Б.Хонгорзул: Манай зураачдын бүтээлийг дэлхийд үнэлж байхад бид ойлгохгүй сууж байж болохгүй
UB art fair 2015”-ын зөвлөх, Монголын урчуудын эвлэлийн тэргүүлэгч гишүүн, зураач Б.Хонгорзулаас зарим зүйлийг тодрууллаа.
 
-“Арт фэйр”-ийг гадаадын орнуудад хэр өргөн цар хүрээтэй зохион байгуулдаг юм бол?
 
-Тухайн орны уран бүтээлчдийн нэгдсэн том үзэсгэлэн байдаг. Гадаадын дүрслэх урлагийн байгууллага руу урилга явуулж, уран бүтээлчид нь оролцох маягаар нэг ёсны үзэсгэлэн солилцооны  арга хэмжээ болдог юм билээ. Жишээ нь, Бээжингийн “ Art fair” гэхэд өөрийн уран бүтээлчдийнхээс гадна 100- гаад орны павильон байгаа юм. Тэгэхээр ямар том үзэсгэлэн байх нь ойлгомжтой. Үүнд оролцсоноор улсаа сурталчилна, зах зээлээ олно. Манайд энэ арга хэмжээг зөвхөн галерейн хүрээнд хийгээд хадэн жил болсон юм билээ. Энэ жил Урчуудын эвлэлтэй хамтран хийх саналыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар тавьсан.
 
Дүрслэх урлаг гэдэг бол сайн дураараа хийчихдэг хэсэг бүлэг хүний ажил биш. Бодлоготойгоор авч явах ёстой. Урлаг хэр хөгжсөнөөр нь тухайн улсын оюуны чадавхийг тодорхойлдог гэж яриад л байдаг. Тэгсэн мөртлөө бодлоготой ажиллаж чаддаггүй. Дээр нь зураачид бид өөрсдөө даруухан, чимээгүй улс юм байна. Нэгэнт эхлэлийг нь тавьсан энэ арга хэмжээг цааш нь өргөн дэлгэр зохион байгуулаад байвал олон улсын хэмжээнд болохыг үгүйсгэхгүй.
 
-Энэ үеэр зургаан уран бүтээлчийн бүтээлийг онцолсон гэсэн. Ямар байдлаар сонгов?
 
-Олон улсын үзэсгэлэнгүүдээс сүүлийн хэдэн жилд шагнал авсан хүмүүсийн бүтээлийг онцолж байгаа юм. Тэдний бүтээлийг олон улсад үнэлж байхад монголчууд үнэлэх нь битгий хэл хараа ч үгүй, хараад ч ойлгохгүй хэмжээнд сууж байж болохгүй байгаа юм. Уг нь уран бүтээлчдийн хийсэн бүтээл бол нийслэлийн өнгө үзэмжээс эхлээд хүмүүсийн сэтгэхүйд хүртэл нөлөөлдөг. Нийслэлээс 30 самбар дээр уран бүтээлчдээ сурталчлах боломж өгч байгаа. Эхний ээлжинд олон улсын үзэсгэлэнгээс шагнал авсан хүмүүсийн бүтээлийг сурталчилъя.  Урчуудын эвлэлээс жил бүр оны шилдэг бүтээлийг шалгаруулдаг. Дараагийн ээлжинд түүнийг сурталчилъя гэж зорьж байгаа.
 
-Олон улсын үзэсгэлэнд оролцсон уран бүтээлчдийг харахад хувиараа юм уу, аль нэг байгууллагын шугамаар яваад байх шиг байдаг. Энэ тал дээр Урчуудын эвлэл уран бүтээлчдийг ямар байдлаар дэмждэг вэ?
 
-Урлагийг дэмждэг олон байгууллага, галерей байна. Тэд тус тусынхаа чиглэлээр уран бүтээлчдээ дэмжиж байна. Угаасаа ч тийм байх ёстой. Урлагийг дэмждэг байгууллага олон байж л хөгжинө. Урчуудын эвлэл Дүрслэх урлагийн хамгийн том байгууллага учраас гаднаас саналууд ирдэг. Тэр дагуу уран бүтээлчдийнхээ материалыг бүрдүүлж өгөх, холбох ажил хийдэг. Гэхдээ хангалттай байж чадахгүй байгаа. Учир нь, хүний нөөцийн асуудал манайд нэлээд хэцүү байдаг. Сүүлийн үед манайх фондоо сэргээж байна. Энд байгаа бүтээлүүд түүхэн талаасаа үнэт өв болдог учраас олон улсын үзэсгэлэнд явуулах ажил хийж байна.
 
-Гадаад ертөнцөд өндөр үнэлэгдэж байгаа бүтээлээ Монголдоо үнэлдэг болоход эхний ээлжинд яах ёстой гэж та бодож байна вэ?
 
- Гол нь бид хэрэглэгч нарыг сайн бэлдэх ёстой юм байна. Хэрэглэгч цөөн байгаа. Манайх хүн цөөтэй байж болно, гэхдээ урлагийн өндөр мэдрэмжтэй биш гэхэд аливааг хараад сайхныг нь мэдэрдэг гоо зүйн мэдрэмж олон нийтэд дутагдаж байна. Төрөөс мэдээж дэмжлэг байх ёстой. Жишээ нь, барилга барихад төсвийн нэг юм уу хоёр хувийг гадаад үзэмжиндээ буюу урлагийн бүтээлд тусгах ёстой гэж хуулиндаа заадаг ч юм уу. Вишингтонд лав тийм хууль байдаг юм билээ.  Манайд байгаа хөшөөнүүд мөнгө санхүүгээсээ ч болоод тэр үү, өрөвдмөөр жижигхэн байдаг. Хотыг илэрхийлэх, дүрслэх урлагийн хөгжлийг харуулсан бүтээл бол ховор байна.
 
-Нэгэнт дэлхийд танигдсан бүтээлээ улс эргээд мөнгө олох эх сурвалж болгож болмоор?
 
-Болно шүү дээ. Бүтээлийн патентын эрхийг улс худалдаж аваад, түүнийгээ том бүтээн байгуулалт болгож болно. Жишээ нь, “Норт арт”-аас А.Очирболдын “Хүн дэлхийд жин нэмээгүй” бүтээлийг томоор хийгээд тавихад нийслэл цоо шинэ өнгө төрх нэмнэ.  Зүгээр нэг тавихгүй, мэдээж түүнийг хэрэглэдэг байх хэрэгтэй. Түүнийг тойруулаад цэцэрлэгт хүрээлэн барих ч юм уу, тийм байдлаар уран бүтээлчдээ дэмжмээр байгаа юм. Хятадад гэхэд Бээжингээс 10 км зайтай, зураачдад зориулж тусгай хот бариад өгчихсөн байна. Тэнд нэг зураач доод тал нь  300 метр квадрат талбайтай  урлантай. Ерөнхий төлөвлөлтийг нь хийж өгсөн, бусдыг нь уран бүтээлчид өөрсдийн сэтгэлгээгээр хийхийг зөвшөөрдөг байх жишээтэй.
 
-Эхний ээлжинд урлагийн бүтээлээ аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хандуулах нь зүйтэй юу?
 
-Зөвхөн аялал жуулчлал биш бид өөрсдөө ашиглах гээд байна шүү дээ. Бид яахаараа “Моно Лиза” агуу шүү гээд хуулбарыг нь ханандаа өлгөөд байдаг юм бэ. Тэр агуу байж болно. Гэтэл бид өөрсдөө монгол хүнийхээ хийснийг хараад үнэхээр агуу шүү гээд сууж баймаар байна шүү дээ. Бид өөрсдөө хэрэглэгч болмоор байна.
 
Хэл, түүх, бичиг соёлыг тусгаар тогтнолын үндэс гэж үздэг шиг дүрслэх урлагт оршин тогтнох үндэс нь байх ёстой. 5-6 мянган жилийн өмнөх зүйлийг дамжуулж өгч байгаа нь юу вэ гэхээр зөвхөн урлагийн бүтээл байгаа байхгүй юу. Түүнээс биш хоол унд, хөгжим, дуу хуур биш. Дуу гэхэд өөрчлөгдөөд яваад байх талтай. Данзанравжаагийн дууг одоо бид үнэн дуулж байна уу, үгүй юу мэдэхгүй шүү дээ. Гэтэл хүний хийсэн урлагийн бүтээл бол өөрчлөгдөхгүй байхгүй юу. Шууд гарт баригдаж, нүдэнд харагддаг. Жишээ нь Ноён уулаас ухан гаргасан хивсний тасархай байна. Тэр бол эсгийний тасархай л байгаа шүү дээ. Гэтэл монголчууд ямар соёлтой байсан, технологи нь юу байсан бэ гэх мэтээр маш их мэдээллийг дамжуулж үлдээсэн. Тэр утгаараа урлаг үнэтэй байх ёстой гэдэг нь энэ.
 
Хамгийн ойрын жишээ гэхэд хүн хэд наслах вэ. 80 насаллаа гэж бодъё. Гэтэл хүний хийсэн даавуун дээр наасан будаг хэд наслах вэ. Хэдэн зуунд ч байх боломжтой. Түүхийн дурсгал дүрслэх урлагаар дамжиж үлддэг. Тэгэхээр үүнийг зөв хөгжүүлж, хүний юм хуулахгүй, Монголын гэх юмаа авч үлдэх нь чухал. Занабазарын бүтээлийг гэхэд одоо 58 сая ам.доллараар Кристигийн дуудлага худалдаагаар худалдаад явж байна. Тэр юу вэ гэхээр урлагийн бүтээл учраас үнэ цэнтэй байна шүү дээ.
 
Монгол ахуй гэдэг агуу зүйл байна шүү дээ. Ширдэг, авдар дээрх хээ угалзаас эхлээд дарханы урлал байна. Одоо болохоор гаднаас янз бүрийн зүйл орж ирэхээр өөрийн юмаа үнэлэх үнэлэмж их багассан байгаа байхгүй юу. Гаднын юмыг шүтэх үзэл хэтийдсэн байна. Мона агуу л гээд байна. Гэтэл нэг цаг үед амьдарч байсан агуу нь хажууд нь байсан л байна шүү дээ.
 
Д.Пүрэвсүрэн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.