Төрийн шагналын тухай хуулийн төслийг боловсруулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 15 дугаар захирамжаар Төрийн шагналын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагджээ. Энэ хугацаанд ажлын хэсэг 21 удаа уулзаж хуралдаж, нийгмийн дэд бүлгүүдийн төлөөллөөс санал авч, Иргэний танхимаар хэлэлцүүлж саналыг тусгаж ирсэн. Монгол Улсын Төрийн шагналын тухай хуулийн төсөл үндсэндээ бэлэн болжээ. Ажлын хэсэг Монгол Улсын цол, одон, медалийн түүх, төрийн байгууллагуудын шагналын тогтолцоо, өнөөгийн байдал болон ХБНГУ, ОХУ, Украйн, Казахстан, Белорусь, Польш, БНЭУ зэрэг 10 гаруй улсын шагналын тухай хууль, дүрмүүдийг тусгайлан судалсны үндсэн дээр Төрийн шагналын тухай хуулийн төслийг боловсруулсан аж.

Төрийн шагналын тухай хуулийн төслийг боловсруулахдаа төрийн шагналтай холбоотой эрх зүйн актуудыг цэгцлэх, төрийн шагналын тогтолцоо, үндсэн зарчмыг хуульчлан тогтоох зорилгыг баримталсан ажээ. Одоо манай улсад БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны зургаадугаар сарын 30-ны өдөр 148 дугаар зарлигаар батлагдсан "БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм" болон ардын болон гавьяат цолыг тухайлан бий болгож байсан Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар батлагдсан 20 гаруй дүрэм, журам хүчин төгөлдөр хэвээр үйлчилж, төрийн дээд шагналын эрх зүйн зарчим, үндсийг тодорхойлж байна. Гэтэл 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, Монгол Улсын зорилго болон нийгэм, эдийн засгийн байгуулалт, төрийн үйл ажиллагааны зарчим үндсээрээ өөрчлөгдсөн тул төрийн шагналын бодлого, тогтолцоо, зарчмыг үүнд нийцүүлэх эрх зүйн шинэтгэлийг хийх шаардлага гарч байгаа юм.

Хуулийн төслийг боловсруулахдаа дээрх шаардлагуудын хүрээнд төрийн шагналын эрэмбийг тогтоох, шагналын төрлийг багасгах, нийгэмд хавтгайрсан гэж үнэлэгдэж буй шагналын нэр хүндийг өсгөх, үүний тулд шагнал олгох цаг хугацаа болон жилд олгох тоо хэмжээгээр хязгаарлалт тогтоож, шагнагдах хүний тоог цөөрүүлэх, шагнал олгох шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох, шагнах журмыг ил тод, ардчилсан зарчимд нийцүүлж хуульчлан тогтоох чиглэлийг баримталсан байна. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zow shvv 2015-09-10 09:45:33
    Zow shvv
    103.229.121.132
    Мэдэгдсэн Хариулах