Сангийн сайдад дайх үг
Монгол Улс шинэхэн Сангийн сайдаа өлгийдөж яваад дөрөв хонож байна. Улсын мөнгөний авдрыг ёстой л олны хэлдгээр“битүү морь” гэж хэлж болох Б.Болор хэмээх залуу улстөрч удирдахаар болж байна.  2012 оны сонгуулиас хойш сонгогдож буй гуравдахь Сангийн сайд маань Гадаад харилцааны дэд сайд байсан. Төрийн албанд тэгтлээ их нухуулаагүй. Эрхэлсэн албан тушаал, эдэлж байсан эрх ямбаараа өмнөх сайдуудаас ялгаатай. Түүнийг Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч асан гэдгээр нь намынхан нь таньдаг юм билээ. Харин Архангай нутгийнхандаа бол өсч яваа залуу улстөрч. 

Түмний төсвийг базах эрх мэдлийг АН-ынхан хэнд өгөв гэдэг нь юу юунаас илүү иргэдийн сонирхлыг татах нь дамжиггүй. АН-д туршлагатай улстөрч, эдийн засагч олон бий. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ц.Баясайхан Н.Батбаяр гэх мэтээр олон жилийн туршлагатай эдийн засагчид Б.Болороос өөр АН-д олон байсан. Харин Б.Болор тэднээс сонгогдож улсын мөнгөн дээр сууж чадлаа. Нам, фракцийн томилгоо энд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Туршлага, мэдлэгт бус түшсэн фракцийнхаа нөлөөгөөр хамгийн чухал суудлыг авсан ч байж болох юм. Тэглээ гээд намд үйлчилнэ гэсэн үг биш учраас л Сангийн сайдыг ийн овоо хараандаа оруулж, онцолж хэдэн үг дайхыг хүссэн хэрэг.Монгол Улс 2017 оноос эхлэн жил дараалан авсан бондын зээлээ төлж эхэлнэ. Муугаар төсөөлөгчдийн хэлж буйгаар жилд хэд хэдэн цэцэрлэг барих мөнгийг бид хүүнд төлж эхэлнэ гэсэн үг. Дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ сар улирлаар унаж, өнгөрөгч онд өөдрөгөөр төсөөлсөн улсын төсвийн орлого нэг их наядаар тасрах нь гэсэн яриа гарч эхэллээ. Улстөрчид төсвийн алдагдлыг ДНБ-ийн дөрвөн хувьтай тэнцэхээр баталж, төсвийн хүндэрлийг бий болгосон. Тэр нь ч биелэлээ олж байх шиг. Долдугаар сарын байдлаар алдагдал 637 тэрбумд хүрчээ. Үүнээс хойш хэдийнэ гурван сар өнгөрчихлөө. Засгийн газраа огцруулж, улс төрийн тогтворгүй байдал бий болсон өнгөрсөн гурван сарын хугацаанд энэ тоо нэлээд хэдэн тэрбумаар нэмэгдсэн нь гарцаагүй. 

2015 улсын төсөвт зэсийг 6.900 ам.доллараар тооцоолж байсан ч зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 4.400 ам.доллар болно гэсэн муу таамаглалыг шинжээчид гаргаж эхэлсэн. Тиймээс ирэх онд биднийг амаргүй цаг хугацаа хүлээж байна. 

Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилвэл ёстой урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж, улсын төсвийнхөө орлого, зарлагыг яг таг тэнцүүлэхээс өөр гарцгүй болно. Тавантолгойн гэрээ зурагдчихна, Оюутолгойгоос өнөө маргаашгүй мөнгө орж ирнэ гэсэн мөрөөдлөөр хол явахгүй гэдэг нь тодорхой болчихлоо. Гадаадын хөрөнгө оруулалт тэрбум тэрбумаар тоологдож байсан цаг үеийг монголчууд хэдийнэ мартсан. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ хасах руу зааж ердөө л 143 саяар яригдаж байгааг эдийн засагчид ярьж эхэлсэн. Энэ оны эхний долоон сарын байдлаар 143 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн нь хөрөнгө оруулалтаас их зүйл хүлээх хэрэггүйг баталж өглөө. Ам.долларын ханш 1960-д хүрч, 2000 гаргаад алдчихгүй барих гэж хамаг мэддэг арга чаргаа барж байна. Ийм л хэцүү цаг үед шинэ залуу сайд Сангийн яамыг хүлээж авлаа. Ажлаа хаанаас эхлэх вэ гэдгээ надаар хэлүүлэхгүй мэдэж байж болох юм. Б.Болор сайд Бельгид Европын их сургуулийг эдийн засагчаар төгссөн. Тиймдээ ч эдийн засгийн нарийн ширийн асуудлыг хангалттай ойлгох мэдлэгтэй улстөрч. Өнгөрсөн хугацаанд Төсвийн байнгын хороог даргалж, нөхцөл байдал ямар байгааг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тиймээс нөхцөл байдлыг бодитоор үнэлж, “мөрөөдлийн жагсаалт” битгий гаргаасай хэмээн захих гээд байна. 
 
Сангийн сайдаар ажиллаж байсан Д.Хаянхярваа тойргийн иргэддээ 500, 500-аар нь цацаж, дэд сайд Ч.Ганхуягийнх нь хаялгад Сүхбаатар дүүргийнхэн хэсэгтээ л башийж билээ. Энэ тэнэглэлийг эдийн засагчид “Хаянхярваадах” хэмээн нэрлэдэг гэсэн.


Өмнөх сайдуудын алдааг сургамж болгож, өөрийн туршлага, мэдрэмжээр удирдаад явчихад алзахгүй. Ирэх оны төсөв, 2015 оны төсвийн тодотгол энэ намрын чуулганы хамгийн чухал асуудал. Сангийн яам ч улстөрчдийн анхааралд орж эхэллээ. Учир нь 2016 он сонгуулийн жил. Улстөрчдийн нүдэнд зөвхөн мөнгө л харагддаг цаг хугацаа ирж байгаа. Тиймдээ ч Сангийн сайд шиг сайхан хүн өнөөдөр улстөрчдөд харагдахгүй байгаа биз. 

Сонгуулийн мөнгөө босгох, тойрогтоо хэдэн төгрөг авах гэсэн улстөрчдийн цуваа ч хэдийнэ энэ яаманд дараалал үүсгэчихсэн. Энэ цагт л Б.Болор төрийн сайд шиг зангараг гаргаасай. 

2012 оны сонгуулийн үеэр ёстой л монголчууд дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэсэн. Эдийн засгийн өсөлт нь хэсэг зуурын хөрөнгө оруулалтын дүнд 17 хувьд хүрч, Сангийн яам ёстой л бэлтэй айлын баялагтай хөвүүн шиг загнаж байв.Сангийн сайдаар ажиллаж байсан Д.Хаянхярваа тойргийн иргэддээ 500, 500-аар нь цацаж, дэд сайд Ч.Ганхуягийнх нь хаялгад Сүхбаатар дүүргийнхэн хэсэгтээ л башийж билээ. Энэ тэнэглэлийг эдийн засагчид “Хаянхярваадах” хэмээн нэрлэдэг гэсэн. Энэ алдааг эрхэм сайд та давтах вий. Монголын банк, санхүү, эдийн засгийн салбарт “Болордох” гэсэн шинэ нэр томъёо битгий оруулж ирээрэй гэж гуймаар байна. 

Түмний төсвийг тойрогтоо зарцуулдаг сайд гэх нэр битгий зүүгээрэй гэж хүсье. Түүнтэй нэг тойрогт байгаа УИХ-ын гишүүн Н.Батбаяр Эдийн засаг хөгжлийн яамыг толгойлж байхдаа бондын мөнгийг Архангайдаа цацаж, баахан гудамж засч, зам бариулсныг түмэн олон одоо ч мэдэж байгаа. Их мөнгөн дээр очихоор тойргоо тойлдог ахаасаа өөр гэдгээ батлаарай, сайд аа. Архангайг зөвхөн ард түмэн гэж ойлговол алдаа болно гэдгийг хэлүүлэх юун. Залуу хүний ааг омгоор хэн нэг улстөрч, нам фракцийн эрх ашигт баригдахгүй ажиллаасай гэж ард түмэн хүлээж байна. 

Эцэст нь, 2016 онд сахилга баттай байх ажлыг одооноос эхэлж хийгээрэй. Улстөрчдийн гуйсан, аргадсан, загнасан бүхэнд автаж тойрог бүрт мөнгө тарааж төсвөө тэлэх цаг хугацаа одоо биш. 2016 оны төсвийн төсөөлөлд орлогыг 6.6, зарлагыг 7.7 их наядаар тооцжээ. Эндээс харахад дахиад л ирэх онд төсвийн тэлсэн бодлого хэрэгжинэ гэсэн үг. Алдагдал 1.1 их наядаар тоологдох нь. Төсвөө алдагдалтай баталж сар хүрэхгүй хугацаанд тодотгодог манай жишиг өнгөрсөн хугацаанд сайн зүйл дагуулсангүй. Хөрөнгө оруулалт буурч, гаалийн орлого тасалдаж, банкны чанаргүй зээл ихэслээ.Тиймээс орлого зарлагаа яг таг тооцож, алдагдалгүй төсөв оруулж ирэх нь эрхэм сайд таны хэр чадвартайг харуулах эхний нүүдэл болох биз ээ. Улсынхаа мөнгөний авдрыг самруулахгүй юмсан, урагшаа аваад явчих хүнд даатгасан болов уу гэх иргэдийн хүлээлтийг нэг анхаарч хараарай. 
Монголын мэдээ
Б.Тогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эннэ 2015-09-11 03:40:12
    өмнөх нь мөнгө хэвлэхэд л гарын үсэг зурахаас өөр ажил хийдэггүй гэж ойлгогдохоор л ажиллаж ирсэн. энэ арай сайн ажиллах болтугай. улсын өрийг яаж барагдуулах?...
    203.194.116.26
    Мэдэгдсэн Хариулах