Гишүүд төрсөн өдөр "хэсч" байна гэнэ үү
УИХ-ын ээлжит сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдээд байна. 2012 оны сонгуулийн дараачаас ард түмэн биднийгээ мартаж, зөөлөн суудалдаа өнөд тухлах юм шиг санаж байсан эрхэм гишүүдийн ааш аяг нь жаахан зөөлөрч байгаа сурагтай. Учир нь сонгогдсоныхоо маргааш “наалдсан” парламентын танхим дахь сандал нь юу юугүй тэднийг “орхин одох” цаг ирсэн болохоор тэр. Хөөрхийс дөө. Ирэх жилийн зургаадугаар сар гэхэд саарал ордонтойгоо салах ёс хийх нь хийгээд л явна. Тийм болохоор сэтгэлд дасал болсон саарал ордон, уралдаж дардаг кноп, уралцаж хэрэлддэг танхим, уйдахын аргагүй зөөлөн суудлаа яаж зүгээр орхих вэ дээ. Тиймээс сүүлийн гурван жил гаруй мартчихаад байсан ард түмнээ санахгүй гээд яах ч билээ.
 
Тойргоо эргэж  тойрдоггүй, ард түмэнтэйгээ уулздаггүй, зурагтаар л хааяа бараагаа харуулдаг гишүүд ийш тийшээ давхилдах болсон сурагтай. Худлаа хэлсэн хүнд өдөр болгон уулзалт, ярилцлага, хурал зөвлөгөөн зохион байгуулаад л. Өөр өөрсдийн мэдлийн салбарынхаа одон тэмдэг, өргөмжлөл, жуухыг тараагаад сүйд майд. Ямар сайндаа л нэг үерийн далан дээр гүүр барьчихаад 10, 20-уулаа очиж туузыг нь хайчилж байх вэ дээ. Ерөнхийдөө энэ намар олон ч жижиг сажиг бүтээн байгуулалтын нээлт болох байх. Тэр болгонд гишүүд очиж, 10,20-уулаа зогсоод тууз хайчлах нь бололтой. Тэгэхээр салбарынхан нь уртхан тууз, олон хайч бэлтгэж байхад гэмгүй болох нь.
 
Дээрээс нь сая хэд хоног чуулган завсарлаж, гишүүд завтай байсныг ч хэлэх үү хөдөө орон нутгийг том том жийпнийхээ дугуйгаар “тамгалж”, найр наадмаас авхуулаад очиж болох бүхий л үйл ажиллагаанд оролцож байгаа сурагтай. Саяхан нэг сэтгүүлч маань баруун аймаг руу томилолтоор явсан юм. Тэгээд тэндхийн иргэдээс “Тойргоос чинь сонгогдсон гишүүд ирж байна уу” гэж асууж. Гэтэл “Ирэх нь битгий хэл төрсөн өдрийн баярт хүртэл оролцож байна” гэж хариулсан гэнэ ээ. Аргагүй л сонгууль дөхөж байгаагийн шинж шүү дээ. Аягүй бол сонгогдсоноосоо хойш тойргоороо ганц хоёр л үзэгдэж, хальт харагдаж, ярвайсан байдалтай хэдэн үг хэлчихээд явж байсан нөхдүүд энэ удаад байдгаараа инээгээд, төрсөн өдрийн мэнд хүргээд л давхиж явсан ч байж магадгүй.
 
Хаа нэгтээ хаяад мартчихсан “инээдэг баг”- аа ойрноос хайж олоод, төрсөн өдрийн мэндчилгээ сурч аваад л давхиад байгаа бололтой. Аргагүй л сонгууль дөхөж байна даа. Гишүүдийн сайхан зан нь хөдөлж, “инээдэг баг”- аа өмссөн энэ үед төрсөн өдөртөө урьж, сайхан үг хэлүүлэх хүн байвал захиалга өгсөн ч болох бололтой.
 
Ямар ч байсан хөдөө орон нутгаар явж байгаа гишүүд төрсөн өдөр “хэсч” байна гэсэн. Хотынхон ч ялгаагүй байлгүй дээ. Он гарахаар төрсөн өдөрт чинь очъё гээд л инээгээд зогсч байж мэдэх л байх.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БАЛТ 2015-10-09 07:16:09
    ЯМАР СОНГОГЧИД БАЙНА ТИЙМ Л ТӨР ЗАСАГ СОНГОГДДОГ ГЭСЭН ШҮҮ, ТӨРӨГСӨД ӨӨ ....
    150.129.142.18
    Мэдэгдсэн Хариулах
  • ааааааа 2015-09-30 08:49:02
    minii torson odor songuuliin odor shuu dee. uridchilaad belgee ogchihooroo 76aa
    203.194.116.15
    Мэдэгдсэн Хариулах