А.Цэгмэд: “Зовлон чамайг би яаж даван туулахыг хар чи” гэж амьдарсан
“Гэрт маань зочин ирэх гэж байхад орцны үүдэнд хог байгаа нь таагүй санагдаад...” хэмээн орцныхоо үүдэн дэх хогийг цэвэрлэж зогссон МУСТА, жүжигчин А.Цэгмэдийг танихгүй хүн байхгүй биз ээ. Тэрбээр бага залуудаа спортоор хичээллэж байсан, эдүгээ ч спортоо хаяагүй учраас хөнгөн шингэн гэж жигтэйхэн. А.Цэгмэд гуай саяхан Унгарт зураг авалт нь явагдсан “Marco Polo” кинонд амжилттай тоглоод ирсэн билээ. Үзэгчдийн сэтгэлд хоногшсон тайз, дэлгэцийн бүтээлийн чимэг болсон туслах дүрийг бүтээж, ард түмнийхээ хайр, хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин А.Цэгмэдийн гэрт зочилж, ярилцсанаа хүргэе.
 
“Босоо ороолон” шиг хүүхэд байлаа

-Төрсөн нутаг, бага нас, ээж, аавын­хаа талаархи дурсамжаас манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Завхан аймгийн Завханмандал сумын нутаг Хүнгүйн голын эрэг, Нуга гэдэг газар төрсөн хүн дээ, би. Миний ээж энэ оны тавдугаар сард бурхны оронд заларсан. Ээжийгээ би 87 нас хүртэл нь асарч, халамжиллаа. Ээждээ зориулаад одоогийн алдартай дуучдын дуулсан “Ээжийнхээ ачийг яанам бэ” гэдэг дууг өөрөө дуулж, дүү нартайгаа хамтраад клип хийлгэсэн. Саяхан би Унгарт байхдаа тэр клипээ үзээд сууж байтал ээж минь дээлтэйгээ овоо тойроод явж байгааг гэнэт хараад их цочирдсон. Үүнээс болоод сэтгэлээ онгойтол нэг өдөр уйлсан. Учир нь тавдугаар сард ээжийгээ үдчихээд сарын дараа Унгар руу явсан болохоор тэр хооронд мартагнасан байсан шүү.

Тэгээд  гэнэт  гараад ирэхэд нь их цочсон хэрэг. Тэгэхдээ ээжийнхээ сэрүүн тунгалаг  байх  үеийн бичлэгийг  аваад үлдсэн би ямар их азтай хүн бэ гэж дотроо бодож явдаг юм. Миний ээж жирийн л нэг малчин хүн. Би 11 нас хүртлээ  эмээ, ээж хоёртойгоо хурга ишгээ хариулж өссөн. Миний хойд аавыг Аюурзана гэдэг. Би хоёр дүүгийнхээ ааваар овоглож явдаг юм. Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн аавыг Бэгз гэдэг. Бэгзийн төрсөн дүү нь Жадамбаа гэдэг хүн хоёр ах дүү хоёр байсан. Тэгэхээр дорнын их яруу найрагч Явуухулан аавтай үеэлүүд байгаа юм.

-Таныг багаасаа спорт, тэр дундаа хөнгөн атлетикийн төрлөөр хичээллэж байсан шаггүй тамирчин гэж сонссон юм байна?

-Би 4, 5 настай байхдаа л бие маань чилээд, хөлөө толгой дээгүүрээ давуулмаар ч юм шиг, элдэвлэдэг байлаа. Малаа хариу­лаад талд явж байгаа хүн чинь юу эсийг хийх вэ. Би одоо санадаг юм. 1954 онд улсын циркийн уран нугараач Мажигсүрэн тэргүүтэй урлагийн бригад манай суманд ирж тоглох үед уран нугарч буй хүнийг анх удаа  нүдээрээ харж, ингэж болдог юм байна гэж санаа аваад энд тэнд нуугдаад л “нугардаг” байлаа. Тэгэхэд эмээ, ээж хоёр маань намайг “Энэ их хачин, босоо ороолон шиг хүүхэд” гээд, ийм юм хийж болохгүй, босоо ороолон л ийм зүйл хийдэг юм” гээд их хорьдог байсан юм.

Тэр битгий хэл миний ээжийг алс хол сургуульд явъя гэхэд нь “Оросууд ачаад явчихаар ээж, аавыгаа чи хэзээ ч үзэхгүй” гээд авч үлдээд, малчин болгочихсон юм шүү дээ. Тэгээд 1955 онд аймгийн I арван жилийн босгыг алхаж байлаа. “Гарын таван хуруу”-ны Шагдарт тоглодог Лхасүрэн манай ангийн дарга байлаа. Одоо их мундаг явж байгаа, улс эх орондоо хүчээ өргөөд явж байгаа олон алдартантай нэгдүгээр ангид хамт сурч байлаа. Тэр хэдтэйгээ сурч байгаад, 1958 онд ээж маань намайг аваад Улаанбаатар хотод нүүж ирээд Усны гудамжинд суурьшсан. Үүнээс хойш хэдэн  удаа ийш тийшээ  нүүснээ тоолж үзэхэд, ээж бид хоёр 1958-1990 оны хооронд нийтдээ 32 удаа нүүж, суурьшсан байдаг юм билээ.

Одоотой адил газар эзэмших юм байсангүй. Айлын хашаанд гуйгаад л 30 төгрөг төлөөд л амьдардаг байлаа. Тэгээд сүүлд манай хоёр дүү байр сууцтай болоод ээжийгээ аль болгон нүүрс түлээтэй хутгалдуулах вэ гээд байранд аваачсан чинь ээж маань “Гэртээ ажлаа хийж байх минь жаргал байж, энэ байранд зүгээр суух чинь харин зовлон болж байна” гэж байсан юм. Тэгээд нүүх болгондоо өөр сургуульд сурч байсан.  Ингээд хамгийн сүүлд 14 дүгээр сургуульд ирээд, аравдугаар ангиа төгссөн. Энэ үедээ дуулна,  шүлэг  уншина,  бас болоогүй хөнгөн атлетикийн тэмцээнд оролцдог.

-Бүх юманд л орж явдаг их сэргэлэн хүүхэд байжээ?

-Ер нь л бага байхдаа их олби оготно шиг хүүхэд байсан байгаа юм. Нэг дурсамж хуваалцахад, манай сургууль Зэлтэрийн сангийн аж  ахуй руу сурагчдаа явуулдаг юм байна. Би тэгэхэд нэг жаахан биетэй хүүхэд байсан болохоор тогооч болгочихдог юм байна. Тэгсэн хоолоо хийж чаддаггүй, холион бантан хутгалаа гээд бухал хийгчээр томилов оо. Бухал хийгч хийсэн чинь бээлий байхгүй, хамаг гар хуруу нь сөрөөд хагараад, хөх түрүүнд хазуулаад халуураад хөгийн амьтан  байж байхад миний ээж дугтуй дотор 25 төгрөг хийгээд, шуудангаар явуулсан байдаг юм. Тэгсэн бараг сарын дараа Зэлтэрийн сангийн аж ахуйн төв дээр бүх бригадууд цуглаж, спартикиад болдог юм байна. Тэнд очоод уртын харайлт, өндрийн харайлтад түрүүлээд гурав, таван төгрөгөөр шагнуулчихаад найз нараа дайлж байсан чинь ээжийн минь явуулсан мөнгөтэй захиа маань ирж, баяжиж байлаа шүү дээ.

Ингэж явсаар Гимнастикийн шигшээ багт орж, спортын мастер болох замналаа тавьсан даа. Манай сургуулийн гурван охин энэ шигшээд орсны нэг нь би байсан юм. Бидний багш, дэслэгч Дэмбэрэл гэдэг хүн “Алдар” нийгэмлэгийн зааланд анх III, II зэргээр хичээллүүлээд, манай нийгэмлэг дандаа алтан медалийг авдаг байлаа. Тэгээд I зэрэг авахын өмнө “Алдар” нийгэмлэгийн алт аваад байгаа хүүхдүүдийг СТО-ны дэргэдэх шигшээ багийн дасгалжуулагч Норов багш онилоод, хичээлийнхээ хажуугаар улсын шигшээ багийн II баг буюу I багийн тамирчин ямар нэг байдлаар тэмцээнд оролцох боломжгүй үед нөхөх бэлтгэл тамирчинаар авлаа гэсэн юм. Хичээлийнхээ хажуугаар бэлтгэлээ хийгээд, сард 150 төгрөгийн цалин авдаг боллоо. Би тэр үед ухаан алдатлаа баярлаж байсан даа.

-Шигшээ багийн тамирчин болчихоор улсаа төлөөлж, олон улсын тэмцээнд оролцох хэрэг гарна биз?

-Тухайн үед манайд гимнастикийн спорт дөнгөж эхэлж байсан болохоор манай улс 50 гаруй улсын дараа жагсдаг байлаа. Миний багш тэр суурь үндсийг тавьж өгсөн хүн байгаа юм. Бид Унгарт болсон нөхөрлөлийн тэмцээнд явахынхаа өмнө бэртээд, тэр үед хянагчаар явсан юм. Тэр үед тэмцээний бэлтгэлд явж байхдаа хүүхдүүдийнхээ аавтай танилцаж, тэр маань намайг мотоциклиороо хүргэж өгөх гэж яваад осолд ороод бэртчихсэн юм. Тэгээд багшдаа их загнуулсан.

Тэгээд Унгарын тэмцээнээс буцаж ирээд, Мексикийн олимпийн бэлтгэлд гарч, долоон эмэгтэй тамирчин бэлтгэлээ хийж эхэлсэн. Тэгсэн чинь би бэртэлтэй учраас надад нэг сарын амралт өглөө. Биднийг амрах үед маш нарийн шаардлага тавьдаг байсан юм. Гэтэл би тэр шаардлагыг зөрчиж, сахилга алдан хөл хүнд болчихсон. Ингээд жирэмсэн хүн яаж олимпод оролцох вэ, багш, багийн тамирчдаасаа тас нуугаад л яг л хулгай хийсэн хүн шиг зугтаж байсан. Одоо бодоход ичиж үхмээр явдал шүү. Яг тэр үед Р.Доржпалам найруулагч намайг “Өндөр ээж” киноны бага эмчийн дүрд тоглуулахаар сонгосон нь их завшаан болсон доо.

-Уран бүтээлч болсноосоо хойш нутагтаа очсон уу?

-1987 онд Хүүхэд залуучуудын театрт ажиллаж байхдаа Ч.Нацагдоржийн зохиол “Сүүлчийн үдэлт” жүжгийн аавдаа хаягддаг эрэгтэй хүүхдийн дүрийг бүтээсэн. Тэр үед миний нэрэмжит тоглолт Завхан аймгийн Завханмандал суманд болоход тэнд цугласан хөгшчүүд Хөх Чулууны үр сад хэмээн хүндэтгэн хүлээж авсан. Тоглолт тараад гараад ирсэн чинь тэд маань тавагтай идээ, тараг ааруулаа барьчихсан хүлээж байсан. Агуу сайхан урлагийнхаа буянаар Монгол Улсынхаа бүх нутаг дэвсгэрээр явж, үзэгч түмэнтэйгээ уулзсан байдаг юм. Гэтэл одоогоос хоёр жилийн өмнө Завхан аймгийн Завханмандал сумын Засаг дарга ойн арга хэмжээнд урьсан боловч би ямар ч алдар цол гавъя шагнал байхгүй, харъяа байгууллага байхгүй чөлөөт уран бүтээлч нэртэй байсан учраас ичээд очиж чадаагүй. Одоо бол ямах зорилго байна гэхээр би нутагтаа очихдоо хүн шиг хэлэх үгтэй, хийсэн юмтай болсныхоо дараа очих ёстой гэсэн зорилго тавьчихаад байгаа. Ойрын 10 жилдээ зорилгоо биелүүлнэ гэж бодож байгаа.
 
“Гарын таван хуруу”-ны Идэр миний гараа байсан

-“Чамайг өндөр ээжид хэлнэ дээ” гээд гүйдэг бага эмчийн дүрийг бүтээхдээ хөл хүнд болчихсон байжээ. Тэгээд нөгөө олимп яасан бэ?

-“Өндөр ээж” кинонд тоглох 2, 3 сар бэлтгэлдээ очихгүй, надад их завшаан болж байгаа юм л даа. Тэр хугацаанд гэдэс маань нэлээд томроод мэдэгдэх шахам болчихсон байхад нь эргэж ирээд Драмын театртаа ажилласан. Энэ үед хөл хүнд гэдгээ хүмүүст хэлж болохгүй үе байсан. Тэгээд л гэдсээ жимбийтэл ороож байгаад л “Гарын таван хуруу” жүжигтээ тоглохын зэрэгцээ “Том ахын овоохой” жүжигт зургаан настай охины дүрд тоглох болсон. Л.Ванган багшийн найруулгаар тэр жүжгийг тавьсан юм. Гэтэл мэдэгдэхүйц болсон гэдсээ  нуухын тулд нэлээд юм болно доо. Тэгээд гэдсэндээ хүүхэд тээчихсэн хүн чинь уначих вий гэсэн айдастай биеэ хяраад л байгаа юм. Тэгсэн Л.Ванган багш “Хүүхдэд тоглох гэж биеэ барих хэрэггүй. Хүүхэд гэдэг чинь хүсэл мөрөөдлөөр дүүрэн байдаг юм. Тэр хүслийг нь дараад байна” гэсэн нь одоо ч санагддаг юм. Тэгээд жүжигтээ тоглоод явж байсан чинь нэг өдөр л Таяа даргын өрөөнд дуудаж байна гэдэг юм байна. Шагнахгүй нь тодорхой учраас ямар нэг хэрэг болж гэж бодоод л яваад орсон чинь Э.Оюун багш, Норов дасгалжуулагч нар сууж байна. Оронгуутаа л өнөөх гэдсээ тултал  нь татаад, айсан амьтан зогсч байлаа.

Тэгсэн Э.Оюун багш “Энэ хүн чинь улсын нэр төртэй холбоотой тэмцээнд оролцох гэж байгаа юм байна. Одооноос чөлөө өгөөд, тэр бэлтгэлээ сайн хий. Багш  чинь сураад ирсэн байна шүү дээ” гэж хэлээд л хоёр эмэгтэй багш хоорондоо яриад л гараад явчихлаа. Би Таяа даргын өрөөнд  суугаад асгартал уйлаад байх нь тэр. Тэгсэн Таяа дарга “Ийм баяртай юм болж байхад юунд нь уйлдаг хүүхэд вэ. Аль би гаръя, өрөөгөө цоожилмоор байна” гэхэд нь “Би жирэмсээн” гэчихээд л асгаруулчихсан. Үүнээс хойш нэг их удалгүй хүүхдүүдийн маань аавыг ОХУ-д суулгахаар болоод бүх бичиг баримт жин тан болоод, багш багийн тарчидтайгаа  салах  ёс  гүйцэтгээд явсан даа. Намайг  явсны  дараа нөгөө гуравт маань бас асуудал  гарч, багийн маань гурван нөхөр Мексикийн олимпод оролцоод ирэхэд нь би өлгийтэй  хүүхэд тэврээд л угтаж байсан юм даа. 

-Жүжигчин болох гараа хэзээ тавигдсан хэрэг вэ. Тамирчин байхдаа л жүжигчин байсан юм байна шүү дээ?

-Энэ бас их түүхтэй. Энэ дурсамжийг би насан туршдаа хадгалж явах ёстой. Манай ангийн анд Ж.Дашзэвэг /агуу их зохиолч/ маань түрүүлээд Драмын театрт шалгалт өгөөд орчихсон байсан юм. Гэтэл надад эхлээд Политехникийн сургуулийн хуваарь өгчихсөн байж байгаад Биеийн тамирын дээд  сургуулийн   хуваариар  сольчихсон юм. Тэгсэн надад гэнэт эмч болох юмсан гэсэн хүсэл төрөөд сургуулийнхаа гадна гунигтай сууж байсан  чинь захирал  маань гараад ирдэг юм байна.

Тэгээд миний хүсэлтийг  сонсоод  намайг  сундалж  давхиад  Анагаахын ухааны дээд сургууль дээр ирж, Балдандорж захирал дээр дагуулаад орчихлоо. Тэгсэн Балдандорж захирал байт сурын харваагаар хичээллэдэг байсан болохоор сургуульдаа нэг шигшээгийн тамирчинтай болох нь гээд шалгалт өгөх зөвшөөрөл өглөө. Ингээд хими, орос  хэлний шалгалт  өгчихөөд комисс дуудахаар нь орсон  чинь “Чи яасан дураараа хүн бэ. Биеийн тамирын дээд сургуулийн томилолтоор хэн чамайг шалгалт өг гэсэн юм. Энэ томилолтоо аваад яв, зайл. Чамайг авахгүй” гэдэг юм байна. Тухайн үед хамгийн бага оноотой болон шалгалтад унасан хүүхэд Эрүүл ахуйн ангид ордог байсан юм. Тэр ангид ч хамаагүй оръё гэсэн чинь чамайг авахгүй гэж хөөгөөд гаргах нь тэр.

Тэгээд  Биеийн тамирын дээд сургууль дээрээ ирсэн чинь Норов дасгалжуулагч маань захирал дээр ор гээд орсон  чинь  “Наад  томилолт  чинь хүчингүй. Чи манай сургуулийг голсон сурагтай” гэж хэлэхэд нь ямар ч сургуульгүй гудамжинд үлдсэнээ ойлгосон юм. Тэгээд гэр рүүгээ харих гээд явж басйан чинь яг өөдөөс жүжигчин Д.Мэндбаяр эгч гараад ирлээ шүү. Тэгээд л би ер нь жүжигчин болбол чадах болов уу гэсэн бодол төрөөд тэр шөнөжингөө өөрийгөө тольдоод л, бодолд дарагдаад хонох нь тэр. Тэгээд маргааш нь ангийн анд Ж.Дашзэвэг маань тааралдаад, түмэн зовлонгоо тоочсон чинь Драмын театрт шалгалт өгөөд үз гэдэг юм байна.

-Драмын театрын босго их өндөр гэдэг шүү дээ. Тухайн үед алтан үеийн­хэн байсан болохоор их л чанга байсан байлгүй?

-Тэгээд шалгалт  өгөхөөр ороод л, Драмын театрын тэр том тайзан дээр зогсч байлаа. Бодвол мундагууд л сууж байсан байх. Энд тэндээс даалгавар өгөөд л, тухайн үед моданд орж байсан “Хар ус нуурын шагшуурга” гэдэг дууг дууллаа. Шүлгээ уншиаад, бас бүжиглэж үзүүллээ. Тэгсэн гарч бай л гэж байна. Тухайн үед Э.Оюун багш  айхтар  нүүрэмгий охин ирлээ, тэ­рийг авна аа гэж хэлсэн тухай Цээнямбуу эгч хэлж байсан юм. Ингэж л одоогоос 50 жилийн өмнө урлаг хэмээх их айлын босгоор 18 нас хүрээ ч үгүй жаахан охин алхаж байлаа. Э.Оюун багш надад ширээ зааж өгөөд, Д.Мэндбаяр эгчид хүлээлгэн өгснөөр их урлагийн гараа маань эхэлсэн дээ. Хамгийн анх Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” жүжгийн найман настай хүү Идэрийн дүрийг бүтээж, уран бүтээлийн гараагаа эхэлж байв. Үүнээс хойш тайзны олон бүтээлд ажилласан даа.
 
Их сайхан түүхт он жил байлаа

-1990-ээд  оны үед зах зээлийн шуурга тавьж, хүмүүс мэргэжлийн аж­лаа бус ганзагын наймааг сонгосон. Театрууд ч хаагдаж эхэлсэн. Энэ үед та юу хийж байв?

-Ер нь гурван зүйл дээр миний амьдрал 360 градус эргэсэн. Зах зээлийн давалгаанд манай Хүүхэд залуучуудын театр өртөөд алга болсон. Би оршин сууж байсан орон гэрээ зальт этгээдэд  алдчихсан. Бас хань ижилгүй болсон нь миний амьдралын хүрдийг өөрчилсөн. Ингээд хоёр хүүгээ дагуулаад Польш руу явсан даа. Учир нь тухайн үед гадаад паспортыг чөлөөтэй олгож байсан болохоор гадаад руу л явбал амьдрал  маань сайхан болох юм шиг санасан хэрэг л дээ. Тэнд очоод надад хийгээгүй ажил байхгүй. Гэхдээ үүнийг зовлон гэж бодоогүй. Учир нь Цото Рэнбүүчигийн номд “Зовлон чи надад таарч байна уу. Чамайг би яаж даван туулахыг хар чи” гэж айлдсан байдаг. Би үнэндээ яг ингэж л амьдарсан.

Хүний нутагт 15 жил  амьдрахдаа  юу  эсийг үзэх вэ. Айлын хүүхдэд аэробек заадаг, бариа засал хийж сурсан, айлын гэр цэвэрлэсэн. Ингэхдээ би муухай ажил гэж  байхгүй, сайхан газрын ажил нь хүртэл сайхан гэж бодогдож байсан юм шүү. Тэр л үед зурагтаар гарч буй уран бүтээлч үеийн нөхдөө харахдаа “Би ч уг нь айлын жорлон угааж явах   хүн биш шүү дээ” гэж байсан ч энэ бол түр зуурынх гэж өөрийгөө хатуужуулж байсан юм. Максим Горький  “Амьдралын их сургуулийг төгс­сөн хүн чангардаг” гэсэн байдаг. Нэг ёсондоо миний Польшид байсан 15 жил бол тав таваар хуваавал амьдралын гурван их сургуулийг дүүргэсэнтэй адил гэж би боддог юм.  

-Ширээн дээр тань дээр үеийн транзистор байна. Та сонсдог юм уу?

-Надад хуучны  хоёр  радио  бий. Жижгийг нь цүнхлээд явдаг юм. Том радио нь гэрт суурин байна. Тэгээд ч радио миний хувь заяатай их холбоотой. Миний хүүхдүүдийн аав радиогийн домог болсон уран бүтээлч. Ийм домог болсон хүний хүүхэд бас радиотой хувь заяагаа холбох ёстой гээд хоёр хүүгийнхээ нэгийг нь нэвтрүүлэгч болгосон. Тийм учраас өдөрт радио сонсохгүй байна гэж үгүй шүү дээ.

-Та хэдэн онд эх орондоо ирж, уран бүтээлдээ эрчимтэй оров?

-2008 онд би Польшоос бүрмөсөн ирсэн. Тухайн үед ээж маань зүрхний мэс засалд хоёр дахь удаагаа орох гэж байсан тул дахиж явахгүйгээр эргэж ирсэн хэрэг. Би чинь хоёр сайхан дүүтэй хүн шүү дээ. Тэр хоёр минь миний сэтгэлийг зовоохгүй, ар талыг минь дааж байсан учраас тэнд их удсан хэрэг шүү дээ. Ингээд ээж маань овоо сайхан тэнхрээд байж байтал Монголын Урлагийн ажилтны холбооны Тунгаа дарга маань над руу утасдаад ажлын санал тавьсан юм.

Тэгээд Өвөрмонголд багшлах санал тавиад, би тэнд ур чадварын багшаар овоо хэдэн жил ажилласан. Ингэж байтал “Ану хатан” кинонд тоглох санал ирж, тэр саналыг хүлээн авснаар Өвөрмонгол дахь гэрээгээ цуцалж, эх орондоо ирсэн. Үүнээс хойш залуу уран бүтээлчид маань надад санал тавьж, тэднийхээ ажилд хувь нэмрээ оруулсаар өнөөдрийг хүрч байна. Мөн одоо “Зохиомж” дээд сургуульд ур чадварын багшаар ажиллаж байна. Энэ мэтчилэн урлагтайгаа эргэж холбогдсондоо баярлаж явдаг. Намайг татаж, чангааж гаргаж ирсэн залуу уран бүтээлчиддээ маш их баярлаж явдаг.

-Энэ жил таны хувьд түүхэн жил байлаа шүү дээ?  

-Өнөөдрийн хувьд бид долоогийн хоёр нь бурхан болчихлоо. Нэг нь МУГТ боллоо. Бид саяхан буюу 2015 оны тавдугаар сарын 07-нд Монгол Улсад болсон Гимнастрадо тэмцээнд оролцсон. Энэ тэмцээн бүх улс оронд болдог төдийгүй зургаан настайгаас 80 настай хүн оролцож болдог, биеийн тамирын ямар төрлөөр юу чаддагаа харуулдаг ийм тэмцээн юм. Тэгээд бид багаараа аэробек, бүжиг хосолсон хөтөлбөртэй оролцоод алтан медаль хүртсэн. Энэ он их түүхт он байлаа. “Академи Авардс”-аас “Шилдэг туслах эмэгтэй дүр”-ийн шагналыг хүртлээ, Гимнастрадо тэмцээнээс алтан медаль авлаа, дэлхийн алдарт “Марко Поло” кинонд тоглолоо. Их сайхан түүхт он жил байлаа.

-Унгарт очиход ямар сэтгэгдэл төрөв. Ажиллах орчин, амьдрах боломж, уран бүтээл туурвихад ямар санагдав?

-Унгарт байх  гурван  сар орчмын хуга­цаанд би  их үр дүнтэй  өнгөрүүлсэн  шүү. Яруу найрагч Мэнд–Ооёо ирж, бидэнтэй уулзаж, номоо өгсөн. Унгарт байх хуга­цаан­даа уншсан зургаан номыг тэнд амьдарч байгаа иргэдээс гуйж авч уншаад өгсөн  хэрэг.  Эндээс   явахдаа  юун ном унших зав гараа аж гэж бодож очсон чинь тэр уран бүтээлчид чинь хүнийг амраахаа мэддэг, их цаг зав гаргаж өгдөг, зурагтай өдрөө ч цаг хугацаатай ажиллуулдаг. Хан­гамжийн хувьд ярих юм байхгүй. Хэдийгээр би кинонд овойж оцойсон том дүр  бүтээгээгүй  ч  алаг  нүдээрээ  харж, арван хуруугаараа барьж, амтлаад ирсэн. Энэ бол ховор аз завшаан.

Төр засаг­таа их баярлаж байгаагаа танай со­ниноор дамжуулан уламжилъя. А.Цэгмэд гэдэг хүнийг онцгой  болохоор нь олоод явуулаагүй байх. Миний  муу хавтгай монгол­жуу царай таарсан болохоор л явуул­сан хэрэг.  Бид арвуулаа явахад ганцхан хүн жүжигчин байсан. Бусад маань өөр мэргэжилтэй хэдий ч царай төрхөөрөө таарсан хэрэг. Гэхдээ “Марко Поло” кино­ны  хоёр дүрд жүжигчдийн сонгон шалга­руулалт явуулсан чинь  зохиолоос тэр хоёр дүрийг нь хасчихсан байсан. Ингээд л ард түмний хэсэгт тоглох арван хүн авсны дотор би багтсан. 

-“Марко Поло”-д яваагүй хүмүүс гомдолтой л байсан байх даа. Өөрийг тань явлаа гэх зэрэг яриа гарсан гэж байсан?

-Би сая Монголын урлагийн ажилтны холбоон дээр очиж, даргатайгаа уулзсан чинь Б.Тунгалаг дарга маань “Энэ кинонд А.Цэгмэд ямар шалгуураар яагаад явсан юм” гэсэн яриа гарсан гэсэн. Тэгсэн Тунгаа маань “Би чамайг л явсанд их баярласан. Яагаад явсан, ямар шалтгаан байсан нь хамаагүй. Тэр асуудал бол надад сонин биш” гэж байсан юм.

-Ер нь танд хэн санал тавьсан юм бэ. Ямар шалгуур хангасан гэдгийг танд хэлсэн үү?

-Уг нь жүжигчин Н.Отгонтогос тэр арван хүний нэгээр явах уу гэхэд нь тэр маань Монголдоо кино продюссерийн албатай байгаа  учраас  амжихгүй гэдгээ хэлээд ямар ч дүр дээр ажиллахдаа татгалздаггүй, мөнгө төгрөгийн их багыг голдоггүй эгч олж өгье гэсэн юм байна билээ. Тэгээд тэр “Марко Поло” киноны продюссер надтай холбогдож, “Та манай кинонд явах уу. Долоо хоногт 200 ам.доллар өгнө” гэсэн. Тэгэхэд нь би шууд л зөвшөөрсөн.

Үнэндээ зарчимын хувьд жүжигчин хүн өөрийгөө үнэлдэг байх ёстой гэж манай зарим жүжигчид ярьдаг.  Тэгтэл би “Хамаагүй ээ, тэнд чинь үнэгүй ч хамаагүй тоглоод өгье” гэсэн чинь тийм юм байхгүй гэсэн. Би бүр дэлхийн хэмжээний энэ бүтээлд тоглоно гэж сэтгэл татагдаад юу ч хамаагүй хийе л гэсэн. Тэгсэн бүр долоон дүрд  хувираад,  ямар ч  байсан   энэ кинондоо өөрийн гэсэн хувь нэмрийг оруулаад ирсэн дээ.
 
Монголын мэдээ
Э.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • а түвшинтөгс 2015-09-26 12:23:24
    уран бүтээлт нь амжилт хүсе
    103.23.51.3
    Мэдэгдсэн Хариулах
    • а цэгмэд 2015-09-26 12:24:46
      баярлаа
      103.23.51.3
      Мэдэгдсэн Хариулах