Хятад, сэтгүүлчдийн хамгийн том шорон

Хятадын Хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт дахин “живэхэд” Бээжингийн авторитар дэглэм эдийн засгийнхаа хөөс, удаашралыг мартаж, хувьсгалт хоморголын маягаар буруутныг хайж эхэлжээ. Төрийн мэдэлд байдаг суртал ухуулгын хэрэгслээр тарсан мэдээл­лээс үндэслэн Цагдаагийн газраас мөрдөн шалгалтыг эхлүүлжээ. Үүний дараа “Кайжин” сэтгүүлийн нэг сурвалжлагчийг баривчилжээ.Сурвалжлагчийн ажиллаж байсан “Кайжин” сэтгүүл нь хөрөнгө оруулалтын сангийн хэд хэдэн ажилтан , мөн авлигын цөөнгүй хэргийг дэлгэдгээрээ нэр хүндтэй юм байна.

Төрийн мэдлийн CCTV-ийн дурангийн өмнө сэтгүүлч Ван Сяолу эрх баригчид Хөрөнгийн биржид үзүүлэх гэж байсан тусламжаа зогсоох гэж байгаа тухай өгүүллээрээ зах зээлийг “тогтворгүй болгосон” гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болов. “Ийм хүнд, эмзэг үед зах зээлд нөлөөлсөн энэ сурвалжлагыг би нийтлэх хэрэггүй байсан юм. Миний нийтлэлийн улмаас улс оронд, хөрөнгө оруулагчдад асар их хохирол учирлаа” хэмээн Сяолу өчжээ.

Сэтгүүлч нь зөвхөн дайн байлдаантай бус, мөн дарангуйллын үед ч тун аюултай ажил юм. Авторитар дэглэм эрх сүрээрээ далайлган сөрөг хүчин болон хэвлэл мэдээллийг боомилж, эмзэг сэдэв дээр хяналтаа тогтоож, олон улсын хэм хэмжээг зөрчиж сэтгүүлчдийг барьж хорих нь бараг энгийн үзэгдэл. Сэтгүүлчдийг хамгаалах хорооноос өнгөрсөн оны сүүлчээр гаргасан тоо баримтаар 220 сэтгүүлч шоронд хоригдож байгаагийн 44 нь Хятадад байгаа аж. Энэ нь 2013 онтой харьцуулбал 12-оор нэмэгдсэн үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, Си Зиньпин сөрөг хүчин, хүний эрхийг хамгаалагчид, төрийн бус, нийгмийн байгууллагуудын эсрэг дарамт, хавчлагаа нэмэгдүүлсэн бололтой. Иранд 30, Эритреад 23, Этиопт 17, Вьетнамд 16, Сирид 12 сэтгүүлч хоригдож байна. Хятад улс хөрөнгийн зах зээлийн талаар судалгаатай, бодитой нийтлэл бичсэн сэтгүүлчийг баривчилж хорьсноор хэвлэлийн эрх чөлөөний жагсаалтад 180 орноос 176-д бичигдэх болов. Тэдний ард Сири, Туркменистан, Хойд Солонгос, Эритреа бичигдэж байна.

Олдсон мэдээлэл болон үзэл бодлоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр тусмаа интернэтэд тавиад шоронд хоригдсон сэтгүүлч, блогч, эрдэмтдийн дундаас 2010 онд Нобелийн энхтайвны шагнал хүртсэн их сургуулийн багш Лю Сяобо мэдээж ялгарна. Тэрээр 1989 онд Тяньанминий талбай дээрх түүхэн ардчилсан хөдөлгөөнд оролцож явсан юм. Лю Сяобо ардчилалд уриалсан “Захидал-8”-ын хэргээр 2008 оны эцсээр баривчлагдаж 2009 оны арванхоёрдугаар сард “Төрд тэрсэлсэн” хэмээн 11 жилийн ял сонссон билээ. Шүүх хуралд хэвлэл мэдээллийнхэн болон гадаадын дипломатуудыг оролцохыг зөвшөөрөөгүй. Түүний хадам дүү, үл хөдлөх хөрөнгийн компанийн эзэн Лю Хуй 2013 онд нэгэн наймааны маргааны хэргээр бас 11 жилийн ял авчээ. Төлбөр тооцоо нь аль хэдийнэ хийгдээд шийдэгдчихсэн хэрэгт шүүхээс ийнхүү ял оноосон нь тэрс үзэлтний хамаатан садныг шийтгэж, цаагуураа Лю Сяобог давхар ялласан хэмээн үздэг.

Энэ оны дөрөвдүгээр сард 71 настай өвгөн сэтгүүлч Гао Ю гадаадын нэгэн веб хуудсанд нууц баримт дэлгэж “төрийн нууцыг задруулсан” хэрэгт унаж долоон жилийн ял авчээ. Тодруулбал, Хятадын коммунист намынхан өрнөдийн маягийн үндсэн хуулийн ардчилал Хятадад орж ирэхээр заналхийлж байгаа талаар сэрэмжлүүлэн ярилцсан хурлын протоколыг олонд дэлгэж орхисон аж. Өмнө нь хэд хэдэн удаа хоригдож байсан Гао Ю мөн л төрийн телевизээр буруугаа хүлээн зөвшөөрсөн юм. Цагдаа нар өвгөн сэтгүүлчийн хүүг заналхийлсэн тул арга буюу хэргээ хүлээн зөвшөөрсөн болох нь дараа нь ил болсон билээ.

Өнгөрсөн оны есдүгээр сард уйгур эрдэмтэн Илхам Тохтийг Шинжаан дахь салан тусгаарлах үзлийг өөг­шүүлсэн хэмээн насаар нь хорих ялаар шийтгэлээ. 1969 онд төрсөн Илхам Тохти Бээжингийн Үндэстний цөөнхийн их сургуульд эдийн засгийн хичээл заадаг байсан бөгөөд Хан үндэстэн болон Шинжааны уйгуруудын хоорондох харилцааг олон жил судалсан ажээ. Түүнийг Хятадын их сургууль, боловсролын системд ууссан, аядуу үзэлтэй хэмээн үздэг байсан ч тэрээр Уйгурт болж буй дарамт, хавчлагыг Uighur Online веб хуудсанд илчлэн бичдэг байсан аж. Түүнтэй хамтаар дээрх сайтад ажиллаж байсан долоон уйгур оюутныг шийтгэжээ.

Хятадад хоригдож буй сэтгүүлч, блогчдын тал нь уйгур, түвдүүд. Тэднээс Кунчок Цээпилийг онцлох хэрэгтэй. Тэрээр Далай лам Энэтхэг рүү зугтсаны 50 жилийн ойд зориулан блогтоо өгүүлэл бичсэнийхээ төлөө 15 жилийн ял авчээ. Хятад улс дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай болохоор зүтгэж байгаа ч хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгийн ихээр боомилсон хэвээр байна.

Зууны мэдээ
Н.Мөнхжин


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.