Ж.Эрдэнэцогт: Агаар бохирдуулсаны татвар ААН, иргэдээс авч эхэлнэ
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос Агаарын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор агаарыг заасан хэмжээнээс илүүтэйгээр бохирдуулж байгаа аж ахуй нэгж, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа иргэдийг торгохоор болжээ. Мөн түүнчлэн нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй ААН болоод үйлдвэрлэл хщүйлчилгээ эрхэлж буй иргэдээс Агаар бохирдуулсаны татвар авахаар болсон байна. Энэ талаар бид Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогттой ярилцлаа.

-Агаарыг заасан хэмжээнээс илүүтэйгээр бохирдуулж буй иргэн аж ахуй нэгжийг торгоно гэж байна энэ талаараа тодруулаач?
-Улаанбаатар хот дахь агаарын чанарыг агаар дахь хүхэрлэг хий, том ширхэгт тоосонцор зэрэг таван төрлийн үндсэн бохирдуулагч бодисын төлөв байдлыг хянаж буй цэгүүдэд хийсэн 2013 оны хяналт шинжилгээний жилийн дундаж агууламжийг Агаарын чанарын MNS4585:2007 стандарт дахь хүлцэх хэм хэмжээтэй харьцуулахад хүхэрлэг хийн агууламж 22 мкг/м3-д хүрч 2.2 дахин, том ширхэглэгт тоосонцорын агууламж 195 мкг/м3-д хүрч3.9 дахин, азотын давхар ислийн агууламж 59 мкг/м3-д хүрч 2.0 дахин тус тус их байна. Энэ нь агаар бохирдуулагч эх үүсвэр бүхий иргэн аж, ахуй нэгж, байгууллагууд агаарын агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад идэвхитэй оролцох, өөрийн болон бусдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах шаардлага зүй ёсоор тулгарч байгааг илтгэж байна. Иймд Агаарын болон, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн зарим зүйл заалтын дагуу агаар бохирдуулагч эх үүсвэр бүхий иргэн, ААН байгууллага бүрт тодорхой үр дүнтэй ажил зохион байгуулах, Агаарын тухай хуулийн зүйл заалт зөрчигдөх байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор албан шаардлага хүргүүлээд байна.

-Хичнээн ААН, иргэнд шаардлага хүргүүлээд байгаа вэ?
-Дээрх ажлын хүрээнд 100 кВт-аас дээш хүчин чадалтай уурын зуух ажиллуулж буй 300 гаруй аж, ахуй нэгж, 100 кВт хүртэлх хүчин чадалтай уурын зуух ажиллуулж буй 2000 гаруй иргэнд албан шаардлага хүргүүлээд байна. Есдүгээр сарын 15 хүртэлх хугацаа өгсөн. Хэрэв шаардлага биелүүлэхгүй агаарыг заасан хэмжээнээс илүүтэйгээр бохирдуулвал торгох арга хэмжээ авна.

-Торгуулийн хэмжээ ямар байгаа вэ?
-Хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доо хэмжээг 3-9 дахин нугалсантай тэнцэх хэмжээгээр торгоно. Энэ нь үндсэндээ 1,8-2,0 сая орчин төгрөг болж байгаа юм.Түүнчлэн шаардлагатай гэж үзвэл үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь хураах хүртэл арга хэмжээ авна

-Хүргүүлсэн албан шаардлагадаа хэрхэн хяналт тавих вэ?
-Ямартай ч шаардлагаа хүргүүлээд хугацаа өгсөн байгаа. Хугацаа дуусангуут ажлын хэсгийнхэн хяналт тавина. Есдүгээр сарын 15-наас эхлэн ААН-үүдийн халаалт ирэхээр очиж хэмжилт хийгээд заасан хэмжээнээс давсан байвал хариуцлага тооцно.

-Эхний ээлжинд аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлчихлээ. Тэгвэл аж ахуйн нэгжүүд зөрчлөө бууруулснаар агаарын бохирдол хэдэн хувиар буурна гэж төлөвлөж байна вэ?
-Нам даралтын зуухтай аж ахуйн нэгжийн бохирдол нийт утааны 20 гаруй хувийг эзэлдэг. Тэгэхээр бүгд стандартаа бариад ажилчихна гэж бодвол ядаж 10 хувь нь буурах байх.

-Нийслэл хотод үйл ажиллага эрхэлж буй ААН, үйлдвэрлэл эрхэлж буй иргэдээс агаар бохирдуулсаны татвар авч эхэлнэ гэсэн энэ талаар тодруулаач?
-Одоохондоо яг шийдээгүй байна. Энэ асуудлыг судалж байна. Эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана. Гэхдээ агаар бохирдуулж байгаа л бол татвар төлнө. Ингэхдээ нэг жилд хэрэглэж байгаа нүүрсний хэмжээнээсээ шалтгаалаад татварын хэмжээ өөр, өөр байна.

-Энэ татварыг жилд хэдэн удаа төлөх вэ?
-Агаар бохирдуулсаны татварыг жилд нэг удаа төлнө.

-Хэзээнээс агаар бохирдуулсаны татвар авч эхлэх вэ?
-Одоогоор тогтоолын төслийг боловсруулж байна. Ингээд Засгийн газраар батлагдаад хэрэгжиж эхэлнэ.

-Агаарын бохирдлыг бууруулахаар хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлээд байгаа энэ хэрээрээ зарцуулах мөнгөний хэмжээ ч их байна. Гэсэн ч агаарын бохирдол буурахгүй байна?
-Улаанбаатар хотынхны хувьд хамгийн том асуудал бол мэдээж агаарын бохирдол байгаа. Тиймээс агаарын бохирдлыг бууруулахаар шат дараатай арга хэмжээнүүдийг авч байна. Утаагүй зуух, шахмал түлшийг агаарын чанарын бүс тогтоон айл өрхүүдэд хөнгөлттэй үнээр тараан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээгээр агаарын бохирдол буурч байна. Бид утааны асуудлыг  зуны улиралд ч гэсэн марталгүй арга хэмжээ авч байхаар болсон. Тиймээс зуны улиралд агаарын бохирдлоос сэргийлэх ажлуудыг шат дараатай хийх болно.

Ярилцсанд баярлалаа

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-06-14 01:55:58
    Tegeed uursduu idej uuna bizdee tiimel tusul
    103.26.193.8
    Мэдэгдсэн Хариулах
  • аакш 2014-06-13 07:29:08
    битгий хуцацгаа муу нохойнуудаа...
    202.70.45.248
    Мэдэгдсэн Хариулах