“Говь-Алтай” аймгийн өв соёлын ордон  төв музейгээр зочлов
“I Love Mongolia” түншлэл 2015 төслийн  баг 2015 оны есдүгээр сарын 22-ний өдөр “Говь-Алтай” аймагт ажиллалаа. Төслийн баг  хамгийн түрүүнд  аймгийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцсаны дараа аймгийн өв соёлын ордон болсон төв музейн үнэт үзмэрүүдтэй танилцсан юм. Музейн хувьд 1937 онд  “Орон нутгийг судлах кабинет” нэртэйгээр байгуулагдаж 1967 онд төв музей болон өргөжсөн бөгөөд энэ  хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр нэлээдгүй ажлыг хийж иржээ.

Өнөөдрийн байдлаар нийт 10 танхимд 2400 гаруй нэгж үзмэртэйгээр  иргэдэд үйлчилж байгаа аж. Ашигт малтмал, Ан амьтан, Ургамал, Түүх угсаатан, Ч.Лодойдамбын танхим, Эх орончдын танхим, Шашин, Ардын урлал гэсэн танхимуудад үзмэрүүдээ дэлгэн тавьжээ. 

Тус музейн хамгийн онцлох танхим бол Ан амьтны танхим гэдгийг аймгийн музейн арга зүйч  онцолсон. Тодруулбал “Говь-Алтай” аймагт Монгол оронд  нэн  ховорт тооцогддог  нэлээд хэдэн төрлийн ан амьтан байдаг бөгөөд тэдний чихмэл бүхий мэдээллийг байрлуулжээ.  Тухайлбал  тахь, бөхөн, идлэг шонхор, зэгэсний гахай, аргаль угалз, хойлог, цоохондой зэрэг амьтдын чихмэлүүдийг дэлгэн тавьжээ. Түүнчлэн дэлхийд нэн ховордсон зөвхөн Монгол улсын “Говь-Алтай” аймгийн нутаг дэвсгэрт байдаг Мазаалайн зураг бүхий шилэн хорго байгаа нь олны анхаарлыг татдаг гэдгийг  музейн арга зүйч  хэлсэн юм.  

Их говийн дархан газарт амьдардаг Мазаалайн тоо толгойг өсгөхөөр сүүлийн жилүүдэд БОНХАЖЯ болоод аймгийн удирдлагууд хамтран  багагүй ажил хийж байгааг дуулгасан юм.

Мөн аймгийн музейн нэгэн онцлог танхим бол зууны манлай их зохиолч Чадраабалын Лодойдамбын танхим байлаа. Тус  аймгаас төрөн гарсан их зохиолчийн танхимд түүний бага, залуу насны зураг, шилдэг бүтээлүүдийн дээж болоод зохиолчийн өөрийнх нь эдэлж хэрэглэж байсан бичгийн эд зүйл болоод түүний үр хүүхдийн дурсгал болгосон төгөлдөр хуур хөгжим  зэргийг байрлуулж өгчээ.



Зохиолч Ч.Лодойдамба нь 1917 онд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Сүхийн хоолой гэдэг газар төрсөн.  Бага наснаасаа сургууль соёлын мөр хөөж,  1954 онд МУИС төгсөж, улмаар ЗХУ-д аспирантурт суралцан  урлаг судлалын ухааны  дэд эрдэмтний  зэрэг хамгаалжээ. Уран бүтээлээс гадна  Соёлын яамны дэд сайдын  алба  хашиж байсан ба 1940 оноос эхэлж “Алтай”, “Тунгалаг тамир” роман, “Манай сургуулийнхан” тууж,  “Малгайтай чоно” “Солонго”, Дусал нулимс юу гэж хэлсэн бол” зэрэг олон арван шилдэг өгүүллэг  бичсэний гадна “Гарын таван хуруу”, “Өөрийн замаар”, “Итгэж болно” драмын жүжиг, “Энэ хүүхнүүд үү” киноны зохиол бичиж БНМАУ-ын төрийн шагналыг  хоёр удаа хүртсэн юм.  Тэр бээр Алтай нутгийнхны бахархал болсоор байгаа нэгэн юм.

Түүнчлэн тус музейн Газар зүйн танхимд Алтайн уулархаг их муж, Говийн их мужид багтах 141,447,67 мянган ам дөрвөлжин нутаг дэвсгэрт оршин тархсан ашигт малтмалын дээж болон ургамал, амьтдыг дэлгэн харуулсан байна. Хаш мана, гартаам, чунчигноров, номин, анар, усан утаат, ягаан, үүрлэсэн болорууд, төмөр, хар тугалга, гянт болон зэсийн хүдэрийн дээж тавигдсан байна. Мөн  1958 онд Алтай сумын Аж богд ууланд унасан “Солир”, чулуужсан дун, савгат хирсийн эвэр, үлэг гүрвэлийн яс байна. Хөрсний  газарзүйн мужлалаар говийн мужид  орох аймгийн нутагт ягаан мүгэз буюу /алтангагнуур/, вансэмбэрүү, азийн  жамъянмядаг, дэгд, эмийн сөд, эмийн бамбай, өргөст нохойн хошуу, нангиад зээргэнэ зэрэг ховор эмийн ургамлаас гадна за, тоорой, буйлаас, норовбанзад зэрэг модлог  ургамлын тархалт болон онцлогийг үзүүлсэн ургамлын хэсэг байна.
Ийнхүү бид аймгийн төв музей дэх хэдэн хормын аяллаа өндөрлөсөн юм.




 
Б.Сансар
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • boloroo.0320 2015-09-27 17:31:20
    Zohiolch Lodoidambiin ger muzei Oron nutag sudlah muzein vitrin shinechleh ajild BYAMBAA dargataigaa hamt ajillaj bla ta nartaa ajliin amjilt husye ...
    122.201.31.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Bat 2015-09-24 03:34:23
    Galdan boshigt khaanii emeel bidniig baga baihad chuhal uzmeriin neg baisan.Ter emeel baina uu? Hund garuud ni tsaash hiigeegui baigaa da
    202.55.190.178
    Мэдэгдсэн Хариулах