа анхаарч, урагшаа харж ажиллах ийм л цаг үе бидэнд байна. Харилцан зохицол, харилцан буулт, ойлголцол дээрээ ажиллах хэрэгтэй. Засгийн газрын хувьд төсөв нэг их наяд төгрөгийн алдагдал хүлээж мэдэхээр байна. Ийм үед нөхцөл байдлаа зөв үнэлж, тариалан эрхлэгчдээ дэмжих, өр зээлтэй байгаа компанийн зээлийн нөхцөлд хөнгөлөлт үзүүлэх, хугацааг нь  гээд цөөнгүй арга хэмжээ авахаар ажиллаж байна. Аль аль нь хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалтай үед дарамт болж байгаа. Одоо бол талбай дээр гараад буудайгаа асгаж, буцааж ачдаг ийм зүйл бол явахгүй, бодит байдал дээрээ ойлголцох нь чухал.

Л.Цандэлэг: Ай сайхан Бурмаа, аргагүй сайхан Бурмаа

Орос их удаан хөдөлсөн байхгүй юу. Рублийн үнэ унаад байхад бүтээгдэхүүнийхээ үнийг хөдөлгөхгүй их удсан. Тэр нугачаан дээр ажиллаж гурав дахин их ашиг олсон. Гэхдээ тэдний ажилласан буудай тааруу буудай байсан.
/Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч/

“Р.Бурмаа сайд бидний хооронд дэгдсэн маргаан бол импортын буудай оруулж ирсэнтэй холбоотойгоор л үүссэн асуудал шүү дээ. Тухайн үед манай улс 470 мянган тонн улаан буудай хурааж авчихсан байлаа. Гэтэл сайд гарч ирээд л жилдээ бид 350 мянган тонн улаан буудай иддэг юм аа гэж байна. Сүүлдээ өнөө Р.Бурмаа маань 500 мянган тонн буудайг жилдээ бид иддэг юм аа, одоо дутаад байнаа гэж ярилаа. Бид гайхаад л хараад байлаа. Тэгж мэдэн будилж, хэдэн янзын юм ярьсаар байгаад өнгөрөгч жил хилээр 30 мянган тонн буудай оруулаад ирдэг байгаа. “Таван богд”-ын Ц.Баатарсайхан тэр хоёр өвлөөс хойш телевизээр Монгол Улс 500 мянган тонн улаан буудай иддэг юм аа гэж баахан ухуулга явуулсан даа. Угтаа бол тариаланчид 470 мянган тонныг хураачихсан байсан.

Гэтэл бид яахаараа энэ жил ургац алдав. Энэ юу болчихов оо. Та нар ч гэсэн гайхаж байгаа биз дээ. Тэгээд болоогүй ээ, өнөө сайд маань сүүлдээ анх хэлж байснаасаа ахиад ухардаг юм байна. Гэхдээ Ц.Баатарсайханы хоёр ч компани байж байх жишээтэй. “Улаанбаатар гурил” ХК, Эрдэнэтэд “Миллхаус” гэдэг компани байдаг. Энэ хоёрт гэхэд 70 хувийг нь олгочихсон байгаа юм. Энэ шийдвэр нь хууль зөрчсөн гэдэг нь ШӨХТГ-ын байцаагчийн дүгнэлтэд байж л байгаа. Ц.Баатарсайханы материал бүрдүүлэлт нь хоцорсон байхад л буудай олгох эрх олгосон нь тогтоогдсон байдаг. Энэ бизнесээс 17 сая долларын ашиг гарсан байдаг юм. Тухайн үед ОХУ-д рублийн ханш уначихсан. Орос их удаан хөдөлсөн байхгүй юу. Рублийн үнэ унаад байхад бүтээгдэхүүнийхээ үнийг хөдөлгөхгүй их удсан.

Тэр нугачаан дээр ажиллаж гурав дахин их ашиг олсон. Гэхдээ тэдний ажилласан буудай тааруу буудай байсан. Хямдхан хамгийн муу буудайг нь аваад манай чанартай буудайтай хольж гурил үйлдвэрлээд үүний дундаас нь 15 саяын зөрүү гарчихсан байхгүй юу. Үүнийг л бид хэлсэн. Яаж байгаа юм бэ, та нар, энд тариаланчдын буудай зарагдаагүй байхад, хоёр гуравхан хүн ашиг олохын тулд ингэж хударгагүй загнаж болохгүй шүү дээ. Асар их хор уршигтай шүү дээ гэж хэлж байсан. Тэгээд л тариаланчид Сүхбаатарын талбай дээр арга буюу гарч жагссан нь тэр шүү дээ. Хэчнээн тэмцээд ч бид бараагүй. Зөвшөөрлийг нь бүр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн дэргэдэх Хүнсний Аюулгүй байдлын зөвлөлийн эрх мэдлээр дамжуулж олгочихсон байдаг. Би Ерөнхий сайдтай хэд хэдэн удаа очиж уулзсан. Ерөөсөө л хүлээн зөвшөөрдөггүй, буруугаа хүлээдэггүй. Ерөнхий сайд өөрөө телевизээр ярьсан шүү дээ. Монголын буудай муу байна гээд. Бас өөр хүмүүс ч монгол гурил ус даадаггүй гэж ярьсан. Сүүлдээ тариаланчдыг доромжилж эхэлсэн.

Монголчууд бол чанаргүй бүтээгдэхүүн иддэг. Тариаланчид чанаргүй буудай нийлүүлсэн гэж хэлцгээсэн. Хэдэн ашиг сонирхол нэгтэй том компани гэж цоллоод л, энэ Л.Чинбат, Л.Цандэлэг хоёр л болохгүй байна гээд шүүмжилж эхэлсэн. Гэтэл манай холбоонд нийт газар тариаланчдын 60 хувь нь буюу 300 гаруй газар тариаланчид нэгдсэн байдаг. Бүгдийг нь нулимсан. Хашрааж эхэлсэн. Энэ газар тариалан буруу тийшээ эргэх нь ээ гэж ярихаар зөвшөөрөл өгөхгүй болчихож байгаа юм. Газар нутаг гантай байна, бидэнд буудай тариалах газрын зөвшөөрөл өгөхийг Ерөнхий сайдад хандаж хэлсэн. Зөвшөөрөхгүй байгаа юм л даа. Өмнө нь буудайн уранш гэх зүйлийг локатороор хардаг, үүл бууддаг том том багаж техникт асар их хөрөнгө зарж хийлгэсэн байдаг. Гэтэл тэрийгээ Батлан хамгаалах яам руу шилжүүлчихсэн байгаа юм. Гэх мэтчилэнгээр Ерөнхий сайд буруу шийдвэр олныг гаргасан. Ингээд л буруу бодлого хийгээд, буруу тийш нь эргүүлчихэж байгаа юм.

Р.Бурмаа: Гурилын үнийг өсгөхгүй байх үүднээс импортын буудай оруулахаас аргагүй
/ХХАА-н сайд/

-Аж ахуйн нэгжүүдийн тариалангийн талбай дээр ирж танилцахад ургацын байдал алаг цоог байна. Тухайлбал, нэг га-гаас 4 цн авч байгаа хэсэг байхад 20 цн авч байгаа газар ч бас байна. Тариаланчид буудайгаа хурааж аваад дотоодын гурилын үйлдвэрүүддээ тушаана.

Тэгэхээр гурилын үйлдвэрүүд маань эхлээд дотоодынхоо тариаланчдын буудайг 100 хувь худалдаж авах нөхцлийг бүрдүүлнэ. Үнийн дүнд нь яам нөлөөлөхгүй.

Гурилын үнийг өсгөхгүй байх үүднээс салбар яамнаас бүтэн жилийн нөөцийг бүрдүүлэхийн тулд дутаж байгаа хэмжээнд нь импортын буудай оруулахаас аргагүй. Нэг цонхны бодлогоор импортын буудай авахаар илүү хямд оруулах боломжтой гэж үзсэн.

Тариаланчдын тарьж ургуулж байгаа буудайн үнийг бууруулж биш, импортын буудайг нэг цонхны бодлогоор хямд оруулж ирж байж, гурилынхаа бүтэн жилийн хэрэгцээг базааж авна.
 
Үр тарианы биржээ байгуулах цаг болжээ
/Сэтгүүлчийн дүгнэлт/
 
Энэ жил Монгол Улс 100 000 тонн буудай импортлохоос аргагүй байгаа. Гурилын үйлдвэрүүдийн чанарын шаардлагыг бүрэн хангасан улаан буудай ОХУ-д тонн нь 330 орчим мянган төгрөгийн үнэтэй байна. Харин дотоодын тариаланчид нэг тонн буудайг 600 мянгаас буулгахгүй гэж буй. Холбооны ерөнхихйлөгч нь “850 мянга” гэж хүртэл дуугарсан байна лээ. Түүний эл үйлдлээс харахад “Өндөр үнэ хэлж байгаад дунд нь тогтоочихно” гэж бодож байгаа нь илэрхий. Өмнө нь ийм маягаар урамшууллынхаа хэмжээг нэмэгдүүлээд сурчихсаны илрэл юм л даа. Энэ жил ч гэсэн “Ургацынхаа 80 хувийг алдлаа” гэж сүржигнэж байж гурилын үнийг өсгөсөн. Гурилын үйлдвэрүүд сургаар үнэ нэмж их ашиг олно, тэр мөнгөөрөө улаан буудайг нь худалдаж авна гэж тооцсон ч байж магад. Засгийн газар дотоодын хэрэгцээгээ хангах 100 000 тонн улаан буудайг л импортлохоор зэхэж байхад тариалсан бүх буудайгаа зарах нь ойлгомжтой байгаа дотоодын тариаланчид яагаад эсэргүүцэх болов. Учир нь импортын улаанбуудайн үнэ хямд байгаа юм.

Өнгөрсөн жил өндөр ургац авсан тариаланчид энэ жил ихэнх нь талбайн хэмжээгээ нэмэгдүүлсэн. Тиймээс алдагдал хүлээсэн нь ойлгомжтой. Гэхдээ тэглээ гээд алдагдлаа ард түмний халааснаас гаргана гэж зүтгэх нь учир дутагдалтай. Тариаланчид өөрсдийгөө “Маш эрсдэлтэй салбарт сэтгэлээрээ зүтгэж яваа эх оронч хүмүүс” гэж тодорхойлох дуртай. Гэвч үнэн хэрэгтээ эрсдэл багатай салбарт тооцогдох хэмжээнд төр засгаар тойглуулж байна. Нэг ширхэг үрийн буудай 8-10 болж ургадаг. Жил бүр ган болдоггүй. Харин Засгийн газар хөнгөлөлт, зээл тусламж, урамшууллаа жил болгон өгдөг.

Ингэж тойглуулж байгаа салбар өнөөдөр Монголд байхгүй. АНН-үүд цаг агаар тааламжтай байсан өнгөрсөн жилүүдэд нэг удаагийн ганд сөхөрчихгүй байх нөөцөө өөрсдөө бүрдүүлэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, урамшууллын хойноос хөөцөлдөж, жил бүр тариалах талбайгаа нэмэгдүүлсээр ийм байдалд хүрлээ. Тодорхой хэлбэл, Засгийн газраас өгч байгаа урамшууллын мөнгө ч үүнд буруутай болж таарч байна. Тэгэхээр яах вэ. Хариулт нь бэлэн байж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн дөрөвдүгээр сард ард түмэндээ хандаж үг хэлсэн. Энэ үгэндээ маш олон асуудлыг хөндсөн бөгөөд ихэнх нь шийдлээ хүлээн байна.

Ерөнхий сайд “Миний хөндөх дараагийн нэг том сэдэв, Засгийн газрын хийх том ажил бол үнэ чөлөөлөх асуудал юм. 24 жилийн өмнө Бямбасүрэн гуайн Засгийн газар Монгол Улсын хөгжилд нэг буянтай зүйл хийсэн нь үнэ тариф, бараа бүтээгдэхүүний үнийг чөлөөлсөн явдал юм.  Өнөөдөр бид энэ том үйлсийг дуусгаж, эцсийн цэгийг нь хатгах ёстой” хэмээн онцолж байгаад “Газар тариалан, гурилын үйлдвэрлэл эрхэлдэг хувийн компаниуд маань өнгөрсөн жилүүдэд нэг талаас хувийн компани шиг, нөгөө талаар төрийн өмчийнх юм шиг явж ирлээ. Төрөөс дэмжсэн бодлого урамшуулал, хөнгөлөлт чөлөөлөлт, үнийн бодлого газар тариалангийн салбарт үр ашгаа өгч өнөөдөр бид хэрэглээгээ 100 хувь өөрсдөө хангах боллоо.

Гэвч төрийн байгууллага болон Тариалан эрхлэгчдийг дэмжих сан бизнест хэт их хутгалдаж, урамшууллын одоогийн тогтолцоо үеэ өнгөрөөж, гурилын үйлдвэрлэл хэрэглээнээсээ 2.5 дахин их хүчин чадалд хүрч, тариаланчид ч урдах жилүүдээсээ илүү их ургац хураах боллоо. Зах зээлийн зөв зарчим дээрээ суурилаагүй өнөөгийн байдал тариаланчдыг тариан талбай дээр бус Чингисийн талбай дээр ажлаа хийхэд хүргээд байна. Иймд ХХААЯ тариаланчид, үйлдвэрлэгчдийн саналыг авч сайтар судалсны үндсэн дээр гурил буудайн үнийг энэ жилээс эхлэн бирж болон зах зээлийн үнэ дээр тогтсон шинэ зөв зарчимд оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Хуучин урамшуулалд олгодог байсан хөрөнгө мөнгөө харин нийгмийн хэрэгцээ шаардлага бүхий хэсэг бүлэгт үнийн зөрүүнд нь зарцуулдаг тогтолцоонд шилжих болно” хэмээн гал цогтой хэлсэн билээ.
 
Одоо энэ ажлаа л нэн даруй хийх хэрэгтэй. Хүүхдийг хэт бөөцийлөөд байвал эрх танхи, амьдрах чадвар султай болж өсдөг. Манай газар тариалангийн компаниудад ч энэ шинж илэрч байх шиг байна. Урамшуулал авахгүй бол тариагаа ч тарьж чаддаггүй олон компани байснаас чадамжтай цөөхөн ААН байсан нь дээр. Оруулсан хөрөнгөө зуны гуравхан сарын хугацаанд хэд дахин нугалаад олчихдог салбар Монголд газар тариалангаас өөр байхгүй. Тиймээс хөрөнгө оруулах чадалтай компаниуд гарч ирж л таарна. 

Монголын мэдээ
Х.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-09-30 07:02:09
    vniig ni chuluuluud gadnaas byydai importlohoo mun chuluutei bolgoh heregtei. tegsen tsagt dabarsan tariachid bydaagaa vnetei shahahig ni hariya.
    103.10.20.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Пүүжий 2015-09-30 04:14:26
    Үнэ чөлөөлнө гэж тийм ч амархан хийчих ажил биш шүү? Тухайлбал эрчим хүчний үнийг яах вэ? Цахилгааны үнэ өөрийн өртөгтөө ойрхон байгаа боловч чөлөөлж чадахгүй б...
    202.179.11.94
    Мэдэгдсэн Хариулах