Сурагчдыг стандартад нийцсэн ширээ, сандал дээр суулгах ёстой
Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд бага ангид элсэн суралцаж буй сурагчид өөрөөсөө том цүнх үүрч, энэ нь цаашлаад  эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж байгаа тухай эцэг, эхчүүд гомдоллох нь бий. Тэгвэл хүүхдийн цүнх болон суух сандал, ширээний стандарт ямар байх ёстой талаар  нийслэлийн Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагч О.Алтантуулаас тодрууллаа.

-Манай улсад ЕБС-ийн сурагчдын цүнхний стандарт гэж байдаг уу. Энэ талаар тодруулаач?

-Одоогоор цүнхний хувьд мөрдөх стан­дарт гэж байхгүй. Дэлхийн эрүүл мэндийн бай­гууллагын  зөвлөмжид тухайн хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байна гэсэн  байдаг. Манайд бол 25 кг жинтэй хүүхэд байлаа гэхэд гурван кг, 25-35 кг жинтэй хүүхдэд 4.5 кг ч юм уу цүнх үүрүүлэх хэрэгтэй гэсэн  норм бий. Энэ нормын дагуу эцэг, эхчүүд хүүхдээ сургуульдаа явах үед цүнхийг нь байнга шалгаж, зайлшгүй хэрэгтэй сурах бичиг, хэрэгслийг нь л өгч явуулж хэвших хэрэгтэй байна. Хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авахдаа ч мөн адил аль болох өөрсдөө цүнхийг нь тээж явдаг байх нь чухал. Зарим хүүхэд тухайн өдрийн хи­чээлд  хэрэглэгдэхгүй  ном, дэвтэр, бал зэр­гийг цүнхэндээ хийж, зохих нормыг хэт­рүүлдэг буруу  жишиг байдаг юм.

-Цүнхний жинг хэтрүүл­сэнээр эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь юу вэ?

-Мэдээж эрүүл мэндэд нь маш муу нөлөөтэй. Нэгдүгээрт, хүнд цүнх  авч явахад тээртэй. Хоёрдугаарт, өсөлт, нуруу­ны хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс   бид  эцэг,  эхчүүддээ хүү­хэд­­дээ  цүнх авахдаа аль болох хөн­­гөнийг нь сонгох хэрэгтэй. Дахин хэлэхэд, хүүх­дийнхээ цүнхийг байнга шалгаж, хэв­шүү­лээч ээ гэж хүсэх байна.

-Ширээ сандлын стан­дартын хувьд?

-Ширээ сандлын хувьд Монголд мөр­дөгдөж буй стан­дарт гэж бий. Биеийн өндрөөр нь сандал ширээний стандартыг тогтоодог юм. Ту­хайлбал, нэг мерт өндөртэй хүүхэд хэдэн см-ын өндөртэй сандал, ширээн дээр суух вэ гэдгийг тодорхой тусгасан байдаг. Стандартад сурагчдын ширээ, сандлыг зургаан ангил­лаар үйлдвэрлэж, сургуулиуд сурагч­дын өндрийг харгалзан улбар шар, хөх ялгаан, шар, улаан, ногоон, цэнхэр гэсэн зургаан өнгийн таних тэмдгийг хэрэглэнэ гэж заасан. Жишээ нь, 115-130 см өндөртэй хүүхэд хөх ягаан өнгийн тэмдэглэгээ бүхий 50 см өндөр ширээ, 30 см өндөр сандал дээр суух ёстой. Харин 160-175 см өндөртэй ахлах ангийн сурагчид ногоон өнгийн тэмдэглэгээ бүхий 70 см өндөр ширээ, 42 см өндөр сандал дээр суух юм. Тиймээс энэ стандартад нийцсэн ширээ сандлыг хэрэглэх зааврыг  сур­гуулиудад өгч ажиллаж байна.

-Стандартыг хэрэгжүүлэх тал дээр хүндрэлтэй асуудал гарч байна уу?

-Манай улс саяхан гурван сая дахь иргэнээ угтан авсан.  Гэтэл хүн амын маань 30 хувийг 6-17 насны хүүхдүүд эзэлж байна. Энэ хүүхдүүдийн сурч буй орчин нь ерөнхий боловсролын сургууль. Харин сургууль анги  танхим дээр ширээ, сандлын стандарт хам­гийн их зөрчигдөж байдаг.  Манай  ихэнх сургуулиуд бага анги, дунд ангиудыг хоёр ээлж болгочихдог. Нас нь ойролцоо ангиудыг хоёр ээлж болгохгүйгээр гуравдугаар ан­гийг арав­дугаар ангитай ч юм уу хоёр ээлж бол­гочихдог нийтлэг зөрчил ажиглагддаг.

Гэтэл тухайн ангид нэг стан­дартын ширээ байдаг. Бага ангийн хүүхдүүдийнх нь хөл нь газар хүрэхгүй, ахлах ангийн сурагчид нь хөлөө нугалж суух гэх мэтээр өөрт ядаргаатай байдлаар сурч байх жишээний. Үүнээс үүдээд хүүхдүүдийн бие галбирын хөгжил алдагдах, хараа муудах, цаашлаад дотоод  эрхтний  үйл  ажиллагаанд нө­лөө­лөх эрсдэлтэй. Ямартай ч, энэ асуудлыг  зо­хицуул гэ­­­сэн  шаардлагыг Ерөн­хий бо­ловс­­ролын сур­гуу­лиу­дад Мэр­гэж­лийн  хяналтын  газ­раас тавьж байгаа.

-Манай улсын хувьд стан­дартыг мөрдөж буй  сургууль хичнээн байгаа бол?

-Зарим сургуулиуд  өндөрс­гөж, намсгах боломжтой то­хи­­руулдаг ширээ  сандлыг  хэ­рэглэж  эхэлсэн. Жишээ нь, бага ангийн хүүхэд суухдаа  намсгаж,  харин  том  ангийн сурагч суухдаа өндөрсгөх гэх маягаар тохируулдаг ширээ сандлыг хэрэг­лэх болсон. Ерөн­хийдөө ширээ сандлын стандарт Улаанбаатарын сур­гуулиудын хэмжээнд ярихад харьцангуй муу мөрдөгдөж байна.
 
Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Түвшинбаяр 2016-01-20 11:00:07
    Уаж хэмжээ уаж хүүхдийн сандал хийдэг тэр бүгдийг харуулж огмоор байна
    202.72.245.46
    Мэдэгдсэн Хариулах
  • z 2015-09-24 08:49:01
    Nom ni ooroo neleen tom usegtei tom nomnuud bdag. 6 nomnii 4 l gehed neg odor hereglegddeg bolhoor tsunh ni hund bolchihdog sh de.
    169.252.4.21
    Мэдэгдсэн Хариулах