Цахилгаантай холбоотой бүх асуудал цахим хэлбэрт шилжсэн
Нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 суманд цахилгаан эрчим хүч түгээж, холбогдох үйлчилгээг үзүүлдэг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь бүх үйлчилгээгээ цахим болгосон байна. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүүгээс тодрууллаа. 

-Нийслэлийн цахилгаан хэрэглээний өсөлт нэмэгд­сээр байгаа. Танай ком­пани одоогоор хичнээн хэрэг­лэгчдэд үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Манай компани одоогоор 307 мянга гаруй хэрэглэгчтэй байна. Энэ оны эхний найман сарын байдлаар 23 мянга гаруй хэрэглэгч шинээр нэмэгдсэн. Өмнөх онд 26 мянга гаруй хэ­рэглэгч нэмэгдэж байсан. 

Энэ бол хоёр жилийн өмнөх Хан-Уул дүүргийн хүн амтай дүйх тоо. Жил бүр Улаанбаатар хотод  Хан-Уул дүүргийн хэмжээний хэрэглэгчид нэмэгдсээр байна гэсэн үг. Зөвхөн нийслэлд ч хэрэглэгчид нэмэгдээд байгаа биш. Төв аймгийн манай ком­панид харьяалагддаг сум­дын 4000 хэрэглэгч энэ оны эхний найман сарын байдлаар зургаа дахин нэмэгдсэн.

-Иргэдэд цахилгаан хэрэг­лээгээ хянах, төлбөрөө ту­шаах асуудал маш хялбар болоод байгаа гэсэн?

-Хэрэглэгчдийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд иргэд хаа­наас мэдээлэл авахаа мэддэг, цаг хугацаа орон зайнаас үл хамааран үйлчлүүлдэг байх зорилтыг дэвшүүлж ажиллалаа. Өмнө нь ажлаа тараад цахил­гааныхаа төлбөрөө хийх гэтэл банк хаачихдаг, өөр арга бай­даггүй байсан. Одоо бол http://my.tog.mn цахим төлбөр тооцооны систем нэвтрүүлсэн. Тиймээс хэрэглэгч 24 цагийн алинд ч төлбөрөө хийж болдог, гэрээгээ шинэчилдэг, шинээр байгуулдаг, тоолуурын заалт, хэрэглээгээ хянадаг, шалгадаг болсон.

Монголд цахимаар гэ­рээгээ өөр­чилж, шинээр бай­­гуулдаг систем манайхаас өөр байхгүй. Нийс­лэлийн хүн ам их төвлөрдөг 80 гаруй цэгт байр­лаж байгаа ТҮЦ машинаар хийж болдог болсон. Хэрвээ цахилгааны төлбөрөө хэд гарс­ныг мэдэхгүй байвал 137004 дугаарт SMS-ээр хэрэглэгчийн кодоо бичиж илгээвэл хэ­лээд өгнө. Мөн техникийн нөх­­­цөлийн өргөдлийг цахим http://tno.ubedn.mn сайтаар ав­даг болсон. Заавал замд түг­жирч, цаг ажлаа алдан биеэр ирэх шаардлагагүй. Мэдээлэл, лавлагаа авах шаардлагатай хэрэглэгчид 70047004 утаснаас гадна твитер, фэйс­бүүк, элект­рон шуудан гээд долоон төр­­­лийн сувгаар бидэнтэй хол­богдон үйлчлүүлж байна. Энэ бүх шинэчлэлтүүдийн үр дүнд цахилгаантай холбоотой мэдээллийг хаанаас авахаа мэддэг болж, өглөө банк он­гойж, ажил цуглахыг хү­лээхээ больсон гэсэн үг.

-Хэрэглэгчдийн мэдээлэл, лавлагаа авдаг тусгай ду­гаарын утсанд хандалт хэр их ирдэг вэ?

-Анх байгуулагдсанаасаа хойш нийт 1.9 сая дуудлага хү­лээн авч үйлчилгээ үзүүлсэн. Дуудлагын 80 хувь нь мэдээлэл лавлагаа байдаг. Голдуу дансны дугаар, цахилгааны төлбөр зэрэг байдаг. 

-Хэрэглэгчид тоолуурын заалтын мэдээллээ цахимаас өөр байдлаар авах боломж байгаа юу?

-Манай компани холбогдох хууль, дүрмийн дагуу хэрэг­лэгчдийн тоолуурыг сар бүр газар дээр нь очиж гэмтэл, зөрчил байгаа эсэхийг нь шал­гаад, заалтыг нь авч тооцоо хийдэг. Хэрэглэгчид төлбөрийн нэхэмжлэлээ нягталж үздэг байх, тоолуурын өмнөх, одоо заалтууд болон суурь хураамж, НӨАТ гээд бүгдийг тодорхой бичсэн байдаг. 

Эсвэл цахим  http://my.tog.mn хаяг, ухаалаг утасны “Цахилгаан хэрэглэгч” аппликэйшнээ татаж суулгаад өөрийн гэрээний мэ­дээлэл, төл­бөр, хэрэглээний статистик, тоолуурын  заалтаа  хүссэн үедээ үзээд хянаад явах бо­ломжтой. Цахим ашиглах бо­ломжгүй, тоолуурынхаа заалтыг өөрийн биеэр хянаж тул­гахыг хүсвэл харьяа хэрэг­лэгчдэд үйлчлэх төвдөө хү­сэлтээ гаргаж болдог.

-Дуудлага өгөхөөр хэзээ ирэх нь тодорхой бус байдаг. Үүнийг сайжруулах талаар ямар ажил хийж байна вэ?

-Бид гадуур ажилладаг ажилт­нуудынхаа ажлын цаг ашиглалт, хийж байгаа аж­лын чанарыг сайжруулах зо­рилгоор хяналт удирдлагын систем нэвтрүүлж байгаа. Хэд хэдэн цэгт туршилт хийхэд амжилттай  болсон.  Энэ сис­темд хамрагдаж  ажи­ллах  монтёрууд  бүгд зориу­лал­тын гар утастай. Ту­хайлбал, Сүх­баатар дүүр­гийн нэг иргэн 70047004 ут­саар дуудлага өглөө гэж  бодъё.  Дуудлагыг Сүх­баатар хэ­рэг­лэгчдэд үйлчлэх төв рүү хуваарилна. Үүний дараа дууд­лагыг барагдуулах Техник үйл­чилгээний хэсгийн ахлах ин­женер хүлээн авч, дуудлага өгсөн иргэнтэй хамгийн ойрхон байршилд ажиллаж байгаа монтёрт ажил даалгана. 

Хэрвээ хэрэглэгч хүсвэл өөрийнхөө дуудлагыг хэрэглэгчдэд үйлч­лэх төвийн аль хэсэгт, ямар ажилтанд хуваарилагдаад, ямар шатанд явж байгааг цахим http://my.tog.mn сайтаас ха­рах боломжтой. Монтёрууд дууд­лагаа барагдуулчихаад зур­гийг нь аваад ахлах руугаа явуулс­наар үйлчилгээ дуусна. Бид үүгээрээ дуудлага авах, хуваарилах, барагдуулах ху­гацааг  хэмнэж байгаагаас гад­на ажлын чанар, гүйцэтгэлд тавих хяналтыг дээшлүүлж байгаа юм.
 
Монголын мэдээ
Ж.Отгон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-10-06 05:26:00
    яг ш тэй СБД-ийн цахилгаан түгээх газарт дуудлага өгхөөр маргааш нь үдээс хойш залгадаг дуудлага өгсөн үү гэж худлаа ярьж яанаа
    202.21.120.242
    Мэдэгдсэн Хариулах