Европыг хамарсан томоохон жагсаал боллоо
Ойрхи Дорнодоос Европыг чиглэн ирэх дүрвэгсдийн цуваа тасрахгүй байгаатай холбогдуулан тайван амьдралыг хүсэмжлэн ирэх цагаачдыг  хүлээн авахыг уриалах, эсрэгээр эсэргүүцсэн жагсаал цуглаанууд Европ даяар зохион байгуулагдаж, олон мянган хүн оролцлоо.  Сүүлийн үед Европыг зорих цагаачдын урсгал огцом нэмэгдэж, дэлхийн хоёрдугаар дайнаас  хойшхи хамгийн муу үзүүлэлтийг харуулаад байгаа юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Европын 28 улсад жагсаал цуглаанууд болж байна. 

Тухайлбал, Их Британийн нийслэл Лондон хотын парламентын байрны өмнө хэдэн мянган жагсагчид цугларч Ойрхи Дорнод болон Африкийн улсуудаас шинэ амьдрал эхлэх гэж ирж буй дүрвэгсдэд туслахыг эрх баригчдад уриалан, эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Их Британийн Лейборист намын шинэ тэргүүнээр сонгогдсон Жереми Корбин тэдгээрийг удирдан явсан бөгөөд тэрбээр "Бид зүрх сэтгэлээ сонсч, дайн, мөргөлдөөний улмаас зовж зүдэрсэн ард иргэдэд туслах хэрэгтэй" гэж уриалсан байна.

Лондон хотын оршин суугчид тус улсын Ерөнхий сайд Дэвид Кэмероны ордон хүртэл тайван жагсаал хийсэн бөгөөд жагсагчдын ихэнх нь "Хилээ нээ", “Дүрвэгсдийн хүлээн ав”, "Сирийг бөмбөгдөхөө зогсоо” гэсэн уриа лоозон барьсан байжээ. Үүний адил жагсаал Эдинбург, Глазго болон Кардифф хотуудад мөн болжээ.

Эргэн сануулахад Их Британийн Засгийн газар ирэх таван жилийн хугацаанд буюу одоогийн Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд Сирийн хилийн ойролцоох хуарангуудын 20 мянга хүртэлх цагаачийг тараан суурьшуулах бөгөөд хамгийн түрүүнд хүүхдүүд болон эмэгтэйчүүдийг тараан суурьшуулна гэж Ерөнхий сайд Дэвид Кэмерон энэ сарын 8-нд мэдээлсэн юм. Мөн Данийн нийслэл Копенхаген хотноо ойролцоогоор 30 мянган орчим хүн жагсч, орогнол хүсч буй дүрвэгсдийн хүсэлтийг хүлээн авахыг шаарджээ. “Ассошэйтэд прэсс” агентлагийн мэдээлснээр жагсагчид парламентын байрны өмнө цугларч “Дүрвэгсэд тавтай морил хэмээн тод, чанга хэл” гэж уриалж байсан аж. 

Үүнээс гадна Испанийн Мадрид, Германы Хамбург, Берлин зэрэг хотуудад мөн жагсаал болж, хэдэн мянган хүн оролцжээ.  Берлин хотноо болсон жагсаалд оролцогсод “Тавтай морил” гэсэн үгийг бичсэн Сирийн төрийн далбааг барьсан байсан бол Шведийн Стокхольм, Финландын Хелсинки, Португалийн Лисбонд ч жагсаал болж, 1000 орчим хүн оролцсон тухайн зарим эх сурвалжууд мэдээлсэн байна. Харин Европ даяар дүрвэгсдийг хүлээж авахыг уриалах энэ мэт жагсаал өрнөж байхад  тэднийг эсэргүүцсэн жагсаал  Чех, Словак, Польш зэрэг  улсад зохион байгуулагдсан байна. Польшийн Варшав хотноо болсон жагсаалд 5000 орчим хүн оролцсон бөгөөд тэдний ихэнхи нь католик шашинтнууд байжээ. Тэд “Лалын шашин Европыг мөхөөнө” гэх зэргээр орилж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Мөн Чехийн Прага болон Словакийн нийслэл Братислав хотноо дүрвэгсдийг хүлээж авахыг эсэргүүцсэн цуглаан болж, оролцогсод “Итгэхгүй байна. Гэртээ харьцгаа”, “Бид БНЧУ-д дүрвэгсэд болон Исламыг хүсэхгүй байна” гэх зэргээр бичсэн лоозонг барьж жагсчээ. 

Чехийн  “Republikon”  хүрээлэнгээс явуулсан санал асуулгаар тус улсын иргэдийн зөвхөн 19 хувь нь л  Засгийн газар дүрвэгсдэд туслах ёстой гэдэгтэй санал нийлж байгаа бол 66 хувь дүрвэгсдийг хилээр нэвтрүүлэхгүй байхыг илүүд үзэж байсан байна.

Дашрамд дурьдахад, Олон улсын дүрвэгсдийн асуудал эрхлэх байгууллагаас энэ сарын 11-ний өдөр гаргасан судалгаагаар 2015 оны нэгдүгээр сараас хойг газар дундын тэнгисийг гатлан Европын орныг зорин ирэх дүрвэгсдийн тоо 430 мянгыг давсан гэсэн үзүүлэлт гарчээ. Тодруулбал, 432761 дүрвэгч Европод хүрсэн байна. Үүнийг нь дотор нь хувааж үзвэл, Грек рүү хамгийн их буюу 309356, Италид 121139, Испанийн Мальта аралд 100 орчим дүрвэгч очсон байна. 

Олон улсын дүрвэгсдийн асуудал эрхлэх байгууллага өнгөрсөн долоо хоногт гаргасан мэдээлэлдээ Европыг зорьж очсон дүрвэгсдийн тоог 364 мянга хэмээн дамжуулж байсан юм. Тэгвэл дүрвэгсдийн тоо огцом өссөн нь Грекийн Засгийн газар цагаачдын бүртгэлийн тогтолцоог шинэчилсэнтэй холбоотой аж. Тодруулбал, Грекийн Засгийн газар энэ сарын 7-нд Лесбос аралд дүрвэгсдийг бүртгэх төвийг байгуулсан юм. Албаны хүний мэдээлсэнээр зөвхөн нэг долоо хоногийн хугацаанд тус төвд 22500 хүн шинээр бүртгэгджээ. 
 
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.