Улсын аюулгүй байдалд стратегийн орд ч хамаатай
Төр тогтвортой оршин байхын үндэс нь мэдээжийн хэрэг үндэсний аюулгүй байдал. Энэ үүднээс үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц зүйлийн жагсаалтыг сонирхлоо. Сайндаа биш. Сүүлийн хэдэн өдөр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өдөр алдалгүй цацагдаад байгаа нинжа буюу гар аргаар алт олборлогчдын гаргаж буй увайгүй үйлдэлд хариуцлага тооцох хууль, эрх зүйн орчин юу байна гэж сонирхон хайсаар яваад Төрийн нууцын тухай хуулийг унших хэрэг гарав. Тус хуулийн 11 дүгээр зүйлийн нэгт Төрийн нууцыг задруулснаас Монгол Улсын ашиг сонирхол, аюулгүй байдалд учирч болох хор уршгийн хэмжээнээс хамааран төрийн нууцын зэрэглэлийг тогтооно гээд Төрийн нууц нь дараах зэрэглэлтэй байна.
 
1/ онц чухал-маш нууц;
2/ маш нууц;
3/ нууц гэж тодотгож өгсний хамт төрийн нууцад хамрагдах жагсаалтыг таван бүлэг, 60 зүйлд хуваажээ.
 
Гэвч хуулийг хэдэнтээ уншаад стратегийн орд газрууд, түүний нөөц, газар нутгийн байршлыг тодотгосон өндөр нарийвчлал бүхий байр зүйн зураг улсын нууцад хамрагдана гэсэн үг өгүүлбэрийг олж харсангүй. Уг нь стратегийн орд газрууд нэгэн цагт Монгол Улсыг тэжээх нь гарцаагүй гэх үүднээс ордын тухай мэдээ, мэдээлэл нөөц, байр зүйн зураг, координат энэ тэр нь Төрийн нууцын “нууц” гэсэн зэрэглэлд багтдаг байх гэж санасан юм. Гэвч үгүй ажээ.
 
Монгол Улсад 15 стратегийн орд газар бий. Стратеги гэдэг өөрөө онц чухал ач холбогдол гэсэн тодорхойлолт байх л даа. Тэр утгаар нь стратегийн ордын тухай асуудлыг анх ярьж эхлэхэд 39 ордын нэрийг дэвшүүлэн эцэст нь тухайн үед тогтоогдсон нөөцийн хэмжээ, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн эсэх гэсэн шалгуурыг тавьж, хамгийн гол нь буюу гурав дахь үндэслэлээ “Үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг” стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд хэмээнэ гэж тодорхойлоод түүнийгээ тэр хэвээр нь Ашигт малтмалын тухай хуульд суулгаж өгсөн байна лээ. Эл үндэслэлээр бол стратегийн ордын талаархи мэдээ мэдээлэл, байр зүйн зураг улсын нууцад хамаарах ёстой юм шиг. Гэтэл эдүгээ хэн дуртай нь Монгол Улсын ашигт малтмалын тухай мэдээллийг хэлээд өгөх 1:100 000 нарийвчлал бүхий байр зүйн зургийг халааслан дуртай газраа тэнэж, хэний ч хамаагүй өмч рүү халдан ухахыг нь ухаж, зөөхийг нь зөөж байгааг юу гэх вэ.
 
 
Захын гар apгaap алт олборлогчийн халаасанд тухайн орон нутгийн байр зүйн нарийвчилсан зураг үрчийж үнгэгдээд явдаг болжээ. Тийм зүйл үгүй байх аваас Говь-Алтай, Хөвсгөл, Дорноговийн харьяат иргэд стратегийн орд руу улангасан дайрч, хаанаас нь нэвтрэх, гол нөөц нь хаана байгааг, түүнийг нь ямар багаж ашиглан ухаж болохыг мэднэ гэдэг амаргүй зүйл байлтай. Нөгөөтэйгүүр, тухайн аж ахуйн нэгж ч бас буруутай. Ямар ч байгууллагад нууц гэж бий. Тэр нь эдийн засгийн болоод аюулгүй оршин тогтнохын үндэс болсон баримт бичиг. Үүнд байр зүйн зураг хамгаас хамаатай.
 
Нөгөөтэйгүүр, дэлхий дээр монголчууд эртэй чадалтайдаа стратегийн ордоо 15 гэж тодорхойлчихоод сууж байгаа юм биш. Бүх улс орон өөрийн гэсэн стратегийн ордтой агаад төр нь 50 хүртэлх хувийг нь эзэмшдэг аж. Харин манай төр хувь эзэмших нь бүү хэл байгаа хэдийнхээ заримыг нинжа нараасаа хамгаалж чадахгүй тавьж туучих гээд баларч буй. Төрийн хар хайрцгийн бодлогод цаашлаад Монгол Улсын цаашдын хувь заяанд ямар нэг байдлаар нөлөөлөх зүйл бол стратегийн орд газрууд мөнөөс мөн. Нинжа нар ямар хортой билээ. Тэд ёстой л уулыг тал, талыг там болгодгийг бид бүгд мэднэ. Төв аймгийн Заамарын ордууд, Туулын ай сав, Өвөрхангайн Уянга, Говь-Алтайн Бигэр гээд хаана л алт гайгүй гарч байна, тэр газар нутгийг нинжа нар орвонгоор нь эргүүлж орхидог. Яг үнэндээ аж ахуйн нэгжүүдээс нинжа нарын байгаль орчинд учруулсан хохирол хамаагүй илүү.
 
Төр нэгэн үе тэдэнтэй дайн зарлаад бараагүй. Аргаа барахдаа зарим талаар бууж өгөн бүлэг нөхөрлөлийн хэлбэрт шилж, тэгвэл төр дэмжихэд бэлэн байна гээд ч тусыг эс олов. Даварсан нинжа нар сүүлдээ толгой дээр гарч стратегийн орд бүхий алтны уурхай руу дайрч эхэлсэн. Цаашид байдал хурцдахыг үгүйсгэх газаргүй. Нинжа нар “Энэ бол эзэнгүй газар. Тийм учраас хэн чадалтай нь ийшээ орж болно” гэсэн сэтгэлгээгээр хандаж байгаа бололтой. Тэдний сүйтгэсэн байгаль, ухсан нүх, ширгэсэн голуудаас энэ бүхэн хангалттай харагдана. Төрийн “буянаар” алтны орд газрууд чонын амнаас барын амаңд буюу компаниудаас нинжа нарын мэдэлд шилжиж байна.
 
Монголын мэдээ
Ч.Чулуун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 2.5 2015-09-16 01:16:46
    2.5 хан хувийн татвар толоод гадныхан хуу хамаад явснаас ядарсан монголчууд ухсан нь дээр. Хурзээр нухэлж ухах эксковатороор бухлээр нь ухах адилхан л суйтгэл. ...
    103.26.194.74
    Мэдэгдсэн Хариулах