“U Money” буюу оюутнууд хүүхдүүдийн эрх ашиг
Сүүлийн үед нийтийн тээврийн шинэчлэл, үйлчилгээ соёлын талаар багагүй арга хэмжээ авч байгаа. Гэсэн хэдий ч эдгээр шинэчлэл нь иргэнд чиглэсэн үйлчилгээ болж чадахгүй байна гэх зэрэг шүүмжлэл дагуулдаг. Автобуснуудын маршрут өөрчлөгдөж богино  эргэлтээр явж  байгаа нь санхүүд хүндээр тусч байгааг иргэд ихээр шүүмжилдэг. 

Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш шийдэгдэж чадахгүй байгаа асуудал бол оюутнууд болон сурагчид нийтийн тээвэрт хэрхэн зорчих асуудал байсан. Энэ талаар тодруулахад сурагчид сурагчийн үнэмлэхийн хамтаар “U Money” картаар зорчих бол оюутнуудын асуудал одоог хүртэл шийдэгдээгүй бэлэн мөнгө төлөн зорчиж байна.
 
Н.Санчир: Оюутнуудад хүндрэл учруулахгүй, дарамт болохгүй саналыг л хүлээж авна
(Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч)
 
-Өнөөдөр оюутнууд нийтийн тээврээр зорчихдоо ямар карт ашиглаж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар өмнөх жилүүдэд хэрэглэж байсан “Төрийн мөнгөний” карт нь хуулийн хүрээнд үйлчлэх ёстой боловч тэгж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл бэлэн мөнгөөрөө зорчиж байна даа. Өмнөх картаараа оюутнууд хязгааргүй зорчиж ирсэн. Гэтэл нийслэлээс оюутнуудыг “U Money” картаар зорчуулах захирамж гаргаад байна.

-“U Money” карт нь оюутнуудын өмнө нь хэрэглэж байсан карт шиг хичээл амрах хүртэл нийтийн тээврээр үнэгүй зорчих хүчинтэй байх уу?

-Хамгийн гол нь нийслэлээс хуучин шигээ үнэгүй зорчуулах асуудал байхгүй. Заавал тодорхой хэмжээний лимит тогтооно гээд байгаа. Тухайлбал сард 40 удаа зорчих карт байлаа гэхэд автобус богино эргэлтэд явдаг болсон энэ үед хоёр дамжиж явахаар 10 хоногийн дотор дуусаж байгаа юм. Тэгээд үлдсэн хоногт нь мөнгөөрөө цэнэглэнэ гэсэн үг. Картаа мөнгөөрөө цэнэглэх нь сургалтын төлбөр төлж байгаа эцэг эхчүүдэд хүндээр тусч байгаа нь мэдээж  шүү дээ.

-Та нар ямар саналтай байна вэ?

-Бид шинэ технологийг үгүйсгээгүй хамгийн гол нь оюутнуудаа үнэгүй зорчуулах хүсэлтэй байна. “U Money” картаар эсвэл “Төрийн мөнгөний” картаар бүр болохгүй бол энэ хоёр карт хамтдаа байж хүчинтэй байдаг байсан ч болно. Бид оюутнуудын эрх ашгийн үүднээс янз бүрийн саналыг Нийслэлд  тавсан ч хүлээж авахгүй байгаа. Гэхдээ бид оюутнуудад хүндрэл учруулахгүй, дарамт болохгүй санал гарвал ямар ч саналыг л хүлээж авна.

-Танай байгууллагад картын талаар ямар нэгэн мэдээлэл солилцохоор албан бичиг ирүүлээгүй юу?

-Бидэнд ямар ч тийм мэдээлэл ирээгүй. Харин ч холбоо өөрөө бичиг явуулж санал сонсохыг хүссэн. Хариу өгөхгүй нийтийн тээврийн шинэчлэл хэзээ хийгдэх нь мэдэгдэхгүй явсаар зун нь туршилт хийж намраас хэрэгжээд эхэллээ.
 
Н.Отгонцэцэг: Сургууль завсардсан хүүхдүүд бичиг баримттайгаа ирээд карт авч болно                                                                    
(Монголын сурагчдын холбооны менежер)

-“U Money” хүүхдийн карт талаарх ажил хэрхэн өрнөж байна вэ?

-Хүүхдийн “U Money” карт нь зөвхөн сурагчийн үнэмлэхтэй хамт байж хүчин төгөлдөр болно. Тиймээс гадуур зарагдаж буй худалдааны цэгүүдээс хүүхдийн картыг татаж авсан байгаа. Сурагчид сургуульдаа болон холбоонд хандаж сурагчийн картаа захиалж авах юм. “U Money” картаа 3600 төгрөгөөр худалдаж аваад өөрийнхөө хүссэнээр цэнэглэж зорчих боломжтой.

-Сургуулийн насных ч  сургууль завсардсан хүүхдүүдэд  мэдээж карт хэрэгтэй. Тэдгээр хүүхдүүд яах вэ?

-Сургуульд сурдаггүй, завсардсан хүүхдүүд манай байгууллага дээр бичиг баримттайгаа ирвэл бид хүүхдийн карт олгож болно.     
Оллоо.мн
О.Ачиймаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.