Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл хөлбөмбөгийн ДАШТ эхэлнэ
Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн   Латин Америкийн  хамгийн том улс болох Бразил улсад зохион байгуулагдахад бэлэн боллоо. Бразилчуудын хувьд энэхүү том тэмцээнд бүтэн долоон жилийн турш бэлдсэн бөгөөд энэ хугацаанд дотоод, гадаадын асар их шүүмжлэлийг сонссон. Учир нь тус улсын иргэд ганцхан сарын баяр цэнгэлд маш их мөнгө зарлагадаж байгааг буруутган томоохон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Энэ жагсаал Бразилийн томоохон хотуудад болсоор байгаа билээ. Түүнчлэн Олон улсын хөлбөмбөгийн холбоо “ФИФА”-гаас ДАШТ-ний бэлтгэл ажлыг муу хийж байгаа талаарх шүүмжлэл хэд хэдэн удаа сонссон юм. Ямартай ч дэлхийн долоон тэрбум хүний зургаан тэрбум нь бүтэн дөрвөн жилийн турш хоног тоолон хүлээсэн энэхүү том тэмцээнийг Бразил улс өөрийн эх орондоо зохион байгуулахад бэлэн болжээ.  Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор шалгарсан 32 баг Бразил улсын 12 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн аваргын цомын төлөө өрсөлдөнө. Хамгийн эхний тоглолт "Бразил-Хорват" улсын шигшээ багийн тоглолтоор эхлэх юм. Нээлтийн тоглолтын өмнө 20 дахь удаагийн ДАШТ-ний нээлтийн үйл ажиллагаа 25 минутын турш болно. Энэ том тэмцээнийг дэлхийн 180 гаруй орны телевизүүд шууд дамжуулан үзүүлэх бөгөөд тэдний дотор Монголын үзэгчид бид багтаж байгаа юм. Ингээд дэлхийн улсууд өөр өөрийн эх орондоо ДАШТ-нд зориулсан нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах юм. Манай хөлбөмөбөг сонирхогчдын хувьд нээлтийн үйл ажиллагаа оройн 20:00 цагт эхлэх юм байна.

ДАШТ зохион байгуулагдах хотуудын цэнгэлдэх хүрээлэнгүүд

Бразилиа хотын “Estadio Nacional” цэнгэлдэх хүрээлэн
Бразил улсын нийслэл Бразилиа  хот нь 2 сая 562 мянга 963 хүн амтай. Тус хотод байрлах “Үндэсний стадион” /Estadio Nacional/ цэнгэлдэх хүрээлэн нь 70 мянган хүний суудалтай аж. Энэхүү цэнгэлдэх хүрээлэнд ДАШТ-ний хэсгийн гурван тоглолт болон наймны нэг шигшээ тоглолт, тавны нэг шигшээ тоглолт, дэлхийн аваргын гуравдугаар байрын төлөөх тоглолтууд явагдах хуваарьтай байгаа юм.

Рио Де Жанейро хотын “Maracana” цэнгэлдэх хүрээлэн
Бразил улсын хоёр дахь том хот Рио Де Жанейро  нь 6 сая 323 мянган хүн амтай. Тус хотод байрлах алдарт “Maracana” цэнгэлдэх хүрээлэн нь 78 мянган хүний суудалтай аж. Уг цэнгэлдэх хүрээлэнд хэсгийн дөрвөн тоглолтоос гадна наймны нэг, дөрөвний нэг шигшээ тоглолтоос гадна 20 дахь удаагийн ДАШТ-ний аваргын төлөөх тоглолт явагдах юм байна.  

Сан Пауло хотын “Arena Corinthians цэнгэлдэх хүрээлэн
Бразил улсын хамгийн том хот Сан Пауло  хот нь 11 мянга 244 хүн амтай. Тус хотод байрлах “Arena Corinthians” цэнгэлдэх  хүрээлэн нь 68 мянган хүний суудалтай аж. Тус цэнгэлдэх хүрээлэнд ДАШТ-ний хэсгийн дөрвөн тоглолтоос гадна наймны нэг шигшээгийн финалын тоглолтууд тус тус явагдах хуваарьтай байгаа аж.

Бело Хоринзоте хот “Mineirao” цэнгэлдэх хүрээлэн
Бразил улсын Бело Хоризонте /Belo Horizonte/ хот нь 2 сая 375 мянга гаруй хүн амтай. Тус хотод байрлах “Mineirao” цэнгэлдэх хүрээлэн нь нийт 64 мянган хүний суудалтай юм байна. Энэхүү цэнгэлдэхэд ДАШТ-ний хэсгийн дөрвөн тоглолтоос гадна хагас шигшээгийн нэг тоглолт болох юм байна.
 
Сальвадор хотын “Arena Fonte Novа” цэнгэлдэх хүрээлэн
Бразил улсын Сальвадор  хот нь 2 сая 676 мянган хүн амтай. Тус хотод байрлах “Arena Fonte Novа” цэнгэлдэх хүрээлэн нь 52 мянган хүний суудалтай бөгөөд уг цэнгэлдэх хүрээлэнд ДАШТ-ний хэсгийн дөрвөн тоглолтоос гадна наймны нэг, дөрөвний нэг шигшээ тоглолтууд явагдах юм байна.

Сеара хотын “Arena Castelao” цэнгэлдэх хүрээлэн
Бразил улсын Сеара хот нь 2 сая 447 мянга 409 хүн амтай. Тус хотод байрлах “Arena Castelao” цэнгэлдэх хүрээлэн нь нийт 64 мянга 864 хүний суудалтай юм байна. Уг цэнгэлдэхэд ДАШТ-ний хэсгийн дөрвөн тоглолтоос гадна наймны нэг шигшээ болон дөрөвний нэгийн финалын тоглолтууд явагдах аж.

Порто алегри хотын “Beira- Rio” цэнгэлдэх хүрээлэн
Бразил улсын  Порто Алегри хот нь 1 сая 409 мянга 939 хүн амтай. Тус хотод байрлах “Beira- Rio” цэнгэлдэх хүрээлэн нь 52 мянган хүний суудалтай бөгөөд энэхүү цэнгэлдэх хүрээлэнд ДАШТ-ний хэсгийн дөрвөн тоглолтоос гадна наймны нэг шигшээгийн нэг тоглолт явагдах юм байна. 

Мато Гроссо хотын “Арена Пантанал” цэнгэлдэх хүрээлэн
Бразил улсын “Мато Гроссо” хот нь 551 мянга 350 хүн амтай. Тус хотод байрлах “Arena Pantanal” цэнгэлдэх хүрээлэн нь 70 мянган хүний суудалтай бөгөөд тус цэнгэлдэхэд ДАШТ-ний хэсгийн дөрвөн тоглолт явагдах хуваарьтай юм байна.

Манаус хотын “Arena da Amozonia” цэнгэлдэх хүрээлэн
Бразил улсын Манаус хот нь 1 сая 802 гаруй хүн амтай. Тус хотод байрлах “Arena da Amazonia”  цэнгэлдэх хүрээлэн нь 44 мянган хүний суудалтай аж. Энэхүү цэнгэлдэх хүрээлэнд ДАШТ-ний хэсгийн дөрвөн тоглолт явагдах хуваарьтай юм.

Натал хотын “Arena das Dunas” цэнгэлдэх хүрээлэн
Бразил улсын Натал хот нь 803 мянга 811 хүн амтай. Тус хотод байрлах “Arena das Dunas” цэнгэлдэх хүрээлэн нь 43 мянган хүний суудалтай бөгөөд энэхүү цэнгэлдэх хүрээлэнд ДАШТ-ний хэсгийн дөрвөн тоглолт явагдана.  

Рисайфе хотын “Arena Pernambuco” цэнгэлдэх хүрээлэн
Бразил улсын Рисайфе хот нь 1 сая 536 мянган хүн амтай. Тус хотод байрлах  “Arena Pernambuco” цэнгэлдэх хүрээлэн нь 46 мянган хүний суудалтай. Уг цэнгэлдэх хүрээлэнд ДАШТ-ний хэсгийн дөрвөн тоглолтоос гадна  наймны нэг шигшээ тоглолтууд явагдах юм байна.

ДАШТ-ний хамгийн хамгийн

Хамгийн анх удаа ДАШТ-нд оролцож байгаа улс
Босния-Герцеговина улсын шигшээ багийнханд дэлхийн аваргын дэвжээнд хийсэн тоглолт гэж үгүй. 1992 онд тусгаар тогтнолоо олж авсан энэ улс сонгон шалгаруулалтад 10 тоглолтоос наймд нь хожсоноор анх удаа дэлхийн аваргыг зорих эрхтэй болоод байна.

Бразил ДАШТ-нд хамгийн олон түрүүлсэн
Дэлхийн аваргыг нутагтаа хүлээн авах Бразилийн шигшээ баг ДАШТ-д таван удаа түрүүлсэн.

ДАШТ-ний сонгон шалгаруулалтанд хамгийн олон гоол оруулсан баг
Сонгон шалгаруулалтын шатанд Германы шигшээ баг хамгийн олон буюу 36 гоол оруулжээ.

ДАШТ-ний түүхэн дэх хамгийн цөөн гоолтой тэмцээн
Өмнөх ДАШТ буюу 2010 онд Өмнөд Африкт болсон тэмцээний үеэр нийт 145 гоол хаалганд оржээ. Энэ нь ДАШТ 64 тоглолттой формат руу шилжсэнээс хойшхи хамгийн цөөн гоолтой тэмцээн болсон билээ.

ДАШТ-ний хамгийн олон телевиз шууд дамжуулсан тоглолт
2010 оны дэлхийн аваргын төлөө өрсөлдсөн Испани болон Голландын шигшээ багийн тоглолтыг дэлхийн 245 телевиз шууд дамжуулан үзүүлжээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.