Энэ зун л эдийн засгаа хөл дээр нь босгоё
“Хөдөө, орон нутагт эдийн засгийн нөхцөл байдал доройтоод, иргэдийн сэтгэл санааг зовоогоод байгаа юм алга. Миний харж байгаагаар улс төрийн хүрээнд л эдийн засаг хямарсан, хямраагүй, дээшилсэн доошилсон гэсэн тоглолтууд явагдаж байна. Энэ нь хот газрын хүмүүст цохилт болж очдог. Манай орон үйлдвэрлэгч биш учраас ихэнх бүтээгдэхүүнээ гаднаас авдаг. Тиймээс валютын хэрэгцээ бий болох үед улс төрийн тоглолтууд хийгддэг л дээ. Эдийн засаг бүр сайжирчихсан гэж хэлэхгүй ч ажил хийх боломж хангалттай байгаа. Эдийн засаг сэргэх үү, үгүй юу гэдэг нь туршлагатай улстөрчдөөс ихээхэн шалтгаална” хэмээн УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар нэгэн ярилцлагадаа дурьджээ.

Шийдвэр гаргах төвшний чухал эх сурвалж ингэж ярилаа. Тэгэхээр хямрал хөдөөд нүүрлээгүй юм байна гэж ойлголоо. Улстөрчид л амаараа ард түмнийг ядууруулж, тал талх идүүлж, өндөгийг тансаг хэрэглээнээс гаргаад байгаа юм байна гэж дүгнэж болохоор. Гэтэл дахиад өөр нэг хэвлэлд МАН-ын гишүүн Я.Содбаатар ТҮЦ-ээр үйлчлүүлсэн талаараа ярьжээ. Эрхэм гишүүн үнэхээр ард түмний амьдрал дампуурч байгаа эсэхийг харах гэж захын хорооллын ТҮЦ-т /ТҮЦ-т талх зардаггүй/ очжээ.

Гэтэл тэнд амьдардаг иргэд Атар талхыг таллаж авч идээд, “нохойн мах”-аар хоол хийж идэж байсан гэнэ. Ийн амьдрал хэцүүдсэнийг өөрийн нүдээр хараад гэртээ иртэл 1.5 сая төгрөг нь амьдралд нь хүрэлцэхгүй, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани нь хаалгаа барьж эдийн засаг хямарсан гэдгийг гүн утгаар нь мэдрүүлсэн талаар ярьжээ. УИХ-д хууль тогтоох гэж, эдийн засгийн талаар бодлого боловсруулах учиртай хүмүүс маань ийм хоёр өөр зүйлийг ярьж сууна. Тэгэхээр бид хэнд нь итгэх вэ. Улстөрчид дунд хямрал нүүрлээд байна уу, эсвэл эдийн засаг үнэхээр элгээрээ хэвтчихээд байна уу гэ­дэг асуулт бүтэн жилийн турш хариулт нэхсэн.
 
Гэхдээ хөрөнгө оруулалтын урсгал тасарснаас валютын хомсдолд орж, төгрөгийн ханш суларсан гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Яагаад гэвэл бид Польшоос өргөст хэмх импортолж иддэг, Хятадаас лууван, байцаагаа зөөдөг учраас тэр. Тиймээс эдийн засгаа сэргээх үү гэдэг нь Б.Гарамгайбаатар гишүүний хэлдгээр туршлагатай улстөрчид, улс төрийн намаас шалтгаалах болоод байгаа юм. Салбар хариуцсан сайдууд нь зөв нүүдэл хийж чадвал хөрөнгө оруулагчид манайхыг онилсон хэвээр байгаа нь үнэн. Гэвч эдийн засгийн энэ хүндрэлээс гарах гэж зүтгэхээсээ өмнө улстөрчид, улс төрийн намууд дээрх байдлаар хоёр хуваагдан худлаа ярьж, түлхэц болох хуулийн төслүүдийг баталж, оновчтой шийдэл гаргаж чадахгүй “ЭЗЭН-100”, “АРД- 100” хэмээн хуваагдаж хэрэлдсээр байгаа юм. Монгол банкны Ерөнхийлөгч, болон бусад турш­лагатай улстөрчид долдугаар сарын сүүлээр валютын ханш тогтворжиж, эдийн засаг эргээд хэвийн байдалд орох талаар ярьж байсан. Гэвч өнөөдөр улстөржилт энэ бүхнийг нам дарсан хэвээр байна. Хөрөнгө оруу­лагчид орж ирсэнгүй. Нөхцөл байдал хэвээрээ. Хууль нь батлагдаагүй учраас хөрөнгө оруулагчид яаж ч орж ирэх юм билээ. Эцэс төгсгөлгүй сандал суудлын хэрүүл, улстөржилт, салбар ха­риуцсан сайдуудаар оролдож байгаа нь эдийн засгийн хүндрэл, бэрхшээл, хөрөнгө оруулагчдын үл итгэсэн байдалд шууд нөлөөлж байгаа нь харагдаж байгаа.
 
Хөрөнгө оруулагчдыг урин дуудах Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль зэрэг чухал чухал хуулийн төслүүд батлагдаж чадахгүй хүлээлт үүсгэсээр байна. Үүнийг Үндэсний статистикийн газрын мэдээлэл ч баталж байгаа юм. Тодруулбал, Монгол Улсын Гадаадын шууд хөрөнгө оруу­лалтын хэмжээ 2014 оны эхний дөрвөн сарын байдлаар 350 сая ам.доллар болж өнгөрсөн мөн үеийнхээс 64 хувиар буурсан гэсэн тоон үзүүлэлтийг өчигдөр мэдээлэл өгөхдөө онцоллоо. Өнгөрсөн оны мөн үед гадаадын шууд хөрөнгө оруулалт 954.6 сая ам.долларт хүрч байжээ. Зөвхөн дөрөвдүгээр сард хөрөнгө оруулалт 56 сая ам.доллар байсан бөгөөд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 108.8 сая ам.долларт хүрч байсан аж. Хэдий өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гадаадын шууд хөрөнгө оруулалт ийнхүү буурсан ч он гарсаар тогтмол өсөлттэй байгаа нь Хөрөнгө оруулалтын хуулийг шинэчилж баталсантай холбоотой гэнэ. Тэгэхээр уул уурхай, гадны хөрөнгө оруулалтаас хамааралтай байгаа энэ үед хөрөнгө оруулагчдыг урин дуудах хууль эрхзүйн орчноо баталгаатай болгож чадвал хүссэн ч эс хүссэн ч эдийн засаг эргээд сэргэх нь тодорхой байгаа юм. Жаахан л түлхэц хэрэгтэй байгааг харуулж байгаа үйлдэл энэ боллоо. Цаашлаад валютын ханшийн чангаралтай холбоотой Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдал 434.3 сая ам.долларт хүрсэн мэдээллийг статистик мэдээллээс харж болохоор байна. Валютын ханш чангарснаар гаднаас авдаг бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний мөнгөн дүнгийн хэмжээ эрс буурчээ. Махны үнэ 1.1-2.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
 
Нөхцөл байдал өнөөдрийг хүртэл сайнгүй, цаашдаа ч энэ хэвээр үргэлжлэх нь гэдгийг статистик тоон мэдээллүүд харуулчихлаа. Ийм үед бид дотоодын аж ахуйн нэгжүүдээ бид дэмжих учиртай. Гэсэн ч тэдэнд дэмжлэг үзүүлэх хууль эрхзүйн орчин өнөө­дөр мөн л бүрхэг хэвээр бай­на. Х.Тэмүүжин сайдын өргөн мэдүүлсэн Санхүүгийн өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсанаар дотоодын компани, бизнес эрхлэгчдийн нуусан, хаасан, гадны оффшор бүсэд байршуулсан мөнгөн урсгал ил болох учиртай. Наанадаж л хуурамч тайлан гаргасан хэмээн үйл ажиллагаа нь хаагдахад хүрээд байгаа 4200 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломж бүрдэх учиртай юм. Энэ мэтээр эдийн засаг сэргэх эсэх нь УИХ-аас шалтгаалах нөхцөл байдал бий болчихоод байна. Хайгуулын үйл ажиллагаа эргэж сэргэснээр хаалгаа барьсан олон зуун уул уурхайн компаниудын үйл ажиллагаа сэргэнэ. Өршөөл үзүүлж, НӨАТ-ын босгыг шийдэж чадвал дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж чадах юм. Эдийн засаг сэргэх үү гэж ам асуух цаг биш. Долдугаар сард доллар “номхорно” гэж хэлсэн шүү дээ хэмээн сүрдүүлэх цаг ч яг одоо биш. Хууль эрхзүйн орчноо төгс боловсруулчихаад дараа нь ам асуух, хариуцлага ярих цаг зөндөө олдоно. Н.Батбаяр сайдыг огцруулах хугацаа ч олдоно. 100 хоногт багтаагаад бүх хуулийг баталж гаргаж чадахгүй ч зуны гурван сард бүтэн талх идүүлэх боломж юу байна вэ гэдгийг хэлэлцэх цаг иржээ. Энэ зун л хөрөнгө оруулагчдыг татаж, дотоодын компаниудаа дэмжиж, Чалькод төлөх өрнөөсөө мултарч чадахгүй бол намар, өвөл бидэнд боломж олдохгүй. Тал талх ч олдохгүй болох вий.
Монголын мэдээ
Б.Тогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.