Сэлэнгийн Бугант "нинжа" нарын гарт сүйдэж байна
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Бугант тосгоны орчим Толгойтын орд гэх алт олборлогчдын хуучин үүрэнд шинэ "нинжа" нар суудлаа засчээ. Өнгөрсөн хавраас тэнд алтны төлөө дажин дахин эхэлснийг нутгийн иргэд ярьж байна. Энэ удаа монгол, солонгос иргэд хамтран алт ухаж эхэлжээ. "Нинжа" нар орон нутгийн удирдлага, хяналт, шалгалт тавих эрх бүхий байгууллагынханд ч дийлдэхгүй байгаа аж.

Орон нутгийн удирдлагуудаас энэ тухай тодруулахад өнгөрсөн сарын дундуур нутгийн цагдаа нар тэднийг барьж, аймгийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар өгсөн гэв. Алт ухахаар очсон тэдгээр хүмүүсийг тэнд алтны компани ажиллуулдаг н.Дарамдорж гэх хүн зохион байгуулсан гэх мэдээлэл ч бас дуулдлаа. Аймгийн цагдаагийн хэлтсээс энэ тухай лавлахад мэдээлэл үндэслэлтэй болохыг хэлээд "Гэмт хэрэгтэй тэмцэх алба шалгаж байгаа, эрүүгийн хэргийн талаар утсаар мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн хариу өгөв.

Албаны хүмүүсийн байр сууриас үзэхэд хууль бусаар алт ухаж байсан хүмүүсийг барьж, улмаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Харин хэн гэгч том толгойтой нөхөр, ямар гээч хуулиас давсан эрхтэй компани гадаадын иргэдийг дагуулан очиж алт ухуулсан нь хариу нэхэж байгаа юм. Үйл явдлын мөрийг мөшгивөл Бугант тосгон дахь хуучин Монголросцветмет нэгдлийн харъяа Толгойтын алтны үйлдвэрийн ашиглаж байсан газруудад дээрх хэрэг болжээ. Тус газарт 1995 оноос "Ди Зет Энд Ай" гэгч ХХК лиценз авч эзэн суусан.

Тус компанийн захирал нь н.Дарамдорж гэх хүн байдаг. Нутгийнхан энэ компанийг "Ди Зет Энд Ай" гэхээс илүү захирлынх нь нэрээр "Дарамын уурхай" хэмээн нэрлэж заншжээ. Алт ухаж буй газар нь Ерөө голын сав газар. Уг нь "Урт нэртэй хууль"-ийн дагуу энд 2011оноос эхлэн ашигт малтмал эрэн хайх, олборлохыг хязгаарласан байх учиртай. Гэтэл тухайн үед н.Дарамдорж захирал "Би хөөцөлдөж байгаад хуульд хамааралгүй болгосон" хэмээн нутгийн иргэдэд зарлаж байж. Түүгээр барахгүй Толгойт, Нарийний ам, Их алтат зэрэг газарт нутгийн ажилгүй иргэд алт олборлохоор очиход "Миний газар, та нар зайлцгаа" гэж байсныг иргэд бухимдан ярьж байна.

Тэр үед тус газарт аль хэдийнэ хөрс хуулалт явуулаад эхэлчихсэн байсан аж. Ингээд 2013 онд Нарийний ам гэх газарт Хойд Солонгосын компанийг оруулж, хамгаалагчаар Сэлэнгэ аймгийн цагдаад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан н.Батсүх гэгчийг ажиллуулж, нутгийн иргэдийг дотогш нэвтрүүлээгүй. Харин иргэдийн шаардлага, шүүмжлэлийн дагуу Ерөө сумын ИТХ-ын төлөөлөгчид газар дээр нь очиж шалгасан ч, маргаашаас нь эхлэн уурхай ажиллаж эхэлжээ.

Өнгөрсөн оныг иймэрхүү байдалтай үдсэн бол энэ хавраас газар шорооны ажил эхлэнгүүт н.Дарамдорж захирал солонгос, монгол иргэдийг аваачин алт ухуулж эхэлсэн нь энэ гэнэ. Түүний тухайд нутгийн иргэд "Бугант тосгонд 14 жил ажиллаж байгалиас алт баялгийг нь авчихаад орон нутгийн тохижилтонд ганц юм бүтээж өгөөгүй. Улсын наадам болоход гуйлгаж байж Засаг даргад хэдэн төгрөг өгөөд зугтах шахуу алга болдог" гэхчлэн ам муутай байдаг юм байна.

Ч.ЗОТОЛ
ЗУУНЫ МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • baraa 2014-06-13 02:05:32
    huuli bus uildeliig sain shalgah heregtei ene batsukh geed bga nohor selengiin tsagdaad eruugiin tasgiin darga baisan neleen budilaanii ezen baisan bas end huuli bus zuiltei hamtraad yawj bna da