Ц.Сэдванчиг:Өршөөлийн хуулиа баталж татвар төлөгчдийн итгэлийг сэргээх хэрэгтэй

“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор “Бридж” группын гүйцэтгэх захирал Ц.Сэдванчигийг урилаа.

-Таныг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад, мөн  “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлын албыг хашиж байх үед ярилцаж байсан. Харин “Бридж” группын гүйцэтгэх захирал  болсноос хойш   анх удаа ярилцаж байна. Энд ирээд та юу анзаарч, ажиглаж байна вэ?

-Юуны өмнө олон хүний  анхааран харж, сонирхон уншдаг ярилцлагын буландаа  намайг урьсан танай сонины хамт олонд баярлалаа. “Бридж” группын хувьд  23 дахь жилдээ  үйл ажиллагаа явуулж байгаа Монголын анхны хувийн хэвшил. Анхны гэж байгаа нь зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжих үе, түүнээс хойш үйл ажиллагаа явуулж  эхэлсэн цэвэр хувийн компанийн нэг.  Зам барилга, жижиглэн бөөний болоод гадаад, дотоод худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлд олон жил ажиллаж ирсэн.  Олон жил тогтвортой  ажиллаж ирсэн компанийн ажлыг аваад би долоон сар болж байна. Би “Говь” –иор овоглож олон жил явсан. “Говь”-ийн захирлаар  хоёр ч удаа  ажилласан. Дунд нь “Бридж” группын ТУЗ-ын даргаар ажиллаж байсан. Нэг хэсэг улстөр рүү орж  дөрвөн жил УИХ-д суулаа. “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар  хэсэг хугацаанд ажилласан. Ингээд хувийн хэвшилд  эргэж ирлээ. Анзаарч ажиглаж байхад  нөхцөл байдал нэлээд өөрчлөгдсөн байна. Ялангуяа сүүлийн хоёр жил бизнесийн  орчин нөхцөл, тэр тусмаа төгрөгийн сулрал, валютын ханш огцом чангарсан зэрэг макро төвшний эдийн засгийн байдал таатай биш саруудыг өнгөрөөж байна. 1990-ээд онд “Говь” компанийг удирдаж байх  үе, 2000 оны эхэн үед хувийн хэвшлийн ажлыг удирдаж явуулж байсантай  харьцуулахад  олон өөрчлөлт гарчээ. Хувийн хэвшлүүд тодорхой хэмжээнд  хөгжиж, тэр хэмжээгээр өрсөлдөөн нэмэгдсэн байна. Ер нь бизнесийн орчин ихээхэн өөрчлөгдсөнийг л мэдэрч байна даа.

-Ингэхэд үүдээр орж ирэхэд  “Топ-150” гэсэн цом анхаарал татлаа. “Бридж” хэд дэх жилдээ ийм өргөмжлөл хүртэж байгаа билээ?

-Манай групп Монголын топ 150 татвар төлөгч  аж ахуй нэгжийн нэгээр  13 дэх жилдээ шалгарч, сая та нарыг орж ирэхийн өмнөхөн би  МХАҮТ дээр очиж шагналаа гардаж аваад ирлээ. Татварын ерөнхий газар, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимаас хамтран  2001 оноос эхлэн энэ  жагсаалтыг гаргаж ирсэн учраас би хамгийн бодитой шагнал юм болов уу гэж үздэг. Тогтмол татвар төлөөд явна гэдэг  татвар төлөгчийн гэх юм уу, тухайн аж ахуй нэгжийн нийгмийн хариуцлагыг харуулж байгаа маш бодитой үзүүлэлт юм шүү дээ. Тэр үүднээсээ “Бридж” групп  нийгмийн өмнө  хүлээсэн үүрэг, хариуцлагаа сайн биелүүлж ирсэн, одоо ч ийм байна гэж хэлэх байна.

-Эдийн засгийн  хямрал   үндэсний үйлдвэрлэл, төрийн болон хувийн компаниудыг сөхрүүлэхэд хүрч, зарим нь шуурганд уруудаж ч байна. Тэгэхээр Монголд бизнес эрхлэх боломж бас бэрхшээлийг та хэрхэн харж  байна?

-Манайд бизнес явуулахад нэг талаас хөгжиж байгаа гэх юм уу, хөгжих гэж байгаа  улс орны хувьд боломж бий. Хөгжлийнхөө гарааны эхэн үед яваа учраас ийм боломжтой гэж бизнесийн ертөнцийнхөн дүгнэдэг. Гэхдээ манайх  том газар нутагтай, цөөн хүн амтай, эдийн зсаг нь жижиг  учраас хэрэглээний зах зээл дэндүү бага. Хоёр хөршийн дунд хавчигдсан, далайд гарцгүй  орон учраас  гаднын хөрөнгө оруулалтууд хошуураад ороод ирдэггүй. Хоёр хөрштэйгээ учраа олохгүй бол бидний яриад байдаг  гуравдагч орон, тэдний бодлого, хөрөнгө оруулалтыг оруулж ирээд сайхан хөгжинө гэсэн яриа хол гэдгийг сүүлийн 20 гаруй  жилийн туршлага харуулсан. Тухайлбал, өнөөдөр Монголд Японы машины тэргүүлэх үйлдвэрүүд орж ирсэн үү гэвэл алга л байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, цахилгаан хэрэгсэл  үйлдвэрлэдэг том компаниуд орж ирээд ажлын байр нэмэгдүүлж,  үйлдвэрлэлээ явуулж, улс орны эдийн засаг, хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэхэд  нөлөөлж байна уу гэвэл, үгүй. Ийм л байна шүү дээ. Энэ талаас харвал, манай зах зээл хаалттай, бизнесийн орчин бүрдүүлэхэд тийм ч таатай  бус. Дээр нь манай улстөрийн бодлого тогтворгүй, улсын чанартай дэд бүтэц нь бизнесийг хөгжүүлэх хэмжээнд хөгжиж чадаагүй. Энэ мэт  олон асуудал бий.

-Төр, хувийн хэвшлийн уялдааг яаж бий болгох вэ?

-Хөгжиж буй орнуудын туршлагаас харахад төр бизнесийн үйл ажиллагаанд маш бага оролцдог. Төрийн оролцоо батлан хамгаалах, аюулгүй байдал, цэрэг цагдаа, боловсрол, эрүүл мэндийн салбартаа илүүтэй   анхаардаг. Тэр чиглэлд хөрөнгө оруулалт хийж, бодлогоо чиглүүлдэг. Түүнээс бизнесийн, аж ахуйн чанартай ажлыг үндсэнд нь хувийн хэвшилдээ даатгадаг. Тэр хэмжээгээр хувийн хэвшил нь хөгждөг. Өөрөөр хэлбэл,  бизнесийн хөгжлийг  хувийн хэвшил нь  үүрч авч явдаг. Ийм  зүй тогтол, жишээ баримт олон байдаг. Гэтэл манайд төр оролцдоггүй юм гэж алга. Бүх төрлийн бизнес рүү төр оролцож, зохицуулах гэж оролдож байна. Тэр нь эргээд бизнесийн хөгжлийг удаашруулдаг, өрсөлдөөнйиг хязгаарладаг, эсвэл эрх мэдэлтэй хүмүүст ойрхон бүлэглэл гэх юм уу тийм хэсэгт нь давуу нөхцөл бий болгодог. Яг шударгаар өрсөлдөж явах нөхцлийг хаагаад байна. Төр бизнест дэндүү оролцож байгаагаас ийм байдал үүсч байгаа юм. Тиймээс төр оролцох зүйлдээ оролцож, оролцохгүй   байж болохоор бизнесийг хувийн хэвшилдээ даатгаж явах нь зөв. Уг нь олон жил ингэж ярьсан. Бодит байдалд хэрэгждэггүй. Ер нь бизнес хийж байгаа  татвар төлөгчдийн ам сайнгүй байгаа шүү. Бизнес хийхэд хүнд боллоо гээд  янз бүрийн хүндрэл зовлонг тоочиж байна. Хувь хүн, жижиг, дунд бизнесийнхэн “Одоо яах вэ”  гэж толгойгоо барьж байна шүү дээ. Ажилчдаа цомхотгох уу,хүрээгээ багасгах уу, цаашид яах вэ гэсэн толгойны өвчинтэй бизнес эрхлэгчтэй олон тааралдах  юм. Бизнесийн орчин муудсанаас үүдэж  орлого нь багасдаг, тэр хэмжээгээр татвар төлөх чадвар нь мууддаг. Татвар тодорхой хэмжээгээр дутуу төлөлттэй гарлаа гэхэд татварын албаныхан дансыг нь хааж бизнесийнх нь өдөр тутмын үйл ажиллагааг саатуулаад эхэлдэг, эсвэл татварын торгуулиар дарамталж авлига нэхдэг явдал түгээмэл болчихож. Тухайлбал, банкныхаа харилцах дансыг хаалгачихсан бизнес эрхлэгч яаж бизнес явуулах вэ. Энэ чинь  хөл гарыг нь хүлж, нүдийг нь боочихлоо гэсэн үг шүү дээ. Ийм хүмүүстэй би олон таарч байна. Төрөөс явуулж байгаа бодлого, бондын мөнгө, эсвэл  үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдаж хөрөнгө, мөнгө босгоод аваад явж байгаа нь өөр л байдаг байх. Гэхдээ тэр нь маш цөөн хэсэг. Олонх нь аргаа бараад сууж байгааг онцолж хэлмээр байна.

-Тэгвэл валютын ханш өссөнөөс үүдэж бизнес эрхлэгч, татвар төлөгчид хохирч байгаа нь хэний буруу вэ?

-Валютын ханшийг харьцангуй тогтортой байлгах /тэгэхдээ яг нэг тоон дээр барьж гэж байгаа юм биш/ бодлого бол төрийн үүрэг. Төр үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор бизнес эрхлэгчид, татвар төлөгчдийг алдагдалд оруулсан нь тэр хүмүүсээс өөрөөс нь бус төрийн бодлоготой хамааралтай. Тэгэхээр төр тодорхой хэмжээгээр буруутай. Ийм л зүйл болчихоод байна. Төгрөгийн сулрал, валют чангарсан хэмжээгээр татвар төлөгчид хохирчихоод байгаа. Төгрөг 30 хувиар суларсан бол тэр хэмжээгээр хохирсон гэсэн үг. Өмнөх жилүүдэд олон бизнес эрхлэгч  валютын зээлийг дотоодын банкууд,  гаднаас  ихээр авсан. Түүнийгээ уул уурхай, барилга руу оруулаад гацаачихсан. Ингээд зээлээ төлөх болсон чинь валютын  ханш  өсч, төгрөгийнх суларчихсан. Тэр хэмжээгээр алдагдалд орж байгаа юм.Ийм байдлаар  алдагдал, хүндрэлд орсон учраас татвар төлөгчид эрх баригч нарт итгэл алдраад байна. Ер нь хэрэглээний үнэ ханш нэмэгдэж иргэдийн худалдан авах чадвар ч төгрөг суларсан хэмжээгээр буурсан шүү дээ.

-Тэр итгэлийг яаж сэргээх вэ?

-Ер нь бол зөвхөн дотоодын бизнес эрхлэгчид ч биш, гаднын хөрөнгө  оруулагчид ч итгэл алдарчихаад байна.Үндэсний валют  нь сулраад байгаа энэ тогтворгүй эдийн засаг руу  үнэтэй цэнэтэй мөнгөө хувиргаж хийх хүн байх уу. Тэгэхээр дотоод, гадаадын бизнес эрхлэгчид,  хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээе гэж байгаа бол юуны өмнө валютын ханшаа тогтворжуулах ёстой. Үнэ тогтворжуулна гэж бэлэн мөнгө  хэвлэн зах зээл рүү гаргаж  цөөн тооны бизнес эрхлэгчдийг дэмжих биш  валютын ханшаа тогтвортой байлгаад байвал тэр нь өөрөө үнэ тогтворжуулах хөшүүрэг болно. Тиймээс үүнийг үнэ тогтворжуулах бодлогынхоо дунд, урт хугацааны гол зорилго болгож хэрэгжүүлэхгүй бол үр дүн гарахгүй. Тэгэхээр олон бизнес эрхлэгчтэй уулзаж, санал солилцож явдаг  хүний хувьд хэлэхэд, тэдний алдраад байгаа итгэлийг  сэргээх оновчтой бодлого тодорхойлж хэрэгжүүлэхгүй бол таагүй үр дүнд хүргэж мэдэхээр болчихоод байна.

-Үнийн өсөлт, цомхтгол, хямрал  нүүрлэсэн энэ цаг мөчид танай компанийн хувьд, жишээлбэл та ямар бодлого барьж ажиллаж байна?

-Би ажил аваад долоон сар болж байгаагаа түрүүнд хэлсэн. Энэ хугацаанд бизнесийн орчин, хямралтай холбоотойгоор бүтцийн өөрчлөлт хийсэн. 10 гаруй  салбар, нэгжийг үндсэнд нь толгой компанидаа нэгтгэн 5-6 болгон цөөрүүлж, үйл ажиллагааны зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх бодлого барьсан. Би ер нь ажил авангуутаа өөрийнхөө суудаг өрөөг жижигрүүлэхээс ажлаа эхэлсэн дээ.Гүйцэтгэх захирлын өрөөг 50 хувь жижигрүүлж, групп компаниуд  таван давхар байранд тарсан байсныг 2, 3 дугаар давхарт нь төвлөрүүлсэн. Нэгж бүхэн тусдаа өрөөнд ороод суучихдаг байсныг заалны системд шилжүүлсэн. Үр ашиггүй, тэвчиж болох бүх зардлыг зогсоож товчилбол хэмнэх горимд шилжүүлсэн. Зөвхөн зардал гаргадаг ашигладаггүй  хөрөнгүүдийг эргэлтэд оруулах, зээлийг удирдах ажилд онцгой анхаарч байна. Үр дүн гарч байна. Өнөөдөр бид дотоод, гадаадын банкнаас  валютын зээлгүй групп, компани болж чадсан. Түүнээс гадна дотооддоо  ажилчдынхаа бүтээмж, ажилд хандах хандлагыг сайжруулах гэхчлэн жижиг, сажиг чимхлүүр  ажилд байнга анхаарч байна. Мэдээж валютын ханшны өсөлтөд бүх компани өртсөн. Манайх ч гэсэн багагүй алдагдал хүлээж, нэлээд хүнд цохилт авсан. Гэхдээ бид ажилчдаа  цомхотгоогүй. Групп, компанийн хэмжээнд 500 гаруй хүн ажилладаг, тэдний ажлын байрыг хадгалж чадсан. Үүнээс цааш юу болохыг харин  хэлж мэдэхгүй. Валют чангарч, төгрөг сулраад байвал  энэ байдлаа удаан барьж чадна гэж хэлж чадахгүй.

-Энэ чиглэлд төр, засгаас явуулж байгаа бодлогууд хэр үр дүнгээ өгөх бол. Тухайлбал, Засгийн газраас “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоног” хөтөлбөр дотор олон ажил санаачилж хийж байгааг та хэрхэн харж байна?

-Энгийн үгээр, товчхон томъёолох  юм бол эдийн засгаа сэргээнэ гэж байгаа нь ерөөс биенесийн орчноо сайжруулах, бизнес эрхлэгчдээ дэмжих, компани аж ахуй нэгжүүдийг дампууруулчихалгүй ажлын байрыг нь хадгалах, дэмжих бодлогыг хэрэгжүүлэх ажил юм шүү дээ. Бизнес орчин сайжирбал эдийн засгаа аваад явчихна. Бизнес сайн явж байж эдийн засаг сайжрах, өсөлт гарах ийм л зүй тогтолтой зүйл. Тэгээд бизнес эрхлэхэд юу хүндрэлтэй байна вэ, төр засгаас хамаарсан, зохицуулж болох юм юу байна гэдгийг л сайн харж, түүн рүү чиглэсэн богино, дунд, урт хугацааны бодлогууд  явуулах ёстой. Түүний нэг нь миний ахин дахин яриад байгаа үндэсний валют, төлбөрийн хэрэгслийнхээ чадварыг аль болох тогтвортой барих үүрэг юм. Тэгж чадаагүйгээс ямар байдал үүссэнийг би түрүүнд  тодорхой ярьсан. Тэр бүхэн сүүлийн саруудад болж байгаа томоохон үйл явдлуудаас тодорхой байгаа  шүү дээ. Компани дампуурлаа, үндэсний хэмжээнд явуулж байгаа төслүүд  хүнээ цөөлжээ гэсэн мэдээллүүд цуврах боллоо. Ер нь уул уурхай явуулж байгаа компаниуд үндсэндээ зогсч олон хүн ажлын байраа орхиж байна. Дээр нь уул уурхайн компаниуд бүгд төлбөрийн чадваргүй болчихож. Энэ яаж мэдрэгдэж байна гэхээртэдэнд нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний төлбөр  хийгдэхгүй олон сар, жилээр хойшилж байна. Миний түрүүнд хэлсэн татварын албад очоод  дансыг нь  хаачихаад хөдлөхгүй болсон жишээ амьдрал дээр өдөр болгон тохиолдож байна. “Татварын ялигүй дутуу төлөлтөөр дансаа хаалгачихлаа”  гэж байгаа компанийн захирлуудтай олон таарах юм даа.

-Тэр зовлонг энгийн иргэд тэр бүр мэдэхгүй байгаа байх. Харин Засгийн газар, УИХ-ын төвшинд ярьж буй “Эдийн засгийн өршөөлийн хууль”-иар энэ асуудал хэр зөв зохистой  шийдэгдэх бол?

-“Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоног”-т хийх ажлын жагсаалтыг би нэгбүрчилж нэгд нэгэнгүй харсан. Бизнес эрхлэгчдэд хамгийн хэрэгтэй гэх юм уу, өөрөөр хэлбэл тэдний алдарчихаад байгаа итгэлийг эргүүлж авахад үндсэндээ нэг зүйл нь “Эдийн засгийн өршөөлийн тухай хууль” гэж харж байгаа. Тэр хуулийг баталснаар  далд байгаа эдийн засгийг ил гаргах ёстой. Монгол Улс далд эдийн засагтай орон гэж бид олон жил ярьсан. Хувийн хэвшлийн гэж байгаа ихэнх компани хоёр тайлан баланстай  явдаг  гэлцдэг. Тэр үнэн, олон жил ингэж явж ирсэн. Орлогоо энд тэнд аваачаад нуучихдаг, гаргаж ирэх гэхээр болдоггүй бизнес олон байгаа гэж ярих юм. Тэгэхээр Эдийн засгийн ил тод байдлын тухай гэнэ үү, Эдийн засгийн өршөөлийн тухай хууль гэх  үү тэр хуулиараа энэ асуудлыг яаралтай шийдэж, итгэл нь алдраад байгаа бизнес эрхлэгч, татвар төлөгчдийн итгэлийг эргүүлж авах, олж авах гэдэг бол  маш чухал юм. 2008 онд нэг хууль гарсан, тэр нь зургаахан сарын хугацаатай. Хуулиа хэрэгжүүлэх журам гаргах гэж байна гэж Сангийн яам, Татварын газар ихэнх хугацааг нь авч, үндсэндээ хоёрхон сарын хугацаанд хууль хэрэгжсэн байдаг. Тэр хугацаанд компаниуд хамрагдаж чадаагүй юм билээ. Дөнгөж нэг хувь  буюу, мэдээлэлд ойр, эрх мэдэлтэй хүмүүстэй ойрхон  байдаг  хэсгийнхэн хамрагдсан. Нэг үгээр хэлбэл, тэр хууль бараг хэрэгжиж чадалгүй өнгөрсөн байдаг. Тэгэхээр энэ удаа тийм хууль гаргах гэж байгаа бол жижиг, дунд, том гэхгүй  бүх татвар төлөгчийг   хамруулж далд байгаа эдийн засгийг нэг удаа ил гаргах хэрэгтэй байна. Магадгүй  тэр хууль гарснаар валют хомсдож ханш нь өсөөд,  төгрөг сулраад  байна гэж ярьж байгааг  өөрчлөхийг ч үгүйсгэхгүй. Далд байгаа валют гараад ирэх ч юм бил үү. Хэрэв тэгвэл хямраад байгаа эдийн засгийг тогтворжуулж, үнийг барьж, валютын хомсдлоос гаргана. Ер нь 2008 онд гарсан хуулиар бас ч гэж багагүй хэмжээний валют  ил гарсан гэж дуулддаг шүү. Нэмээд хэлэхэд Засгийн газар төсвийн орлоготой харьцуулахад дэндүү өндөр зардалтай бүтцээр яваа учраас төсвөө хасах, тансаглалаа зогсоох ажил гарцаагүй шүү дээ.

-Ярилцлагын төгсгөлд таньтай нэгэнт уулзсаных Оюутолгойн тухай асууя. Мэдээлэлд ойр байдаг хэсгийнхэн  “Оюутолгой ойлгогдохоо байлаа” гэж байхад энгийн иргэд ямар байх нь ойлгомжтой. Харин танд ямар дүр зураг харагдаж байна вэ?

-“Оюутолгой” төсөл богино хугацаанд хэрэгжиж баяжуулах үйлдвэр ашиглалтад орж, баяжмал нь гарч төсөл өөрөө орлоготой болсон. Өнгөрсөн долдугаар сарын 9-нд санагдана, Ерөнхий сайд, холбогдох хүмүүсийн хамт очиж Оюутолгойн бүтээдэгдэхүүнийг ачих  анхны ачилтын арга хэмжээнд оролцож, ингэж бүтээгдэхүүнээ  сүр дуулиантайгаар  гаргаад эхэлчихсэн юм. Ингэж орлоготой болсон нь төслийн гол үр дүн байсан. Ер нь өөртэйгээ холбоод хэлчихвэл нэг их буруудахгүй болов уу гэж бодож байна. Учир нь би тэнд ажил хариуцаж байхдаа ямар ч байсан бүтээгдэхүүнийг гаргах хүртэлх хугацаанд бүх талаар нь дэмжиж, төслийг урагш нь явуулж ирсэн. Одоо ямар ч байсан  төсөл орлоготой болсон. Түүнээс өмнө бол ердөө л зарлага гаргаж байлаа шүү дээ. Харин тэрнээс хойш асуудал нэлээд ээдрээтэй үргэлжилж байх шиг байна. Далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудалтай холбоотойгоор Засгийн газар, Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн хооронд ойлголцлын нэлээд зөрүү байсан. Би тэр зөрүүг  одоо болтол гараагүй, ойлголцоогүй юм байна гэж  харж  байгаа. Зарчмын олон асуудал байдаг, тэр болгоныг  би энд  дэлгэж ярих шаардлага байна уу, үгүй юу. Ямар ч байсан өнгөрсөн наймдугаар сард далд уурхайн ажил зогссон асуудал шийдэгдсэнгүй. Шийдэгдэх байтугай улам хүндэрч, саяхан дахин орон тоогоо цомхотгох үйл явц явагдаад байна. Нэг талаас Засгийн газар, нөгөө талаас хөрөнгө оруулагч талын хооронд ойлголцлын зөрүү хол хэвээр байгаа юм байна. Гэхдээ манай Засгийн газар үндсэндээ буулт хийчихсэн гэж харагдаж байгаа. Тодруулбал, Ерөнхий сайдаас “Рио Тинто”-ийн захирал Сам Уолш   гэдэг хүнд явуулсан захиа зарим мэдээллийн хэрэгслээр гарсан. Түүний агуулгаас харахад манай Засгийн газар 75-аар буугаад өгчихсөн юм билээ. Та нарын бүх нөхцлийг зөвшөөрье, ТЭЗҮ энэ тэрээ ч дараа нь болъё, та нар авах гэж байгаа зээлээрээ юу хийх бараг тэр жагсаалтаа гаргаад өгвөл бид бүгдийг нь зөвшөөрч байна. Ерөөсөө ажлыг  нэн даруй эхлүүлье гэсэн буултыг Засгийн газар хийчихсэн гэж ойлгож байгаа. Гэтэл нөгөө тал тэр хүсэлт, буултыг хүлээж авахгүйгээр ажлаа хойшлуулж, тэр байтугай үйл ажиллагаагаа хумих бодлого явуулж байна гэдэг бол ерөнхийдөө хөрөнгө оруулагч талаас хамааралтай байна. Угаасаа манай оролцоо гэх юм энэ төсөлд тун бага. ТУЗ-ын гишүүн гэж төслөөс өндөр цалин авсан гурван хүн байдаг. Шийдвэр гаргах төвшинд нөлөөлөх ямар ч боломжгүй. Яахав ирц бүрдүүлж, тэнд нэг санал хэлээд сууж  байдаг  байх. Тэр хэмжээнд л оролцож байгаа шүү дээ, үндсэндээ. Ийм л түүх гэх юм уу, үйл явдал өнгөрсөн жилүүдэд давтагдаж ирлээ. Одоо ч тэр байдлаар явж байна.

-Цаашид яах бол?

-Цаашид яахыг би далдыг харагч биш хэлж мэдэхгүй. Уг нь хүчин төгөлдөр гэрээ гэж бий. Түүгээр талуудын хүлээсэн үүрэг маш тодорхой бий. Төслийг санхүүжүүлэх, удирдах үүрэг нь хөрөнгө оруулагч талд, Монголын Засгийн газар дэмжих үүрэгтэй, ийм л энгийн гэрээний хүрээнд үйл ажиллагаа явагдаж байгаа юм. Одоо тэр гэрээгээ дүгнэх цаг ирчихсэн юм биш үү. Гэрээний үүргээ хэн нь яаж биелүүлж ирэв, цаашид яаж биелүүлэх вэ гэдгээ тодорхой болгохгүйгээр захиа шидэлцээд, эсвэл гадаад, дотоодын хэвлэлээр бие биеэ яриад  асуудал шийдэгдэхгүйг өнгөрсөн хугацаа харуулав шив дээ.



Ч.Үл-Олдох
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • SERGEY YAKUBOVA 2018-04-17 02:09:16
    ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ НЭМЭЛТ БАРИХ Сайн уу, Таны санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 2,000.00 хүртэлх зээлийг хамгийн ихдээ $ 100,000,000...
    105.112.106.46
    Мэдэгдсэн Хариулах
  • ард 2014-06-12 06:00:18
    Тендэр будлиантуулж ажил авчихаад баахан үрэн таран хийж мөнгөө дуусгачихаад ажил ч хийдэггүй, албан татвараа ч төлдөггүй олигархиудын компаниуд тэгж ингэсхийгээд хэдэн жилийн дараа төрд төлөх ёстой татварынхаа өрийг цайруулдаг явдалыг одоо болиосой билээ
    27.123.214.115
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2014-06-12 06:54:02
      сэдваанчиг хэзээ ажил хийдэг байлаа говь компанийг яах гэж байгаа нь мэдэгдэхгүй дүнхүү юм авч явж байсанд харамдаг
      202.180.216.211
      Мэдэгдсэн Хариулах