"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 36 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Үүгээр улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын явцад бий болсон оюуны өмчийг өмчлүүлэх, эзэмшүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах ажээ.

Мөн оюуны өмчийн удирдлага, зохион байгуулалт ямар байх, оюуны өмчийг хэрхэн баталгаажуулж, бүртгэх, оюуны өмчийг эзэмших, өмчлөх, ашиглах нөхцөл нь ямар байх, оюуны өмчийн ашиглалтаас олсон орлогыг хэрхэн захиран зарцуулах зэрэг асуудлыг нарийн журамлажээ. Тухайлбал, оюуны өмчийг эзэмшигч нь оюуны өмчийг холбогдох патент, гэрчилгээ олгогдсоноос хойш 3 жилийн дотор оюуны өмчийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах, худалдах, түүнийг эзэмших эрхээ шилжүүлэх, оюуны өмчийг лицензийн гэрээгээр бусдад ашиглуулах, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, эсхүл түүнд тулгуурлан гарааны компани байгуулах зэрэг хэлбэрээр ашиглаж болохоор байна.

Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн “Стратеги батлах тухай” Монгол улсын Засгийн газрын тогтоолоор,”Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратеги”-ийг баталжээ.

Иргэдийн бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжиж, оюуны өмчийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгон оюуны өмчийн ашиглалтыг нэмэгдүүлэх замаар мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох, дэлхийн эдийн засагт эзлэх Монгол улсын байр суурийг нэмэгдүүлэхэд энэ стратегийн зорилго оршиж байна.

Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд оюуны өмчийн эрх зүйн орчныг Монгол улсын хөгжлийн шаардлага, олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох, бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжих тогтолцоог боловсронгуй болгох зэрэг зорилтыг дэвшүүлж байгаа бөгөөд оюуны өмчийн эрх эзэмшигч болон нийтийн ашиг сонирхолын тэнцвэрт байдлыг хангах, оюуны өмчийн талаарх мэдээллийг нийтэд нээлттэй болгох арга хэмжээ авч, түүнийг шударгаар олж авах, ашиглах боломжийг бүрдүүлэх, оюуны өмчийн харилцаа нь төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэл, иргэдийн хамтын ажиллагаанд тулгуурласан байх зэрэг зарчмыг баримтлахаар журамласан байна.

Мөн стратегийн зорилтыг хэрэгжүүлэхдээ ямар үйл ажиллагаа явуулах, стратегийн хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулж, хянах, стратегийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг ямар эх үүсвэрээс бүрдүүлэх, түүнийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх зэргийг энэ журамд тодорхой тусгажээ.

Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратегийг 2015-2018 онд хэрэгжүүлэх юм байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.