Албан тушаалтны гарын үсгийн дор" зарагддаг" нийтийн эзэмшлийн талбайг хэн хамгаалах ёстой вэ
Нийслэлчүүд бидэнд хамаатай хамгийн хүндрэлтэй асуудлуудын нэг нийтийн эзэмшлийн талбай. Нэг л өглөө сэрэхэд нь хүүхэд тоглодог талбайд  нь барилгын ажил эхэлчихсэн, иргэд хичнээн дургүйлхэвч, хэнд хандахаа мэддэггүй. Үүнээс болоод хүүхэд тоглох газаргүй, хөгшин залуус нарлаж, сүүдэрлэх газаргүй болдог. Өнөөдөр нийтийн эзэмшлийн талбайгаа алдсан маш олон оршин суугчид бий.

Тэдний зарим нь энэхүү талбайгаа алдахгүйн тулд өөриймсгөөр хандаж, энэ талаар зохих байгууллагууд нь дуулгаж арга хэмжээг нь авахуулдаг ч энэ нь тун цөөн. Ихэнхдээ л нийтийн эзэмшлийн гэх талбайгаа алддаг.
Өнөө цагт газрын албадууд санаатайгаа ч юм уу, санамсаргүйгээр ч юм уу нийтийн эзэмшлийн талбайд барилга байгууламж барих зөвшөөрөл өгснөөс иргэдийн аятай тухтай амьдрах орчин нөхцөл үгүй болсоор байна.

Нөгөө талаас газрын төлөө, өөрийн эрх ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй компанийн захирлууд  нь “нийтийн эзэмшлийн талбай” гэхээр хэнийх  ч хамаагүй, магадгүй өөрийнх нь юм шиг  ойлгож, барилга байшингаа барихаар дайрдаг болсоор удлаа.
 
Тэгвэл өнөөдөр нийслэлд байх цөөхөн үлдсэн нийтийн эзэмшлийн талбайг тоолж, мөн тус талбайгүй байруудын тоог ч гаргаж, хариуцах эзэнтэй, оршин суугчдад нь хүлээсэн үүрэгтэй болгох цаг хэдийн иржээ.

Тэгэхгүй бол цөөхөн хэдэн үлдсэн нийтийн эзэмшлийн талбай автомашины зогсоол болж, эсвэл хэн нэгэн хүний халаасыг дүүргэх “мөнгөний сав” болж харагдаад тун ярвигтай болжээ.
 
Тэгэхээр иргэд хамгийн түрүүнд “нийтийн” гэдэг үг нь ямар утга агуулгатай болох, нийтийн эд хөрөнгө, нийтийн эзэмшил газар гэдэгт юу багтдаг, хил зааг нь хаагуур байдгийг мэддэг байх хэрэгтэй мэт санагдана. Учир нь үүнийг мэддэг байж гэмээнэ нийтийн эзэмшлийн талбай иргэн бүрт ямар хамаатай, яаж хамгаалах вэ гэдгээ оршин суугч бүр мэддэг, бас ариглах арчлах, эвдэлж сүйтгэхгүй байх  үүрэг нь ч оршин суугчдад байдаг гэдгийг ойлгох юм шиг.
 
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 119 тоот тогтоолд "Нийтийн эзэмшлийн эд хөрөнгөнд төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцны барилгын гадна цэвэр, бохир ус, дулаан дамжуулах шугам сүлжээ, ус, дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмж, авто зам, замын байгууламж, зам гүүр, ус зайлуулах суваг, үзлэг тооллогоор илэрсэн ашиглагч байгууллагын балансад тусгагдаагүй болон эзэн харъяалал нь тодорхойгүй барилга байгууламж, эд хөрөнгө, үерийн хамгаалалтын барилга байгууламж, хотын гудамж, зам талбайн борооны усны шугам, хөрсний ус зайлуулах барилга байгууламж, гэрэлтүүлгийн байгууламж, ногоон байгууламж, амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх бүсийн тоног төхөөрөмж, хөшөө дурсгалын эд зүйлүүд орно" гэж тусгасан байдаг юм байна.
 
Газар үнэд орж, нийслэлийн гудамж бүр нарийсч, хүүхдийн тоглох талбай цөөн болсон энэ үед иргэн бүрт нийтийн эзэмшлийн талбайгаа хамгаалж үлдэх, арчлах эрх нь бий гэдгийг дахин хэлье. Гэхдээ дураараа захиран зарцуул гэсэн үг биш шүү.

Үүнээс гадна зөвхөн нийслэл гэхгүй манай улс  хувь болон улсын өмчөө тоолж бүртгэдэг шигээ нийтийн эзэмшлийн талбайгаа тоолж, хэмжээ дамжааг нь тодорхойлж бүртгэх цаг ирсэн санагдана.

Үүний тулд бусад улс орнууд нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, гудамж талбай, газар, ногоон байгууламж болон хүний харилцаа, хариуцлагыг хуульчлан зохицуулсан байдаг шиг манай улс ч гэсэн нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, гудамж талбайг зохицуулах тухай тодорхой хуультай болгомоор байна.  Ийм хууль байдаггүйгээс нийтийн эзэмшлийн газар холбогдох эрх мэдэлтний гарын үсгийн дор ямар нэгэн компани, иргэний эрх мэдэлд шилжих нь олонтаа болжээ.

Иймээс хууль дүрмийнхээ хүрээнд ч нийтийн эзэмшлийн талбайг зохих байгууллагууд нь анхааралдаа авах цаг болсон гэдгийг сануулъя.

Г.Аянга
оллоо.мн


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.