Бэлгийн боловсролыг сургуулийн өмнөх наснаас нь олгох хэрэгтэй
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор байгуулагдсан “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ нь үйл ажиллагаа явуулаад гурван жил өнгөрчээ. Ойн хүрээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудыг нэгтгэн хүүхдийн бэлгийн хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хийх хэрэгтэй ажлын талаар ярилцлаа. Энэ үеэр “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын зохицуулагч Б.Оюундариас зарим зүйлийг тодрууллаа. 

-Танай байгууллага өнгөр­сөн хугацаанд бэлгийн хүчир­хийлэлд өртсөн хүүхдүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр ямар ажил хийв?

-Манай байгууллага хүүхдийн эсрэг бэлгийнхүчирхийллийн асуудлаар бодлогийн төвшинд ажиллах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх, чадавхи эзэмшүүлэх дээр анхаарч ажиллаж байгаа. Сүүлийн үед бодлогод нөлөөлөх, нөлөөллийн ажлуудыг их хийж байгаа. Ер нь бэлгийн хүчирхийллийн асуудлыг олон нийтэд таниулахыг зорьж байна. Учир нь бэлгийн хүчирхийллийн асуудал маш хэцүү, хүнд, нуугдмал, хаалттай сэдэв байдаг. Түүнчлэн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч нь маш эмзэг, гэр бүлийнхэн нь хамт өртдөг, эргээд нөхөгдөж, сэргэх нь монголын нөхцөлд маш хомс байна гэдгийг ойлгуулахыг хичээж ажилласан. 

-Бэлгийн хүчирхийллийн хохирогч болоод байгаа хүүхдүүдэд туслах хүрээнд цаашдаа ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?

-Бид өнгөрсөн сард ойрын таван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлынхаа стратеги төлөвлөгөөгөө гар­сан. Цаашдаа бодлогын төвшинд цогц системтэй болох шаардлагатай юм гэдгийг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, хуулийн төвшинд, эрүүл мэндийн, боловсролын салбарт гэх мэтээр бүгдийг нь цогц системтэй болгох хэрэгтэй. Ер нь бэлгийн хүчирхийлэлд хүүхдүүд, залуучууд яагаад өртөөд байдаг вэ гэхээр ерөөсөө л мэдлэгийн асуудал байдаг. Сүүлийн үед хүчирхийллийг хөвгүүд маш их үйлдэж байна. Учир нь тэд бэлгийн амьдрал, бэлгийн харилцаанд зөв дадал зуршилтай болох мэддэггүй учраас ийм асуудал үүсээд байгаа юм.

-Хөвгүүд, охидуудын бэл­гийн харилцааны боловсрол олгох асуудалд хэр анхаарч ажиллаж байгаа талаараа тодруулаач?

-Бид боловсролын систе­мээ­рээ зөв мэдээлэл, мэд­лэ­гийг шинжлэх ухааны үн­дэс­лэл­тэй­гээр өгөх ёстой. Гэтэл өгч чадахгүй байгаа. Хөвгүүд хэрхэн бэлгийн дур хүслээ хангах, зохицуулах, хянах, хэзээ бэлгийн харилцаанд орох эсэхээ ч мэдэхгүй байна. Тиймээс энэ талын мэдлэг олгохыг зорьдог. Охидуудын хувьд урьдчилан сэргийлэх ажлыг хийдэг. Тухайлбал, хүсээгүй бэлгийн харилцаанд хэрхэн үгүй гэж хэлэх, оройн цагаар гадуур явж байгаа бол биеэ хэрхэн бусдаас хамгаалах зэргийг хэлж өгдөг. Мөн охид болзооны хүчинд өртөх магадлал өндөр байгаа болохоор урьдчилан сэргийлэх үүднээс танихгүй хүнтэй анхны удаа болзохдоо ямар арга хэмжээ авах эсэх гээд энэ чиглэлийн хичээлүүдийг боломжийнхоо хэрээр зааж байгаа. 

Түүнчлэн үйлчилгээний хувьд бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд 20 гаруй хохирогчид болон тэдний гэр бүлд үйлчилгээ үзүүлж ирлээ. Цөөхөн хүнд үйлчилгээ үзүүл­сэн гэж харагдаж магадгүй. Гэхдээ манайх төрийн бус байгууллага, өөрсдөө сайн дураараа ажилладаг учир мөнгө санхүү, хүн хүчний нөө­цөөс эхлээд асуудал гар­даг. Жилд дунджаар зөвхөн хуулийн байгууллагад бүрт­гэгдсэнээр 300 гаруй бэлгийн хүчир­хийллийн хохирогч бүрт­гэгдэж байна. Тэр бүх хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үйлчилгээ үзүүлж, нийгмийн ажилтны болон сэтгэл зүйн, сэтгэл заслын үйлчилгээг үзүүлж чадахгүй байгаа. Тиймээс бид тухайн хүнийг төрийн байгууллагатай холбож өгөх буюу “төр иргэдээ хамгаалах” бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд төрийн үйлчилгээ үзүүлдэг боловсон хүчнийг чадавхжуулах ажлыг түлхүү явуулж байгаа.

-Бэлгийн боловсролыг хүүхдэд хэдэн наснаас нь олгож эхлэх ёстой юм бол? 

-Сургуулийн өмнөх наснаас бага хэмжээгээр боловсрол олгож эхлэх хэрэгтэй. Учир нь хүүхэд гурван наснаас эхлээд өөрийнхөө хүйсийг мэдэрч эхэлдэг. Тухайлбал, би эмэгтэй, Батаа эрэгтэй юм байна. Батаа зогсч, би сууж бие засдаг гэдгийг мэдэрч эхэлдэг гэсэн үг. Тиймээс энэ наснаас нь усанд ороход хэн чамайг усанд оруулах ёстойг, биеийн эмзэг хэсэгт нь хэн хүрч болох, танихгүй хүнийг дагаад явж болох уу, болохгүй юу гэдгийг мэдүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ээж нь үү, хамаатны ах уу, хөрш айлын ах нь усанд оруулах уу гэдэг мэдээллийг маш зөв өгөх нь чухал. Учир нь суурийг нь сайн тавиад өгчихвөл хүүхэд энэ талын мэдлэг, мэдээллээ дээшлүүлээд явдаг. Бид өнгөрсөн онд энэ чиглэлийн мэдээллийг олгох 10-15 минутын хичээлийн хөтөлбөрийг  “Монголын эмэг­тэйчүүдийн сан”-тай хамтраад бий болгосон. Уг нь энэ мэт мэдээллийг сургуулийн хөтөл­бөрөөр нь олгох ёстой. 

-Сургуулийн эрүүл мэндийн хичээлээр хүүхдүүдэд бэл­гийн боловсролыг олгож байгаа биз дээ?

-Эрүүл мэндийн хичээлээр олгодог байсан. Тухайн үедээ сайн заадаг байсан гэж хэлэхгүй. Гэхдээ бага боловч мэдлэг олгодог байлаа. Гэтэл энэ хичээлийн жилээс эрүүл мэндийн хичээлийг бусад хичээлүүдтэй хамтарч орох хэрэгтэй юм байна гээд аваад хаячихсан. Бага ч гэсэн дэвшил гаргах гэж байтал улам ухраад байна. Ухарч гишигдэг улс орон гэж байдаг болов уу. Бусад хичээлтэй хамт орно гэхээр биеийн тамирын багш нь магадгүй “за хүүхдүүдээ бэлгэвч гэж ийм юм байдаг, ингэж хэрэглэдэг, бэлгийн харилцаанд тэдэн наснаас орж болно” гээд л заах ёстой юм уу, ойлгохгүй байгаа. Бэлгийн харилцааны, нөхөн үржихүйн боловсролыг эцэг, эхчүүд өгч чадахгүй байхад хичээлийн хөтөлбөрөөс нь аваад хаячихлаа.
 
Монголын мэдээ
Ж.Отгон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-09-11 01:40:09
    Гантөмөр тэргүүтэй АН-ынхан хэл уран зохиолыг хасах гээд чадаагүй, эрүүл мэндийн хичээлийг хассан, энэ бол цэвэр гадны захиалга шүү, хорлон сүйтгэх гэсэн
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах