Хар “хуваалт”

Улс төр судлаач, зохиолч Кирилл Бенедиктовын Орос-Украины хямралын талаар бичсэн сонирхолтой нийтлэлийг орчуулан хүргэж байна.

“Бүхий л харилцааны үндэс нь эдийн засаг юм” гэж Украины асууд­лыг Засгийн газрын гишүүдтэйгээ хэлэлцэж байхдаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлжээ. Украины эдийн засаг нь гүнзгий хямралд авт­сан болохоор түүний одоогийн нөхцөл байдлыг эрч хүчтэй “нуралт” гэсэн ганц үгээр тодорхойлж болно. Зөвхөн Оросын хийг ашигласны төлбөр л гэхэд 2,2 тэрбум ам.доллар хүрчихээд байгаа боловч Украинд өнөөдөр өрөө төлөх мөнгө алга. Өөрөөр хэлбэл, өнөөгийн Украин бол дампуурсан улс орон болоод байгаа.

Занарын хийн томоохон орд газруудын нэг болох Юзовын орд нь Донецк мужид, нөгөө нэг орд болох Олессийн орд нь Украины баруун хэсэг болох Ивано-Франковскт байрлаж буй. Энэ хоёр орд газар хоёулаа бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу “Shell” болон “Chevron” компаниудтай хамт ашиглагдана.  “Shell” компани л гэхэд Донбассын занарыг “Надра Юзовская” ком­панитай, харин “Chevron” компани нь “Надра Олесская” компанитай хамтарч ашиглахаар болсон. Хэдийгээр Украины Бүтээгдэхүүн хуваах гэрээний тухай хуулинд гадаадын хөрөнгө оруулагчдад багагүй боломжийг олгосон ч (эзэмших талбайн хэмжээнд хязгаарлалт үгүй, хайгуулын болон олборлолтын лиценз нь нэг, татварын хөнгөлөлт гэх мэт) Shell ч, Chevron ч украины түншүүд нь тэднийг мөлжин баяжиж байна хэмээн анхнаасаа л гомдоллож эхэлсэн. 

“Надра Юзовская” ч, “Надра Олесская” ч  аль алиных нь хувьцааг “Надра Украина”, “СПК-Геосервис” мэтийн хуурамч компаниуд эзэмшдэг, удирдлага нь Янукович, Азаровтой ойр хүмүүсээс бүрдсэн үнэхээр зальтай компаниуд юм. Тохиолдлоор уу, үгүй юу, гэхдээ Киевын майданыг ялсаны дараа шинэ эрх баригчид хийн салбараас дундын зууч нарыг зайлуул хэмээн мужийн хийн хангамжийн компаниудад үүрэг болгосон байна. Нэн тэргүүнд “Юзов болон Олессийн орд газруудад занарын хий олборлох гэрээний эргэлзээтэй оролцогчдыг зайлуулах” гэжээ.  

Дээрх орд газруудаас хэдий хэр их занарын хий олборлож болов гэдэгт тодорхой хариулт олдохгүй байна. Үнэлгээ нь жилд 4-5 тэрбумаас 20-30 тэрбум кубометр гэсэн дүнд хэлбэлзэж байгаа. Хоёр орд газрын бодит үнэлгээ нь 10 тэрбум кубметр гэж бодъё. Газрын хавтанг дэлбэлэх аюултай технологи ашиглахтай холбоотой Донбасс, Иваново-Франковскийн мужийн экологид учрах аюулыг үл тооцъё. Түүний оронд Украин нь жилд 50 тэрбум кубметрийг хэрэглэдэг, түүнээс 28 тэрбум кубметрийг нь Оросоос авдаг гэсэн тоо баримтыг саная. Тэгвэл олборлох занарын хий нь “Газпром”-оос Киевт нийлүүлдэг хийн гуравны нэгийг л хангаж чадна. Тэгээд ч өнөө маргаашгүй биш, 8-10 жилийн дараа шүү.

 

УКРАИНД ХИЙН ХЭРЭГЛЭЭГЭЭ ХАНГАХ ӨӨР ЯМАР БОЛОМЖУУД БАЙНА ВЭ?

Жишээлбэл, гаднаас дамжуулан авах. Арсений Яценюкийн үгээр бол Украин нь Словакаас жилд 20 тэрбум хүртэл кубметр хий олборлож болох гэнэ. Ингэж хэлсэний гол шалтгаан нь Орос улс дунджаар нэг мянган кубметр хийг 370 ам.доллараар Европт нийлүүлдэг, тэгсэн атлаа болоод өнгөрсөн үйл явдлын дараагаас Украинд 485 ам.доллараар нйилүүлэх болсон байдаг. Мөн чанартаа энэхүү схемд бодит бус зүйл байхгүй. 2012-2013 онд Киев нь Германы RWE компаниас Польш, Унгараар дамжуулан хий авч л байсан.

 Гэвч Словакаас хийг дамжуулан авахыг “Газпром” хаачихаж байгаа бөгөөд өнөөгийн нөхцөлд “Газпром” өөрийн байр суурийг зөөллөнө гэж үзэх үндэсгүй юм. 

Эцэст нь Одесс мужид терминал барих хөлдөөсөн төслийнхөө талаар Киев саналаа.  (Энэ нь жилд бас 10 тэрбум кубметр гэсэн үг). Хэрэв энэ төсөл хэрэгжих юм бол Украин нь Катар, Ливи, Алжираас хийг Оросынхоос хямд үнээр авч болно.

Энд гол үг нь “хэрвээ”. Нэгд, терминал барихад шаардагдах хөрөнгө нь нэг тэрбум ам.доллар, хоёрт, Турк улс өөрийн газар нутгаар, Босфороор дамжуулан нягтаршуулсан хий бүхий танкерыг өнгөрүүлэхдээ туйлын дурамжхан байгаа. Мэдээж Анкара нь Украины нөлөө бүхий шинэ найз нартаа найр тавьж болох хэдий ч… Гэхдээ мэдээж Турк улс нөгөө л “Газпром”-оос хараат бишсэн бол, мөн Эрдоган болон англосаксоны ертөнцийн лидерүүд хоорондын харилцаа сайн байсан бол шүү дээ.

 

БИДЭНД ЮУ ҮЛДЭЖ БАЙНА?

Украин улс нь хэдхэн сарын дотор л эдийн засгийн хувьд хэвийн хэмжээнд аваад явах бүхий л боломжийг алдлаа. Энэ явдал нь залуу ардчиллын тухай эелдгээр ярих өрнөдийн түншүүдийн шахалт дор хийгдэж, өнөөдөр Киев офицерийн бэлэвсэн эхнэр шиг байдалд ороод байна.

Яг эндээс бид Украины хямралын үндсэн шалтгааныг олж харж чадна.

Сүүлийн саруудад Украинтай хамаатай асуудалд геополитикийн хандлага давамгайлж байна. Үүнд, тус улсыг НАТО-д элсүүлэх боломж, тухайн бүс нутаг дахь цэргийн хүчний харьцааны өөрчлөлт, Зүүн Европ дахь пуужингийн системийг агуулах гурав дахь районыг бэхжүүлэх гэх мэт. Хэдийгээр энэ бүхэн хэрэгтэй ч гэсэн энэхүү нийтлэлийн эхэнд дурдсан эдийн засаг бүхний үндэс болох тухай ойлголтын үүднээс авч үзвэл хоёрдогч асуудал юм. 

Өрнөдийн идэвхжсэн үндсэн зорилго нь (нэн тэргүүнд АНУ, учир нь Европын холбоо нь сайн дураар бус, харин захирагдах үүднээс энд оролцож байж болох) Хуучин Ертөнцийн эрчим хүчний дэд бүтцийг, нэн тэргүүнд хийн тээвэрлэлтийн сүлжээг чанарын хувьд өөрчлөх явдал байв.

Энэ асуудал нь Европын зах зээлээс “Газпром”-ыг шахан гаргах, эсвэл Баруун Европ, Туркийг хангах оросын хийн нийлүүлэлтийг ядахдаа нэг дахин багасгах замаар  шийдвэрлэгдэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар жилд 160 мянган кубметр хий нийлүүлж байгаа бөгөөд энэ тоо нь 180 мянган кубметр хүртэл өсөх боломжтой.

2012 онд Баруун Европт хий нийлүүлэх “Газпром”-ын ний­лүү­лэлт Катартай өрсөлд­сөний улмаас, мөн Еврокомиссын үүсгэсэн монополийн эсрэг мөрдлөгөөс үүдэлтэй унасан нь тодорхой ялгаа болон харагдаж байна.

Мэдээж ЕХ-ны Гуравдахь эрчим хүчний багцын ажиллагаа амжилт олоогүй болохоор “үүнээс болоод бус, харин үүний дараагаар” Украинд (үнэн хэрэгтээ Орост, “Газпром”-д) цохилт өгсөн гэдэг нь мэдрэгдэж буй.

Сүүлийн жилүүдэд занарын хийн олборлолтоор дэлхийн аварга болоод зогсохгүй нүүрс устөрөгчийн зах зээлд нөлөөгөө нэмэгдүүлсэн АНУ ч энэ тоглолтод оролцов. Занарын хувьсгалын үр дүн болсон “хийн элбэгшил” нь бас өөрийн гэсэн сөрөг талтай байлаа. Тодруулбал, энэ байдал нь 2011-2012 онд хийн зах зээлийн үнэ огцом буурахад хүргэсэн юм. АНУ-ын хий олборлогч томоохон компаниуд хийн олборлолтоо бууруулж байгаа талаар мэдэгдсэн хэдий ч АНУ-д нэг мянган кубметр хийн үнэ 100 ам.доллараас давалгүй удсан билээ.

АНУ-д хийн үнэ хямд байсан нь улс орноос гадагш экспортод гарах хийн хэмжээг нэмэгдүүлсэн нь ойлгомжтой. “Занарын хувьсгалыг” эхлэхээс ч өмнө АНУ-д 200 тэрбум кубметрийг хадгалах боломжтой терминалууд баригдсан байсан. Венесуэл болон Саудын Арабаас танкеруудыг энд хүлээж авахаар төлөвлөж байлаа. Харин одоо зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс болоод дээрх терминалуудыг экспортод гаргах хийг хадгалахад ашиглаж байна.  

Хийн экспортыг нэмэгдүүлэх талыг баримтлагчид нь энэ нь эдийн засгийн төдийгүй улс төрийн бодлогын арга хэрэгсэл болж чадна гэж тооцож байгаа. Тухайлбал, бүгд найрамдахчуудын намын сенатор Жэймс Лэнкфорд “олон арван жилийн турш эрчим хүчийг АНУ-ын эсрэг дипломат хэрэгсэл болгон ашигласаар ирсэн. Одоо бол байгалийн хийн тусламжтайгаар АНУ нөхцөл байдлыг өөрчлөх, эрчим хүчийг манай орны стратегийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх хэрэгсэл болгон ашиглах боломжтой боллоо” гэж хэлжээ.

АНУ-д хэдий чинээ их хий олборлоно Европын зах зээл төдий чинээ ихээр америкийн компаниудыг татах болно. Гэвч эдгээр зах зээлийг эзлэн авахын тулд нэн тэргүүнд “Газпром”-ыг дуусгах ёстой. Энэ стратегийн хүрээнд оросын монополистод давхар цохилтыг Европын холбоо ч, Киевийн эрх баригчдыг солиход өөрийн нөлөөг ашигласан АНУ ч өгсөн юм. Энэхүү төрийн эргэлтийн гол санхүүжүүлэгчид нь Украинд хий олборлогч үндэстэн дамнасан корпорацууд (Chevron, Shell) төдийгүй АНУ-д занарын хий олборлогч компаниуд (Cheasapeake Energy Corp, ConocoPhilips г.м.) ч болсон байна.

“Газпром”-ыг баруун Европын (цаашлаад Туркийн) зах зээлээс шахан зайлуулах стратегид Оросын хийн транзитаас ашиг олдог, өөрөө өөрийгөө эрчим хүчээр хангагч, хүчирхэг, нэгдмэл Украин нийцэхгүй.

Үүнээс гадна транзит-тээвэрлэгч орныхоо хувьд бол Украин нь Америкийн хийн олборлогч компаниудад огт хэрэггүй. Тиймээс миний бодлоор бол Украинд зориулсан хийн үнийн өсөлт нь олон хүний бодож байгаа шиг Оросын маргаангүй давуу талаа харуулсан хэрэг бус, харин удаан үйлчилгээтэй тэсрэх бөмбөг юм. Энэ нь эцсийн дүнд Оросын хийн монополистыг задалж мэднэ. 

Орчуулсан Т.АНАНДА

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.