Чилид газар хөдөллөө
Чилийн төв хэсэгт хүчтэй газар хөдөлж, үүний улмаас нийслэл Сантиаго хотын олон арван байшин барилга нурж, сүйдэж байгаа талаарх мэдээллийг дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд дам­жууллаа.  Тодруулбал, уржигдар орой орон нут­гийн цагаар 17.54 цагт маш хүчтэй  8.3 баллын хүчтэй газар хөдөлж, үүний улмаас  хамгийн багаар бодоход таван хүн амиа алдаж, 10 гаруй хүн гэмтэж бэртжээ. 

Цаашдаа  хохирлын  хэмжээ нэмэгдэж, нас  барагсдын тоо ч нэмэгдэж болзошгүй байгаа юм. Энэ удаагийн газар  хөдлөлтийн голомт  нь  нийслэл  Сантиага хотоос хойш ойролцоогоор 228 км-т далайн эргийн орчимд байсан бөгөөд гүн нь ойролцоогоор 10 км-т байсан аж. Хүчтэй газар хөдлөлтийн чичиргээн Чилиэс 1400 км алслагдсан Аргентинын нийслэл Буэнос Айрес хотод ч мэдрэгдсэн байна. Газар хөдлөлт болсноос ердөө хэдхэн минутын дараа 6.0 баллын хүчтэй түлхэлт хоёр удаагийн  давтамжтайгаар  явагдсан гэдгийг холбогдох албаныхан мэдээлж байгаа юм.  

Чилийн  төв хэсэгт ийнхүү газар хөдөлсөнөөр цу­нами үүсч болзошгүй ноцтой байдал бий боллоо. АНУ-ын  Хавайн Номхон далайн цунамигийн аюулаас  анхааруулах төв зарим бүс нутагт “маш аймшигтай” цунами үүсч болзошгүй байгааг тэмдэглээд хамгийн магадлал өндөртэй нь Чилийн эргийн бүс гэж тодот­гожээ. Ингэснээр энэ хавийн сая гаруй оршин суугчийг хамгийн сүүлд авсан мэдээгээр нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор ойр хавийн зарим хотуудын иргэд айдас хүйдэст автжээ. 

Газар  хөдлөлтийн  улмаас үүссэн 4.5 метрийн өндөр давалгаа Кокимбо хотын эргийн орчмыг дайрсан тухай Би Би Си агентлаг мэдээлсэн юм. Энэ үеэр хоёр эмэгтэй чулуунд цо­хигдож амиа алдсан бол мөн нэг эрэгтэй цочролд орж, зүрхний шигдээсээр нас барсан тухай Чилийн Ерөнхийлөгч Мишель Бачелет болон орон нутгийн телевизүүд дамжуулж байна. Талийгаач бүсгүйчүүд өчигдөр тухайн  бүсэд  аялал хийж явжээ. 

Хэдийгээр таван хүн нас барсан нь тогтоогдсон ч, цаашид нас барагсдын тоо өсч болзошгүй байгаа бөгөөд одоогоор нэг хүн ор сураггүй болсонд тооцогдож, түүнийг хайх ажил үргэлжилж байна. Газар хөдлөлтийн голомтоос зүүн тийш 55 км-т орших  Ильяпель хотын оршин суугчдын байшин барилга нурж, ихээхэн хэмжээний хо­хирлыг амсчээ. Чилид энэ долоо хоногт тус улсын үндэсний Фиестас Патриас баяр наадам тохиож буй. Энэ баяраар хэдэн мянган чиличүүд далайн эргийг зорьдог байна. Гэвч үндэсний баяраар нь ийм аймшигт гай гамшиг тохиосонд олон хүмүүс цочролд ороод байгаа аж. Цунамигийн аюул зөвхөн Чилид ч бус Перу, Хавай, Калифорнийн зарим нутаг, Нью Зеланд, Японы нутагт нүүрлээд байна. 

Ямартай ч, цунами үүсч болзошгүй бүх л улс ард иргэддээ анхааруулгыг өгч, шаардлагатай айл өрхийг нүүлгэн шилжүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авчээ. Чилийн төв хэсэгт өмнө нь 2010 оны хоёрдугаар сард 8.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж байжээ. Тухайн үед 500 гаруй хүн харамсалтайгаар амиа алдаж байв.  
 
Монголын мэдээ
Б.Даваахүү

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.