Н.Пүрэвдорж: Долоо хоног, сарын дараа ирсэн ч эрхээ сэргээлгэх боломжтой
Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд өнгөрсөн даваа гарагаас эхлэн энэ оны долдугаар сарын 2-ноос өмнө цагдаагийн байгууллагад захиргааны журмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэнийг Өршөөлийн хуульд хамруулж, жолооны үнэмлэхийг нь ямар ч шалгалтгүйгээр сэргээн олгож эхэлсэн.   Үүнтэй холбоотойгоор иргэд урт дараалал үүсгэж, Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн ажилд хүндрэл учруулж эхэлжээ. Тиймээс тус төвөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хэзээ ч сэргээлгэж болох учраас хэт ачаалал үүсгэхгүй байхыг иргэдээс хүсч, анхааруулж байгаа юм.  Тэгвэл автомашин жолоодох эрхийг хэрхэн сэргээж байгаа талаар  Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн Мэдээлэл, технологийн мэргэжилтэн Н.Пүрэвдоржоос тодрууллаа. 

-Өршөөлийн хууль батлагдсантай холбоотойгоор эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээж байгаа. Энэ ажил хэрхэн өрнөж байна вэ?
-Өршөөлийн хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.3-т заасан байгаа. Захиргааны арга хэмжээ тооцуулсан иргэдийг өршөөн хэлтрүүлнэ гэж. Хуулийн энэ зүйл, заалтад хамаарч байгаа захиргааны зөрчил гэдэгт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, дүрэм зөрчиж эрхээ хасуулсан иргэд хамаарагдаж байгаа. Нийтдээ 81 мянган жолооч эрхээ хасуулсан. Түүний 98 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, эрхээ хасуулсан байгаа юм.

Энэ хүмүүсийн эрхийг хуулийн дагуу сэргээж байна. Эрх сэргээх ажил хэдхэн хоноод дуусчих мэтээр хүмүүс буруу ойлгоод, ачаалал үүсгээд байгаа юм. Манай төв өдөрт 500-800 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Гэтэл одоо өдөрт 3-4 мянган хүн хүлээж авч, үйлчилж байна.  Тийм болохоор энэ долоо хоногийн даваа гарагаас уртасгасан цагаар ажиллаж, хүн хүчээ нэмж ажиллуулж байгаа. Иргэдэд нэг зүйлийг сайтар анхааруулъя. Ойрын үед завгүй, ажил төрөлтэй бол эрхээ сэргээлгэх гэж яараад хэрэггүй. Долоо хоног, сарын дараа ирсэн ч хуульд хамрагдсан хүмүүс эрхээ сэргээлгэх боломжтой. 

-Одоогоор хэчнээн жолоочийн эрхийг сэргээгээд байна?
-Одоогоор 3000 давчихсан л явж байна. Хөдөө орон нутагт байгаа иргэд оршин суугаа газрынхаа цагдаагийн байгууллагад хандаж, эрхээ сэргээлгэх боломжтой. 

-Ямар бичиг баримт бүрдүүлж байж жолоо барих эрхээ сэргээлгэх вэ?
-Эрхээ сэргээлгэх гэж байгаа иргэд өөрийнхөө биеэр, иргэний үнэмлэхтэйгээ ирнэ. Хэн нэгэнд бичиг баримтаа дайж болохгүй. Мөн бичиг баримтгүй ирчихээд бидний ажилд хүндрэл учруулж байгаа тохиолдол ч байна. Тийм хүмүүст үйчлэх боломжгүй гэдгийг хэлье. Тийм болохоор бичиг баримттайгаа, өөрийн биеэр ирээд, манайхаас лавлагаа авна. Хүсэлтээ гаргаж өгнө. Жолооны үнэмлэх нь байхгүй тохиолдолд банкинд 12500 төгрөг тушаана. Өөрөөр хэлбэл, шинэ жолооны үнэмлэхний үнийг тушаах хэрэгтэй гэсэн үг.  Түүний дараа үнэмлэхийг нь шинээр хэвлэж өгнө. Иргэд Төрийн банкны 900012408 дансанд мөнгөө тушаагаад, баримтаа авч ирнэ гэдгийг сануулъя. 

-Жолооны үнэмлэх байхгүй тохиолдолд гэдэг дээр тодруулбал?
-2014 оны А158 дугаар тушаал байдаг юм, хууль зүйн сайдын гаргасан. Энэ тушаалын дагуу жолоо барих эрхээ хасуулсан буюу захиргааны арга хэмжээ тооцуулсан иргэдийн үнэмлэхийг захиргааны материалтай нь хавсаргаж, архивт хадгалахаар заасан. Энэ хуулийн дагуу 2014 оны аравдугаар сарын 1-нээс 2015 оны долдугаар сарын 2-ны хооронд эрхээ хасуулсан жолооч нарын үнэмлэх манай төвд байхгүй. Харин өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс өмнө эрхээ хасуулсан, шинэ саарал үнэмлэхтэй жолооч нарын үнэмлэх манайд байгаа. 

-Шинэ үнэмлэх хэдий хугацаанд гарах вэ?
-Материалаа бүрдүүлж өгсөн өдрөөс хойш 3-5 хоногийн дотор түр үнэмлэх гарна. Түр үнэмлэх гурван сарын хугацаатай олгоно. Энэ хооронд амжуулж үнэмлэхийг нь хэвлэх юм.  Ерөнхийдөө эхний ээлжинд хүсэлтээ өгч байгаа иргэдийн шинэ үнэмлэх гурван сарын хугацаанд хэвлэгдээд гарчих байх. 
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tojoo 2015-09-09 06:56:33
    dyyrgyyded ni taraachihaach ee...tegeed l horoogoor ni damjyylaad ogchihvol bolohgyi iy...
    202.131.235.74
    Мэдэгдсэн Хариулах